Эдийн засгийн мэдлэг чухал уу?

 Дэлхийн улс орнууд хөгжил өөд мөр зэрэгцэн тэмүүлэх болсон өнөө цагт эдийн засаг гэдэг нэр томъёо та бидний өдөр тутмын амьдралтай яахын аргагүй салшгүй холбоотой юм. Улс орны эдийн засаг гэдэг бол өөрөө их эмзэг бөгөөд олон хүчин зүйлсээс хамааралтай. Эдийн засаг нь пүүс, өрх гэр буюу хэрэглэгчид, төр гэсэн харилцаануудаас бүрддэг. Тиймээс эдийн засаг дахь ард иргэдийн оролцоо, эдийн засгийн мэдлэг маш чухал. Хөгжингүй орнуудын ард иргэдийн эдийн засгийн мэдлэг хөгжиж буй орнуудын ард иргэдтэй харьцуулахад илт өндөр байдаг. Тэд өөрсдийн татварт төлж буй мөнгө болоод улс орондоо явагдаж буй бодлогын талаар мэдээ мэдээлэл сайтай байдаг. Харин Монголчууд бидний эдийн засгийн талаарх мэдлэг, ойлголт хэр байдаг бол?    Мэдлэг гэхээсээ илүү боловсрол гэж хэлбэл илүү тохиромжтой байх.

    Манай Монголчууд аливаа юмыг хялбарчлах, хар ухаанаар ойлгох, сэтгэхдээ гарамгай улс. Үүнийг нь илтгэх онигоо хүртэл байдаг.

Америк, Монголын ерөнхийлөгч уулзалдаад ийнхүү ярьж гэнэ. Обама: Манай улсын иргэд хэрэгцээнээс илүү гарсан цалингаа юунд зарцуулдгийг нь мэдэхгүй юм гэсэнд хариуд нь, Элбэгдорж: Харин манай улсын иргэд цалингаасаа гадуур мөнгө олчихоод байдаг юм гэжээ.

    Хэдийгээр онигоо боловч үнэхээр цалин нь хаанаа ч хүрдэггүй ч яаж ийгээд болгочихоод байдаг хүмүүс олон байдаг нь хачирхалтай. Гэвч бодит байдал дээр эдийн засгийн мэдлэг хомсоос болоод зөв буруу сонголт хийж, улс орны хөгжлийн чиг хандлагад томоохон эргэлтийг авчрах эрсдэл бий. Тэгээд ч бүхэл бүтэн улс орны эдийн засаг гэдэг өнгөцхөн ойлгоод авчихдаг хялбар зүйл биш болов уу.

      Бид өдөр тутам олон нийтийн хэрэгслээр инфляци өслөө, монгол банк бодлогын хүүгээ нэмлээ зэрэг төв банк болон төрөөс явуулж буй бодлогын талаар мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч байдаг ч ихэнхи нэр томьёо болон эдийн засаг дахь процесийн талаар ихэвчлэн буруу ойлголттой байдаг. Тиймээс алхам тутамд мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй, анзааралгүй орхидог маш олон зүйлүүд гарч ирсээр байдаг. Энэ байдал удаан үргэлжилвэл аливаа эдийн засгийн асуудалд бодит үнэлэлт, дүгнэлт хийж чадахгүйд хүрнэ. Үүний уршгаар ард иргэд нь төрөөс хэрэгжүүлж буй бодлогод өөрсдийнхөө санаа бодлыг илэрхийлж тусгаж чадахгүйд хүрч зүгээр л хараад сууж байхаас өөр аргагүй болно.Өнгөрсөн онд Монгол банкнаас “Импорт багасаж нийт урсгал дансны алдагдал тэнцвэрцэж байна” гэсэн дүгнэлт гаргасан байна. Эндээс жирийн Монгол хүн импортын бүтээгдэхүүн багассанаар эдийн засагт сайн зүйл болжээ гэж бодох байх. Гэвч эдийн засагч Б.Батжаргал үүнийг ингэж шүүмжилсэн байна.

“2013-2014 онд Монгол улсын Импортын байраа 24.3%-иар буурсан нь үйлдвэрлэлийн орц буурсантай 100% холбоотой. Ийнхүү үйлдвэрлэлийн орц буурч байгаа нь дотоодын үйлдвэрлэл хумигдаж буйн дохио бөгөөд Монгол улсын эдийн засгийн бүтэц өөрчлөгдөөгүй байхад импорт буурах нь огтоосоо сайн зүйл биш” гэжээ.
2013 он 2014 он
Экспорт Импорт Экспорт Импорт
506,054.9 811,248.2 594,594.4 613,882.7
Алдагдал 305,193.3 Алдагдал 19,288.3

мянга.ам.доллар

 Тиймээс бид бүхэн улсынхаа эдийн засгийн асуудалд чих тавьж, юу болж буй талаар ойлгодог чадвартай байх хэрэгтэй. Эс бөгөөс жаахан хүүхэд хуурч байгаа мэт амархан дөнгүүлэх боломжийг цөөн эрх бүхий хүмүүст өгч буйтай адил юм.
За асуудлыг хөндөж бага зэрэг нуршсан бол хүлцэл өчье. Ингээд таны эдийн засгийн мэдлэгт тус болох үүднээс өөрийнхөө буруу ойлгодог байсан зүйлүүдээс хуваалцъя.

БУРУУ ОЙЛГОЛТ 1: Мөнгө алтаар баталгааждаг
Солилцооны хэрэгсэл болох мөнгө нь түүнтэй тэнцэхүйц хэмжээний баялаг, эд хөрөнгө бараатай тэнцүү байхаар буюу чөлөөт хөрвөдөг ямар нэгэн бараагаар баталгаажсан үндсэн зарчимд суурилдаг. Мөнгө нь их олон шат дарааллыг туулснаар одоогийн цаасан мөнгө болтол хөгжиж ирсэн. Дээр үед улс орнуудын голлох бүтээгдэхүүнүүд нь тухайн үеийнхээ мөнгөний үүргийг гүйцэтгэдэг байсан ба мөнгөний талаар сонирхолтой түүхүүд олон бий. Мөнгөний үүсэл хөгжлийн талаар дараагийн нийтлэлдээ илүү дэлгэрэнгүй бичиж болох юм.
Ихэнхи хүмүүс мөнгийг алтаар баталгааждаг гэж боддог боловч АНУ 1971 онд алтан баталгааг цуцалснаар өнөөгийн чөлөөтэй хөрвөдөг валют үүссэн. Валютын ханш / Нэг улсын мөнгөн тэмдэгтийн нэгжийн нөгөө улсын мөнгөн тэмдэгтийн нэгжээр илэрхийлэгдэх харьцаа/ өдөр бүр хэлбэлзэж байдаг нь дэлхийн улс орнуудын улс төр, эдийн засаг, гадаад дотоод бодлого, харилцаа, техник технологийн хөгжилтэй шууд холбоотой. Эдгээр олон валютууд дунд монгол төгрөг маань хэрхэн өөрийн үнэ цэнээ хадгалж байна вэ? Төгрөгийн тогтвортой байдлын хангахын тулд Монгол банк /Монгол улсын төв банк/ зах зээл дэх мөнгөний урсгалыг мөнгөний бодлогын тусламжтайгаар зохицуулдаг. Мөнгөний бодлого нь бодлогын хүүг өөрчлөх /хатуу бодлого, зөөлөн бодлого барих/ замаар эдийн засгийн өсөлт, үнэ, төлбөрийн тэнцэл, ажилгүйдэл гэх зэрэг макро эдийн засгийн орчинд нөлөөлдөг.
Хатуу бодлого хэрэгжсэнээр мөнгөний нийлүүлэлт багасна.Ингэснээр дотоодын үнийн өсөлт буурч, төгрөгийн худалдан авах чадварыг тогтворжуулах буюу ханш уналт нь хязгаарлагддаг.
Зөөлөн бодлого хэрэгжсэнээр мөнгөний нийлүүлэлт ихсэдэг.Гол зорилго нь хөрөнгө оруулалтыг дэмжих, үндэсний нийт бүтээгдэхүүнийг өсгөх, ажилгүйдлийг багасгахад чиглэгддэг.

БУРУУ ОЙЛГОЛТ2: Бодлогын хүү гэдэг нь төв банк арилжааны банкнуудаас авч буй зээлийн хүү.
Олон нийтийн хэрэгслээр ч ингэж тайлбарладаг. Зах зээл дэх мөнгөний хэмжээ ихсэхэд төв банк төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд бодлогын хүүгээ нэмдэг.Ингэснээр төв банк зээлийн хүүгээрээ арилжааны банкнуудаар дамжуулан зах зээл дэх мөнгийг татна. Би яг ингэж л боддог байсан. Гэвч энэ нь буруу ойлголт байсан.

Тэгэхээр бодлогын хүү гэж яг юу вэ?
Арилжааны банкууд төв банкинд хадгалуулж буй мөнгөн хөрөнгийн хариуд төв банкнаас төлж буй хүүгийн хувь хэмжээ юм. Бодлогын хүү өндөр байх тусам арилжааны банкуудын төв банкинд мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай хадгалуулах сонирхол нэмэгдэнэ. Тэр хэрээр арилжааны банкуудын гадагш буюу хувийн хэвшил рүү зээл гаргах сонирхол нь буурч, зээлийн хүүгээ нэмэгдүүлдэг. Эсрэгээрээ бодлогын хүү багассан байгаа үед арилжааны банкууд зээлийн хүүгээ тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой. Бодлогын хүүгийн төвшин хэр байхаас хамаарч арилжааны банкуудын зээлийн хүү тогтоно гэсэн үг.

interestТөв банк бодлогын хүүгээрээ арилжааны банкуудаар дамжуулан мөнгө татах нь

БУРУУ ОЙЛГОЛТ3: Дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлт нь тухайн улсын эдийн засгийг тодорхойлдог.
Дэлхий нийтээр улс, орны хөгжлийн төвшинг Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр тодорхойлдог. /ДНБ = Хувийн хэрэглээний зардлууд + Дотоодын хөрөнгө оруулалт + Засгийн газрын хэрэглээний зардлууд ба нийт хөрөнгө оруулалт + (Экспорт – Импорт) / Гэтэл энэ нь ялангуяа байгалийн нөөц, баялагийн хувьд учир дутагдалтай үзэл баримтлал юм. Хамгийн зохистой хэмжүүр нь Үндэсний цэвэр бүтээгдэхүүн байх ёстой юм. Энэ хоёр үзүүлэлтийн ялгааг тайлбарлая. ДНБ-ний үзүүлэлт нь байгалийн баялгийн хорогдлыг тооцдоггүй. Үндэсний цэвэр бүтээгдэхүүний үзүүлэлт нь байгалийн баялгаасаа хороож буй улс, орон бол аж ахуйн нэгжүүд элэгдэл, хорогдол тооцдогийн адил байгалийн баялагийн хорогдлыг тооцохын зэрэгцээ агаар болон усны бохирдол зэрэг байгаль орчны хохирлыг харгалзан үздэг. ДНБ болон ҮЦБ-ний үзүүлэлтийн ялгаа уул, уурхайн бүтээгдэхүүний жишээн дээр маш тодорхой гарч ирдэг. Аль нэг орон гадаадын компанитай байгалийн баялаг олборлох гэрээ байгуулж, гадаадын компани бага хэмжээний хураамжтөлөн үйлдвэрлэл явуулахад ДНБ өсөх боловч энэ үзүүлэлт нь байгалийн бүтээгдэхүүний хорогдлыг тооцдоггүй учир тухайн орон үнэн хэрэгтээ тэр хэмжээгээр ядуурч байгаа юм. ҮЦБ-ний үзүүлэлт харин үүнийг тооцдог бөгөөд тухайн орны үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүний хэмжээг бус, түүнээс олох орлогыг авч үздэг. Хэрэв энэ бүх орлого Канадад байгаа уул уурхайн компанид орж байгаа бол энэ нь Монголын ард түмэнд хэрэг болохгүй. Тэгэхээр ҮЦБ-ний үзүүлэлт нь тухайн оронд үйлдвэрлэн гаргасан бүтээгдэхүүнийг бус тэр бүтээгдэхүүнээс тухайн оронд орж байгаа орлогыг тооцдог. Хэрэв тухайн орон байгалийн баялагийнхаа төлбөрт авбал зохих ёстой нөхөн төлбөрөө гүйцэд авахгүй байгаа бол түүнийг хууран мэхэлж буй хэрэг бөгөөд үүний үр дүнд уг орон ядуурч буй хэрэг.

     Дээр өгүүлсэнчлэн хөгжингүй орны ард иргэдийнх нь эдийн засгийн боловсрол сайн байдаг. Энэ нь төрөөс явуулж буй бодлого мөн сонин хэвлэл, танин мэдэхүйн сувгаар олон нийтэд хүртээмжтэй, ойлгомжтой, бас ил тод байдагтай холбоотой. Саяхан надад ийм зүйл тохиолдсон юм. Би ажилласан цагынхаа татварыг эргүүлэн авахаар Японы татварын хэлтэс явлаа.Тэгэхэд тэнд нэлээн урт дараалал үүссэн бөгөөд хүмүүсийг татварын төрлөөр нь ангилж өнгө өнгийн дугаартай цаас тарааж байлаа. Би цэнхэр өнгийн 27 дугаартай цаас авлаа. Тэгээд сандал дээр ээлжээ хүлээн суух зуураа зурагтаар Ахлах сургуулийн сурагчдын хооронд зохиогдсон “Татварын талаарх танин мэдэхүйн тэмцээн”- ийг үзэж бяцхан мэдээлэл авч байтал миний ээлж ч ирсэн. Иймэрхүү байдлаар эдийн засгийн мэдлэгийг бага балчир цагаас нь олон талт оновчтой аргаар ард иргэддээ хүргэдэг болохоор ард иргэд нь улсынхаа эдийн засгийн асуудлыг сайтар ойлгож мэднэ. Ингэснээр улс төрийн намаа сонгохдоо ч хэрэгжүүлэх бодлого зэрэгт нь илүү анхаарч нухацтай хандаж чаддаг болов уу. Жишээ нь Япон орны ерөнхий сайд Абэ Шинзогийн эдийн засгаа хөгжүүлэх 3н сум /Абэномикс=Абэ+Экономикс гэж нэрлэгддэг/ нь ард иргэддээ ойлгомжтой бөгөөд ил тод байдаг. Япон хүн бүрээс засгийн газар нь яг юу хийх гээд байна вэ? гэж асуувал хариулж чадах хүн чадахгүйгээсээ олон болов уу гэж найдаж байна. Мөн Япончуудыг улс төрийн оролцоо бага гэж шүүмжилдэг ч хэрэглээнийхээ хичнээн хувийг татварт өгдөг болон цалин орлогынхоо шимтгэл зэргийг сайтар мэдэхээс гадна эдийн засгийн өнөөгийн байдлын талаар наад захын хүнээс асуухад л багагүй зүйл хэлж чадна. Хөгжингүй орон юм чинь мэдэхээс өөр яадаг юм гэж хэлж болох ч тэднээс суралцмаар зүйл их. Тиймээс манай улс ч мөн адил цаг үетэйгээ хөл нийлүүлж ард иргэд нь ч үнэн зөв мэдээллийг шаардаж, мэдээллээр хангуулж байгаасай гэж хүсэж байна.

Өсөхбаярын Үүлэн
Шиншү их сургууль Эдийн засгийн факультет, 1-р курс
2014.03.03

Ашигласан материал

1. Нобелийн шагналт, олон улсын нэртэй эдийн засагт Ж.Штиглиц Хөгжил ба байгалийн баялаг

2. Монголын төв банкны албан ёсны хуудас “Мөнгөний бодлого”           http://www.mongolbank.mn//listmonetarypolicy.aspx

3. Эдийн засагч Базарсүрэнгийн Батжаргал “Макро эдийн засгийн хичээл” http://www.bbatjargal.blogspot.com

4. 白川 方明 現代の金融政策―理論と実際 Ширакава Хоакира “Орчин үеийн мөнгөний бодлого- онол, практик”

5.Монгол улсын үндэсний статистикийн хороо http://www.nso.mn/stat_main

6. Эдийн засгийн сэтгүүлч Л.Энхдэлгэр http://www.economics.eagle.mn/

Хуваалцах
Үүлэн
About Үүлэн 17 Articles

Санхүү эдийн засгийн мэргэжлээр сурдаг. Хөрөнгийн зах зээл, үл хөдлөх хөрөнгө, финтек судлаач. Шинэ мэдээ мэдээлэлийг боловсруулж чанартай нийтлэл бичихийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*