Америкчууд шиг биш Монголчууд шиг ид

 Саяхан 2015 оны 2-р сарын 20-нд, улс төр, байгаль орчин, хүний эрх болон соёлийн талаар сүүлийн үеийн онцлох мэдээ мэдээллийг хүргэдэг Америкийн Mother Jones сэтгүүлд,“Америкчууд шиг биш Монголчууд шиг ид” гэдэг гарчигтай нийтлэл гарч, миний анхаарлыг ихэд татсан учир түүний орчуулгыг ямар ч нэмэлтгүйгээр та бүхэнд сонирхуулж байна. Жич: уг нийтлэлийг Америк сэтгүүлч өөрийн харах өнцгөөр бодож бичсэн гэдгийг анхаарч унших хэрэгтэй.

Америкчууд шиг биш Монголчууд шиг ид

   Дэлхий ертөнц дээр өдөр ирэх тусам хоол хүнсний хомсдол ихсэх боллоо. Өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд, Өмнөд Африкийн бүс нутгаас авхуулаад, Азийн өмнө зүгийн хөгжиж буй улсуудад, хоол хүнсний тэжээллэг байдлын индекс уналттай үзүүлэлтэй байгаа юм. Энэ нь бид бүхний хооллолтын дэглэм алдагдсантай холбоотой.

   Саяхан 2015 оны 2 сарын 18-ны өдөр, дэлхийн 187 орон буюу нийт хүн амын 89 хувийг хамруулсан зөв хооллолтын хэв маягийн талаархи 20-иод (1990-2010 он) жилийн судалгааны тайланг “The Lancet” хэмээх дэлхийн эрүүл мэндийн нэгдсэн портал сайтаас гаргасан юм. Тэрхүү тайланг дор хавсаргаж байгаа бөгөөд улс орныг хэр зэрэг эрүүл хооллолтын дэглэмийг авч хэрэгжүүлж байна вэ гэдгийг ногооноос улаан өнгөний хооронд тус тус дүрслэн харуулав.

Зураг-1

14TLGH_0473_1

   Зураг-1 дээр, ногооноор эрүүл хоол хүнсийг өдөр тутам хэрэглэдэг улсууд, харин улаанаар эрүүл бусыг тус тус тэмдэглэсэн болно. Жишээ нь: Чад, Төв Африкын Бүгд Найрамдах улс, Мальи, Турк гэх мэт улсууд багтана. Жич: Эрүүл хоол гэдэгт, бүхэл үрийн гурил будаа, төрөл бүрийн жимс, ногоо,загас, самар, үр тариа, буурцаг, шошны төрлийн ногоонууд, сүү зэргийг тооцсон. Зураг-1-ын 2-р газрын зураг дээр бол, хамгийн эрүүл бус хоол, тухайлбал өөх тос, давс ихтэй хоол хүнсний бүтээгдэхүүн, чихэрлэг ундаа, гүйцэд боловсрогдсон болон боловсрогдоогүй мах махан бүтээгдэхүүн хэрэглэдэг улс орныг харуулж буй юм.

Зураг-2

14TLGH_0473_4

   Зураг-2 бол, 1990-2010 оны хооронд улс орнууд хэрхэн яаж хооллолтын хэв маягаа өөрчилсөн гэдгийг өнгөөр ялган харуулсан болно.  Ногооноор харуулсан улсуудын хувьд зөв хооллолт руу шилжсэн гэдгийг, харин улаан өнгө рүү ойртох тусам эрүүл бус хооллоллтой болж ирсэнийг харуулж байгаа юм.  Тухайлбал, эхний зурагт Орос, Монгол, Лаос, Парагвай зэрэг улсууд, хоолны илчлэгийн хэмжээгээр бусад улсуудыг тэргүүлж буйг харж болох бол, харин 2 дахь зурагт Уганда, Вьетнам, Армен зэрэг улсууд өөх тослог болон чихэрлэг бүтээгдэхүүний ихээр хэрэглэдэг болсон гэдгийг харж болно Мөн түүнчлэн, сүүлийн зургаас харахад Хятад, Ангол, Конго зэрэг улсууд 2010 он хүртэл эрүүл зөв хооллолт руу шилжих үйл явц тийм ч урагштай явагдахгүй байгаа нь харагдаж байна.
Судалгааны багийнхан хоолны дэглэмтэй холбоотой маш олон тандалт судалгааны үндсэн дээр эдгээр зургийг бэлтгэн гаргасан юм. Эдгээр зургууд, өнгөрөгч хориод жилтэй харьцуулахад нийт хүн амын дийлэнхи нь илчлэг ихтэй хоол хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг болсон ч, жанк фүүд буюу түргэн хоолыг ихээр хэрэглэх болсон гэдгийг харуулж байгаа юм.  Судалгааны багийнханы мэдэгдсэнээр, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд, эрүүл хоол болон шим тэжээлийн хэрэглээ аажим аажмаар өсөлттэй байсан ч, эрүүл бус хоолны хэрэглээ маш хурдацтай өсөж байна гэсэн юм.

  Дундажаар хэлэхэд, идэр залуу насны хүмүүсээс илүүтэйгээр, ахимаг насны хүмүүс, тэр дундаа эрэгтэйчүүдээс илүү эмэгтэй хүмүүс эрүүл зөв хооллодог байна. Мэдээж, шашны нөлөө, орлогын зөрүүнээс болж улсуудын хооронд ихээхэн ялгаа байгаа боловч, Америкийн Нэгдсэн Улс, Канад, Баруун Европын улсууд эрүүл бус хоол хүнс хэрэглэдэг гэдгээрээ дэлхийд тэргүүлэх байрыг эзэлж байна. Гэхдээ эдгээр улсуудад түргэн хоолны хэрэглээ жилээс жилд буурах хандлагатай байгаа. Харин хөгжиж буй орнуудад дийлэнх хүмүүс эрүүл зөв хооллолтыг чухалчилдаг болж байгаа ч, түргэн хоолны хэрэглээ урьд өмнө байснаасаа нэлээд хувиар нэмэгдэж байгаа юм. Энэхүү өөрчлөлт нь хүмүүсийн эрүүл мэндийн байдалтай шууд  холбогддог. Олон улсын хоолны талаархи нэгдсэн хөтөлбөрт гол төлөв өлсгөлөнтэй тэмцэхыг урьтал болгодог ч, дэлхийн олонхи оронд эрүүл бус хооллолтоос үүсэх халдварт бус архаг өвчин их байгааг онцлох нь зүйтэй. 2020 он гэхэд хүмүүсын нас баралтын шалтгааны гуравны нэг нь дээр дурьдсан архаг хууч өвчин болно хэмээн тооцоологдож байгаа юм.

   Одоогийн байдлаар орлого багатай улсын хүмүүс, яагаад чанар муутай хоол иддэг шалтгаан нь хараахан тодорхой болоогүй байгаа ч тэрхүү шалтгаан нь өөрөө өөрчлөгдөж байна гэж мэргэжилтэнгүүд үзэж байна. Өмнөд Африкийн баруун өмнөд хэсэгт, хоол хүнсний үнэ өсч, хоолны дэглэмийн чанар муудсан нь хөрөнгө чинээлэг улсуудын эдийн засгийн либералчлал болон эрүүл бус хоолны зах зээл өргөжиж байгаатай холбоотойгоор мөн зарим улсын түрэмгий бодлого тухайлбал хоол хүнсний үйлдвэрлэл, худалдаанд хориг тавих мэтийн бодлоготой бас холбоотой байгаа хэмээн судлаачид үзэж байгаа юм. Мөн тэд хэлэхдээ, “Бидний ажил хэрэг бол, жинхэнэ хоолны дэглэмийг эдийн засаг болон, улс төрийн хүчин зүйлтэй холбоход тус дэм болж, дэлхий дээрх ядуу буурай орнуудад эрүүл хоол хүнс хэрэглэх боломж бололцоо байгаа эсэх талаар тооцоолох явдал юм” хэмээсэн байна.

   Энд хүрээд уг нийтлэл дуусч байгаа юм. Гэтэл яагаад Монголчууд шиг ид хэмээх гарчигтай байсан мөртлөө тэр талаар юу ч бичээгүй юм бэ хэмээн уншигч та гайхаж байж магадгүй. Үнэндээ би өөрөө ч гайхсан юм. Гэхдээ энэхүү нийтлэлээс уншигч таньд хүргэх гэсэн хамгийн гол санаа бол, эрүүл бус буюу бэлэн хоол, түргэн хоолноос аль болох зайлсхийж, органик хоол хүнсийг өдөр тутамдаа ашиглаж байгаарай гэдэг санаа байсан болов уу. Монголчууд бид дэлхий даяар, нүүдэлчин ард түмэн гэдгээрээ алдартай билээ. Түүнтэй холбоотойгоор бидний хэрэглэж буй хоол хүнс маш органик хэмээн олон улсад үнэлэгддэг юм. Хамгийн энгийн жишээ болгож үхрийн махыг харьцуулаад авч үзвэл, Америк улсад үхрийг үйлдвэрт тэжээдэг. Харин манайд бол тал хээр газар малчидын хариулганы дор бэлчиж байдаг билээ. Түүнтэй холбоотойгоор Монгол үхрийн махны амт шим тэжээл нь, үйлдвэрийн үхэртэй харьцуулахад маш өндөр үзүүлэлттэй байдаг байна.Тийм болохоор л Монголчууд шиг ид хэмээх содон гарчигийг энэхүү нийтлэлд авч ашигласан болов уу. Өөрөөр хэлбэл, уламжлалт аргаа үйлдвэрийн аргаар солихгүй байхыг хүмүүст уриалж байгаа хэмээн ойлгож болно. Энэ нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг зогсоо гэсэн санаа бус бэлэн хоол бүтээгдэхүүнээс илүүтэйгээр өөрөө хоолоо хийж идэж байгаарай гэдэг санаа хэмээн ойлгох нь зүйтэй. Энэ нь энгийн юм шиг сонсогдож байгаа мөртлөө, яг үнэндээ бидний өөрсдийн зүгээс эрүүл мэнддээ оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалтын нэг шүү гэдгийг мөн давхар хэлэхийг хүслээ.

   Дашрамд нь сонирхолтой байх болов уу гэдэг үүднээс, Эндрюу Зиммерн (Andrew Zimmern) хэмээх Америк залууг та бүхэнд танилцуулж байна. Тэрээр 2006 оноос эхлэн, (Bizarre Foods with Andrew Zimmern) Эндрюу Зиммернтэй хамт сонин хачин хоолны талаар мэдэх боломжийг үзэгчдэд хүргэдэг телевизийн цуврал нэвтрүүлгийг удирдан явуулж өнөөг хүртэл амжилттай үргэлжлүүлж байгаа юм. Тус нэвтрүүлэгт, дэлхий дээрхи хамгийн хачирхалтай, сонин гэмээр хоол хүнс, түүний жор зэргийг тухайн улсын түүх, соёл, зан заншилтай нь холбож танилцуулдаг байна. Харин уг нэвтрүүлгийн тав дахь дугаарт Монголын талаар гарах бөгөөд бид бүхний амтархан иддэг малын дотор гэдэс, боодог, төрөл бүрийн цагаан идээ зэргийг танилцуулжээ. Хэрэв уншигч та үзэхийг хүсэж байвал доорхи холбоосыг ашиглана уу.

_82F5tIP1zk.market_maxres

  1. Bizarre Foods with Andrew Zimmern (Mongolia) 1-р хэсэг

https://www.youtube.com/watch?v=jfXFI0J8Fsg

  1. Bizarre Foods with Andrew Zimmern (Mongolia) 2-р хэсэг

https://www.youtube.com/watch?v=QofEax6bjKc

  1. Bizarre Foods with Andrew Zimmern (Mongolia) 3-р хэсэг

https://www.youtube.com/watch?v=uMCvtjuiTRs

  1. Bizarre Foods with Andrew Zimmern (Mongolia) 4-р хэсэг

https://www.youtube.com/watch?v=THZANqcW-FQ

  1. Bizarre Foods with Andrew Zimmern (Mongolia) 5-р хэсэг

https://www.youtube.com/watch?v=gMAGNzwl5qY

   Нийтлэлч миний хувьд өөрийн орны хоолны соёлыг гадаад хүний өнцгөөс харсан анх удаагийн нэвтрүүлэг байсан болохоор, их үзүүштэй санагдсан. Монгол хүн гэдэг утгаараа мэдэх ёстой зүйлсийг мэдэхгүй байна гэдгээ ухаарах шиг л болсон. Тухайлбал, ээзгийг яаж хийдэг вэ гэдгийг тайлбарлаж чадахгүй байна гэдгээ анзаарсан юм. Үүнээс, Монголчууд бид уламжлалт хоол хүнс төдийгүй цаашлаад өөрсдийн зан заншлаа бага багаар гээгдүүлээд байна уу даа гэсэн харуусал төрсөн гэдгийг нуух юун. Бид хотжилт хэмээх дэлхий дахины нийтлэг хэв маягийг амьдралдаа тусгаж эхэлсэнээс болон, уламжлалт ёс заншил, дэг журмаа мартаад байх шиг. Багадаа мэддэг байсан зүйлсээ, он цаг өнгөрөхийн хэрээх мартаад мэддэггүй юм шиг болчихсон мэт санагдана. Жишээ нь, миний хувийн туршлага дээрээс харахад тийм дүр зураг ажиглагдсан юм. Би бага ангид байхдаа зуны амралтын 1 сарыг хөдөө очиж өвөө, эмээ дээрээ өнгөрөөдөг байлаа. Тухайн үед өвөө, эмээ хоёр маань, 100-аад толгой хонь ямаатай, дээрээс нь саалийн хэдэн үнээтэй байсан юм. Тэр үед би өвөө, эмээгийнхээ мал хариулгын ажилд туслаж, ямааны сүү саах, аргал түүх, гүний худагаас ус зөөх гээд энгийн малчин айлын өдөр тутмын ажлыг зөндөө хийдэг байлаа. Гэтэл одоо тэр бүгдийг би хийж чадахаа больсон байж ч магад. Өөрөөр хэлбэл, он цаг өнгөрөхийн хэрээр хийж чаддаг байсан зүйлээ мартаж орхижээ гэсэн үг болж таарч байгаа юм. Хэрэв яг энэ байдлаараа цааш үргэлжлэх юм бол, миний хойч үеийнхэнд тэдгээр зүйлс огт байгаагүй зүйл мэт болчих вий гэдгээс хамгийн их айх юм. Улсын маань нийслэл өдөр ирэх тусам, шинэ барилга байгууламжаар дүүрч, бид хөгжиж байна, сайхан байна гэж хэлэх хүмүүс олон ч, ямар нэг зүйлээ гээгээд байгаа нь бодит үнэн мэт санагдана. Тийм болохоор, нийтлэлийнхээ төгсгөлд хэлэхэд, Америкчууд шиг биш өөрөөр хэлбэл гадных шиг биш, уламжлалт ёс заншил, дэг журмаа хүндэтгэж, түүнийгээ хадгалж хайрлангаа Монголчууд шиг хөгжицгөөе хэмээж нийтлэлээ дуусгья. Анхаарал тавьж уншсанд тань баярлалаа.

Ч.Туул
Кочи их сургууль
Хүмүүнлэгийн ухааны факультет – Нийгэм эдийн засгийн анги
1-р курсын оюутан
2015 оны 3 сарын 21 өдөр

Ашигласан материал

  1. Америкчууд шиг биш монголчууд шиг ид (Eat Like A Mongolian, Not Like An American) нийтлэл, http://m.motherjones.com/blue-marble/2015/02/world-our-diets-are-getting-worse

 

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*