Стресс гэж ер нь муу зүйл яг мөн үү?

stress-unhappy-face-400x400Би гэдэг хүн өдий наслахдаа стресст орж үзээгүй хүнтэй ганц ч удаа уулзаж учирч байсангүй. Хүн бүхний амьдрал жижиг том асуудалтай байдаг билээ. Би ч өөрөө стрессдээгүй бүтэн жил гэж байхгүй. Харин одоо би та бүгдэд нэг асуултыг тавия. “Стресс гэж ер нь муу зүйл яг мөн үү?”

Тэгвэл алдарт Станфордын их сургуульд багшилдаг эрүүл мэндийн сэтгэл судлаач Кэлли МакКонигал (Kelly McGonigal) 8 жилийн турш 30000 Америк хүнийг хамруулсан судалгаа хийсэн бөгөөд, тэднээс 2 асуулт асуусан байгаа юм. Эхнийх нь “Та өнгөрсөн жил хэр их стресст орсон бэ?”, дараагийнх нь “Стресс таны эрүүл мэндэд халтай гэдэгт та итгэдэг үү?” гэсэн 2 асуулт байсан юм. Үр дүнд нь тэрээр стресс нь зүрхний шигдээст хүргэх магадлалыг 30% ихэсгэдэг гэсэн баримт гаргасан юм. Маш сонирхолтой нь энэхүү баримт нь стрессийг өөрсдийнх нь эрүүл мэндэд халтай гэж үзэж байсан хүмүүст л хамаарагдах тоо баримт байсан юм. Харин стрессийг стресс гэж хүлээж авдаггүй хүмүүсийн эрүүл мэндэд бараг ямар ч нөлөөг стресс үзүүлж чадахгүй байв. Юу гэх гээд байна вэ гэхээр та стрессийг стресс гэж хүлээж авах эсэхээс таны эрүүл мэнд болон сэтгэл санааны байдал эсрэг тэсрэг байх юм.

Үүнээс гадна бусад шинжээчид 8 жилийн хугацаанд нас барсан 182000 Америк хүмүүст судалгаа хийж үзэхэд нас барагсад нь стрессээс болж бус, стресс надад муу гэсэн бодлоосоо болж нас барсан гэх дүгнэлтэнд хүрчээ. Жилд 20000 хүн энэ шалтгаанаар нас барсан бөгөөд хэрвээ энэхүү тоо баримтыг үнэн гэж үзвэл Америк улсын хувьд нийт нас баралтын шалтгаануудаас стресс нь 15-т бичигдэх ба энэхүү жагсаалтыг ДОХ болон арьсны хавдраар нас барагсад удаалж байгаа юм. Өнөөдөр стрессээс биш бодлоосоо, түүнийг хүлээж авч буй хариу үйлдлээсээ болж өвчинд нэрвэгдэн нас барж буй хүн ДОХ болон арьсны хорт хавдраас үүдэн нас барагсдаас олон байгаа гэх эмгэнэлтэй тоо баримт юм.

Тэгэхээр нөгөө талаас стрессийг бодох бодлоо та өөрчилчихвөл таны биенээс стресст үзүүлэх хариу үйлдэл ч мөн адил өөрчлөгдөх юм. Ингээд Харвардын их сургуульд хийсэн бас нэгэн судалгаанаас үзэхэд хүмүүст стрессийг танд тустай, нийгэмд илүү үр бүтээлтэй байхад нөлөөлнө хэмээн ойлгуулан, стресст оруулах зорилготой сорилт хийж үзэхэд тэдний зүрх хүчтэй хурдан цохилж байв. Харин биед хохирол учруулах хурдан цохилт биш байсан бөгөөд хүн жаргалтай байх үе болон зориг тэвчээрийн үед гаргадаг зүрхний үйлдэлтэй тун төстэй байсан юм. Жирийн стресст хүн орж түүнийгээ буруугаар хүлээж аван сэтгэл санаа нь муудан зүрх нь хурдан цохилох үед, судас нь нарийсдаг ба энэ нь зүрхний ужиг өвчин үүсгэх халтай байдаг бол Харвардад хийсэн судалгааны хувьд тухайн оролцогчдын судас нь ч харьцангуй хэвийн байдалтай байсан юм. Тэгвэл яагаад энэ сорилтонд оролцсон хүмүүс стрессийг зөвөөр хүлээж авснаар эрүүл мэндэд нь хохиролтой бус эсрэгээтээ урам зоригтой болсон бэ гэдгийг байгалийн ухаанаар суралцдаг найз Хулангаараа  видеоноос ойлгохгүй хэсгийг тайлбарлуулж авсан бяцхан мэдлэгээрээ та бүгдэд хүргэх гээд оролдоё.

Тэгэхээр хүний өнчин тархинаас окситоцин хэмээх гормон ялгардаг бөгөөд үүнийг нь “тэврэлтийн гормон” ч гэж нэрлэдэг байна. Учир нь хүнийг тэврэхэд энэхүү гормон ялгардаг юм. Харин тэврэлт гэдэг энэхүү гормоны хийж чадах ганц зүйл биш юм. Энэхүү гормон нь та бидний сайн мэдэх адреналинтай маш төстэй гормон бөгөөд энэхүү гормон ялгархад зүрх түүнийг хүлээж авдаг ба зүрхийг илүү хүчтэй болгож өгдөг байна. Цаашилбал таныг бусдын оронд өөрийгөө тавьж үзэн бусдад илүү тусч өрөвч энэрэнгүй сэтгэлтэй болоход хүртэл энэхүү гормон нөлөөлдөг байна. Тэгэхээр энэхүү окситоциныг яагаад гэнэт ингээд тайлбарлаад унаваа гэхээр энэ нь стрессийн гормон юм. Та стрессдэх үед хариу үйлдэл болгож өнчин тархинаас чинь энэхүү гормон маш ихээр ялгардаг бөгөөд ингэснээр таны бие таниас ойр дотно хүнтэйгээ хамт байхыг, тэдэндээ асуудлаа яриж зовлонгоо хуваалцахыг шаарддаг байна. Стресс таныг нийгэмшихийг, хүмүүстэй ойр байхыг шаарддаг юм. Ингээд бодохоор бидний бие махбодь үнэхээр гайхамшигтай биш гэж үү? Таныг стресст, ямар нэгэн асуудалд орлоо гэсэн дохио хүлээж аваад шууд түүний эсрэг хариу үйлдэл үзүүлж байна. Харин ганцхан бидний буруу хандлага стрессийг хүчтэй болгож хортой зүйл болгоод байгаа юм биш үү.
Нийгэм биш бид өөрсдийгөө стресст оруулаад байгаа юм биш биз?! Дэлхий ертөнц их сонин. Боломжгүй зүйл гэж энэ хорвоод үгүй. 1000 жилийн өмнө лав хүн нисч чадах уу гэсэн асуултанд ихэнх хүн боломжгүй л гэж хариулах байсан биз, харин өнөөдөр бид онгоц бүтээгээд дэлхийг тойрон тив дамжин нисч байна. Энэ жижигхэн баримт л боломжгүй зүйл гэж байдаггүйг батлаад байх шиг…

Юм гэдэг их сонин юм. Амьдрал яг толь шиг та толь рүү инээмсэглэвэл тэр ч тань руу мөн инээмсэглэнэ гэж алдарт Эйнштэйн нэгэнтээ хэлсэн байдаг билээ. Тиймээ, бид асар их ачаалалт стресст өнөөгийн нийгэмд стрессийг устгахаас илүү тэднийг харах өнцгөө өөрчлөн өөрсдийн багт оруулвал яадаг бол? Стрессийг илүү өөртөө ашигтайгаар ашиглаж болох юм гэдгийг дээрх санаанууд, шинжлэх ухааны баримтууд батлаад байх шиг… Ер нь ч зоригт баатрууд хамгийн их стресстэй чухал шийдвэр гаргах үе, болон дайны талбарт жинхэнэ эр зоригоо гарган баатрууд болдог түүх байдаг шүү дээ. Магадгүй түүнийг эр зоригоо гаргах шалтгаан нь сэдэл нь мөнөөх зовлонт учруулж байсан асуудлууд нь ч байсныг магадгүй үгүйсгэхгүй юм.

Эцэст нь таниас дахиад нэг асуулт асууя. “Стресс гэж ер нь яг муу зүйл мөн үү?”

Шиншюү их сургууль 1-р курс
М. Эрдэнэ-Очир

Эх сурвалж: Ted.com Kelly McGonigal: How to make stress your friend

Хуваалцах
Мооёо
About Мооёо 21 Articles

Эдийн засгаар сурч буй том мѳрѳѳдѳлтэй энгийн нэгэн оюутан.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*