Буцалтгүй зээл авдаг цаг өнгөрсөөн, Хамтран ажиллая!

epa01

   2009 оноос Монгол Улсын Ерөнхий Cайд асан С.Баярын засгийн газрын үед эхлэл нь тавигдсан “Япон Монголын Эдийн Засгийн Түншлэл” (EPA-Economic Partnership Agreement)-д одоогийн Монгол Улсын Ерөнхий Cайд Ч.Сайханбилэг болон Япон Улсын Ерөнхий Cайд Абэ Шинзо нар 2015 оны 2 дугаар сарын 10ны өдөр гарын үсэг
зуралцлаа. 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсад айлчлах үеэрээ Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Япон орноос багагүй зээл тусламжийг авсан ба энэхүү хугацаанд Япон орон дэмжигч тал нь, бид дэмжигддэг тал нь байсан бол одооноос хамтрагчийн түвшинд харилцан ашигтайгаар үйл
ажиллагаа явуулж “Стратегийн түншлэл”-г бий болгох тухай мэдэгдэж байсан ба энэ нь ийнхүү бодитойгоор хэрэгжих үйл явцандаа орлоо.

   Энэхүү “Эдийн засгийн түншлэл”-н хүрээнд хоёр улсын хоорондох гадаад худалдааны нийт дүнгийн тодорхой хувийг шат дараалалтайгаар 10 жилийн хугацаанд импортын татвараас чөлөөлж чөлөөт гадаад худалдааг өргөжүүлэх ба хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулснаар хөрөнгө оруулалтыг
нэмэгдүүлэх юм. Одоогийн байдлаар Японоос импортолж буй бүтээгдэхүүний нийт үнийн дүн нь 39.9 тэрбум иен ба үүний 66.4%-г автомашин болон түүний эд анги эзэлж байгаа юм байна. Харин экспортын нийт үнийн дүн нь 1.9 тэрбум иен ба түүний 53%-г нүүрс эзэлж байгаа юм байна.
importexport
Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин Сайдын Яамны цахим хуудас

     Энэхүү түншлэлээр тодорхой бүтээгдэхүүнүүдийн татварыг үгүй болгосноор манай улсын хувьд уул уурхай болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортлоход хялбар болох юм. Мөн Японоос импортолж буй автомашин болон түүний эд анги, барилга болон уул уурхайн тоног төхөөрөмжүүд мөн адил татваргүй болох ба ингэснээр уул уурхай болон барилгын салбар ид хөгжиж буй манай орны хувьд ихээхэн таатай нөхцөл байдал үүсэх юм. Нөгөөтэйгүүр Япон орны хувьд техник технологийн экспортоо нэмэгдүүлэхийн хажуугаар энерги болон уул уурхайн бүтээгдэхүүний тогтвортой импортыг өргөжүүлэх боломж байгаа юм.

comparative

   Гадаад худалдааг өргөжүүлэхтэй холбогдуулан гаалийн горим болон гаалиар нэвтрэх үйл явцыг ил тод байлгаж хурдасгах, цахим худалдаа , оюуны хөрөнгийн хамгаалалт, хүнсний болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдал зэрэг олон тал дээр хамтран ажиллах юм байна. Мөн гадаад худалдаанаас гадна бизнесийн болон хөрөнгө оруулалтын орчин сайжруулах, шударга өрсөлдөөнийг дэмжих тал дээр харилцан ажиллах болоод байна. Ийнхүү Монгол Япон хоёр орны харилцаа харилцан ашигтай хамтрагчийн шинэ түвшинд хүрээд байна.

Ц.Баасандорж
Иватэ их сургууль
Хүмүүнлэг Нийгмийн ухааны факультет
2015.03.08

Ашигласан материал:

1. Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин Сайдын Яамны цахим хуудас

http://tokyo.mfa.gov.mn/index.php

2. Японы Гадаад Харилцааны Яамны цахим хуудас: “Монгол Улс” нүүр

http://www.mofa.go.jp/mofaj/area/mongolia/index.html

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*