Дайчин-2

“Энэ бол зүгээр л тоглоом. Заримдаа чи ялна, заримдаа ялагдана.”

Манни Пакияо

Manny Pacquiao

   Спорт сонирхогчдын, тэр дундаа тулааны спорт сонирхогчдын олон жил хүсэн хүлээсэн, хэн ч маргашгүй “зууны тулаан” хэмээн нэрлэгдээд буй, хөнгөн жингийн боксын ертөнцийн амьд домгууд болох “мөнгө” хочит Флойд Мэйвэдэр, “пакман” хочит Манни Пакияо нарын тулаан төд удалгүй ирэх тавдугаар сарын 2-нд Лас Вегасын Эм-Жи-Эм зочид буудалд сүр дуулиантайгаар зохион байгуулагдах гэж байна. Энэхүү түүхэн тулаан болох тухай цуу яриа аль 2009 оноос хойш дэлхий дахины “шүлсийг гойжуулж” эхэлсэн ч, хоёр гурван удаа талууд тулааны нөхцөл дээр харилцан тохиролцоонд хүрээгүйн улмаас уг яриа намжиж байлаа. Харин энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр цуу яриа дахин дэгдэж, 2 сарын сүүлээр албан ёсоор тулааны тов нийтэд зарлагдсанаар, шүтэн бишрэгч хүн бүхний олон жилийн хүсэл биеллээ олохоор болоод байна.

promo252697003

   Уг тулааныг Монгол үндэсний бөхөөр зүйрлэвэл манай уран барилдаант Даян аварга А.Сүхбат маань эх спортдоо эргэн ирж, улсын наадмын үзүүр түрүүг булаацалдахаар даян аварга Г.Өсөхбаяртай үлдэж байгаатай л адил юм. Хоёр боксчин маань хоёулаа карьерынхаа төгсгөлд дөхөж, 40 орчим нас зооглож яваагийн дээр (Манни 36, Флойд 38), энэ хоёроос илүү амжилт үзүүлсэн, зэрэг цолыг хүртсэн, өөрсдийгөө баталсан боксчин, мэргэжлийн боксын ертөнцөд байхгүй гэж хэлж болно. Флойд Мэйвэдэрийн хувьд мэргэжлийн боксын рингэнд нийт 47 тулаан хийхдээ нэг ч ялагдалгүй босоо байснаар барахгүй 26-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч ахиад 2-хон ялахад л домогт Роки Марсианогийн нэг ч ялагдалгүй 49 ялж карьераа дуусгасан амжилттай зэрэгцэж ирэхээр байгаа юм. Харин Маннигийн хувьд мэргэжлийн боксын рингэнд 64 тулалдахдаа 57 ялж, 5 ялагдаж, 2 тэнцсэний дээр 38 удаа өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авчээ. Ийм агуу 2 тамирчны тулаан асар их хүлээлтэнд байх нь ч аргагүй юм.

   Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэхүү түүхэнд тэмдэглэгдэх тулааны талаар маш олон мэдээллүүд өдөр бүр цацагдсаар байна. Урьдчилсан байдлаарх үзэгчдийн тоо, нийт олох ашиг гэх мэт тоон үзүүлэлтүүдээрээ урьд урьдын бүхий л рекордуудыг эвдэх төлөвтэй байгаа юм. Уг тулаанаас урьд өмнө байгаагүй 300 сая ам.долларын ашиг олох тооцоотой байгаа ба гэрээний нөхцлийн дагуу Мэйвэдэрийн камп нийт ашгийн 60 хувийг, Маннигийн камп үлдсэн 40 хувийг “халааслана”. Тулааныг ордноос үзэх тасалбар 3,500 ам.доллараас 250,000 ам.долларын үнэтэй байгаа төдийгүй гэртээ суугаад зурагтаараа үзэхэд л 99.95 ам.долларыг төлөх болох ажээ. Ямар сайндаа л эмэгтэй холимог тулааны урлагийн дэлхийн босоо аварга Ронда Роуси, хамгийн сүүлд Кат Зинганог 14-хөн секундэд ялсныхаа дараа, “шагналын мөнгөөрөө юу хийх вэ” гэсэн асуултанд, “Мэйвэдэр, Пакияо нарын тулааны тасалбарыг худалдаж авна” гэж байхав дээ.

Young-Manny-Pacquiao-Photo-1

   Энэ гайхалтай амжилтанд хүрэхийн тулд 2 тамирчин маань шулуун дардан замаар яваагүй нь мэдээж. Ялангуяа Манни Пакияо бол Филипиний буурай гэр бүлээс гаралтай нэгэн. Зургаан хүүхэдтэй айлын 4 дэх нь болж төрсөн ба дунд сургуульд байхад нь аав нь өөр эмэгтэйтэй амьдарч байсан нь баригдаж, ээж нь ганцаараа хүүхдүүдээ өсгөх болжээ. Тэднийх нэн ядуу айл байсан тул Манни 14-хөн насандаа гэрээ орхин барилга дээр ажиллаж, зах дээр наймаа хийн, Маниллагийн гудамжинд амь зууж байв. Гэсэн ч түүний боксын авъяас бага байхаас нь танигдаж, гудамжнаас Филиппиний өсвөрийн шигшээ багт дуудагдаж байжээ. Ажил хийхийн сацуу, тулаан хийж олсон мөнгөө гэр рүүгээ явуулж дүү нарынхаа сургалтын төлбөрийг төлж байсан Маннигийн сонирхогчийн боксын карьер удаан үргэлжлээгүй ээ. Гэрэлтэй ирээдүйг нь олж харсан мэргэжилтнүүд түүнийг бушуухан мэргэжлийн бокст хөл тавихыг ятгаж, тэрээр 16-хан насандаа хилийн чанадыг зорив. Тэр үед Манни ердөө л 150 см өндөр, 45 кг жинтэй байсан гэдэг.

   Мэргэжлийн бокс ч хялбар ертөнц байсангүй, эхэн үедээ жин хүрэхгүй шалтгаанаар хэмжүүр дээр гарахдаа кармандаа туухай нуун зогсдог байсан гэж Манни өөрөө хэлсэн байдаг. Мөн өрсөлдөгчөөсөө жин дутуу үед, тулааны нөхцлийн дагуу илүү хүнд бээлийтэй тоглож, ялагдаж байсан тохиолдол ч байв. Гэхдээ тэр хэзээ ч бууж өгч байгаагүй юм. Түүний шургуу хөдөлмөрч зан, тулааны үед анхаарлаа төвлөрүүлэх чадварын талаар дэлхий нийт шагшин магтдаг билээ. Ялалт, ялагдлын дундуур чулуу мэт тэсвэртэйгээр шат дараалал ахин зүтгэсэн Манни эцэстээ дэлхийд 14-т орох өндөр орлоготой тамирчин болж чадсан юм. Түүгээр ч зогсохгүй хуулийн сургуулийн эчнээг төгссөн тэрээр 2010 оноос хойш Филиппиний төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдож, улс эх орондоо зөв зүйтэй хууль зохиох үйлст гар бие оролцох болжээ.

Manny-Pacquiao-and-Bill-Clinton

 

   Жирийн Филиппин хүү, төмөр нударгаараа мэргэжлийн боксын ертөнцийг донсолгож, дэлхийн хүн болсон түүх Маннигийнх юм. Цаашлаад Мэйвэдэрийг ч унагачихаж магадгүй л хүн шүү. Тавдугаар сарын 2-нд бүгдээрээ зууны тулааны гэрчүүд болцгооё.

   Төгсгөлд нь, өнгөрсөн сард мэргэжлийн боксын гараагаа амжилттай эхлүүлсэн Монголын хүү “King Tug” хочит Төгсцогтыгоо, Маннигийн дараах бас нэгэн Ази гаралтай агуу тамирчин болоорой гэсэн ерөөлөөр энэ удаагийн бичвэрээ өндөрлөе.

Эх сурвалж:

  1. CBSSports.com-Boxing
  2. USAtoday.com-Story-Sports-Boxing
  3. Sbnation.com
  4. “Manny” the movie(2014)

 Э.Өнөболд Тохокү ИС

2015.4.10.

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*