Дархлаа-1 : Хүн яагаад халуурдаг вэ?

   Та бид амьдралынхаа туршид нэгэн үл үзэгдэгч дайсантай ямагт оршин тогтносоор ирсэн юм. Энэ бол бактер, вирус зэргийн бичил биетэн юм. Эдгээр нь бидний эргэн тойронд байхаас гадна, арьсны гадаргуу, амны хөндий, гэдсэн дотор гээд бие дотор хүртэл оршино. Тэгвэл бид эдгээр үл үзэгдэгч дайснаас өөрсдийгөө хэрхэн хамгаалдаг вэ? Үүний хариулт бол дархлаа юм. Энэ нь тунгалагын судсаар эргэлдэх дархлааны эсүүд биеийн энд тэнд очиж, бактер, вирус, хавдар зэрэг аюул үүсгэхүйц гадны биетийг устгах үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл бидний биеийн хамгаалалтын алба юм. Энэ удаад уг хамгаалалтын албыг танилцуулахаар бэлтгэлээ. Юуны өмнө уг албын гишүүд болох дархлааны эсүүдийг танилцуулъя.

   Дархлааны эс нь чөмгөн доторх цус төлжүүлэх тулгуур эснээс үүснэ. Цус төлжүүлэх тулгуур эс нь мултипотенциалт тулгуур эс, цаашлаад тунгалаг үүсгэгч эс болон чөмөг үүсгэгч эс болж хөгжинэ. Мултипотенциалт тулгуур эс нь цусны улаан эс, макрофаг, нейтрофил, базофил, эозинофил, цусны ялтас болно. Базофилээс цаашлаад шигүү мөхлөгт эс үүснэ. Харин чөмөг үүсгэгч тулгуур эснээс дендрид эс, төрөлхийн алуурчин эс, В лимфоцит, Т лимфоцит зэрэг үүснэ. Эдгээрээс улаан эс, цусны ялтаснаас бусад нь дархлааны эс бөгөөд нийтэд нь цагаан эс гэнэ. Гэхдээ бидний өдөр тутмын амьдралд цагаан эс гэж нэрлэгддэг эс бол цусны цагаан эсний 50-70%-ийг эзлэх нейтрофил юм. Ингээд энэхүү эс тус бүрийг хялбархан тайлбарлая.

Cells_of_the_immune_system

 

Зураг1. Дархлааны эсүүдийн үүдэл

  1. Макрофаг (Macrophage)

   Энэ нь моноцит (monocyte) гэгдэх цагаан эсний нэг төрөл бөгөөд, цусны судаснаас гарч биеийн бүх хэсэгт тархан оршдог байна. Макрофаг нь цусны судсанд байхдаа моноцит эс болж, цусны эргэлтээс гараад эд, эрхтэн дээр очсон үед макрофаг болж хувирдаг өвөрмөц шинж чанартай эс юм. Гадны биетийг орж ирмэгц түүнийг идэж биедээ шингээдэг өлөн эс юм. Үүнээс гадна өөрөөсөө хемокин (chemokine) гэгдэх бусад дархлааны эсийг дуудах химийн бодис ялгаруулдаг байна.

  1. Мөхлөгт эс (Granulocyte)

   Энэ нь өөрөөсөө мөхлөг (мэдээлэл дамжуулах бодис агуулсан хүүдий) ялгаруулдаг эс бөгөөд үүнд нейтрофил (neutrophil), базофил (basophil), шигүү мөхлөгт эс (mast cell) болон эозинофил (eosinophil) гэсэн эсүүд багтана. Нейтрофилийн мөхлөг нь саармаг пигментээр (нөсөө буюу будагч бодис), эозинофилийнх нь хүчиллэг пигментээр будагддаг байхад, базофил болон шигүү мөхлөгт эсийн мөхлөг нь шүлтлэг пигментээр будагдана. Нейтрофил нь макрофагийн адил гаднаас орж ирсэн бактерийг иддэг цагаан эс юм. Энэ нь энгийн үед цусны судсанд орших ч гадны зүйл халдан орж ирэхэд судаснаас гарч ирдэг байна. Макрофагаас ялгаатай нь уг эс 2 дахь удаагийн халдварлалтанд илүү хүчтэй үйлчилдэг юм. Өөрөөр хэлбэл нэг бактер анх удаа биед халдварлахад нейтрофилын устгах чадвар 1 гэж үзвэл, уг бактер 2 дахь удаагаа халдварлахад устгах чадвар 3 болон ихсэнэ гэсэн үг юм.

  1. В лимфоцит (B cell)

   Энэ нь лимфоцит (lymphocyte) эсийн нэг төрөл бөгөөд өөрийн гадаргуу дээрээ эсрэг бие (antibody) агуулна. Эсрэг бие гэх үед бактерийг антиген (antigen) гэнэ. В эс нь эсрэг биеэрээ антигентэй холбогдож устгах бөгөөд түлхүүр цоожны дүрмээр нэг эсрэг бие нь нэг л антигентэй холбогдож чадна. Тэгвэл энэ дэлхий дээр тоологдошгүй олон бактер байхад, зөвхөн нэг л төрлийн бактертай холбогдож чаддаг В эсээр тэдгээр бактерийг устгаж чадах эсэхэд эргэлзэж магад. Гэхдээ В эс нь мөн адил тоологдошгүй олон төрлөөрөө бидний биед оршог байна. Гадны биет орж ирэхэд, зөвхөн уг биетэд холбогдож чадах В эс олширон тэдгээрийг устгадаг юм. Мөн энэ эс нь гадны биетийг өөрийн биедээ шингээж, хэсэгчилэн хуваагаад өөрийн биеийн гадна байрлуулна. Үүнийг МНС классⅡмолекул (MHC classⅡmolecule) гэх бөгөөд үүгээр гадны биетийн мэдээллийг бусад эсдээ дамжуулдаг байна. В эсээс гадна макрофаг болон дендрид эс (гадны биеийн мэдээллийг дамжуулахад гол үүрэгтэй дархлааны эс) мөн ижил чадвартай юм.

  1. Т лимфоцит (T cell)

   Энэ нь В эсийн адил лимфоцитын нэг төрөл юм. Уг эс нь өөрийн гадаргуу дээрээ МНС классⅡмолекултай холбогдох хэсэг агуулдаг эс бөгөөд ерөнхий 2 төрөл байна. Эхнийх нь хэлпэр Т эс (helper T cell) буюу туслагч Т эс юм. Хэдийгээр туслагч гэж байгаа ч дархлааны үйл ажиллагааг зохицуулах хамгийн чухал үүргийг гүйцэтгэнэ. Хоёр дахь нь киллэр Т эс (killer T cell) буюу гүйцэтгэгч Т эс юм. Энэ эс нь вирусын эсрэг дархлааны урвалд оролцох бөгөөд вирустай холбогдох ТCR молекулыг гаднаа байрлуулж вируст халдбарлагдсан эсийг устгадаг байна.

  1. Төрөлхийн устгагч эс (Natural killer cell)

   Дээр дурдагдсан алуурчин Т эс нь вирусын эсрэг тэмцэж эхлэхэд бага зэрэг бэлтгэлийн хугацаа шаардагдана. Энэ үед гарж ирэх эс нь төрөлхийн алуурчин эс юм. Уг эс нь вирусд халдварлагдсан эсвэл хавдаржсан эсийг олж устгадаг юм.

  1. Дендрид эс (Dendritic cell)

   Энэ нь макрофаг болон В эсийн адил МНС классⅡмолекулыг гаднаа агуулж, гадны биетийн мэдээллийг дамжуулах үүрэгтэй юм. Гэхдээ бусад 2 эсээсээ хамаагүй өндөр чадвартай эс юм.

Хүснэгт 1. Дархлааны эсүүдийн төрөл

Цагаан эс-Leucocyte

Мөхлөгт эсийн төрөлGranulocyte Нейтрофил (Neutrophil)Базофил (Basophil) /Шигүү мөхлөгт эс (Mast cell)

Эозинофил (Eosinophil)

Моноцитын төрөлMonocyte Моноцит (Monocyte) /Макрофаг (Macrophage)Дендрид (Dendritic cell)
Лимфоцитын төрөлLymphocyte В лимфоцит (B cell) /Сийвэн эс (Plasma cell)Т лимфоцит (T cell)

Туслагч Т эс (Helper T cell)

Гүйцэтгэгч Т эс (Killer T cell)

Хязгаарлагч Т эс (Suppressor T cell)

Төрөлхийн устгагч эс (Natural Killer cell)

   Эдгээр эсүүдийг дархлааны эс гэх бөгөөд тунгалгын судас, цусны эргэлтээр дамжин бидний биеийг хамгаална. Эдгээр эсүүдийн явуулах дархлааны урвалын талаар дараа дараагийнхаа нийтлэлдээ дурдъя.

   Эцэст нь  халуурах, идээлэх зэрэг шинж тэмдэг нь вирус, бактер зэргээс болж байгаа биш, харин дархлааны урвалын үр дүн юм. Халуурах гэдэг нь дархлааны систем маш идэвхитэй ажиллаж байгаагийн илрэл юм. Үүгээрээ дамжуулан гадны биет халдварлан орж ирсэн тул “биеэ амраа” гэсэн дохио өгч байгаа юм. Тиймээс халууны эм уугаад халуун буурах нь өвчин эдгэрчихсэн гэсэн үг биш тул биеэ сайн амраах хэрэгтэй. Мөн хэт хурдан халууны эм уучих нь ч зөв зүйл биш бололтой. Үүнээс гадна нүүрэн дээр гарсан батга, шарх идээлэх зэрэг нь орж ирсэн бактерийг нейтрофил, макрофаг зэргийн цагаан эс идээд үхэжсэнээс үүдэх юм.

Ө.Нарандулам
Иватэ их сургууль, ХАА факультет, магистерийн 1-р курс
2015.4.16

Ашигласан материал:
“Завсарлагааны цагийн дархлаа судлал”, Сайто Норихиро, Коданша Сайнтифик хэвлэл, 2004

「休み時間の免疫学」斎藤紀先、(株)講談社サインティフィック、2004

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*