Орлогоо танах = Аз жаргалтай амьдрал

S

 Английн жүжигчин Кэйра Найтли долоон настайгаасаа кино урлагийн ертөнцөд хөл тавьсан. Түүний тоглосон “Карибын тэнгисийн дээрэмчин”, “Love actually” зэрэг кинонууд дэлхийн олон сая үзэгчидийн таашаалд нийцэж, ашиг орлогоороо тэргүүлж байв. Кэйра нь дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг. Тэрбээр 2012 оны “Форбес” сэтгүүлд, 30-аас доош насны хамгийн их орлоготой жүжигчдийн гуравдугаарт бичигдсэн байдаг. Өнгөрсөн жил гэхэд л түүний нийт орлого 39 сая.ам долларт хүрсэн юм. Холливүүдийн жүжигчний хувьд энэ бол тансаг харш, брэндийн хувцас, үнэт алмаз худалдаж авахад хангалттай хүрэлцэх мөнгө. Гэвч түүний амьдралд мөнгө тийм ч чухал байр эзлэхгүй. Түүний энгийн даруу, олныг гайхшруулдаг амьдралын хэв маягтай нь танилцъя.

 Тэрбээр хоёр жил гаруй хугацаанд үерхсэн рок хамтлагийн гитарчин Кларксонстой гэрлээд буй. Алдартай рок хамтлагийн хөгжимчин, Холливүүдийн үзэсгэлэнт жүжигчний тансаг хуримийн ёслолыг шүтэн бишрэгчид нь тэсэн ядан хүлээж байв. Харин хуримын ёслол хэт энгийн болж өнгөрсөн юм.

 Тэдний хуримын ёслол арван минут л үргэлжилсэн бөгөөд 11 хүн урилгаар оролцжээ. Үзэсгэлэнтэй, баян жүжигчин маань даашинзандаа ч мөнгө зарахыг хүссэнгүй. Урьд нь нэгэн үдэшлэгийн үеэрээ өмсөж байсан даашинзаа хуримын ёслолын үеэрээ өмсжээ. Түүнчлэн жүжигчний сүйн бөгж 40,000.ам долларын үнэтэй хуучин загварын шигтгээтэй, цагираг байв. Энэ нь Холливүүдийн нэртэй жүжигчний хуруунд байхад хэт энгийн хэмээн шивэгнэх хүн цөөнгүй байлаа.  Жүжигчин Кэйрагийн хэт энгийн хурим олон хүнийг гайхшруулсны зэрэгцээ энгийнээр амьдрах давалгааг олон нийтийн дунд эхлүүлсэн юм.

 Жүжигчний хэмнэлттэй байхыг хүсдэг зан чанар зөвхөн түүний хуриман дээр илрээгүй. Тэрбээр жилд олох орлогодоо хязгаарлалт тавихаар шийджээ. Түүний нэг жилд ажиллаад олох орлого, гэрээний төлбөр нийлээд  40,000 ам.доллар байх ёстой гэдэг шаардлагыг өөртөө болон менежертэй тавьдаг аж.

 “Кэйра нийт хөрөнгийнхөө арван хувийг л хэрэглээндээ зарцуулсан болов уу. Тэр хувцсандаа бараг мөнгө зардаггүй” хэмээн түүний менежер ярилцлагын үеэр хэлсэн удаатай. Жүжигчин Кэйра олсон мөнгөнийхөө багахан хувийг аялахад зарцуулж үлдсэнийг нь хадгалдаг байна.

 Тэрбээр нэгэн ярилцлагадаа “40,000 ам.долларын хязгаар тогтоосноор хэрэглээ болоод орлогодоо бүрэн хяналт тавьж болно гэж бодсон. Хүн ихийг олох тусам хэрэглээгээ өндөр болгодог. Амьдралд хэрэглээнээс илүү хүн хүнээ гэх сэтгэл, нөхөрлөл чухал байр эзэлнэ. Тийм учраас хүссэн амьдралын хэв маягаа бий болгохын тулд өөртөө хяналт тавьж байгаа минь энэ” хэмээн ярьжээ.

 Түүнчлэн жүжигчин бүсгүй “Дээд зэргийн хэрэглээтэй амьдралын хэв маягт дасчихвал тэр амьдралын хэв маягийн талаар мэддэггүй хүмүүстэй дотно яриа өрнүүлж, санал бодлоо чөлөөтэй солилцож чадахаа болидог. Энэ нь яг л өөрийгөө хүмүүсээс тусгаарлаж байгаатай адил. Өдийг хүртэл амьдралдаа ямар сайхан юм бэ гэж бодож байсан дурсамжууд дандаа л хэн нэгэн хүнтэй холбоотой байдаг” хэмээн хэлсэн нь бий.

 Тэр дүрээ “Энэ кинонд тоглосноор миний амьдралын хэв маяг болоод үзэл санаанд өөрчлөлт орох уу. Энэ кинонд тоглосон ч би одоогийнх шигээ амьдарч чадах уу” гэдгээ бодсоны үндсэн дээр сонгодог аж.

 Түүний хувьд папарацид өртөхгүйн тулд мөнгө төлж,  насанд хүрсэн мөртлөө бие хамгаалагч дагуулж явна гэдэг хүлээн зөвшөөрч чадахгүй зүйлсийн нэг.

 Түүний амьдралын энэ маягийг сэтгүүлчид, шүтэн бишрэгчид нь хэнд ч захирагдаагүй, хүссэнээрээ ажиллах үлгэр жишээ, ховор хүн хэмээн дүгнэдэг. Өөрчлөлт, шинэчлэл бас энгийн зүйлд дуртай жүжигчний амьдралын хэв маяг олон хүнд эергээр нөлөөлж байгаа нь лавтай.

be_original-t2

 

Сэтгүүлч Г.Чимэдлхам
Оберлин их сургуулийн төгсөгч
Харъяалал: Засгийн газрын мэдээ сонин
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин
2014.04.06

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*