Зурагнаас үүдсэн эргэцүүлэл-Ирээдүйдээ итгэх итгэл

Бүгдээрээ хамтдаа эрэгт хүрэхээр нэг том завинд сууж яваа гэж бодъё.

zawiXэрвээ хамтдаа сууж яваа завь (онгоц) нь саадгүй эрэгт хүрнэ гэсэн итгэлгүй болбол  хүмүүс юу хийх вэ?  Магадгүй хүн бүр өөрийнхөө эргэн тойронд буй завины хэсгийг эвдлээд ч хамаагүй өөрийгөө аврах завь хийх гэж улайрч эхлэх байх. Үр дүнд нь мэдээжээр эх завь нь хэдэн хэсэг болон салж хэн нь ч эрэгт хүрч чадахааргүй байдалд хүрнэ дээ.

 Ийм жишээ татах болсон шалтгаан нь, өнөөдөр эх орныхоо ирээдүйн хөгжилд итгэхгүй байдал газар аваад байна уу даа гэж санагдах болсонтой холбоотой юм.

 Залуучууд тэр дундаа гадаад оронд сурч ажиллаж буй бидний хувьд интернэт мэдээний сайтууд, сошиал медиа зэргээс улс орныхоо талаарх сүүлийн үеийн мэдээллийг авж байна. Гэтэл тэдгээр мэдээлэл нь голдуу нийгэм тэр чигтээ хээл хахуульд идэгдэж, ядуурал архидалтанд нэрвэгдсэн, эдийн засаг нь гадныхны бэлэн идэш болсон, бүр цаашлаад тусгаар тогтнол минь дээсэн дөрөөн дээр ганхаж байна гэх утга агуулгатай байдаг.

 Тэр бүгд үнэн ч бай, худал ч бай мянга давтахаар бодит үнэн болчихно. Үүнийг дагаад массаараа /олон нийт/ улс эх орныхоо ирээдүйд итгэх итгэл нь сулардаг. Энэ эх орныхоо ирээдүйд үл итгэх итгэл надад ч бас төрж байсан удаа бий. Магадгүй таньд ч гэсэн тохиолдож байсан байх.

Эх орныхоо цаашдын ирээдүй, хөгжлийн замд итгэхгүй байх нь ямар аюулд хүргэх вэ?

Юун түрүүнд, ирээдүйн хөгжилд үл итгэж байгаа учраас өнөөдөр эрх мэдэлтэй байгаа дээрээ өөртөө юм хурааж авья гэх хүмүүс нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл авилгал хээл хахууль, хувьдаа завших үйл явц газар авна гэсэн үг юм. Түүнчлэн гадаадад өндөр боловсрол эзэмшиж ирээд эх орноо хөгжүүлье гэх зорилготой дайчин залуусын эх нутагтаа харих гал эрмэлзлэл нь унтарч мэдэх юм. Энэ мэтчилэн сөрөг зүйлс газар авсаар улам бүр хөгжлийн зам дахь хар тойргоосоо гарч чадахааргүй болно.

Тэгвэл дээр дурдсанчлан олонхын цуу яриа, мэдлэг мэдээллээр бус өөрийнхөө нүдээр Монгол орныхоо өнөөдрийн бодит байдлыг дүгнээд үзээрэй. Сурдаг мэргэжлийнхээ салбарын хөгжил, бүр наад зах нь эргэн тойрны найз нөхөд, гэр бүлийхнийхээ өдөр тутмын амьдралын өөрчлөлтийг харахад тодорхой болно.

 Сүүлийн 24 жилд  Монголын эдийн засаг 20 дахин өсч, нэг хүнд ноогдох ДНБ нь 90-ээд оны дундуур ердөө 400 доллар хүрэхтэй үгүйтэй байсан бол өнөөдөр 4000 долларт хүрээд байна. Буурай орноос хөгжиж буй орон руу хэдийн зэрэг ахижээ.

Эдийн засгийн хөгжлөө дагаад нийгмийн хөгжил урагшилж хүн амын дундаж наслалт ихсэж, нийт хүн амын тоо 1990 онд 2 сая орчим байсан бол одоо 3 саяд хүрээд байна.

25 жилийн өмнө Улаанбаатарт ердөө 100 хан амины автомашин хөдөлж байсан бол өнөөдөр явж байгаа нийт автомашины тоо нь өрхийн тоотойгоо тэнцэж байна. Нийт хүн амын хэрэглээнд 4 сая гар утас, интернэт сүлжээнд холбогдсон 1 сая гаран компьютер байна. Улс даяарх нийт 700 мянган өрхийн талаас дээш хувь нь байшин, орон сууцанд амьдрах болжээ. Өөрөөр хэлбэл, aрван хэдхэн жилийн өмнөх хүндхэн амьдралтай, өнөө маргаашийн идэх хоолондоо санаа зовж явсан үетэй харьцуулахад өнөөдөр бүгдээрээ шахуу ухаалаг утас барьж, шинэ загварын Япон, Солонгос машин унах болжээ. Заавал баталгаатай статистик тоо баримт гэлтгүй өөрсдийнхөө эргэн тойрнооcoo харахад л өнөөдөр хүн бүрийн амьдрал дээшилж,  улс орон минь хөгжиж байна гэдэг нь тодорхой харагдаж байна.

 Сүүлд нь хэлэхэд юун түрүүнд та бид эх орныхоо хөгжин дэвших  ирээдүйд итгэлтэй байж, өөрөө эх орныхоо төлөө юу хийж чадахаа дор бүрнээн тунгаан, дундаршгүй гал эрмэлзлэлээр түүнийгээ  хэрэгжүүлье.

Ашигласан материал:

Б.Батбаяр “Сүүлийн 25 жилд монголчууд юу олж авав” нийтлэл 2014.12.15

 

 

 

2015.04.22

Э. Хонгорзул

Япон, Нагасаки хот

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*