Дайчин-3.

   “Алтан медаль авах хүн гэдэг алтан медаль авах багажтай байх ёстой. Хүн гэдэг утгаараа алтан медальтан учраас л алтан медаль авч чаддаг болов уу. Тийм ч учраас хүн талаасаа ч өсөн дэвжмээр байна.”

Хагино Косүкэ

   Яг одоо намайг энэхүү нийтлэлээ үзэглээд сууж байх үед, Тоёо их сургуулийн(東洋大学) бассейнд нэгэн залуу амьсгаагаа багтартал сэлж байгаа байх. Тэр залуугийн нэр Хагино Косүкэ(萩野公介). Ердөө 20-хон настай хэдий ч, 400 метрийн мэдли буюу холимог сэлэлтийн төрөлд алдарт Майкл Пелпс (Michael Phelps), Райн Лохтэ (Ryan Lochte) нарыг ардаа орхин дэлхийн чансааг тэргүүлж байгаа энэ залуугийн зорилго нь ирэх Риогийн олимпод алтан медаль авах. Өнгөрсөн Лондонгийн олимпод ахлах сургуулийн сурагч байхдаа орж, өөрийн төрөлдөө 3-р байрт орж хүрэл медаль авснаар дэлхий нийтийн анхаарлыг татаж, элэг нэгт Япончууд нь ч дараагийн олимпод алтан медаль авна, цаашлаад дараагийн Пелпс, Лохтэ нар шиг усан сэлэлтийн хаан болно хэмээн итгэл хүлээлгэж байна.

Hagino-1

   Өндөр найдлагыг өөр дээрээ авсан Хагино хар багаасаа хийж дадсан хүнд хүчир бэлтгэлээ зогсолтгүй үргэлжилүүлсээр байна. Тийм ч учраас би нийтлэлийнхээ эхэнд түүнийг одоо ч сэлж байгаа болов уу гэж таасан хэрэг. Хагино өдөрт дундажаар 6 цагийг усан дотор өнгөрүүлэх ба 10 км-с илүү сэлдэг. Гэхдээ түүний хүнд хүчир бэлтгэлийн хамгийн гол онцлог нь сэлэх болгондоо тойрог бүрт хамаг бүхнээ гаргаж, өөрийнхөө хамгийн хурдан сэлэлт байлгахаар хичээдэгт оршино.

   Хагиногийн хурдан сэлэлтийн нууцыг нэгэн алдартай их сургуулийн спортын инженерчилэлээр мэргэшсэн профессор судалж үзээд 2 том хүчин зүйлийг олж тогтоожээ. Эхнийх нь түүний сэлэлтийн техник буюу форм. Бусад тамирчидтай харьцуулахад сэлэлтийн үе дэх Хагиногийн хөвөх чадвар маш сайн, цээжин бие нь бараг бүхлээрээ усан дээр гарч ирж гулгах маягтай байв. Ингэснээр уснаас биед нөлөөлөх эсэргүүцэл багасч, хурд ихсэх боломжийг олгодог байна. Хоёрдох шалтгаан нь Хагиногийн өөрийн бие физиологийн онцлог. Энэ нь юу байсан бэ гэвэл, Японы шигшээ багийн тамирчдын сэлсний дараах бие дэх сүүний хүчлийг хэмжиж үзэхэд, Хагиногийнх 20.5 мМ(миллимоль) буюу бусад тамирчныхаас даруй 2 дахин их хэмжээтэй байжээ. Хүний бие их хэмжээний энерги ялгаруулахад бие дахь сүүний хүчлийн хэмжээ нь ихэсч булчинг ядраадаг аж. Уг сүүний хүчлийн утга энгийн хүнд 10 мМ-г давмагц тухайн хүн сульдаж булчингаа ажиллуулахад хүндрэлтэй болдог. Хагиногийн биен дэх сүүний хүчил тийм их утгатай гарсан нь, түүнийг ямар их тэвчээр гарган, бие махбодоо зовоон, дайчилсныг харуулж байгаа юм. Түүний энэ онцлогийг дасгалжуулагч нь, багаасаа хүнд хүчир программтай бэлтгэлийг хийж дадан, асар өндөр түвшний тэсвэр тэвчээрийг биедээ шингээсэн учраас хэмээн тайлбарлажээ.

Hagino-2

   Удмаараа тамирчин юм биш үү гэтэл Хагиногийн эцэг эх тамирчид бус энгийн ажилчин хүмүүс аж. Түүнийг төрөөд 6-хан сартай байхад, ээж нь нярайн-сэлэлтийн хичээлд хүүгээ авч орох болжээ. Үүнээс үүдэн Хагино багаасаа усанд дуртай болж, 2 настайдаа л ганцаараа сэлээд сурчихсан байсан гэдэг. Ийнхүү бага балчираасаа энэхүү спортод дурлаж, уйгагүй хичээллэх болсон Хагино дунд сургуулийн 2-р ангид байхдаа буюу Майкл Пелпсийг Бээжингийн олимпод 8 алтан медаль авдаг 2008 онд, Японы аварга шалгаруулах тэмцээнд 5 алтан медалийг хүртэж байв. 14 настай хүүхдийн хувьд гайхалтай амжилт юм.

Hagino-3

   Хагино бол хичээл зүтгэлээр амжилтанд хүрдэгийн тод жишээ, хөдөлмөр 99%  зарчимын бодит үлгэр дуурайлал болсон цуцашгүй дайчин юм.  Түүний хичээл зүтгэл нүдээ олж, ирэх Риогийн олимпод алтан медаль хүртэх мөрөөдөл нь биеллээ олох болтугай.

Hagino-4

   “Хичээл зүтгэлд хязгаар гэж юу байдгийг би сайн мэдэхгүй.”

Хагино Косүкэ

Э.Өнөболд
Тохокү ИС,Инженерийн факультет
2015.5.15

Ашигласан материал:

1. NHK Sports documentary “Spirit of an Athlete”.

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*