Эрүүл амьдрал ба зөв хооллолт…

 Хүний биед зайлшгүй хэрэгтэй байдаг бодис бол уураг, нүүрс ус, өөх тос гэсэн шим тэжээлийн бодисууд юм. Өмнөх нийтлэлээрээ та бүхэнд уураг болон түүний ач холбогдолын талаар мэдээллийг хүргэсэн. Харин энэ удаад нүүрс усыг сонгон авч, хүний бие дэх эерэг болон сөрөг нөлөөний талаар дараах мэдээллийг бэлдлээ.

 Сүүлийн үед хүмүүс зөв хооллолтыг илүү сонгон, дасгал хөдөлгөөн хийн эрүүл саруул байх нөхцөлөө бүрдүүлэхийг зорьж, хэрэгжүүлж чаддаг болжээ. Ялангуяа гэрийн эзэгтэй нар хоол хүнсээ цуглуулахдаа тухайн бүтээгдэхүүнийхээ хүний биед сайн эсэх, бүр цаашлаад  орц найрлагыг сайтар харж байж худалдан авч байна. Гэтэл ихэнхи хүмүүс калорийн хэмжээг сайн хардаг боловч илүү чухалчилж харах ёстой уураг, нүүрс усны хэмжээг тэр болгон хараад байдаггүй бололтой.

Тэгвэл калорийн хэмжээг харангаа нүүрс усны хэмжээг бас давхар харж байгаарай гэж зөвлөх байна. Яагаад вэ гэвэл нүүрс усны хэмжээгээ тогтмол хэвийн байлгаж чадсанаараа та хэт таргалалт, элэгний хавдар, чихрийн шижин зэрэг өвчнүүдээс урьдчилан сэргийлж чадах юм.

  1. Нүүрс ус хэрхэн задарч хүний биед яаж нөлөөлдөг талаар авч үзье.

Хоол хүнсээр дамжин хүний биед орсон нүүрс ус нь ГЛЮКОЗ болон задарч, цусаар дамжин тархины эс, булчингийн эс зэрэг биеийг бүрдүүлж буй эсүүдийн энергийн эх үүсвэр болдог. Хэрэв глюкозын хэмжээ ихэдвэл илүүдэл глюкоз нь элэг болон булчинд ГЛИКОГЕН болон хуримтлагдана. Бүхий л хортой бодисуудыг хоргүйжүүлж байдаг элэг гэдэг эрхтэн маань нас хүйснээс хамаараад 60-90г гликогенийг өөртөө хуримтлуулах чадвартай. Харин булчинд энэ хэмжээ 270-480г орчим байдаг. Өөрөөр хэлбэл бие организм нийтдээ 330-570г гликогенийг хуримтлуулж чадна.

  1. Хуримтлагдсан гликоген нь юунд хэрэгтэй вэ?

 Хэрэв тархины эсэд глюкоз дутагдвал элгэнд хуримтлагдсан гликогенийг тархины эс өөрөө глюкоз болгож хувирган тархины хэвийн үйл ажиллагаагаа явуулдаг. Харин булчингийн эс нь өөрт хуримтлагдсан гликогенийг энерги болгон ашиглаж чадна.

Тархи болон булчингийн эсээс бусад эд эсүүдэд гюлкоз дутагдвал тархинд дохио очиж, улмаар өлсөлт мэдрэгдсэнээр нүүрс ус ихээр агуулсан хоол идэх дуршил нэмэгддэг байна. Дээр дурьдсан хэмжээнээс нүүрс усны хэмжээ хэт бага байвал тархины хэвийн үйл ажиллагаа алдагдаж, анхаарал төвлөрөхгүй бие сульдаж амархан ядрах сөрөг нөлөөтэй юм.

  1. Нүүрс усны хэмжээ ихэдвэл?

  Жишээлбэл, та өдөрт 700г нүүрс ус биедээ авсан гэж үзвэл дунджаар 500г нь гликоген болон хуримтлагдаж, үлдсэн 200г нь өөх тос болон хувирна. Нэгэнт үүссэн өөх тос нь эргээд гликоген болон хувирах боломжгүй бөгөөд дасгал хөдөлгөөн хийж өөхөө шатаахаас өөр сонголтгүй болдог. Их хэмжээний нүүрс ус хэрэглэх байдал удаан үргэлжилвэл цусан дах сахарын хэмжээ эрс нэмэгдэж чихрийн шижин өвчний эх үүсвэр бий болдог байна. Түүгээр ч зогсохгүй элэгний ачаалал нэмэгдэж, улмаар нүүрс усаа гликоген болгон хувиргаж чадахгүйд хүрч нүүрс усыг тэр чигээр нь өөх болон хуримтлуулснаар хэт таргалалт үүсдэг байна.

  1. Нүүрс усны шаталт

 Дасгал хөдөлгөөн хийснээр булчингийн эс нь, эхлээд хуримтлагдсан гликогенээ энерги болгон шатааж эхлэх бөгөөд ойролцоогоор 20 минутын идэвхитэй хөдөлгөөний дараа өөхөө шатааж  энерги болгодог байна. Өөрөөр хэлбэл нүүрс ус, өөх тос хоёр хоёулаа энергийн эх үүсвэр мэт боловч, нүүрс ус нь түрүүлж шатдаг учраас хэзээ хоолоо идэж хэзээ дасгал хийх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй болно. Хоол идсэний дараа шууд дасгал хийвэл, хоолноос авсан нүүрс усаа шатааж байж дараа нь өөх тосоо шатаах гэсэн дараалалтай болно. Харин юм идээгүй байхдаа дасгал хийвэл, бие дэх нүүрс ус бага байгаа учраас шууд өөх тосоо шатааж эхэлдэг байна.

 Өдөр тутам бид ажиллаж, суралцаж, амарч зугаалж, өөрийгөө хөгжүүлж, сэтгэн бодож, спортоор хичээллэж байдаг. Энэ бүгдийг хийхийн тулд бид энергиэ хоол хүнснээсээ байнга авч байдаг. Шаардлагатай шим тэжээлээ зохих хэмжээгээр нь авч, хоол хүнсээ зөв тохируулж чадвал өвчин тусахгүй эрүүл байх үндэс тавигдаж байгаа юм.

                            Шиншү их сурууль

Б. Ихжаргалан

Эх сурвалж:

Хүний биеийн эрүүл мэнд

http://www.karada-navi.com/diet-medthod/diet-medthod-nutrition/3303/

Хоолны дэглэм

http://e-littlefield.com/ars_diet/fat/nutrition_metabolism/005fat_absorption/

http://www.miyabi.com/diet/slim/06.html

Нүүрс усны метаболизм

http://zen.shinshu-u.ac.jp/modules/0052002002/main/main.pdf

Чихрийн шижин өвчний талаар

http://www.nagayoku.com/basic1/treatment/

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*