Тэд жинхэнэ хүн “Яномами”

Амазоны гүнд 10,000 жилийн тэртээгээс төрх байдлаа уугуул ёс заншлын хамт авч үлдсэн Яномами овог өнөөгийн бидний нийгэмтэй зэрэгцэн оршин тогтносоор. Өрнөдийнхнөөс хамгийн сүүлчийн чулуун зэвсэг ашиглагч хүн гэх тодотгол хүртсэн тэдний нийт хүн амын тоо ердөө 20,000. Магадгүй тус ойд хүн биш шоргоолж илүү буй за.

Уулын бэлд байрлах “Шябоно” гэх дугуй сууцандаа 150 орчим хүмүүс хамтран амьдарч 1 отгыг үүсгэнэ. Ахимаг насны эр сууцнаас гарч ирэн зураглаачдын багийг хэсэг ажсанаа

– Дайсан уу?

– Напү бол алах уу? Напүг яах вэ?

гэж хэлснийг орчуулагч дамжуулав.

“Напү” гэдэг нь Яномами овгоос бусад хүн дүрстэн эсвэл хүнээс дор гэсэн утгаар хэрэглэгддэг өвөрмөц хэллэгийн нэг аж. Тэдний хувьд Яномами бол жинхэнэ хүн.

935818725f565bd792679f0dd043cfaf

Томчуул ойгоос эргэн ирлээ. Хүн бүр нуруундаа юм үүрсэн харагдана. Их хэмжээний зэрлэг гахайн олзтой буцаж иржээ. Сууцны баганаас хүзүүгүй амьтад дүүжлээстэй бөгөөд ойртон ажваас хуйхалсан сармагчин. Багачуул гар хөлийг нь мөлжин идэцгээнэ. Ангийн олз омог бүгдэд нь тэгш хүртээлтэй.

Тосгонд тэнгэрийн сүнстэй ярилцагч гэгдэх 18 бөө байсан ба нэгэн төрлийн мансууруулах бодис “галлюциноген”-аас “хүч зээлж” өөрсдийн биедээ амьтны сүнсийг залан оруулж ёслол үйлддэг. Эмчилгээний үед дуудаж ирсэн сүнсийг өвчтөний бие рүү шилжүүлэн өвчний үндэс болох чөтгөрийн сүнсийг хөөн зайлуулдаг тогтсон уламжлал бий.

Сууцны голд өвгөн бөө өөрийн үхлийн талаар өгүүлнэ. “Тэнгэр бол сүнсний орон бөгөөд хүн үхвээс тэнгэр рүү илгээгдэж сүнсэн биеийг олно. Газар дээрх үхэл бол үхэл биш. Төд удалгүй сүнсэн бие ч үгүй болно. Эцэс сүүлдээ эрэгтэй хүн ялаа болон шоргоолж, эмэгтэй хүн хачиг эс бөгөөс хувалз болон эх дэлхийдээ эргэн ирдэг. Хэн ч гэлээ энэхүү амьдралын хуулиас гажих ёсгүй.” Тэдний үзлээр бид эх дэлхийтэйгээ ийнхүү холбогддог аж.

Тосгон хөл хөдөлгөөнтэй харагдана. Ан хийж эс чадваас эр хүнд тооцогдохгүй бичигдээгүй хуулийн дагуу ангийн гол зэвсэг нь одоо ч жад хэвээр. Бусдыгаа түр орогнох сууц босгож байх үед залуу эрчүүд нийлж замын хүнсээ базаахаар явцгаав. Навчийг шүгэл маягаар ороож бялзуухайн аврал эрсэн дууг дуурайн авиа гаргана. Ингэснээр аав ээжийг нь дуудан ирүүлж агнах боломжтой ажээ. Сум тавигдаж шувуу ч навтасхийн газарт уналаа. Өнөө оройн хоолонд тоть зооглох болов.

yanomami800Охин зулзаган сармагчинг энгэртээ хөдөлгөөнгүй тэврэн сууж өөрийнхөө үнэрт дасгаж цээжлүүлэх гэж байна. Өнчирсөн зулзагыг ойд нь буцаан тавьсан ч нэгэнтээ амьдарч чадахгүйн учир нас бие гүйцтэл нь халамжлах үүргийг өөртөө хүлээжээ. Яномами ой модон дахь нэгэн амийг булаадаг ч ийнхүү нэгэн амьдралыг бий болгоно.

Бараан үүл нүүгэлтэж аадар бороо айсуй. Яномами бороог олон янзаар нэрлэдэг. Хуягтны (armadillo) бороо, эрвээхэйн бороо, модны үнэрийн бороо…

Гэсэн хэдий ч балчир хүүхдүүдэд 4-5 нас хүртэл тодорхой нэр байхгүй.

Хүү бол Моши

Охин бол Набата

Тэргэл сартай шөнө тосгоны эмэгтэйчүүд хаа нэг тийшээ яаран алхална. Удахгүй төрөх эхэд туслахаар ойд цуглаж байгаа нь энэ аж. Ой модонд л төрөх ёстой заншил энд бий. Дөнгөж төрсөн нярай газар хэвтэж байх хэдий ч эх нь энгэртээ тэвэрч авъя гэсэн байдал үл ажиглагдана. Нилээд хугацаа өнгөрсний дараа хатуу өвсөөр хүйг нь тасдан авч навчинд ороон ойд өргөж цагаан шоргоолзны хоол болгох “ёслол” үйлдэв. Хүн гэж хүлээн авах эс бөгөөс сүнсэн бие хэвээр нь ойн гүнд үлдээх эсэхийг эх нь шийддэг.

Өндөр хөгжил, дэвшилтэт технологийн хойноос бид орон зай, цаг хугацааг үл ажран өнгөрснөө дэвсэж ирээдүй рүү алхаж байна. Эргэх дэлхийн хувьслыг өөртөө шингээлгүй өдийг хүртэл чимээгүйхэн амьдарч ирсэн Яномами овгийнхон.

Ой агуу

Алхаж баршгүй уудам

Ойд төрж, ойг идэж, ойд идэгдсэн

Амьдралын хүрдэнд Яномами эргэлдэж байна.

yanomami_girls

Х.Долгормаа
Акита ИС, ОУ-н баялагийн факультет  II курс
2015.07.25

Ашигласан материал:

“Японы үндэсний телевиз” (Japan Broadcasting Corporation) – “Амазоны гүнд орших өвөрмөц Яномами овог баримтад кино”

「NHK」-「スペシャル ヤノマミ 奥アマゾン 原初の森に生きる」

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*