Та дөнгөж сая хүүхдээ эвдчихлээ. Мундаг биз!

Ганц бие эцэг хүний хүүхдээ хүмүүжүүлэх талаар сэтгэл хөдлөл, гүн бодрол дагуулсан нийтлэл.

Аав нараа, Хүүхдийг бүү эвдээч. Гуйя!

Өнөөдөр дэлгүүрт харсан нэг явдлаас хойш энэхүү нийтлэлийг үнэхээр бичихгүй байж чадсангүй. Юуны өмнө сонгосон гарчигийнхаа өмнөөс та бүхнээс хүлцэл өчье. Гэхдээ өөр арга байсангүй. Бачимдахын эрхэнд бичлээ. Энэ нийтлэл хангалттай урт хэдий ч та бүхнийг тэвчээр заан заавал төгсгөл хүртэл уншихыг хүсье. Учир нь үүнийг ярих хэрэгтэй бас хуваалцах ёстой.

Өнөөдөр би хүүтэйгээ дэлгүүрийн кассанд оочирлож байх зуур бидний өмнө 6 орчим насны хүүгээ дагуулсан өөр нэг аав зогсож байв. Хүү нь ааваасаа харих замдаа идэх зайрмаг авч өгөөч гэж их аядуухан гуйв. Аав нь битгий садаа бол гэсэн янзтай ширүүн харцаар ширвэхэд хүү хажуу ханыг налан дуугүй зогсов.

Бидний оочир арай дөхөж ирэхэд хүү аавынхаа ширүүн харцыг хэдийнээ мартсан мэт хүүхдийн дуу чимээгүй амандаа аялан аав дээрээ дахин очив. Аав нь юу гээд бувтнаад байгаа юм гэж зэмлэхэд хүүгийн царай нь бүрсхийн холдоод дахин хана налан зогсов.

Би яахаа мэдсэнгүй. Яагаад миний нүдээрээ харж байгаа юмыг тэр хүн олж харахгүй байна вэ. Өөрийнх нь сүүдэрт бүрсийх тэр гайхамшигт бүтээлийг яаж анзаарахгүй байж чадаж байнаа. Тэр хүн ганц хором ч болов төрсөн хүүгийнхээ жаргалыг үгүйсгэж хаяснаа мэдэрсэнсэн бол? Таны хувьд тэр ганцхан хором хүүгийн тань хувьд бүхэл ертөнц нь байсан ч юм билүү.

Бидний урд гурван хүн үлдсэн байв. Хүү хананаасаа хөндийрөн дахин аав дээрээ очив. Аав нь эгнээнээс огцом гарч хүүг мөрнөөс нь базан: “Дахиж би чамаас ямар нэгэн юм сонсвол чи гэртээ хариад зүгээр өнгөрөхгүй шүү” гэв. Хүүгийн царай хувхай цайраад дахин хананд наалдаад ер хөдөлсөн ч үгүй дуугарсан ч үгүй. Түүний хүүхдийн гэгээн цагаанхан царай бүрсхийгээд л явчихав. Хүү эвдэрчээ. Аав хүүгээ хүмүүжүүлэх хамгийн энгийн арга болох хүүтэйгээ хамт байхыг хүссэнгүй. Тэр хүүгээ эвдэв.

Тэгээд хожим хойно нь бид хүүхдээ буруу хүмүүжүүлжээ гэж толгойгоо шаацгаадаг.

Шулуухан л байя. Олон хүмүүс намайг хүүтэйгээ яаж харьцдагийг хараад чи хүүдээ хэтэрхий их хайртай юмаа гэдэг. Чөтгөр аваг! Үүнийг би ойлгодоггүй. Хэзээ ч ойлгохгүй. Учир нь хүүгээ хайрлах, хүүгээ хүмүүжүүлэх, хүүтэйгээ тоглохыг шилдэг гэлтгүй ямар ч аав өлхөн чадна. Хаана хэзээ хэнтэйгээс үл харгалзан, хэн ч чадна. Надад бусдаас онцгойрох юм ер байхгүй. Би бол хүүдээ хайртай түүнийхээ эрүүл энх, аз жаргалын төлөө бүхнийг хийх бусдын адил эцэг хүн. Харин хүүгээ дээрэлхэж түүнийг “байранд нь оруулснаас” тархин дундуураа зад хүрздүүлсэн минь хэд дахин дээр гэж боддог.

Би төгс эцэг хүн биш. Гэхдээ амьдралын аливаа нугачаанд ажиралгүй, үргэлж толгой дээгүүр өөртөө итгэлтэй явах замыг хүүдээ зааж чадсан. Яаж гэж үү? Эцэг хүн хүүхдийн амьдрал, түүний өөртөө итгэх итгэл бүрэлдэж бий болоход ямар том нөлөө үзүүлдгийг мэдэх учир. Хэзээ нэгэн цагт бидний тэдэнд хийсэн, хэлсэн сайн муу зүйлсийг тэд яг л порлонд  ус шингэх мэт өөртөө уусгаж байгаа. Үүнийг тэр болгон аавууд мэддэггүй.

Аав нараа, өглөө сэрээд эсвэл орой ажлаасаа ирээд хүүхдийнхээ царайг харахад та нарын нүүрэнд гэгээ цацарч байдаг. Таны нүүрний энэ хувирал чинь хүүхдийн тань амьдралын үнэ цэнэ болон төлөвшдөг.

Таниар юу гэж дуудуулна, тэрүүгээр хүүхэд өөрийгөө төсөөлдөг. Ямар шошго бусдаар наалгана, түүндээ таарсан хүн болж төлөвшдөг. “Чи ямар тэнэг юм бэ?” гэж та хүүхэддээ хэлж байсан уу? Та хүүхдээ тэгэж боддоггүй байлаа ч, хүүхэд тань хэзээний итгэчихсэн байгаа. Мундаг биз! Үүнийгээ нэг эргэцүүлээч.

Аав нараа, та нар компьютер, зурагт ширтэх цагаасаа хүүхэдтэйгээ тоглох хорьхон минутыг илүүчилж чадахгүй л байна уу? Гэтэл хүүхдийн тань танд итгэх итгэл үүнээс шууд хамаардаг. Хэр их хугацааг түүнд зориулж, хэр үнэмшилтэйгээр та хамт тоглоно тэр хэмжээгээр хүүхэд таньд итгэдэг. Ямар их юм алдаж байгаагаа ухаараач.

Уур уцаар хүүхэд хүмүүжүүлэхэд зайлшгүй хэрэгтэй гэсэн хямдхан ярианд та итгэсээр үү? Уур уцаараар та бусдыг удирдаж болох авч, уур уцаар чинь таны тархийг удирдаж байгаа. Хүүхэд хүмүүжүүлэх өөр олон арга бий. Номнууд боть ботиороо, бүхэл бүтэн цуврал хичээлүүд ч байна. Сонголт өргөн. Гагцхүү хүүхэд уур уцаар, хэрүүл маргаан дунд их хурдан сэвтдэгийг санаарай.

Та нар хүүхдээ хажуудаа өөрөөс чинь айж бөнжигнөхийг хараад ялгаж мэдэрч чадахаа байтлаа өгрөө юу? Хүүхдүүд тань таны үгт баригдан өөрөөс тань мөнхөд айж явах. Энэ үнэхээр таны хүсээд байгаа зүйл мөн юм гэж үү?

Аав нараа, та хүүхэдтэйгээ хамт тоглохын увидасыг гадарлаж байна уу? Хүүхдийнхээ нуруу, гэдсийг зөөлөн илээд унтуулах үед үгээр хэлэмгүй нандин холбоо тэнд үүсдэг. Та мэднэ. Энэ дахин давтагдахгүй эрхэм бяцхан амьтнууд таны хайр халамжинд итгэж, бүгдийг хамгийн нарийн торгоноор мэдэрч байгаа. Энэ бүхэн тэдний цаашдын чадвар чадамж, амжилт бүтээл, аз жаргалтай амьдралд тод мөр үлдээсэн байх вий.

Хүүхдүүд алдана аа. Их алдана. Харин та тэр алдаа болгоныг нь асуудал болгосноор тэдэнд ямар их хор учруулж байгаагаа мэдэж байна уу? Хүүхдийг сэвтүүлэх их амархан. “Тэнэг ээ, чи юу хийчихэв ээ?”, “Чамд хэд хэлэх юм, тэнэг юм уу?” гэхэд л хангалттай.

Сүүлд нь зориглоод хэдэн юм асууя. Та үр хүүхдээ тэнгэрт үдээд зогсох эцэг эхийн нулимсандаа хавдсан хоёр нүдийг харсан уу? Би харсан.

Та хүүхдийн оршуулга дээр байж ядаж үзсэн үү? Би үзсэн.

Та дотор нь бяцхан хүүхэд дахин хэзээ ч инээд баясал дагуулахгүйгээр мөнхөд нойрсох жижигхэн модон хайрцаганд хүрч байсан уу? Би хүрсэн.

Ийм зүйлийг өөр хэн ч битгий биеэр үзээсэй гэж би бурхнаас гуйдаг.

Аав нараа, үр хүүхэддээ хайртайгаа хэлье. Бүр байнга хэлье. Тэдний нэг өдрийн хорин мянган асуултанд өнөөдрөөс бэлэн байж тэдний болхи байдлыг баярлаж хүлээж авъя. Тэдний нүүрний хувирал, буруу хэлсэн үгс. Бидний үргэлжлэл болж бидэнд заяасанд нь баярлая.

Сайн аав байхын тулд би юу хийж чадах вэ? гэж өөрөөс асуух цаг ирлээ. Шинжүүдийг нь тодорхойл. Өөрөө тийм бай.

Хүүдээ охидтой яаж харьцах, охиддоо хөвгүүдээс юуг хүлээх ёстойг тэдэнд өөрийн жишээгээр харуул. Уужуу өрөвч сэтгэлийг тэдэнд таниул. Эрүүл амьдрахуй, хүйсийн үүрэг, нийгмийн зөв хэмжүүрүүдийг үгээр биш үйлдлээрээ үзүүл. Охидод хөвгүүдийг “бацаан”, хөвгүүдэд охидыг “авгай” гэж дуудах буруу гэдгийг одооноос ойлгуулъя. Хүүхдэд өөрийн үзэл, сонирхол гэж юм бий. Тэднийг нь нийтийн буруу төсөөллөөс ангид байлга.

Аав нараа, хүүтэйгээ зөөлөн, охинтойгоо тогтуун яръя. Та хүүхэддээ юу хүсдэг вэ? Сургууль дээрээ найзгүй, өөртөө хүндэтгэлгүй байхыг хүсэх үү? Эсвэл ангийн даргаар сонгогдож илүү ихийг зорих эрмэлзэлтэй байхыг хүсэх үү? Хүүхдэд өөрөө бодох чөлөөг та бид л олгоно. Нийгэмд өөрийгөө чөлөөтэй залж явахыг та бид л сургаж чадна.

Бидний нэгийг ярьж, нөгөөг хийдэг зан хүүхдүүдэд маань ямар уршигтай вэ? Өөрийн сонголтоо хийж, өөрийн үзэл бодлыг илэрхийлж, өөрийн зарчимаар амьдрахад нь бид тэдэнд хангалттай туслаж чаддаг билүү? Тэдний юу гэж бодохыг заадаг нь бид биш. Харин бид тэднийг зөв гаргалгаа гаргахад чиглүүлж өгч чадна. Үүнийг чадвал бид цаашид хүүхдүүдээ өөрөө юу сонгочих бол, өөрийн сонголтондоо баттай зогсож чадах болов уу гэж дэмий шаналах хэрэггүй болно. Хүн өөрийн үзэлдээ насан туршид үнэмшилтэй явдаг. Харин бусдынхыг өөрөө үнэнд шарагдсан үедээ л ойлгоно.

Чөтгөр аваг, аав нараа. Хүүхэд бүрт зайрмаг авч өгөөч гэж хүсэх эрх бий. Үүнийхээ хариуд тэд дээрэлхүүлэх ёсгүй. Зайрмаг авч өгөх ёстой хүн нь хүнэнцэр байсны төлөө тэд буланд адлагдан зогсох ёсгүй. Хүүхэд бүрт төрөлхийн инээж баясч, тоглож наадах эрх бий. Яагаад үүнийг нь хориод байгаа юм бэ? Дэлхий дээрх хүүхэд бүр ярихынхаа урьдаар боддог, өөрийнх нь гарт шинэ хүний амьдралыг цогцлоох эрх байгааг ухамсарладаг, зурагт, спортын сонирхлоосоо илүү хүүхдээ илүүд тавьдаг, өөрийн хэргээс илүү хүүхдээ дээрд үздэг, өөрийн цагаас илүү хүүхэдтэйгээ байх цагаа чухалчилдаг шилдэг аавтай байх эрхтэй.

Магадгүй бүх асуудал хүүхэд болгон өөрт дүйцэх аавтай байж чаддаггүйд байгаа. Магадгүй олон аавууд үнэн хэрэгтээ аав байж чаддаггүйд хамаг учир нь бий.

Шулуухан хэлсэндээ хүлцэл өчье. Магадгүй энэ өнөөдөр би тэр дэлгүүрт таарсан залууд юу ч хэлж чадаагүйдаа их харамсаж байгаагийнх. Үүгээрээ гэмээ цайруулъя. Магадгүй миний энэ нийтлэлийг олж уншаад нэг ч болтугай аав сайн аав байхаар шийдэж, нэг ч болтугай хүүхдийн амьдрал ирээдүйн зам гэрэлтэж чадсан бол энэ нийтлэлийг бичихэд зориулсан минут секунд болгоны минь төлөөс тэр болог.

You Just Broke Your Child. Congratulationsby Dan Pearce
“Вы только что “сломали” вашего ребёнка! Браво!

 

Орос хэлнээс Монгол хэлнээ хөрвүүлсэн
Балжинням овогтой Намуун
Хитоцүбаши их сургууль, хуулийн факултет 4-р курс

Эх сурвалж:
http://fit4brain.com/7789

Хуваалцах
Gerel.G
About Gerel.G 9 Articles

2015~ Tokyo Institute of Technology, Chemistry Engineering faculty

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*