Гадаад Валютын Нөөцөөс Хятадын Эдийн Засгийг Шинжих нь

Өнгөрсөн Даваа гарагт Хятадын Төв Банк (The People’s Bank of China – PBOC) гадаад валютын нөөц нь 93.9 тэрбум ам.доллараар багассаныг мэдэгдсэн. 8 сарын сүүлээр гэхэд Хятадын Төв Банкинд нийтдээ $3.56 триллион гадаад валютын нөөц байгаа бөгөөд энэ нь дэлхийн нийт гадаад валютын нөөцийн гуравны нэгтэй тэнцэх дүн юм.

Гадаад валютын нөөц гэдэг нь төв банк болон бусад голлох үүрэгтэй санхүүгийн байгууллагуудад байрших гадаад валютыг хэлэх бөгөөд ихэндээ Америк долларыг (ам.доллар) нөөцөө болгон ашигладаг. Бусад мөнгөн тэмдэгтүүдээс  Евро, Японы иен, Их Британийн фунт стерлинг зэргийг ч бас ашигладаг. Гадаад валютын нөөцийг гадаад өр төлбөрийг төлөх болон валютын ханшийг тогтворжуулахад ихэвчилэн ашигладаг.  Жишээлбэл, манай орон Австралид өртэй байлаа гэж үзэхэд, өрөө Америк доллараар төлж болох ба төлөхдөө урьдчилж бэлдсэн гадаад валютын нөөцөө ашиглаж төлнө гэсэн үг. Улс орнууд өөрсдийнхөө мөнгөн тэмдэгтээрээ гадаад өрөө төлөх боломжгүй тул урьдчилж их хэмжээний Америк долларын гадаад валютын нөөцтэй байх хэрэгтэй. Гадаад валютын нөөц ихтэй байна гэдэг бол тухайн улсын өрөө төлөх чадварыг харуулж байна гэсэн үг. Дараагийн гол үүрэг болох валютын ханшийг тогтворжуулахад ашиглана гэдгийг тайлбарлая. Жишээлбэл, төгрөгийн ханш ихээр унаад эхлэхээр Монгол Банк гадаад валютын нөөц болох ам.долларыг зарж, төгрөгийг худалдаж авна. Ингэснээр долларыг зарж байгаа тул үнэ нь унаж, төгрөгийг худалдаж авч байгаа тул үнэ нь өснө. Эсрэгээрээ, төгрөгийн ханш ихэсвэл төгрөгийг зарж, долларыг худалдан авч, төгрөгийн үнийг бууруулж, долларын үнийг өсгөнө. Иймэрхүү зарчимаар Төв Банк гадаад валютын нөөцийг ашиглан валютын ханшийг тогтвортой байлгадаг. Гадаад валютын нөөц ихтэй байна гэдэг бол валютын ханшийг тогтвортой барьж чадна гэсэн үг.

Азийн хөгжиж буй орнууд 1990 оноос хойш гадаад валютынхаа нөөцийг ихээр хуримтлуулж эхэлсэн. Тайланд гэхэд ДНБ ойролцоогоор 40%-тай тэнцэх хэмжээний нөөцтэй. Хятад бол гадаад валютын нөөцөөрөө тэргүүлэгч орон бөгөөд ДНБ 35%-тай тэнцэх нөөцтэй (8 сарын байдлаар $3.56 триллион нөөцтэй). Энэ нь Хятадын 22 сарын импортын төлбөрийг төлөх хэмжээний мөнгө юм. Дашрамд хэлэхэд, Монгол Банк 7 сарын байдлаар $1.7 тэрбум гадаад валютын нөөцтэй байна. Ойролцоогоор ДНБ 14%-тай тэнцэх нөөц гэсэн үг. Хятадтай харьцуулахад ойролцоогоор 2000 дахин бага байна гэсэн үг.

CHina

Тэгвэл яагаад Хятадын гадаад валютын нөөц  8 сард ихээр буурсныг эдийн засагчид, шинжээчид онцлоод байгааг энд тайлбарлая.

2015 оны 8 сарын 11-ны өдөр Хятадын төв банк юаны ханшийг гэнэт сулруулах шийдвэр гаргаж юаны ханш ихээр унаж эхэлсэн. (Юаныг өөрөөр ренминби гэж нэрлэдэг) Хятадын эдийн засаг экспортон дээрээ тулгуурладаг бөгөөд юаны ханшийг сулруулснаар гадаадад зарагдах хятадын бараа бүтээгдэхүүний үнэ хямдрах тул экспорт өсч улмаар Хятадын эдийн засаг сайжирна. Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байгаатай холбогдуулан Хятадын төв банк аргагүй эрхэнд ийм арга хэмжээ авсан гэж эдийн засагчид үзэж байгаа. Хятадын эдийн засгийн өсөлтийн удааширалт, хувьцааны зах зээлийн уналт зэргээс болж хөрөнгө оруулагч, зах зээл дээрх тоглогч нар Хятадад итгэх итгэл буурч, юанийг ихээр зарж, юаны ханшийг улам сулруулсан. Үүнийг зогсоохын тулд 8 сард Хятадын Төв Банк гадаад валютын нөөцөө ихээр ашиглаж ($93.9 тэрбум нөөцийг ашигласан), юаныг худалдан авч, долларыг зарсан.

Экспортон дээр эдийн засаг нь тулгуурладаг орнуудын хувьд өөрсдийн мөнгөн тэмдэгтийг сулруулах нь их ашигтай байдаг. Хэн хурдан өрсөж, мөнгөн тэмдэгтээ сулруулна тэр нь хожино гэсэн дүрэм л үйлчилнэ. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэх тийм ч амар эд биш. Улс төрийн болон зах зээлийн нарийн механизмын саадтай тулгарна. Мөн өөрийн мөнгөн тэмдэгтийг сулруулна гэдэг бол экспортоо өсгөх давуу талтай ч, нөгөө талдаа, импортын үнийг хөөргөдөх аюултай. Эдийн засаг нь хүчтэй оронд ийм стратеги явуулах нь ашигтай бөгөөд эдийн засаг нь сул орнууд хамаагүй явуулж болохгүй стратеги. Юаныг сулруулснаар Хятад уруу экспорт хийдэг орнууд юанд ялагдахгүйн тулд (Хятад уруу экспортоо нэмэгдүүлэхийн тулд) өөрсдийн мөнгөн тэмдэгтээ сулруулахгүй бол болохгүй. Дээрээс нь зөвхөн Хятадаас болоод ч биш, АНУ-ын эдийн засаг сайжирахтай зэрэгцээд Америк долларын ханш улам өсч бусад орнуудын мөнгөн тэмдэгт ихээр суларч байгаа. 8 сард Солонгосын вон, Малайзын ринггит, Тайландын Тайн бат, Индонезийн рупи, Филиппины песо олон жилийнхээ доод түвшинд хүрсэн. Манай Монголын төгрөг ч ханшаа ихээр алдаж, ам. Долларын ханш 2,000 хүрсэн. Экспорт нь Хятадаас 90 хувийн хамааралтай байдаг манай оронд энэхүү юаны ханш ихээр нөлөөлөх нь тодорхой.

Нөгөө талаас, юаны ханш суларна гэдэг бол юаны худалдан авах чадвар суларна гэсэн үг. Дээр дурдсанчилан, импортын үнэ өснө. Улмаар Хятад уруу газрын тос, зэс зэргийг экспортлодог Латин Америкийн орнуудын эдийн засагт Хятад хүнд цохилт өгч байгаа. Хятад Чилийн зэсийг худалдан авагч гол орон. Колумб, Мексик нь Хятад уруу их хэмжээний газрын тос нийлүүлдэг. Хятадын эдийн засаг суларна гэдэг бол зэс, газрын тосны эрэлт унана гэсэн үг. Германаас авахуулаад Европын орнууд Хятад уруу их хэмжээний  экспорт хийдэг. Хятадын эдийн засаг эдгээр орнуудад хүчтэй нөлөөлнө. Дээрээс нь юаны ханш давхар сулрахаар, Хятадын худалдан авах чадварыг улам сулруулна. Байдлыг улам дордуулна.

Юаны ханшийг сулруулснаас хойш хувьцааны зах зээл дээрээс нийтдээ $5 триллион үгүй болоод байна. 8 сар олон улсын хувьцааны зах зээлд хүндхэн сар болж өнгөрсөн. 8 сарын 24 ны өдөр л гэхэд олон улсын хувьцааны зах зээл ихээр унасан. Dow Jones Industrial Average хэмээх Америкийн голлох хувьцааны индекс шууд 1,089 нэгжээр унаж, түүхэнд шинээр “Хар Даваа” гараг болон үлдсэн. Зах зээлийн эрсдлийг тодорхойлогч CBOE VIX индекс 8 сарын 24 ны өдөр 40.7 болж сүүлийн хэдэн жилд байгаагүй дээд цэгтээ хүрсэн. (9 сарын 8 ны байдлаар VIX индекс 24.90 байна).  CBOE VIX индекс өндөр байна гэдэг бол зах зээл улам эрсдэлтэй болж, паник нөхцөлд орсон байна гэсэн үг. CBOE VIX сүүлийн 10 жилийн дундаж нь ойролцоогоор 20 бөгөөд 8 сарын 24-ий өдөр 40.7 болсон гэхийг хараад энэ өдөр хувьцааны зах зээл дээр ямар байдалтай байсныг та надаар хэлүүлэлтгүй төсөөлөх байх.

Хятад гэгч дэлхийн хоёр дахь том эдийн засаг хэрхэн бусад оронд нөлөөлж байгааг та бүхэн ойлгосон байх. Өнөөдөр Хятад нь

  • Дэлхийн хамгийн том машины зах зээл
  • Дэлхийн тансаг хэрэглээний 25% – ийг дангаараа эзэлдэг
  • Дэлхийн зэсийн тал хувийг хэрэглэдэг
  • Дэлхийн гангийн 45% – ийг хэрэглэдэг
  • Дэлхийн хоёрдогч том газрын тос импортлогч орон.

2008 оны санхүүгийн хямралаас улс орнуудыг гаргахад хамгийн их хөдөлгөгч хүч нь Хятад болсон. Учир нь тэд Америк, Европ, Латин Америк, Азийн орнуудын бараа бүтээгдэхүүнийг маш ихээр худалдаж авсан. Дэлхийн хэмжээний санхүүгийн хямрал ихэвчилэн Америк, Англи хэмээх хөгжингүй орнуудаас эхэлсэн байдаг. Ирээдүйд бид ч магадгүй Хятадаас үүдэх санхүүгийн хямралыг амсах нь гарцаагүй. Хятад хэдий чинээ хөгжинө, унахдаа төдий чинээ даацтай унана. Түүний хэсэгхэн илрэл нь яг одоо явагдаж буйг та бүхэн ойлгосон байх.

О.Баярсайхан
2015 оны 9-р сарын 9 өдөр

Ашигласан материал:

Wall Street Journal, “China’s Forex Reserves Fall by Record $93.9B”, September 8, 2015

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles
Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*