Дүрвэгсэд ямар замыг туулсан бэ?

Хэдхэн долоо хоногийн өмнө олон нийтийн сүлжээгээр Сириэс дүрвэн Европыг зорин явахдаа далайд амиа алдсан гуравхан настай бяцхан хүүгийн элэг эмтрэм зураг тарж байсан.
Дэлхий даяар сая сая хүмүүст хүрсэн тэр зураг бүгдийг уй гашууд автуулж, цаашлаад адилхан дүрвэн яваа нутаг нэгтнүүдэд нь, эрх дархтайгаас авахуулаад энгийн нэгэн хүртэл тусламжийн гараа сунгахад хүргэсэн билээ.
Бидний эргэн тойронд ч гэсэн амиа алдсан хүүгийн зураг олон хэлбэрээр тарсан. Тэр дунд эмгэнэлээ илэрхийлж, санаагаа чилээсэн сэтгэгдэл байхад, “Бидэнд хамаагүй асуудалд санаагаа зовоох юм” эсвэл “Урдах асуудлаа яая гэж байж юун Сирийн дүрвэгсэд” гэх хандлагатай сэтгэгдэл ч байхыг хараад эмзэглэх сэтгэгдэл төрж суулаа. Гэхдээ тэр хүмүүст буруу гэж юу байхав, бараг хаана байдгийг нь ч мэдэхгүй шахуу оронд дайн боллоо, хүмүүс дүрвэлээ гэхэд тийм ч хүндээр хүлээн авахгүй байх нь аргагүй.

Xарин энэ нийтлэлээрээ Сири дэх үймээн самууны дэлгэрэнгүйг, дайнаас хожиж байгаа олон улсын тоглогчдын талаар биш дүрвэж яваа энгийн хүмүүсийн талаар бичихийг зорив. Цаашлаад тэд ямар хэцүү замыг туулж, сэтгэл тайван аж төрөх газар хайн амь дүйн дүрвэж явааг ойлговол өнөөдрийн бидний амьдрал асуудалтай байна, улс орон амьдрахад хэцүү байна гэх гомдол нь тийм ч том зүйл биш гэдгийг харан, хувь хүн өөрөө л хичээвэл мөрөөдлийн сайхан амьдралаа цогцлоон бүтээх боломж нөхцөл Монголд минь бүрдсэн гэдгийг олж хараасай гэж хүслээ.

1371059561224.cached
Ливан дахь дүрвэгсдийн хуаран

Сири бол дайны өмнөх тооллогоор 22 сая гаруй хүн амтай орон байсан. Гэвч иргэний дайн 4 дэх жилдээ үргэлжлээд хүн амын тал шахуу, 11 сая хүн дүрвэж амьдарч байна. Өөрөөр хэлбэл 2 хүний нэг нь хөлс хүчээ шавхаж босгосон бүхнээ орхиод газар газраар тэнүүчлэн амьдарч байна гэсэн үг юм. Тэд ийм амьдралыг хүсээгүй бөгөөд яг л бидэн шиг өглөө ажил сургуульдаа гарч, үр хүүхдээ илүү сайхан амьдралд хүргэхээр, эх орноо хөгжүүлэхээр өдөр бүр энгийн тайван аж төрж сууцгаасан.
Xарин тэд нэг л өдөр дотоодын улс төрч удирдагчид, гадаадын их гүрний ашиг сонирхол дунд ийм байдалд орно гэдгээ төсөөлөө ч үгүй байх. Өнөөдөр тэдгээр 11 сая дүрвэгсдийн 7 сая 600 мянган хүн Сири дотроо, 4 сая нь Сирийн хилийг давж чадсан ч дөнгөж 340 мянган хүн л мөрөөдөж зорьсон Европтоо хүрч чаджээ.
Арай гэж Сириэс гарч чадсан ч тэд бүгд шахуу Иордан, Ливан, Туркийн хил дээр элсэн цөлд дүрвэгсдийн хуаран гэх майханд л өдөр хоногийг өнгөрөөнө.

_85310359_migrant_journey_reynolds_v2_624map
Европыг зорих үндсэн маршрут

Үймээн дэгдэхээс өмнө арай гайгүй хөрөнгөтэй нь болон гайгүй ажил алба хашиж байсан нь, ядаж л бүр гэрээ бөмбөгдүүлж тонуулахаасаа өмнө өмссөн хувцаснаас бусдыгаа зарж мөнгө болгож чадсан нь Европыг зорин амь дүйсэн урт замд гарна. Тэд бүгд л Сирид үлдвэл амиа алдах  эрсдэлтэй , хууль бусаар Германыг зорих нь амь дүйсэн ч гэлээ хонгилын үзүүрт гэрэл бий. Яаж ийгээд зорьсон газраа хүрч чадвал үр хүүхдийг минь гэрэл гэгээтэй ирээдүй хүлээж буй гэх итгэл. Ингээд замд гарахаар шийдсэн бол Туркээс Грект хүргэж өгч чадна гэх хууль бусаар хил давуулах бизнес эрхлэгч хайна. Хууль бусаар хил давуулагчид мэдээж өөрсдийнхөө хэрэгцээг мэдэрснийг хэлэх үү дурын үнээ хэлэн, ганц хийлдэг завин дээрээ ашгийн төлөө эрсдэлийг үл тоон даац хэтрүүлэн хүмүүсийг ачина. 2 хүүхэдтэй эхнэртэйгээ яваа гэр бүл бол хүний $3,000-$7,500 төлж байж л завинд сууна. Нэг жижигхэн завин дээр аюулгүйн даацыг хэт хэтрүүлэн бөөндөө чихэлдэж суугаад Газар дундын тэнгисээр 2 цаг гаран явж байж Грекийн эрэгт хүрнэ. Эсэн мэнд Грект хүрч чадвал тэндээсээ Македони, Серби орно. Энэ бүх хугацаандаа шөнөөр хил даван мөлхөж ойгоор   хэдэн өдрөөр явган алхсаар Унгарт ирнэ. Унгараас галт тэрэг12,  автобусаар Австри орж Австриасаа Германд хүрнэ. Герман хүртэлх 2 сар гарны аяллын урт замдаа итгэж мөнгөө өгсөн такси, автобусны жолоочдоо дээрэмдүүлэх, хилийн харуулын бууны суманд өртөх гээд аюул, эрсдэл мундахгүй.

 

Гэхдээ тэр бүгдийг даван туулж Германд хүрч л чадвал тэнд хүсч тэмүүлсэн мөрөөдлийн амьдрал нь хүлээж байгаа. Цагаачлалын виз нь гарах хүртэл гэр бүлээрээ амьдрах байртай. Үнэгүй цэцэрлэг сургууль, эмнэлгийн үйлчилгээнд хамрагдаж сар бүр тэтгэмж авна.

9e82d5fc898140e0b97af7c63b68e009_18Өнөөдөр Европ тив зүүн, баруунаараа хуваагдан зорьж ирсэн дүрвэгсдийг хүлээж авна авахгүй гэж маргалдсаар байна. Тэр дунд зарим нь цагаачдыг эдийн засгийн хүнд ачаа гэж харж байгаа бол Герман шинэ ажиллах хүч, ирээдүйн эдийн засгийг авч явах залуу хүч гэж харж тэднийг нааштайгаар хүлээж авахаар хичээж байна. Гэхдээ л Германыг зорин өндөр өртөгтэй, амь дүйсэн замд гарах боломжтой нь 11 сая Сири дүрвэгсдийн дөнгөж 5 хувь ч хүрэхгүй гэж бодохоор харамсалтай.

Э. Хонгорзул

2015 оны 9-р сарын 30 өдөр

Ашигласан материал:
1. 特集:シリア難民いま
https://www.refugee.or.jp/jar/report/2015/09/01-0000.shtml
2. From Turkey to Sweden: Syrian migrant’s perilous journey
http://www.bbc.com/news/world-europe-34118978
3. Smuggling refugees into Europe is a new growth industry
https://www.washingtonpost.com/world/europe/smuggling-refugees-into-europe-is-a-new-growth-industry/2015/09/03/398c72c4-517f-11e5-b225-90edbd49f362_story.html

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*