Яагаад эмэгтэйчүүд эрчүүдээс илүү урт насалдаг вэ?

   Дан ганц манай Монгол Улсад ч төдийгүй дэлхий дахинд нийтлэг ажиглагддаг зүйл бол, эрчүүд болон эмэгтэйчүүдийн наслалтын зөрүүгээр үргэлж эмэгтэйчүүд давамгайлж байдаг явдал билээ. 2012 онд Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооноос авч явуулсан “Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлтийн төлөв байдал”-г танилцуулсан тоо баримтаас харахад, Монгол Улсын хүн амын дундаж наслалт нь эрэгтэйчүүд 64.9, эмэгтэйчүүд 74.3 буюу бараг 10 гаруй жилийн зөрүүтэй байгаа юм. Үүний учир юунд байна вэ? Яагаад ийм байдаг талаар энэ удаагийнхаа нийтлэлээрээ хүргэхийн сацуу эрүүл урт наслахын тулд амьдралдаа хэвшүүлэхэд нэн тустай хэд хэдэн зөвлөмжийг нэгтгэн хүргэж байна.

Шалтгаан 1. Биед тавих анхаарал халамж

   Эрчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад биедээ хангалттай анхаарал тавьдаггүй учраас гэжээ. Арга ч үгүй биз. Бидний мэдэхээр ихэнхи эрчүүд сар бүр тогтмол гоо сайхны газар очиж, янз бүрийн хоолны дэглэм барьж, элдэв төрлийн бүтээгдэхүүн хэрэглээд байдаггүй билээ. Энэ утгаараа өөрийн биед тавих анхаарал халамж гэдэг зүйл эмэгтэйчүүдтэй харьцуулахад бага байдаг учраас ямарваа нэгэн өвчин зовиурыг хүндэрсэн хойно нь олж тогтоох хандлага ихээр ажиглагддаг гэнэ. Мөн эрчүүдийн хувьд архи уух, тамхи татах гэх мэт хорт зуршилд нилээд автсан байдаг нь ч богино наслалтын гол шалтгаан болж өгдөг ажээ. Эмэгтэйчүүдийн хувьд гоо сайхандаа анхаарах ёстой гэсэн шаардлагын үндсэн дээр, архи уух болон тамхи татах зуршлаас аль болох зайлсхийх эсвэл тодорхой хэмжээнд барьж тогтоож чаддаг аж. Гэтэл эрчүүдийн хувьд тэдгээр хорт зуршилыг хүссэнээрээ хэрэглэх хандлагатай байдаг нь хожим урт наслах боломжийг нь багасгадаг байна. Гэвч, дан ганц хорт зуршил болон биедээ тавих анхаарал зэрэгт бүх буруу байгаа биш юм.

Шалтгаан 2. Биеийн бүтэц зохион байгуулалт, удамшилын нөлөө

удамшил орч

   Удамшил гэдэг бол амьд биесийг амьгүй биесээс ялгаж өгдөг хамгийн үндсэн шинж чанарын нэг бөгөөд өөртэйгээ ижил шинж чанар бүхий өөр нэгэн үр удмыг бий болгоход удамших үйл явц үйлчилдэг. Удамшилын тэрхүү мэдээллийг хадгалдаг тулгуур нэгжүүдийг ген гэж нэрлэдэг. Генетикийн Шинжлэх ухааны хүрээнд, ДНХ-ийн хэлхээг кодчилдог /дарааллыг нь тогтоох/ хэсэг нь ген болдог байна. Харин тэрхүү ДНХ /Дезоксирибонуклейны хүчил/ буюу DNA гэдэг нь юу вэ гэвэл, мэдэгдэж буй бүх амьд биетүүдийн өсөлт хөгжлийн үйл ажиллагаанд ашиглагддаг генетикийн заавруудыг агуулсан нэгдэл юм. Гол үүрэг нь мэдээллийг удаан хугацаанд хадгалж, энэ нь эсийн бүрэлдэхүүн хэсгүүдийг угсрах заавруудыг агуулдаг учраас барилгын план зурагтай адилтгаж ойлгож болно. Нэгтгээд хэлэх юм бол  ДНХ бол генээс бүрдэнэ гэсэн үг. Генүүд амьд биетийн эсүүдийг тэтгэж байдаг. Эсийн дотор ДНХ нь хромсом гэгдэх бүтцүүдэд хуваагдаж тэднийг хроматин хэмээх протейн /уураг/ нягтаршуулж, зохион байгуулалтанд оруулдаг. Тэрхүү хромсом гэдэг нь өөрөө эс дотор олддог бөгөөд ДНХ-г багцалж түүний ажиллагааг удирддаг юм. Эсийн дотор 23 хос хромсом байдаг бөгөөд нийтдээ 46 ширхэг бий. Түүнээс эмэгтэйчүүдэд ХХ хос хромсом, эрчүүдэд ХҮ буюу Ү нь Х-ээс илүү жижиг бөгөөд агуулж буй ген нь 3-6 хувь бага байдаг. Тийм учраас хэрэв Х-т ямар нэг вирус халдлаа гэхэд  эмэгтэйчүүдийн хувьд хос Х нь орлож хамгаалах /Back Up хийх/ чадвартай гэсэн үг болох юм. Харамсалтай нь эрчүүдийн хувьд энэ тохиолдолд өвчилөлд өртөх магадлалтай юм. Өөрөөр хэлбэл биед ямар нэг өөрчлөлт гарах үед эмэгтэйчүүдэд нөөц чадвар байдаг боловч, эрчүүдэд түүнд өртөхөөс өөр ямар ч арга байдаггүй байна. Мөн бие мах бодийн  хувьд эрчүүд өндөр, том биетэй байдаг учраас тэр хэмжээгээрээ их эсийг биедээ агуулдаг учраас эрсдэл улам ихэсдэг байна.

   Ийм үндсэн хоёр шалтгааны улмаас эрчүүд эмэгтэйчүүдээс богино насалдаг хэмээн эрдэмтэн судлаачид үзэж байна. Энэ нь эрчүүдэд урт наслах боломж байхгүй гэсэн үг огт биш юм. Харин таны өдөр тутмын амьдралын хэвшил л гагцхүү түүнийг өөрчилж чадна. Тийм учраас нийтлэлийнхээ төгсгөлд эрүүл урт наслахын тулд амьдралдаа хэвшүүлэхэд нэн хэрэг болохуйц энгийн 5 зөвлөгөөг хүргэж байна.

  1. Хоолоо хэтрүүлж идэхгүй байх. Учир нь нас ахих тусам бидний хоол боловсруулах эрхтний үйл явц удааширдаг учраас, цадахаасаа арай өмнө идэхээ зогсоох нь урт наслах эхний үндэс болно хэмээн эмч судлаачид зөвлөж байна.
    Marie-France-Article7
  2. Зурагт бага үзэх. Сонин сонсогдож магадгүй ч гэсэн, өдөрт 4 болон түүнээс их цагаар зурагт үздэг хүмүүс, өдөрт 2 ба түүнээс бага цаг зурагт үздэг хүмүүстэй харьцуулахад нас баралтын магадлал 46 хувиар илүү болж ирдэг гэсэн судалгаа /2010 онд АНУ-н AHA(American Heart Association) сэтгүүлээс олон нийтэд тайлагнасан судалгааны үр дүнгээс иш татав./ гарчээ. Гол учир нь зурагтандаа биш зурагт үзэж суух байхад биед гарах өөрчлөлттэй холбоотой. Удаан хугацаагаар нэг байрлалд хөдөлгөөнгүй суух эсвэл хэвтэх нь биед булчингийн доройтлыг бий болгож энэ нь цаашлаад хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг удаашруулах гол үндэс болдог гэжээ. Харин зурагт үзэх цагаа алхах болон биеийн тамирын дасгал хийхэд зарцуулж болох юм. Өдөрт хамгийн багадаа 30 минутыг зөвхөн алхахад зориулахад л энэ нь таныг зүрхний ямар нэгэн гэнэтийн өвчнөөс аварч чадна.
    2015-07-25-1437813969-9907014-watchingtvtelevisionremote
  3. Олон хүмүүстэй харилцаж нийтэч байх.Ганцаардмал хүмүүс маш амархан стресст орох хандлагатай байдаг бөгөөд, ганцаардал нь тэднийг ямарваа нэгэн хорт зуршилтай болоход хүргэдэг. Харин эсрэгээрээ өөрийн бодол санаагаа бусадтай тогтмол хуваалцаж, өөрт тохиолдсон зүйлсийн талаар хүмүүстэй илэн далангүй ярилцдаг байх нь урт наслахад дөхөмтэй байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, хэрэв танд шөнийн 4 цагт залгаад өөрт тохиолдсон зовлон бэрхшээлээ нуулгүй ярих хүн байдаг бол тийм хүн байдаггүй хэн нэгнээс илүү урт наслах боломжтой гэсэн үг юм.
    communication-project-manager
  4. Байнга шинэ зүйлийг сурч мэдэх. 2012 онд АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Статистикын Төв Газраас явуулсан судалгааны үр дүнгээс харахад, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй хүмүүс нь ахлах сургуулиа төгсөөгүй хүмүүстэй харьцуулахад даруй 9 жилээр урт насалсан хэмээх дүн гарчээ. Өөрөөр хэлбэл боловсрол гэдэг дан ганц мэргэжилтэй, сайн ажилтан болоход тус дэм болохоос гадна биднийг эрүүл урт наслахын гол үндэс болдог гэж хэлж болохоор юм. Ийм учраас зарим өндөр настай хүмүүс, тэтгэвэрт гарсан хойноо ч их сургуульд суралцахыг сонгодог байна.
  5. Сайн хүн байх. Өөрөөр хэлбэл өөртөө үнэнч байх гэсэн үг юм. Зарим үед хүмүүс хэн нэгэнд мэдэгдэлгүй ямар нэг үйлдэл ялангуяа буруу зүйл хийхэд ямар хамаа байхав хэмээн боддог. Гэтэл үнэн хэрэгтээ тэд өөртөө мэдэгдэж буйгаа анзаардаг болов уу. Хүний үйлдэл гэдэг өөрөө тухайн хүний ирээдүйг тодорхойлдог гэж би боддог. Таны хийх үйлдэл зөв байх тусмаа таны ирээдүйн амьдрал зөв гольдиролдоо орж, зөв болж ирнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өнөөдөр та нэг янжуур тамхи татахаасаа татгалзаж чадвал энэ нь таны амьдрах хугацааг цөөн хэдэн минут ч болтутай уртасгаж байна гэсэн үг юм. Бид ирээдүйд юу болохоо тааж мэддэггүй болохоор үнэхээр таны насыг уртасна гэж баттай хэлж чадахгүй ч гэсэн, түүнд итгэж өөрийгөө бага багаар өөрчилж, эрүүл мэнд, ирээдүйнхээ төлөө хувь нэмэр оруулж амьдраасай хэмээн хэлэхийг хүслээ. Нэгэнт бид ирээдүйд юу тохиолдохоо тааж мэдэхгүй учраас сайн зүйлийг төсөөлөн бодож түүнд итгэж, гол нь хийж буй үйлдэл, амьдралын хэвшлээ зөв байлгах нь л хамгийн чухал юм шүү хэмээн энэ удаагийнхаа нийтлэлийг өндөрлүүлье.
    be-you1

Танд амжилт хүсье.

Ч.Туул
Кочи Их сургууль 2-р курс
2015.10.16

Ашигласан Материал

  1. ББС – Эрүүл мэнд – Яагаад эмэгтэйчүүд эрчүүдээс илүү урт насалдаг вэ? нийтлэл

http://www.bbc.com/future/story/20151001-why-women-live-longer-than-men

  1. ДНХ-ийн талаар мэдээлэл

https://en.wikipedia.org/wiki/DNA

  1. 2012 оны хүн ам өрхийн үндсэн үзүүлэлтийн төлөв байдлын танилцуулга 2012

http://sukhbaatar.nso.mn/uploads/users/16/files/Hun%20am,%20orhiin%20uzuulelt_2012.pdf

  1. Ойлгоход амархан Генийн талаар ерөнхий мэдлэг

http://dna.kokoronogohan.com/020ieaaqiibm/post_30.html

  1. Ген гэж юу вэ?

https://mn.wikipedia.org/wiki/%D0%93%D0%B5%D0%BD

  1. Удамшилын талаар мэдээлэл

https://chemobio.wordpress.com/2013/01/25/%D1%83%D0%B4%D0%B0%D0%BC%D1%88%D0%B8%D0%BB/

http://www.slideshare.net/enkhmaaaa/ss-26615991

http://www.slideshare.net/ariunsanaaubu/biol-l-5

http://vvv.kimaworld.net/mn/bbs/board.php?bo_table=kimapicmn&wr_id=1082&sst=wr_datetime&sod=desc&sop=and&page=10

  1. Судалгааны үр дүнгүүд

http://www.health.com/health/article/0,,20412077,00.html

http://usatoday30.usatoday.com/news/health/story/2012-05-16/health-of-USA-nation/54984404/1

  1. Урт наслах 11 нууц

http://www.health.com/health/gallery/0,,20366671_last,00.html

http://time.com/81573/how-to-live-longer/

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*