“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Цуврал нийтлэл

Оршил

   Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын дэргэдэх “Дэлхийн Хавдар Судлалын Сан”-ийн өнгөрсөн оны судалгаагаар Монгол улс 100 мянган хүнд ногдох элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийн 200 орноос 1-рт, ходоодны хорт хавдрын өвчлөлөөр 2-рт, улаан хоолойн хорт хавдрын өвчлөлөөр 3-рт жагссан гэсэн аймшигт үр дүн гарчээ1. Жил бүр дэлхий дахины хэмжээнд 8 сая гаруй хүний алтан амийг авч оддог хорт хавдар гэгч энэ аюулт өвчний өвчлөлөөр манай орон ингэж дээгүүрт бичигдэж байгаа нь биднийг энэ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчилэх дэлхий нийтийн нэгдсэн хөдөлгөөнд тэргүүн эгнээнд идэвхийлэх шаардлагатай болсныг харуулж байна.

   Ингэхийн тулд юун түрүүнд энэ өвчний талаарх бүх нийтийн мэдлэг боловсрол хийгээд урьдчилан сэргийлэх талаарх ухамсар хамгаас чухал билээ. Хорт хавдар гэж ер нь юу юм бэ? Мэдээллийг нь агуулдаг ДНХ нь гэмтэж хувирсан эс хүний биед өсч үржин бие эрхтэнд тархсанаар хорт хавдар үүсдэг гэдгийг бид барагцаагаар гадарладаг шүү дээ. Тэгвэл ийнхүү гэмтэж хувирсан эс яагаад өсч үржээд хүний бие эрхтнийг өвчлүүлээд явчихдаг юм бэ? Үнэндээ эрүүл хүний биед өдөрт 3,000-5,000 эсийн ДНХ гэмтэж, өөрчилөгдөж байдаг байна. Ингэж хувирсан эс нэг бол өөрөө устаж үгүй болох, аль эсвэл хүний дархлааны системд ялагдаж алга болдог аж. Гэтэл ямар нэгэн гадны нөлөөнөөс болж хүний дархлаа сулрах юм уу, ДНХ гэмтэх шалтгаанууд ихэссэнээр, хувирч гэмтсэн эс устаж үгүй бололгүй хүний биед үлдэж, цаашлаад өсөн үржсэнээр аюулт хорт хавдрын эс болон хувирдаг байна.

   Хүмүүсийн дунд хорт хавдрыг удамшилын шинж чанар нь зонхилдог өвчин, манай удамд хорт хавдар туссан хүн байхгүй, тэгэхээр би тусахгүй байх гэх хандлага багагүй ажиглагддаг. Гэвч бүдүүн гэдэсний, хөхний, нойр булчирхайн гээд ген нь удамшин дамждаг эрхтнүүдийн хорт хавдар удамших тохиолдол байдаг ч, энэ нь нийт хорт хавдрын өвчлөлийн өчүүхэн хувийг эзэлдэг байна. Энэ талаар Харвардын Анагаах Ухааны сургуулиас гаргасан судалгаагаар нийт хорт хавдрын өвчлөлийн ердөө 5% нь удамшлаар, 70% орчим нь хооллолт гэх мэт ахуйн амьдралын дадал зуршилаас үүддэг болох нь тогтоогджээ2. Мөн Америкийн нэгэн эрдэмтэн энэ талаар улам гүнзгийрүүлэн үзэж, ижил гентэй ихрүүдийн ижил төрлийн хорт хавдраар өвчлөх магадлалын талаар судалж үзэхэд ердөө 11-18% гэсэн тоо гарсан байна. Тэгэхээр хорт хавдрын эс үүсэх гол шалтгаан нь удамшил бус, ямарваа нэгэн гадны нөлөө, тухайлбал элдэв вирус бактер, нарны хэт ягаан туяа, агаарын бохирдол, хүнд метал, архи, тамхины хэтэрсэн хэрэглээ, бүр цаашлаад хувь хүний өөрийн ахуйн дадал зуршил, арчаатай салшгүй холбоотой болж таарч байгаа юм. Буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал зэргээс болж даралт ихсэх, судас хатуурах, өтгөн хатах гэх мэт шинж тэмдгүүд үргэлжилж, дотор эрхтний хана, судсыг гэмтээж цаашлаад эсийн ДНХ-г гэмтээдэг байна.

   Мөн хорт хавдар гэх энэ аюулт өвчний хамгийн хорлонтой шинж чанар нь эрт үедээ байхдаа гадагшаагаа ямар нэгэн шинж тэмдэг үзүүлэлгүй, хүний бие дотор удаан хугацаанд тархан өвчлүүлдэгт байгаа юм. Жишээ нь, ходоодны хавдрыг 5мм-1см хэмжээтэй болоход нь илрүүлэх боломжтой болдог ба 1см-т ойролцоогоор 500 сая хавдрын эс багтдаг аж. Хавдрын эс хэдий хурдан өсч үрждэг ч 500 сая гэсэн их тоонд хүртэл 10, 20, 30 жил ч зарцуулж болно. Тэгэхээр энэ хавдар нь илэртлээ хүний биед тэр хэмжээний урт хугацаанд өсч үрждэг гэсэн үг юм. Ер нь тоо баримтаас харахад нас ахих тусам хорт хавдраар өвчлөх эрсдэл ихэсдэг нь биеийн дархлааны систем сулардагаасаа гадна, хавдрын эс олон жил мэдэгдэлгүй өсч үржсээр нас ахисан хойно илэрдэгт байдаг. Ялангуяа 40 наснаас хойш хорт хавдрын эрсдэл огцом өсдөг. Тийм ч учраас аль болох бага залуугаасаа өөрийн ахуйн дадал зуршилыг төгөлдөржүүлж, муу зуршилыг үтэр түргэн халах нь хорт хавдраар өвчлөх эрсдлийг төдий чинээ бууруулах юм.

   Тэгвэл ямар ахуй амьдралын муу дадлууд хорт хавдраар өвчлөх эрсдлийг ихэсгээд байна вэ? Энэ талаар тодруулахын тулд доорх 15 асуулттай бяцхан сонжоог хийж үзнэ үү.

Хэд нь тантай таарч байна вэ?

  1. Тамхи татдаг уу? Эсвэл татаж байсан уу?
  2. Тамхи татдаггүй ч, ажил гэр, уушийн газар гээд тамхи татдаг хүний хажууд байх нь их.
  3. Ажил болон анд нөхдийн хүрээнд согтууруулах ундаа хэрэглэх нь элбэг. Аль эсвэл гэр орондоо согтууруулах ундааг тогтмол хэрэглэдэг.
  4. Согтууруулах ундаа хэрэглэснээр тэр дороо нүүрний өнгө улаан болж, хэдэн жилийн өмнөхийг бодвол амархан согтдог болсон.
  5. Ходоодны хүчилээр гулгиж, аманд гашуу оргидог. Хэтрүүлж идэх юм уу, ууснаас болж цээж хорсдог.
  6. Будаа, гоймон, талх, амттан, жигнэмэг гээд нүүрс-устөрөгчөөр баялаг бүтээгдэхүүнд дуртай.
  7. Сүү, тараг, бяслаг гэх мэт сүүн бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэдэг.
  8. Махан хоол, зайдас, шпрот гээд үйлдвэрийн багласан бүтээгдэхүүнд дуртай. Эсвэл дуртай иддэг байсан.
  9. Хэдэн жилийн өмнөхийг бодвол биеийн хэлбэр өөрчлөгдсөн. Хүлээн зөвшөөрмөөргүй байгаа ч бага зэрэг таргалсан юм шиг санагдаж байгаа.
  10. Шорвог, халуун амтанд дуртай. Давсархаг шөл, даршилсан ногоонд дуртай.
  11. Бичиг цаасны ажил, гэрийн ажилдаа дарагдаад өдөр тутам хөдөлгөөн бага хийж байгаа мэт санагддаг.
  12. Амралтын өдөр гэртээ аажуу уужуу өнгөрөөж, хөдөлгөөн бараг хийдэггүй.
  13. Бие өвдөхөд, ихэвчлэн гар доорх, эмийн санд зарагддаг эм бэлдмэл хэрэглээд аргалдаг.
  14. Онцын үндэслэлгүй ч, эрүүл мэнддээ бат итгэлтэй байж, ойрын хэдэн жил эмнэлэг яваагүй, хамрын ханиад ч тусдаггүй гэдгээрээ бахархдаг.
  15. Өөрийн бие болон эргэн тойрныхоо эмх цэгцтэй байдалд төдийлөн анхаарал тавьдаггүй.

   Та хэдэн асуултанд “Тийм” гэсэн хариулт өгсөн бэ? Хэрвээ дээрх 15 асуултаас 5-с олонд нь “Тийм” гэж хариулсан бол та ямар нэг байдлаар, өөрийн мэдэлгүйгээр хорт хавдар тусах эрсдэлтэй амьдралын хэв маягийг бий болгосон байна. Гэхдээ эдгээр асуултууд нь тус тусдаа ямар нэг туйлын утга, эрсдэл зэргийг агуулаагүй болно. Албан газрын оффисын ажилчид, бизнесменүүд гээд завгүй амьдралын хэв маягтай хүмүүс ихэнхэд нь тийм гэж хариулсан болов уу гэж бодож байна. Гагцхүү тэрхүү өдөр тутмын амьдралын хэв маягт тань хорт хавдрын эрсдэл нуугдаж байдаг юм шүү гэдгийг л ойлгуулахыг хүссэн билээ.

   Бид энэхүү “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” цуврал нийтлэлээрээ хорт хавдар гэх аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд чухамхүү ямар амьдралын зөв дадлыг өөртөө зүгширүүлэх хэрэгтэй вэ гэсэн асуултанд зориулж “Зөв хооллолт”, “Ахуй амьдрал”, “Анагаах ухаантай нөхөрлөхүй”, “Тогтмол шинжилгээний ач холбогдол” гэсэн 4 бүлэгт хамаарах нийт 50 дадал ухагдахууны талаар нэг бүрчилэн нарийвчлан үзэж, тэднийг ахуй амьдралдаа хэрхэн дадал болгох талаар танилцуулах болно. Эцэст нь энэхүү 50 цуврал нийтлэлээрээ уншигч олныхоо эрүүл энх, аз жаргалтай амьдрал хийгээд, хорт хавдар хэмээх аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх явдалд өчүүхэн ч гэсэн тус нэмэр болж чадвал бидний туйлын зорилго биелэх буй за.

“Эрүүл биед саруул ухаан оршино.”

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага.
Хирашима Тэцүро “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” номоос.

Э. Өнөболд

Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М1

2015.11.9

Хуваалцах

2 Comments

  1. Ene bur uneheer heregtei tsuvral gej bodoj baina. Harin Heden udor bolood neg dadal oruulj baih ve tsaashid

  2. Баярлалаа. 7 хоногт нэг дадал, тухайлбал мягмар гарагт оруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published.


*