Бидний дараагийн 15 жилийн зорилго

Бид ямар нийгмийг бүтээхийг хүсч байна вэ?

Өнгөрсөн 9 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо 150 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар оролцсон дээд хэмжээний чуулга уулзалт болж өндөрлөв. Энэхүү уулзалтын хүрээнд энэ 2015 оноор дуусгавар болох “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын (МХЗ) залгамж халаа  “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг баталсан. Энэ нь нийт 17 зорилго, 169 зорилтыг багтаасан нэг том цогц хөтөлбөр. Нэг ёсондоо илүү сайхан нийгмийг бүтээхийн төлөө хүн төрөлхтөн бид бүгдийн дараагийн 15 жилд хийх ёстой зүйлсийн жагсаалт гэсэн үг.

3d0d9e5ecf72611cdaca741279b9f1d3

Үүнд:
Зорилго 1.      Бүх хэлбэрийн ядуурлыг устгах.

Зорилго 2.      Өлсгөлөнг зогсоох, хоол хүнсний тэжээллэг чанар, аюулгүй байдлыг хангах,        тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих.

Зорилго 3.      Бүх насны хүмүүсийн эрүүл аж төрөх байдлыг хангах, нийгмийн халамжийн бодлогыг сайжруулах.

Зорилго 4.      Боловсрол эзэмшилт, боловсролын чанарыг нэмэгдүүлэх.

Зорилго 5.      Жендерийн эрх тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн эрхийг  нэмэгдүүлэх.

Зорилго 6.      Цэвэр усны хангамж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах.

Зорилго 7.      Найдвартай, тогтвортой, орчин үеийн өртөг багатай эрчим хүчийг            нэвтрүүлэх.

Зорилго 8.      Эдийн засгийн өсөлтийг дэмжих, баталгаат ажлын байрыг бий болгох.

Зорилго 9.      Тогтвортой дэд бүтэц, үйлдвэрлэл, инновацийг хөгжүүлэх.

Зорилго 10.    Улс орнуудын хоорондох болон, дотоодын тэгш бус байдлыг арилгах.

Зорилго 11.    Хотуудыг оршин суугчдад ээлтэй, тогтвортой, аюулгүй хот болгох.

Зорилго 12.    Хариуцлагатай хэрэглээг дэмжих.

Зорилго 13.    Уур амьсгалын өөрчлөлт, түүний үр нөлөөг багасгах.

Зорилго 14.    Далай тэнгисийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг зөв зохистой ашиглах.

Зорилго 15.    Хуурай газрын экосистемийг хамгаалах, ой хээрийг хамгаалж, цөлжилт, газрын элэгдлийн эсрэг арга хэмжээ авах, биологийн төрөл зүйлийн хорогдлыг зогсоох.

Зорилго 16.    Энх тайван, шударга нийгмийг цогцлоох.

Зорилго 17.    Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн түншлэлийг бэхжүүлэх.

Яагаад нэгдсэн “Тогтвортой хөгжлийн зорилт” хэрэгтэй болов?

Энэ асуултад хариулахын тулд эргээд өмнөх 15 жилийн турш хэрэгжсэн “Мянганы хөгжлийн зорилт”-ын үр дүнг харъя. “МХЗ” нь ядуурал өлсгөлөнг бууруулах, бүх нийтээрээ анхан шатны боловсролтой болох, эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, хүний амь насанд аюултай халдварт өвчинтэй тэмцэх, хүний эрх, жендэрийн тэгш байдал, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн нийт 8 зорилго, 24 зорилттой хөтөлбөр юм. Үүнээс зарим гол зорилтын хэрэгжилтийн үр дүн 2015 оны 7 сарын байдлаар:

Ядуурал, өлсгөлөнг бууруулах

11.1Амьжиргааны доод түвшингөөс доогуур орлоготой иргэдийн эзлэх хувь хэмжээг 1990 онтой харьцуулахад, 2015 он гэхэд 2 дахин бууруулах. 1990 онд хөгжиж буй улс оруудын нийт хүн амын тал шахуу хувь нь өдөрт 1.25 доллароос бага орлогоор амьдарч байсан бол 14 хувь болтлоо буурчээ. Зорилго давуулан биелэгдсэн нь харагдаж байна. Үүнд дэлхийн хамгийн их хүнтэй Хятад, Энэтхэг хоёр улсын эрчимтэй эдийн засгийн өсөлт сайнаар нөлөөлсөн. Түүнчлэн хөгжиж буй эсвэл буурай хөгжилтэй бүс нутагт амьдарч буй хоол тэжээлийн дутагдалтай хүн амын тоо 1990 онтой харьцуулахад тал хүртлээ буурчээ.

Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах

13.11990 онд 5 нас хүртэлх хүүхдийн эндэгдэл 1,000-д 90 байсан бол 2015 онд 43 хүртэл буурсан байна. Мөн 2000-2013 оны хооронд улаан бурхны вакцины ачаар 15 сая хүүхдийн амийг урьдчилан хамгаалж чаджээ.

 

Байгаль орчны тогтвортой байдлыг хангах

1990 оны байдлаар цэвэр ундны ус хэрэглэх орчин нөхцөл бүрдсэн нь дэлхийн хүн амын 76 хувь байсан нь энэ он гэхэд 91 хувь болжээ. Түүнчлэн озоны давхаргыг гэмтээх химийн бодис бүтээгдэхүүний 98 хувийг устгасан бөгөөд энэ зуундаа багтаж дэлхийн озоны давхарга бүхэлдээ нөхөн сэргэнэ гэж үзэж байна.

Энэ мэтчилэн МХЗын дийлэнх үзүүлэлт зорьсон хэмжээндээ хүрсэн байгаа боловч өнөөдөр ч гэсэн дэлхий даяар аюулын харанга дэлдэж буй асуудлууд оршсоор л байна.

Ядуурлыг зорилтот хэмжээнээсээ ихээр бууруулж чадсан ч гэлээ эргээд нийгмийн доод дээд давхаргын баян хоосны ялгаа томорч, хот хөдөөгийн оршин суугчдын дунд ч бас тэгш бус байдал газар авчээ. Хөдөө тосгонд амьдарч буй хүн амын 50 хувь нь тав тухтай, эрүүл саруул амьдрах наад захын орчин нөхцөлөөр хангагдаагүй байгаа бол, энэ хувь хот суурин газар 18 хувь байна. Өнөөдөр ч гэсэн дэлхий дээр 800 сая хүн өдөрт 1.25 доллароос доогуур орлогоор амь зууж байна. Нийт хөдөлмөр эрхэлж буй хүн амын тал нь шахуу хүсээгүй нөхцөлдөө ажиллаж байна. Өдөр бүр 16 мянган хүүхэд 5 насны төрсөн өдрөө угтаж амжилгүй хорвоог орхиж байна.

Цаг уурын өөрчлөлт байгаль орчны доройтол улам газар авсаар. 1990 онтой харьцуулахад дэлхий даяар ялгарч буй нүүрс хүчлийн хий 50 хувиар нэмэгджээ. Усны хомстол дэлхийн хүн амын 40 хувьд муугаар нөлөөлж байна. Цаашдаа ч энэ тоо улам өсөх хандлагатай байна. Бүс нутгийн мөргөлдөөн иргэний дайнаас болж өдөр бүр дунджаар 42 мянган хүн өөрийн орон гэрээ орхин дүрвэж, боловсрол олж авах, ажиллаж амьдрах эрхээ алдаж байна.

Энэ бүгдээс харахад “Мянганы хөгжлийн зорилт”-ыг нөхөх, илүү боловсронгуй дараагийн шинэ зорилго хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Тэр нь өнөөдрийн “Тогтвортой хөгжлийн зорилт” юм. Хувь хүн, улс үндэстэн, цаашлаад дэлхий даяарх зорилго тодорхой байна гэдэг зорьсон бүхнээ биелүүлэх хамгийн эхний зайлшгүй хэрэгтэй нөхцөл болно.

2030 он хүртэл зорилтуудаа биелүүлэхэд юу хэрэгтэй вэ?

Мэдээж хэрэг хамгийн эхэнд маш сайн төлөвлөгөө, сайн засаглал, хангалттай санхүүгийн эх үүсвэр, үр дүнг хянаж явах гуравдагч тоглогчийн үүрэг яригдана. Өмнөх 15 жилийн зорилго биелэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүчин зүйл бол Хятадаас авахуулаад өндөр хурдаар эдийн засгаа өсгөсөн орнууд. Эдийн засаг нь өссөнөөр хүн амын амьжиргааны түвшин тодорхой хэмжээнд дээшилж сайн үр дагавар авчирсан. Гэвч дараагийн 15 жил ч гэсэн энэ хэвээрээ эдийн засгийн өсөлтийг хөшүүргээ болгоод зорилгоо бүрэн биелүүлж чадна гэх баталгаа үгүй. Учир нь эдийн засгийн өсөлт цаг өнгөрөх тусам өртөг өндөртэй болж байна. Өнөөдрөөс 50 жилийн өмнө эдийн засгийн өсөлт баян чинээлэг, хангагдсан боломжит амьдралыг бий болгодог байсан бол өнөөдөр эдийн засгийн өсөлтийн ард байгаль орчны сүйрэл гэх том өртөг дагалдах болсон. Эд материалын хувиар хангалттай амьдралыг олж авах гээд эргээд амьдралын эх үндэс болсон байгаль орчин, эх дэлхийгээ сүйтгэчихээр ямар ч утгагүй.

Тиймээс дараагийн 15 жилийн зорилго эдийн засгийн өсөлт, ДНБ-ий хэмжээн дээр тулгуурлалгүй арай өөр багана руу шилжих цаг нь болжээ. Тэр нь улс орнуудын нийгмийн дэвшлийн хөгжлийг сайжруулах арга замаар 2030 он хүртэл дэлхий даяараа өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх. Нийгмийн хөгжлийг “Нийгмийн дэвшлийн индекс” -ээр илэрхийлнэ.

Нийгмийн дэвшлийн индекс” нь:

  1. Хүний үндсэн хэрэглээ: Хоол хүнс, эрүүл мэндийн тусламж авах боломж, ус, орон байрны хангамж, амьдарч буй орчны аюулгүй байдал
  2. Хүний сэтгэл хангалуун байх хэрэглээ: Эрдэм мэдлэг хүртэх боломж, мэдээлэл авах, нийгэмд оролцох боломж, эрүүл мэндийг хамгаалах системийн хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдал
  3. Хүний хөгжих боломж: Хувийн болон иргэний эрх чөлөө, сонголт хийх эрх чөлөө, өөрийн бололцоогоо хэрэгжүүлэх боломж гэсэн гурван үндсэн хэсэгт хуваагдсан 50 үзүүлэлтээр хэмжигддэг.

19

2015 оны байдлаар Норвеги улс 100 онооноос 88.36 оноо аван тэргүүлжээ. Норвегийн дараа Швед, Швейцар, Исланд, Шинэ Зеланд, Канад, Финлянд, Дани, Голланд, Австрали улсууд эхний аравт орсон байна. Түүнчлэн ОХУ 71, Хятад 92 дугаар байр эзэлсэн бол манайх 61.52 оноогоор 81 дүгээр байрт орсон үзүүлэлттэй байна.

Судалгааны дүнгээр ДНБ бага байх тусам ДНБ-ний өсөлт нийгмийн дэвшлийн хөгжилд сайнаар нөлөөлдөг бол ДНБ өсөх тусам энэ чадвар нь буурдаг нь тогтоогджээ. Тиймээс ядуу орнууд эдийн засгаа өсгөх замаар нийгмийн хөгжлийг цогцлоох боломжтой ч үлдсэн ихэнх улс орнууд эдийн засгийн өсөлт, ДНБ-ээсээ өөр зүйл дээрээ анхаарлаа хандуулах хэрэгтэй аж. Өөрөөр хэлбэл ард иргэдийнхээ анхан шатны хэрэглээг хангаад зогсохгүй, хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн, бүгдэд тэгш эрх, тэгш боломж олгосон байгальд ээлтэй нийгмийг бүтээх тал дээр улс орон бүр дор бүрнээ хичээн зүтгэвэл 15 жилийн дараах бидний ирээдүй гэрэлтэй харагдаж байна.

Э.Хонгорзул
2015 он 11 сарын 16

Ашигласан материал:

  1. “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр” гэж юу вэ?
    http://www.unic.or.jp/activities/economic_social_development/sustainable_development/2030agenda/
  2. Тогтвортой хөгжлийн зорилгууд /2015-2030/

http://www.mn.undp.org/content/dam/mongolia/Events/SocialGoodSummit/2015/Social%20Good%20Summit_Erdenechimeg_UN.pdf

  1. Яагаад “Тогтвортой хөгжлийн зорилт” чухал вэ?
    http://www.project-syndicate.org/commentary/sustainable-development-goals-shift-by-jeffrey-d-sachs-2015-03
  2. “Мянганы хөгжлийн зорилт”-ын хэрэгжилтhttp://www.unic.or.jp/news_press/features_backgrounders/15009/
  3. “Нийгмийн дэвшлийн индекс 2015” тайлан
    https://www2.deloitte.com/content/dam/Deloitte/global/Documents/About-Deloitte/gx-cr-social-progress-index-executive-summary-2015.pdf
  4. ТЕД: Майкл Грин Бид хэрхэн эх дэлхийгээ амьдрахад илүү сайхан газар болгох вэ?
    https://www.ted.com/talks/michael_green_how_we_can_make_the_world_a_better_place_by_2030/transcript?language=en#t-124180

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*