“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Зөв хооллолтын дадал 1

Зөв хооллолтын 15 дадал

   Хорт хавдраас урьдчилан сэргийлэх дадлын дотор дээгүүр байр эзэлдэг нь “Хоол хүнс”-ний дадал юм. Яагаад вэ гэхээр мэдээж хүний бие өдөр тутам идэж буй зүйлээсээ бүрэлдэж бий болдогт, идэж буй зүйлээс нь шалтгаалан эрүүл мэнд, биеийн байдал нь шийдэгддэгт байгаа. Тийм учраас орчин үед хүмүүс өдөр тутам идэж буй зүйлдээ туйлын анхааралтай байж, тусгай сургалтанд хамрагдах, мэргэжлийн хүний зааврыг авах гэх мэтээр элдэв янзын өвчнөөс урьдчилан сэргийлж байна.

   Хорт хавдар болон хоол хүнсний хамаарлыг нийтэд дэлгэсэн анхны алдартай судалгаа нь 1977 онд Америкт гарсан “МакГовэрний репорт”1 юм. Тухайн үеийн Америкийн нийгэмд зүрх судасны болон хорт хавдрын өвчлөл ихээр илэрч, тэдгээрийн эмчилгээнд зарцуулагдах мөнгө төрийн сангаас асар ихээр урсан гарч байсан тул ерөнхийлөгч Жералд Форд тушаал гарган Жорж С.МакГовэрноор толгойлуулсан ажлын хэсгийг байгуулж, Америкийн ард түмний өдөр тутам идэж буй хоол хүнс болон өвчлөлийн талаар том хэмжээний судалгааг өрнүүлсэн аж. Энэ судалгааны үр дүнгээр ард олныг хамгийн цочирдуулсан зүйл нь “Хорт хавдар хийгээд зүрх судасны өвчлөл нь мах махан бүтээгдэхүүнийг голчилсон өдөр тутмын буруу хооллолтоос үүдэлтэй” гэсэн мэдэгдэл байлаа. Үүнээс үүдэн “Америкийн Хүнс Эмийн Хяналтын Агентлаг (US Food and Drug Administration)”-аас хүний өдөрт авах ёстой тос, уураг гэх мэтийн нарийн хэмжээг ягштал тооцсон “Эрүүл хүн” хэмээх бодлогыг гаргаж, буруу хооллолтоос үүдэх өвчлөлтэй хүчтэй тэмцэж эхэлжээ. Мөн “Америкийн Үндэсний Хавдар Судлалын Төв (National Cancer Institute)”-өөс хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд эерэг нөлөө үзүүлдэг хүнсний ногоо, жимс, халуун ногооны талаар нарийвчилсан судалгаа хийж нийтэд ухуулах гэх мэтээр хорт хавдраас урьдчилан сэргийлэх дорвитой хөдөлгөөнүүдийг өрнүүлж байжээ. Эдгээр хүчин чармайлтуудын үр дүн жил ирэх тусам харагдах болж, 1992 он гэхэд үргэлж өсч байсан хорт хавдрын өвчлөл нь буурах хандлагатай болж эхэлжээ. Сүүлийн үеийн судалгаагаар Америк хүний нэг өдрийн хүнсний ногооны хэрэглээ ойролцоогоор 340 гр болж, Япон хүний 290 гр гэсэн үзүүлэлтийг давах болов.

   Гэтэл Монголд маань энэ тоо ямар байгаа бол? Нүүдэлчин ард түмний соёл иргэншилээсээ үүдэн махыг гол хүнсээ болгон хэрэглэдэг манай оронд дундаж наслалт доогуур байдаг нь үүнээс үүдэлтэй байж болох уу? Хэдий орчин үед хаана ч супермаркетэд яваад ороход хүссэн зүйлээ худалдаад авчих боломжтой болсон ч, нөгөөтэйгүүр яг юуг хэрхэн идэх вэ гэдэг мэдлэг эрүүл амьдрахын тулд маш чухал хүчин зүйл болж байна. Тийм ч учраас хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд ямар дадлыг чухалчилах хэрэгтэй вэ гэдэг талаар энэхүү цувралаараа та бүхэндээ хүргэе ээ.

Дадал 1. Спирттэй нөхөрлөхдөө хэмжээгээ мэдэх.

   Зөв хооллолтын дадлуудын хамгийн түрүүнд яагаад согтууруулах ундааг онцлох болов оо гэхээр хорт хавдрын өвчлөлтэй согтууруулах ундааны хамаарал хамгийн тодорхой батлагдсан болохоор тэр юм. Согтууруулах ундааг тохируулж хэрэглэснээр цусны эргэлт сайжирч, бие тайвширч, сэтгэл санаа сайжирдаг эрүүл мэндэд сайн талтай гэсэн ойлголт бидний дунд байдаг. Хорт хавдрын өвчлөлийн хувьд ч гэсэн, ер уудаггүй хүмүүстэй харьцуулахад бага хэмжээгээр уудаг хүмүүс бага өвчилдөг гэсэн тоо баримт бий. Гэхдээ энд туйлын болгоомжтойгоор ойлгох хэрэгтэй зүйл нь согтууруулах ундааг зөвхөн тохируулж хэрэглэсэн тохиолдолд л ашигтай байдаг гэсэн тодотгол юм. Эсрэгээрээ согтууруулах ундааг хэтрүүлж хэрэглэснээр хор болдог гэдгийг бид сайн мэднэ шүү дээ. “Японы Хорт Хавдрын Судалгааны Төв”-өөс гаргасан дүгнэлтээр эрэгтэй хүн өдөрт 2 хундагаас илүү сархад хүртэх аваас хорт хавдраар өвчлөх магадлал нь ихэснэ хэмээжээ. Тэгэхээр хааяа нэг сархад хүртдэг хүний хорт хавдраар өвчлөх магадлалыг 1 гэж үзвэл, өдөрт 2-3 хундага сархад хүртдэг хүнийх 1.41 дахин, 3 хундагаас их хүртдэг хүнийх 1.61 дахин их болно. Сархадыг хүртэх хэмжээ ихсэх тусам хорт хавдраар өвчлөх магадлал өснө гэсэн хамааралтай байна.

   Согтууруулах ундаанаас үүдэн амархан үүсэх эрсдэлтэй хавдарт төвөнхний хорт хавдар, залгиур хоолойн хорт хавдар, улаан хоолойн хорт хавдар зэрэг ордог. Эдгээр хорт хавдрын үүсэх шалтгааныг уусны дараа хоолойгоор дамжих спирт хоолойны ханан дахь наалдамхай бүрхүүлийг гэмтээдэг учраас хэмээн үздэг. Мөн Монголд хамгийн ихээр илэрдэг элэгний хорт хавдар спиртээс үүддэг юм биш үү гэж бодож байгаа хүн олон байгаа байх. Таны зөв, спиртийг задалдаг хамгийн гол эрхтэн болох элэг хорт хавдраар өвчлөх нь спиртийг хэтрүүлэн хэрэглэхтэй салшгүй холбоотой. Мөн бүдүүн гэдэсний хорт хавдар, хөхний хорт хавдар ч спиртийн буруу хэрэглээнээс үүдэлтэй бөгөөд үүний гол шалтгаан нь хүний биед орсон спирт задрах үед үүсдэг хавдар үүсгэгч бодис болох ацеталдегидын (acetaldehyde) хортой нөлөө гэж үзэгддэг.

   Тэгвэл сархадыг тохируулж хэрэглэнэ гэж яг юуг хэлээд байна вэ? “Японы Эрүүл Мэндийн Яам”-аас гаргасан зөвлөмжөөр сархадын аюулгүй хэмжээг цэвэр спиртээр өдөрт ойролцоогоор 20 гр гэж заажээ. Энэ хэмжээнд үндэслэн өөрийн дуртай сархадын төрлийн тохиромжтой хэмжээг мэдчих хэрэгтэй юм. Жишээ нь, 25 градусын Япон будааны архи, Сөжү гэхэд ойролцоогоор 180 мл, шар айраг бол 2 аяга буюу ойролцоогоор 600 мл, дарс бол 2 хундага буюу ойролцоогоор 200 мл гэх мэт. Мэдээж хэрэг баяр ёслол, албан ажлын хүрээнд сархад хүртэх хэрэг гарахад дээрх хэмжээг баримтлах нь туйлын хэцүү. Тийм учраас хэрвээ хэтрүүлж уусан тохиолдолд, маргаашнаас нь хэтрүүлсэн хэмжээнийхээ өдрөөр сархад хүртэхгүй байж элгээ амраах маягаар өөрийгөө хайрлах хэрэгтэй.

20 гр цэвэр спиртэд харгалзах согтууруулах ундааны тохиромжтой хэмжээ

Япон архи, Сакэ180 мл
Шар айраг1 лонх буюу ойролцоогоор 633 мл
Сөжү120 мл
Дарс2 хундага буюу ойролцоогоор 200 мл
Виски, Брэнди, Цагаан архи60 мл

   Мөн спиртийг задлах чадвар хүн хүнд өөр өөр байдаг. Сархад хүртээд тэр дороо царай нь улаан болж хувирдаг хүн тэгдэггүй хүнтэй харьцуулахад хавдраар өвчлөх магадлал өндөр байдаг. Ийм хүмүүс тохирсон хэмжээндээ хэрэглэхэд зүгээр ээ гэж тайвширалгүй, маш багаар буюу аль болох хэрэглэхгүй байх нь аюулгүй юм. Бас эмэгтэй хүний элэг эрэгтэй хүнийхээс жижиг байдаг тул царай нь улайдаг хүмүүсийн адилаар сархадыг хэтрүүлэн хэрэглэхгүй байхад анхаарууштай. Ямар төрлийн спиртийг хэрэглэхэд аюул багатай вэ гэсэн асуулт бас их сонсогддог. Спиртийн төрөлд хандсан тодорхой судалгаа, тоо баримт одоохондоо байхгүй байгаа ч, төвөнхний, улаан хоолойн гэх мэт хавдрууд градус өндөртэй сархадыг удаан хугацаанд үргэлжилүүлэн хүртснээс үүдэх магадлал өндөр байдаг гэж хэлэгддэг.

   Чихрийн шижин, хэт таргалалт зэрэг өвчний үүднээс авч үзвэл сүүлийн үед чихрийн орцгүй сархад анхаарлын төвд байна. Шар айраг, Япон архи зэрэг хөрөнгөөр исгэж хийдэг сархадууд харьцангуй их чихэр агуулдаг учир уусны дараа цусан дахь чихрийн хэмжээ ихэснэ. Нөгөөтэйгүүр виски гэх мэт нэрж хийдэг сархадын хувьд чихэр агуулдаггүй ба уусны дараа цусан дахь чихрийн хэмжээ өсдөггүй байна. Мөн хуурай дарс чихэр бага агуулдаг тул, биеийн жинд нөлөөлдөггүй гэж хэлэгддэг. Хүмүүсийн дунд сархад биеийн жин нэмэгдэхэд нөлөөтэй гэсэн ойлголт байдаг боловч, сархадад агуулагддаг калори нь “хоосон калори” гэж нэрлэгддэг бөгөөд биед ороод тэр дороо шатаж, үлдэж хуримтлагддаггүй байна. Ер нь биеийн жингээ барьж байгаа тохиолдолд сархадад санаа зовохоосоо илүүтэйгээр түүнтэй хослуулан хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүндээ санаа зовох хэрэгтэй. Сархад уунгаа амны зугаагаа гаргадаг чипс, хиам зэрэг калори ихтэй хүнс нь илүүдэл жинд бага гэлтгүй нөлөөлдөг аж. Мөн биеийн жиндээ санаа зовж буй бол аль болох нэрж хийдэг сархадыг хэрэглээрэй.

   Эцэст нь маш чухал нэг зүйлийг захихад водка, виски гэх зэрэг өндөр градустай сархадыг аль болох мөстэй ус юм уу, хийжүүлсэн усаар шингэлж хэрэглэж байгаарай. Монголчууд маань шулуухан хэлэхэд 39 градусын цагаан архийг хоолойгоо зуруулан байж уудаг ард түмэн шүү дээ. Энэ нь дээр дурьдсанчилан хоолойн хананы хамгаалалтын бүрхүүлийг гэмтээж, төвөнх, залгиурын болон улаан хоолойн хорт хавдрыг үүсгэх таатай нөхцлийг бүрдүүлж буй аюултай үйлдэл юм.

Ээ дээ Монгол ахан дүүс минь “Архиа бага ууж, айргаа их ууя аа.”

 

МакГоверний репорт
Хирашима Тэцүро “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” номоос.

 

 

Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М1
2015.11.17

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*