Мьянмар Ардчилсан Сонгууль 2015

Зураг 1. Мьянмар улсын газрын зураг
Зураг 1. Мьянмар улсын газрын зураг

Мьянмарт 25 жилийн дараа дахин ардчилсан сонгууль явагдлаа. Сонгуулийн урьдчилсан дүнгээр 664 суудлын (166 нь автоматаар цэргийн намын мэдэлд үлдэж 498 суудал дээр л сонгууль явагдсан ) 491 суудлийн дүн гарснаас Мьянмарын ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэй Ан Сан Су Чигийн тэргүүлсэн сөрөг хүчин “Ардчилалын төлөөх үндэсний лиг” дээд, доод танхимын  390 суудлыг авч ялалт байгуулав. Гэвч Үндсэн хуулийнхаа “Сонгуулийн үр дүнгээс үл хамааран нийт суудлын 25 хувь нь цэргийн мэдэлд байна” гэх заалтийн дагуу дээр дурдсанчлан автоматаар 166 суудал цэргийн мэдэлдээ үлдлээ. (1962 онд цэргийхэн засгийн эрхийг гартаа авсныхаа дараа үндсэн хуулиа өөрчлөн баталсан) Өөрөөр хэлбэл энэ сонгуулиар ч ардчилсан сөрөг хүчин дарангуйлагчидыг улс төрөөс бүрэн шахан гаргаж арай чадсангүй. 1990 оны сонгуулиар “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нийт 485 суудлын 392 суудлыг авч томоохон ялалт байгуулж байсан боловч цэргийхэн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй өөрсдийн дарангуйллыг хэвээр үргэлжлүүлсэн юм. Тэр сонгуулийн дараагаар Мьянмарын Засгийн Газар сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүйн дээр, хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэж байна хэмээн олон улсын зүгээс Мьянмарт тавих эдийн засгийн хориг арга хэмжээгээ улам чангатгасан.

Цэргийн хүчний дарангуйлал доор байгалийн баялагаас орж ирэх мөнгө хэдхэн гэр бүлд цугларч, дэлхийн эдийн засгаас тусгаарлагдсан ард иргэд нь хэдэн арван жил ядуурлын зовлонд нухлагдсан ч, гэрэлтэй ирээдүй рүү зүтгэх хаалга нь энэ удаагийн сонгуулиар бага ч гэсэн нээгдэж байх шиг байна.

Ан Сан Су Чи гэж хэн бэ?

Ан Сан Су Чи нь 1945 оны 5 сарын 19-нд орчин үеийн Бирм улсыг үндэслэгч Аун Саны охин болон мэндэлсэн. Aung_San_Suu_Kyi_(Time)Түүний аав Аун Сан нь өнөөгийн Мьянмар улсыг Их Британийн колончилолоос гаргасан чөлөөлөх армийг удирдаж явсан улс төрийн түүхэн зүтгэлтэн, ард түмэндээ нэртэй хурандаа хүн байсан боловч 1947 онд захиалгат аллагын бай болжээ.

Тэрээр 1960 оноос Энэтхэгт элчин сайдаар ажиллах болсон ээжийгээ даган Энэтхэгт амьдрах болов. Тэндээ 1964 онд Нью Делигийн Lady Shri Ram коллежийн улс төрийн ангийг төгссөн. Дараа нь Оксфордын Их Сургуульд элсэн орж, 1967 онд философи, улс төр, эдийн засгийн ухааны бакалаврын зэрэг хамгаалж, ирээдүйн нөхөр Бутан, Төвд түүх, соёл судлаач Английн иргэн Майкл Аристай танилцав. Тэд 1972 онд гэр бүл болон хоёр хүүтэй болсон. (Хоёр хүү нь Английн иргэншилтэй учир Үндсэн Хуулиараа тэрээр 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй юм)
Тэрээр Англи, Америк, Япон, Энэтхэг зэрэг улсын томоохон их сургуулиуд, судалгааны агентлагуудад ажиллаж байсан. 1988 онд өвчтэй ээжийгээ асрахаар эх орондоо буцаж ирснээсээ хойш Мьянмарын ардчиллын төлөөх үйл хэрэгт ханцуй шамлан оржээ. Тэр оныхоо 9 сард одоогийн “Ардчиллын төлөөх үндэсний лиг” намыг үүсгэн байгуулсан боловч цэргийнхний улс төрийн шахалтаар 1989 оноос хойш арав гаран жилийн турш гэрийн хорионд орсон. Мьянмарын Засгийн Газрын зүгээс эргэж энэ улсад хэзээ ч ирэхгүй гэсэн болзолтойгоор хорионоос суллах санал тавьж байсан боловч тэрээр саналыг хүлээн зөвшөөрөөгүй байна. Хорионд байх хугацаандаа ч тэрээр ил, далд хэлбэрээр ардчилсан хөдөлгөөнөө удирдан зохион байгуулан олон улсын нэр хүндтэй нийгмийн зүтгэлтнүүдэд олгодог шагналууд олныг хүртсэн бөгөөд 1991 онд Нобелийн энх тайвны шагнал авсан юм. Нобелийн шагналыг дагалдаж ирсэн 1 сая 300 мянган ам доллароороо “Мьянмарын ард түмний эрүүл мэнд, боловсролын төлөөх сан”-г байгуулжээ. Гэрийн хорионоос чөлөөлөгдсөн ч түүнийг болон түүний намынхныг тойрсон дарамт шахалт үргэлжилсээр байсан ч тэд огтхон ч шантарч хойш суусангүй. Улс орныхоо хөгжил цэцэглэлт, ард түмнийхээ эрх чөлөөний төлөө, хойч үеийнхээ төлөө гэсээр хэцүү хүнд бүхнийг даван туулсаар өнөөдөрт хүрчээ.

Мьянмарын цэргийн дэглэм

1960 оноос өмнө Мьянмар газар тариалан, мод бэлтгэл, эрдэнийн чулууны олборлолтоороо алдартай Зүүн Өмнөд Азидаа цөөхөн баян орнуудын нэг гэгдэж байв. Гэвч 1962 онд цэргийнхэн төрийн эргэлт хийснээр нэг намын засаглалтай социалист орон болжээ.
Цэргийн хүчний дарангуйлал доорх төлөвлөгөөт эдийн засгийн бодлого нь энэ улсад муугаар нөлөөлж, эдийн засаг нь доройтсоор 1987 онд НҮБ-с  “Нэн буурай хөгжилтэй орон”-ы ангилалд оров. Байгалийн баялгаас орж ирэх орлого хэдхэн цэргийн гэр бүлд ногдож, ардчилал, чөлөөт эдийн засгийг мөрөөдсөн ард иргэдийн хөдөлгөөнийг цэргийн хүчээр нухчин дарж байв.

Зураг 3. Сонгуульд ялсныхаа дараа парламентын ордонд орж ирж буй Ан Сан Сү Чи
Зураг 3. Сонгуульд ялсныхаа дараа парламентын ордонд орж ирж буй Ан Сан Сү Чи

Гэсэн хэдий ч сүүлийн үе дэх дэлхийн эдийн засгийн зогсонги байдал, баялгийнх нь гол хэрэглэгч улс Хятадын эрэлт буурсан зэргээс төр барьж буй цэргийхний дотор хагарал үүсэх болсон нь ”Ардчилалын төлөөх үндэсний лиг”-д орон зай, боломж гаргаж өгчээ.

 

 

 

Ан Сан Сү Чи 2013 онд ерөнхийлөгчийн урилгаар манай оронд айлчлахдаа “Бид хүчир­хийллийг хүчээр бус ардчилсан ар­гаар шийдэх болно” хэмээн яриандаа дурдаж байсан нь өнөөдөр харин тэр зорилгодоо хүрэх эхний том алхмаа хийжээ. Энэ сонгуулийн үр дүн ард түмэн нь ямар их итгэл, найдлага, хүлээлтийг Ан Сан Су Чи болон түүний талынханд хүлээлгэж буйг илэрхийлж байна. Одоо xарин төрийн эрхийг гартаа авч чадсан тэд өдийг хүртэл ярьж хэлснээ хэрхэн биелүүлж улс орон, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлж чадах эсэхийг харах л үлдлээ.

mynmar-gdprate

Төгсгөлд нь хэлэхэд, Мьянмар улс бидэнтэй нэг тивд мөр зэрэгцэн оршиж, өнөөдөр бид хоёулаа байгалийн их баялаг, эдийн засгийн эрчимтэй өсөлтөөрөө дэлхий дахины анхаарлыг татаж байна. Цаашид байгалийн баялагийн хараалыг тойрч гаран улс төрийн зөв тогтолцоо, шударга, ил тод эдийн засгийн дэд бүтцийг бэхжүүлэн улс орноо хөгжүүлэхдээ харилцан нэгнээсээ суралцах, нэгнээ дэмжих хэрэгцээ бий гэдэгт итгэлтэй байна.

 

Э.Хонгорзул
2015 он 11 сарын 23

 

Ашигласан материал:

  1. Японы гадаад хэргийн яам “Мьянмар~Ардчилал, Эдийн засгийн шинэчлэл”

http://www.mofa.go.jp/mofaj/press/pr/wakaru/topics/vol93/

  1. Бирм мэдээллийн сүлжээ “Ан Сан Сү Чи намтар”

http://www.burmainfo.org/article/article.php?mode=1&articleid=1

  1. Никкэй шинбүн “Мьянмар сонгууль-Сөрөг хүчин ялат байгуулав “ 2015.11.20

http://www.nikkei.com/article/DGXLASGM20H83_Q5A121C1FF2000/

  1. 4. Гардиан сэтгүүл “Мьянмар сонгуулийн ялалт”

http://www.theguardian.com/world/2015/nov/16/myanmar-election-victory-aung-san-suu-kyi-mobbed-on-parliament-visit

  1. Дэлхийн банк статистик

http://www.worldbank.org/en/publication/global-economic-prospects/data?region=EAP

  1. Азийн улс төр-Шог зураг

By Patrick Chappatte, Le Temps, Switzerland

http://www.asiaobserver.org/asian-political-cartoons

 

 

 

 

 

 

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*