“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Зөв хооллолтын дадал 2

Дадал 2. Давсыг өдөрт 8 гр хүртэл.

   Монголчууд маань эртнээс давс, чихэр, өөх гурвыг “3 цагаан хор” хэмээн нэрлэж, хоол хүнсэндээ анхаарал болгоомжтойгоор хэрэглэж ирсэн билээ. Энэ дундаас зөв хооллолтын дадалд согтууруулах ундааны дараачаар зайлшгүй анхаарвал зохистой нь давсны хэрэглээ юм. Энэхүү цуврал нийтлэлийн оршил хэсэгт, Монголчууд маань ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд дээгүүр орж байгаа тухай “Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага” (ДЭМБ)-н дэргэдэх “Хавдар судлалын сан”-ийн судалгааны үр дүнгийн талаар дурьдаад өнгөрсөн1. Монголчууд яагаад ходоодны хорт хавдраар ингэж их өвчлөөд байна вэ? Үүний шалтгаан нь огт мэдэгдэхгүй байгаа зүйл биш бөгөөд хэт их давс хэрэглэсэн буруу хооллолт, мөн “алдарт” Хелико бактерын тархалтаас үүдэлтэй гэж яригддаг юм. Тэгвэл давсны хэтэрсэн хэрэглээ яагаад хорт хавдар үүсэх шалтгаан болдог юм бол?

   Хүний ходоодны ханыг хоол хүнсийг задалдаг ходоодны хүчлээс хамгаалах үйлчилгээтэй зуурамтгай шингэн бүрж байдаг байна. Гэтэл түүн рүү их хэмжээний давс орсноор тэрхүү хамгаалагч бүрхүүл гэмтэж, ходоодны хана хүчилд түлэгдэн үрэвсэхийн зэрэгцээ, зуурамтгай шингэн нь давстай урвалд орон Хелико бактерын өсч үржих таатай орчинг бүрдүүлчихдэг аж. Үүнээс үүдэн ходоодны үрэвсэл улам дэвэрч ходоодны хорт хавдар үүсэх эрсдэл өндөрсдөг байна. Энгийн мэт боловч, Японд л гэхэд олон нийтээрээ хүнсэнд хэрэглэх давсныхаа хэмжээг багасгах уриалга гаргаснаар ходоодны хорт хавдрын өвчлөл үнэмлэхүй буурсан бодит туршлага байдаг юм байна.

   Тэгэхээр ходоодны хорт хавдраас сэргийлэхийн тулд “давсны хэрэглээг багасгах” зайлшгүй шаардлагатай. Сүүлийн үед цусны даралт өндөрсөхөөс сэргийлэхэд ч хоолныхоо давсыг багасга гэсэн зөвлөгөөг өгдөг болжээ. Нарийн тодорхой тоо хэмжээ гэвэл, ДЭМБ-с хүний өдөрт хэрэглэх давсны хэмжээг 5 гр ба түүнээс бага гэж зөвлөж байна. Бидний хүнсэндээ хэрэглэдэг ихэнх бүтээгдэхүүн өөртөө тодорхой хэмжээний давсыг агуулдаг, дээр нь бид хоолоо голдуу давсаар амталж иддэг гэж бодохоор энэ тоо тун бага хэмжээ болох ба нилээн хэцүү даалгавар болж байгаа юм. Тийм учраас давсыг түгээмэл хэрэглэдэг Азийн орнуудад нэг өдрийн давсны хэрэглээгээ хамгийн ихдээ л 8 гр-аар хязгаарлах хэрэгтэй гэж зөвлөж байна.

   Хэрхэн яаж давсны хэрэглээгээ ухаалгаар бууруулах вэ? Хамгийн түрүүнд давс ихтэй бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгахыг зөвлөе. Лаазалсан загас, шилтэй ногоо гээд давсалж хадгалдаг хүнс, мөн бэлэн хоол, хиам, бэлэн соус зэрэг нь давс ихтэй тул аль болох бага хэрэглэхийг хичээгээрэй. Бас дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах үедээ шошгон дээр байх орц найрлагыг сайтар харж, давсны агууламжийг нь хянаж дадах хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр шууд давс гэж бичилгүй, “натри” гэсэн байх тохиолдол элбэг. Тийм үед натрийн агууламжийн хэмжээг 2.5-аар үржүүлэхэд давсны орц нь ойролцоогоор гарч ирдэг юм шүү.

Бэлэн хүнсний бүтээгдэхүүнДавсны орц
Бэлэн хоол (гоймон)6.9 гр (ойролцоогоор)
Масло (1 хоолны халбага=13 гр)0.2 гр (ойролцоогоор)
Зүсэм бяслаг (20 гр)0.6 гр (ойролцоогоор)
Гахайн махан хиам (20 гр)0.6 гр (ойролцоогоор)
Хэрчим талх (60 гр)0.8 гр (ойролцоогоор)

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
Хирашима Тэцүро “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” номоос.

Э. Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М1
2015.11.24

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*