“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Зөв хооллолтын дадал 3

Дадал 3. Мах, махан бүтээгдэхүүний хэрэглээндээ анхаарах.

   Хорхог, боодог, чанасан мах, шарсан мах, гэдэс дотор, элэг сэмж, за бүр цаашлаад банш, бууз, хуушуур гээд бидэн шиг махаар туйлдаг ард түмэн ер нь энэ дэлхий дээр байхгүй байх аа. Яадаг юм, нүүдлийн мал аж ахуйн соёлоороо бахархдаг ард түмэн бид чинь. 4 улирлын турш хөдөлмөрлөж байж өсгөсөн 5 хошуу малынхаа буяныг хүртэх нь зүйн хэрэг бус уу? Ингэж яриад л, хотжилтын сүүдэрт 4 хананы дунд хөдөлгөөнгүй амьдрах хирнээ, малын буяныг “Дэнжийн 1000” дээрээс уут уутаар нь мөнгөөр сольж авч ирээд хүртэж суудаг хэв маяг өнөөгийн нийгэмд үзэгдэл ч гэхиймүү, за ер нь бараг “хүн төрсөн бол үхдэг” гэдэгтэй адилхан ойлгомжтой зүйл болжээ. Уул нь бол жинхэнэ малчин ард түмэн маань махыг учиртай хэрэглэдэг. Тухайлбал зуны цагт цагаан идээгээ түлхүү хэрэглэж, ходоод гэдсээ амраадаг юм шиг байгаа юм. Дээр нь малчидын амьдралын хэв маяг, тэдний өдөр тутмын хөдөлмөр бие хааг нь сайхан тэгшилээд, шингээх эрхтнийг нь хүртэл идэвхжүүлээд өгдөг биз. Гэсэн ч харамсалтай нь “35-с дээш насныхны 60-с илүү хувь нь хэт таргалалттай гэсэн судалгааны үр дүн байна” гэж ярихыг нэр хүндтэй нийтлэлч хүний ярилцлагаас сонсож байсан билээ.

   Хүний хэрэглэдэг хоол хүнсний дотор хорт хавдар үүсгэх эрсдэлтэй гэж анхааруулагддаг нэг чухал зүйл нь (харамсалтай хэдий ч) мах, махан бүтээгдэхүүн юм. Баруунд бол мах их иддэг байх тусмаа “бүдүүн гэдэс”-ний хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөрсөнө гэсэн судалгааны үр дүн байдаг гэнэ. Мах их идлээ гээд яахаараа хорт хавдар үүсдэг юм бэ? Үүнийг махаар хоол хийх, махыг боловсруулах үед үүсдэг бодис нь хавдар үүсгэх шинжтэй байдаг, аль эсвэл мах их идсэнээс үүдэн гэдэс доторх эс хувирч, хорт хавдар үүсэх нөхцөл бүрддэг гэх мэтээр тайлбарласан байдаг. Гэхдээ яг нарийн үндэслэлтэй, батлагдсан хариу байдаггүй юм байна. Магадгүй махан бүтээгдэхүүн их хэрэглэхийн хамгийн том асуудал нь “амьтны гаралтай өөх тос” байдаг болов уу. Амьтны гаралтай өөх тос нь хүний бие дотор болон судасны хананд амархан хуримтлагддаг шинж чанартай. Тиймээс артерын судасны хатуурал болон бөглөрөл, даралт өндөрсөх, өөхөн таргалалт үүсэх гэх мэт өвчлөлийн шалтгаан болохын зэрэгцээ бүдүүн гэдэсний ханыг тосорхог болгож орхидог байна. Ийм маягаар өдөр тутмын хоолны дэглэм нь буруу бол хорт хавдар үүсэх тааламжтай орчныг бие дотроо бүрдүүлчихнэ.

   Барууны орнуудад хорт хавдар болон ахуйн гаралтай өвчнөөс сэргийлэхийн тулд үхэр, гахай, хонь зэрэг 4 хөлт малын махыг долоо хоногт 500 гр-аас хэтрүүлэхгүйгээр хэрэглэх хэрэгтэй хэмээн зөвлөдөг юм байна. Японд бол үхэр, хонины махаас гадна, загас, шувууны махыг ч тэнцвэртэйгээр хүнсэндээ хэрэглэдэг тул энэ нэг их асуудал болдоггүй аж. Тэгэхээр өдөр болгон үхэр, хонины мах иддэг, тэр дундаа ихээр иддэг хүн бол хооллолтын хэв маягаа ахиад нэг харж, өөрчлөх хэрэгтэй байх нь ээ. Хиам, зайдас, гахайн утсан мах ч адилхан.

   Гэхдээ энэ бүхнийг хэлээд мах ерөөсөө идэхээ болио гэсэн үг бас биш юм шүү. Махны хажуугаар загас болон хүнсний ногоог түлхүү хэрэглэж, үйлдвэржилтийг хэлдэг шиг хоол хүнсээ ч бас “солонгоруулаарай”. Харин ч мах огт хэрэглэхгүй байх нь нөгөө талаараа бас асуудалтай. Учир нь мах өөртөө бидний бие дэх эсийн тулгуур элемэнт болох амьтны гаралтай уургийг агуулдаг юм. Ялангуяа ахимаг насныханд махны хэрэглээ тун чухал бөгөөд, тохирсон хэмжээгээр хэрэглэхгүй бол тэжээлийн дутагдалд орох, бие дэх булчингийн хэмжээ багасах зэрэг муу үр дагавартай.

Хирашима Тэцүро “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” номоос.

Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М1
2015.12.01

 

 

 

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*