“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Зөв хооллолтын дадал 4

Дадал 4. Ихэдвэл эм ч хор буюу цагаан идээний хэрэглээндээ анхаарах.

   Үүний өмнөх дадал дээр “Амьтны гаралтай өөх тос”-г хэтрүүлэн хэрэглэх ямар муу үр дагавартай талаар дурдсан билээ. Тэгвэл уг амьтны гаралтай өөх тос нь махнаас ч илүүгээр цагаан идээнд агуулагддаг юм байна. Жишээ болгож зарим цагаан идээний тосны агууламжийг хүснэгтээр оруулъя.

Амьтны гаралтай өөх тосны хэмжээ (100 гр-д харгалзах)

Бяслаг30 гр
Фреш крем45 гр
Мөхөөлдөс15 гр
Сүү 3-5 гр

   Цагаан идээг бид ерөөсөө л хүний биед сайн эд, муу байх ямар ч үндэсгүй гэж автоматаар бодоод, хэтрүүлэн ихээр хэрэглэх явдал ажиглагддаг. Ялангуяа Монголчууд бидний хувьд цагаан идээ шиг эрхмийн дээд эрхэм идээ өөр юу байх билээ. Гэвч уг чанартаа “ихэдвэл эм ч хор” гэдгийн адилаар цагаан идээ маань нөгөө бүдүүн гэдэсний ханыг царцаадаг, судасны бөглөрөлийн гол шалтгаан болдог амьтны гаралтай өөх тосыг ихээр агуулдаг байна.

  Японд 2-р дайны дараа хүмүүс сүү таргийг өдөр тутам ихээр хэрэглэх болж, түүнээс хойш хөхний хорт хавдар, түрүү булчирхайн хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдар зэргийн өвчлөл нэмэгдсэн гэсэн бодит дүгнэлт байдаг аж. Мөн барууны орнуудад ч сүүний хэрэглээ болон хөхний хавдрын хамаарлын талаар гаргасан судалгааны ажил, шүүмжүүд их байдаг.

   Мөн сүүний фермерийн аж ахуй хөгжсөн орнуудад хээлтэй үнээний сүүг савлах явдал их гэнэ. Хээлтэй үнээний сүүнд эмэгтэй гормон ихээр агуулагддаг ба тийм бодисыг сүүгээр дамжуулан биедээ авснаар хорт хавдрын эрсдэл ихсэх боломжтой гэсэн дүгнэлт ч гарсан. Энэ бүгдээс авч үзээд, хүүхэд байхаасаа сүүг ус шиг ууж өссөн, аль эсвэл кремийн орц ихтэй амттан ихээр хэрэглэдэг гэх амьдралын хэв маягийг одоо үед яавч зөвтгөж чадахгүй болох нь.

   Жишээлбэл “таргийг” биенд сайн гэж хүн болгон боддог. Гэхдээ яг үнэндээ тараг биенд сайн юм биш, тарганд агуулагдах “бифидобактер” гэх зэрэг сүүний хүчлийн бактерууд нь хүний биед сайн юм. Ер нь бараг Тараг=Амьтны гаралтай тос+Сүүний хүчлийн бактер гээд хэлчихэж болно. Хэдийгээр сүүний хүчлийн бактерууд нь хүний биед зайлшгүй хэрэгтэй чухал элементүүд боловч, амьтны гаралтай тос тийм биш учраас таргийг ч мөн тэнцвэр баланстай хэрэглэх хэрэгтэй байх нь.

   Цагаан идээнээс болж гэдэс нь дүүрч, доош гүйлгэдэг хүмүүс байдаг. Энэ нь “сүүний сахарын үл хүлцэл (lactose intolerance)”-ийн нөлөө буюу нарийн гэдсэнд сүүний сахарыг задлагч энзим хангалттай үүсэхээ больж, цагаан идээн дэх сүүний сахарыг шингээж чадахааргүй болсноос үүддэг үзэгдэл юм. Хүн гэх мэт хөхтөн амьтад төрснийхөө дараа хэсэг хугацаанд эхийнхээ сүүг уун бойжих авч, яваандаа эхийн сүүнээс гарах тул нарийн гэдсэнд байдаг эхийн сүүний сахарыг задлагч энзимүүд нь хэрэгцээгүй болж, үүсэх нь багасдаг байна. Улмаар хүн нас явах тусам сүүний сахарыг задалж чадахаа болих нь байгалийн хууль гэж хэлж болно. Өтгөн нь хатдаг хүн сүү уугаад өтгөн шингэрч, сайхан боллоо гэж ярихыг сонссон болов уу. Энэ нь уг чанартаа тэр хүний гэдэс сүүний сахарыг задалж чадахгүй хямарч, доошоо гүйлгэсэн явдал юм.

    Мэдээж сүү цагаан идээнд сайн талууд зөндөө бий. Жишээ нь сүү цагаан идээнд кальци ихээр агуулагддаг ба энэ нь хүний биед сайн шингэж ясны бэхжилтэд эерэгээр нөлөөлдөг. Гэсэн хэдий ч “Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март, ер цагаа болохоор хумхын тоос шиг сарнина” гэж нэгэн агуу яруу найрагч алдартай шүлгэндээ туйлын үнэнээр хэлжээ. Идээний дээд цагаан идээг ч хэмжээтэй хүртэх хэрэгтэй байх нь. Кальци ясыг бэхжүүлдэг ч сүү биш юм. Эсрэгээрээ сүү цагаан идээ хэт их хэрэглэснээр ясны сийрэгжилт явагддаг гэсэн дүгнэлт байдаг юм байна. Энэ нь “Хомеостасис” гэгдэх хүний бие организмын тэнцвэрт байдлаа хадгалахыг эрмэлзэх шинж чанартай холбоотой бөгөөд гэнэт огцом ихээр орж ирсэн сүүний кальцийг хүний бие бушуухан шээсээр гадагшлуулахыг эрмэлздэг аж. Ингэснээр дөнгөж биед орж ирсэн кальцитай, өмнө нь биед байсан кальци хамтдаа гадагшлах аюулд орно. Ясны сийрэгжилтээс сэргийлэхийн тулд сүү цагаан идээ сайн хэрэглэ гэж зөвлөдөг боловч, биед шингэх шингэцийг нь бодоод загасны мах зэргээс кальци авах нь илүү үр дүнтэй гэж сүүлийн үед зөвлөх болжээ.

 

Хирашима Тэцүро “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” номоос.

Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М1
2015.12.8

Хуваалцах

2 Comments

  1. Fuuuu Aimshigtai. Bur suu tsagaan ideenii talaar ogthon ch Bur Ogthonch iim bodol bodoj unshij sonsoj baigaagui ym bna. Ene uneheer unen gejuu, Itgemeergui ym. Gehdee neg asuult baina: Nadad tohirson suun buteegdehuunii hemjeeg yaaj medeh ve???

  2. Нарийн хэмжээ гэхээсээ илүү, хэт нэг юманд битгий туйлшраарай л гэсэн санаа байгаа юм. Жишээ нь өдөр болгон сүү уухад муу нь юу байхав, бид ууж ч ирсэн, харин нэг хоёр гурван стакан ч гэдгиймүү хэмжээг нь тохируулаарай л гэж. Энэ санааг цагаан идээний сайн муу талыг дурдангаа ухуулж байгаа ухаантай юм. Тэгэхээр айх хэрэггүй, сүү ч гэлтгүй мах ч архи ч чихэр ч жимс ч бүх юм хэмжээтэй байхдаа сайхан шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published.


*