Япон орны хөгжлийн түүх Цуврал 1: Үнсэн дундаас өндийсөн Япон орон

1945 оны Токио хот
1945 оны Токио хот http://insidestory.org.au/tokyo-flickers-of-memory

1945 оны 8 сард Дэлхийн Хоёрдугаар дайн дууссаны дараа Япон орон үндсэндээ бүгдийг тэгээс, бараг хасах цэгээс эхэлсэн гэж хэлж болохоор. Ихэнх том хотууд нь Америкийн агаарын дайралтад өртөж үйлдвэр гээд хэлчихмээр байшин байгууламж, дэд бүтэц гээд нэрлэчих бүтэн зам тэнд үлдсэнгүй. Дайны зардалд байдгаа шавхсан төр, дайны хүндхэн жилүүдийг арай гэж давж гарсан энгийн иргэд дээр нэмэгдээд Японы колоничилж байсан бүс нутгуудаас нэгэн зэрэг 6 сая хүн Японд харьж ирлээ. Түүнчлэн дайн дуусч арми тарж, цэрэг, батлан хамгаалахын салбартай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж хаагдахтай зэрэгцэн нийт 7 сая хүнд армиас халагдсаны тэтгэмж гэж олгожээ. Энэ бүхэн зэрэгцээд дотоодын эрэлт нь нэмэгдэх авч түүнийг хангах нийлүүлэлт үгүй учир үнийн хөөрөгдөл (инфляци) тэнгэрт хадав. Үүний эсрэг засгийн газар нь 1946 оны 2 сард хуучин мөнгөн тэмдэгтийг хэрэглээнээс хасч шинэ тэмдэгт гүйлгээнд оруулах шийдвэр гаргав. Хүн бүрийг өөрт байгаа хуучин мөнгөн дэвсгэртээ банканд хадгалуулан, мөнгөө банкнаас авах үед нь шинэ дэвсгэртээр сольж авахаар зохион байгуулав. Сарын дараанаас мөнгөө данснаасаа буулгах эрхтэй болсон ч, нэг өрх сард 500 иен хүртэл л буулгана гэх хязгаар тогтоолоо. Зах зээл дээр эргэлтэд орох мөнгөний хэмжээг хүчээр багасгах замаар мөнгөний ханш уналтыг тогтоон барих зорилготой байв.

Харин энэ үед дайны дараах эмх замбараагүй байдлыг цэгцлэх, цаашлаад Японыг ардчилсан орон болгохоор Холбоотон Улсын Ерөнхий Штаб (GHQ: General Head Quarters- 1945 оны Постдамын бага хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхээр Холбоотнуудын байгуулсан байгууллага. Япон дахь үйл хэргийг Америкийн генерал Дуглас Макартурин командалж байв.) дараах “Таван Их шинэчлэл” гэгчийг явуулав.

  • Далд, нууц үйл ажиллагаа явуулдаг цагдан шүүх тогтолцоог халах

Гэмт хэргийг бус хүмүүсийн үзэл суртлыг хянаж цагддаг нууц байгууллага дайны жилүүдэд Японд хүчээ авсан байв. Эзэн хаан, Засгийн Газрын дайны бодлого, үйл хэргийн эсрэг үг дуугарсан, мөн социалист үзэл суртал тараасан гэх хэнийг ч баривчлан хорьж цагдах, тамлан байцаах эрхтэй газар.

  • Үйлдвэрчний эвлэл байгуулах

Үйлдвэрчний эвлэл байгуулах, цаашлаад үйл ажиллагаа нь эрчимтэй байх нь хөдөлмөр эрхлэгчдийн ажиллах орчин, цалин хангамж нь сайжирахад түлхэц болно. Хүмүүсийн авч буй цалин хөлс нэмэгдсэнээр дотоодын эрэлт ихсэж эдийн засаг өсөх эхний алхам нь болно гэж үзжээ.

  • Эмэгтэйчүүдийн эрхийг чөлөөлөх

Нэн түрүүнд эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх олгох ажлаас эхлэв.

  • Боловсролын системийг ардчилах

Дайны үзэл суртал, эзэн хаанаа тахин шүтэх гэсэн нэг талт боловсролын агуулгыг халж, боловсролын салбарыг ардчилах замаар олон ургалч үзлийг түгээх зорилготой.

  • Эдийн засгийн бүтцийг ардчилах

Mонополь давамгайлсан Японы эдийн засгийг шинэчилж, зайбацу (Гэр бүл, хэсэг бүлэг хүмүүсээс бүрэлдсэн бизнесийн монополь бүлэглэл. Дайны өмнө Японы эдийн засгийг атгаж байсан дөрвөн том зайбацу: Мицүй, Сүмитомо, Ясуда, Мицүбүши) -г татан буулгаж олон жижиг компаниудад хуваах замаар чөлөөт өрсөлдөөнийг дэмжин эдийн засгийг хөгжүүлэх зорилготой байв. Түүнчлэн нэг хүн их хэмжээний газар эзэмшин түүнийгээ ядуу тариачдад ашиглуулан ургацынх нь талаас илүүг газрын түрээсэнд авах гэсэн системийг халж иргэдэд газрыг нь хувьчилж олгосон.
Энэ мэтчилэн Америк ардчилал, чөлөөт эдийн засаг Япон оронд хөгжих эхний үндэс суурийг тавьж өгөв.

Фүжи Сэйтэцү төмөрлөгийн үйлдвэр
Фүжи Сэйтэцү төмөрлөгийн үйлдвэр http://worldbank.or.jp/31project/fuji_steel/#.Vm2ke9J97IU

Xарин мэдээж хэрэг энэ үед Японы Засгийн Газар, эдийн засагчид нь зүгээр суулгүй цаашид хэрхэн ард иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшилүүлэх үү, эдийн засгаа хөгжүүлэх үү хэмээн арга зам хайцгаасаар. Ямартаа ч газрыг тариаланчидад шилжүүлснээр, ургац нэмэгдэн, хоол хүнсний хомстлын асуудал шийдэгдээд байсан үе. Дараагийн алхам бол эдийн засгийг хөгжүүлэх тулгуур салбарыг олж түүнийгээ бүхий л талаар дэмжих байлаа. Тэдний гаргасан шийдэл нь их энгийн. Зам гүүр барих, шинэ барилга байгууламж, үйлдвэр босгох гээд бүх ажилд төмөр хэрэгцээтэй төмөрлөгийн үйлдвэрлэл бол хөгжлийн тулгуур гэх шийдэл. Мөн төмрийн хүдэр боловсруулахад их хэмжээний энерги хэрэг болно, тиймээс төмөрлөгийн үйлдвэрлэл дээр нэмээд нүүрс олборлох уул уурхайн салбарыг хөгжлийн тулгуураа болгохоор шийднэ. Улсын бүхий л мөнгө санхүү, хүн хүчний нөөцөө энэ хоёр салбар уруу зориулах болсноор баялаг бүтээдэг, экспортолдог өнөөдрийн Япон орон бий болох үндсийг тавьжээ.

Япон орны эдийн засгийн үсрэнгүй хөгжил

1955-1973 оны хооронд 20 жилийн турш үргэлжилсэн Японы эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг 4-н үе шатанд хуваадаг.

  • 1955-1957 он (神武景気-Jinmu Boom)

Японы эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн эхлэл нь өөрсдийнх нь нөр их хүч хөдөлмөрөөс гадна Америкийн Засгийн Газрын зүгээс олгосон их хэмжээний зээл, буцалтгүй тусламж болон 1950 онд эхэлсэн Солонгосын хойгийн дайнаас үүдсэн эрэлттэй нягт холбоотой.

Дайны дараах хүнд үеэсээ дөнгөж өндийгөөд байсан Япон орны эргэн тойронд БНХАУ, БНАСАУ гээд социалист улсууд ар араасаа төрөн гарах болов. Азийг тэр чигт нь ЗХУ-д алдчихгүйн тулд Америк ямар нэгэн арга хэмжээ авах зайлшгүй шаардлага бий боллоо. Тэд хамгийн түрүүнд бодож олсон нь Японыг Ази дахь өөрсдийн үзүүлэн болгох, өөрөөр хэлбэл Америкийн нөхөр болж ардчилсан нийгэм, чөлөөт эдийн засагтай орон болох замыг сонговол ингэж хөгжиж, ингэж сайхан амьдарч чадна шүү гэдгийг бусдад харуулах байв.

Энэ ажлынхаа хүрээнд Японд чиглэсэн эдийн засгийн тусламжаа нэмэгдүүлэхээс эхлүүлээд 1 ам доллар=360 иен гэсэн ашигтай ханш тогтоож өгөв. Өөрөөр хэлбэл эхний ээлжид Японы экспортыг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийг нь дэмжин эдийн засгийг нь хөгжүүлэх зорилготой байв.

Xарин Солонгосын хойгийн дайн Японы эдийн засагт их тэсрэлтийг авчирсан нь дайнаас үүдсэн Америкийн асар их эрэлттэй холбоотой. Тэд энэ дайнд ойроор нь Японыг гол түшиц газраа болгон дайны талбарт хэрэглэх бүхий л бараа материалыг Японоос зөөж, Японы боомт, аж үйлдвэрүүдэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ.

  • 1958-1961 он (岩戸景気-Iwato Boom)

Үйлдвэрлэл хөгжсөнөөр хүмүүс ажилтай, орлоготой болж үүнийг дагаад дотоодын хэрэглээ нь нэмэгдэж эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлжээ. Жинхэнэ утгаараа массаараа үйлдвэрлэж, түүнийгээ массаараа хэрэглэсэн үе байв. Хөргөгч, xар цагаан телевиз, угаалгын машин энэ үед өрхийн хэрэглээнд нэвтэрсэн.

  • 1963-1964 он (オリンピック景気-Olympic Boom)

1964 оны Токиогийн зуны Олимп болохтой холбогдуулан хөрөнгө оруулалт, шинэ бүтээн байгуулалт нэмэгдэн, үүнийг даган эдийн засаг нь улам сайжирчээ.

  • 1966-1970 (いざなぎ景気-Izanagi Boom)
1970 оны Токио хот- Ил захидал  http://4travel.jp/travelogue/10464371
1970 оны Токио хот- Ил захидал
http://4travel.jp/travelogue/10464371

Японы эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн оргил үе.

1960 онд Японы ерөнхий сайд асан Икэда Хаяато энгийн хирнээ хэнд ч ойлгомжтой эдийн засгийн төлөвлөгөө гаргасан нь “Орлогыг 2 дахин нэмэгдүүлэх төлөвлөгөө” гэгч байв. Дараагийн арван жилд ард иргэдийнхээ орлогыг яг 2 дахин нэмэгдүүлнэ, xарин үүний биелэлтийн Засгийн Газар бүх хүч, нөөц бололцоогоо дайчилна гэх агуулга бүхий төлөвлөгөө байжээ. Бодитоор хийх ажилдаа дэд бүтцийг хөгжүүлэх, “Японд үйлдвэрлэв” шошгын нэр хүндийг өсгөх, дотооддоо машин үйлдвэрлэх, зэргийг тусгав.

Дэд бүтцийг хөгжүүлэх: Дайн дөнгөж дууссаны дараа Японд ирсэн Америкийн судалгааны баг тайландаа “Энд зам гэж нэрлэчихмээр зам огт байхгүй ч зам барьж болох газар бол зөндөө байна” гэж бичиж байжээ. Эндээс харахад тухайн үед Японд шинээр 1 км зам барих, төмөр зам тавих гэдэг бол маш өндөр эдийн засгийн үр өгөөжтэй байсан нь тодорхой.

“Японд үйлдвэрлэв” шошгын нэр хүндийг өсгөх: Өнөөдөр “Made in Japan” гэсэн шошго дэлхийн хаана ч чанартай, найдвартай гэх утгыг илэрхийлэхээр хэмжээнд хүрсэн ч тухайн үед эсрэгээрээ байжээ. Америк Японы экспортыг дэмжих зорилгоор 1 ам доллар=360 иен гэсэн харьцангуй давуу эрхтэй валютын ханш тогтоож өгсөн ч, олон улсын зах зээл дээр Японд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн хямд, чанаргүй гэсэн имиж хүчтэй байв. Үүний шалтгаан нь Дэлхийн Нэгдүгээр дайны үеэс эхтэй. Дэлхийн Нэгдүгээр дайн Европд өрнөж, дотоодын хэрэглээгээ хангах үйлдвэрлэл нь уналтад орсноос болж зарим бараа бүтээгдэхүүнийг Японоос импортолж байжээ. Харин тэр импортолсон бараан дунд нь өнөөдрийн Япончууд хийнэ гэхэд санаанд оромгүй зүйлс их байж. Жишээлбэл, сорочикон цамц, анх харахад товч хадсан энгийн л нэг цамц байх боловч гаргаад өмсөх гэтэл товч нь ар араасаа ойчих, оёлгүй түр цавуугаар наачихсан байх нь тэр. Загас, далайн гаралтай бүтээгдэхүүн тонн, тонноор нь импортлоод авчраад задалтал ёроолд нь чулуу, төмөр хийн хүндрүүлсэн байх жишээний. Xарин муу нэрийг арилгаж өнөөдрийн Япон чанарыг бий болгохоор төр засгаасаа авахуулаад энгийн нэг ажилчин хүртэл бүгд нэг зорилготойгоор хичээн ажиллацгаажээ.

Дотооддоо машин үйлдвэрлэх: 1955 онд Засгийн Газраас дотооддоо суудлын авто машин үйлдвэрлэх уриалгыг гаргасан байв. Юун түрүүнд төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөл дээр нь босгоод авсан. Харин дараагийн алхам бол машины үйлдвэрлэл юм байна гэх дүгнэлтэнд тэд хүрэв. Өөрөөр хэлбэл хөгжингүй орон болохын тулд эхний ээлжинд унах машинаа дотооддоо үйлдвэрлэж чаддаг болох юм байна гэж үзжээ. Тухайн үед үйлдвэрлэх машины зорилт нь хурдны зам дээр цагт 100 км хурдалдаг, моторын багтаамж нь 350-500cc (Машин техник сайн мэддэг хүний нүдээр гарвал инээдтэй зорилт шиг санагдаж байж болох. Гэхдээ тухайн үеийн Япон хийж чадах нь ийм л машин байв.), үнийн хувьд тухайн үеийн ханшаар энгийн ажилтны нэг жилийн дундаж цалинтай дүйцэх 250 мянга иен байхаар гэж тогтоосон. 1958 онд Фүжи-н (FHI: Fuji Heavy Industries) “Субару 360” (хөдөлгүүрийн багтаамж нь 360сс),  дараагаар нь “Хонда 360” , төд удалгүй Тоёота компани 1000сс -н хөдөлгүүрийн багтаамжтай “Корона”, Ниссан компани ч гэсэн 1000сс-н хөдөлгүүрийн багтаамжтай “Блюберд” загвар ар араасаа төрөн гарч машин үйлдвэрлэгчдийн дунд ширүүхэн өрсөлдөөн явагдсаар хэдхэн жилийн дотор дэлхийд эрэлттэй Япон машинууд үйлдвэрлэгдэх болжээ.

Энэ бүх хийсэн ажлынх нь үр дүнд  иргэн бүрийн орлогыг 2 дахин нэмэгдүүлэх 10 жилийн төлөвлөгөө нь ч хугацаанаасаа өмнө биелж, 1967 онд Япон хүн бүрийн орлого 2 дахин нэмэгдсэн бөгөөд дараа онд нь ҮНБ (үндэсний нийт бүтээгдэхүүн) хэмжээгээрээ Америкийн дараа 2-т орох дэлхийн хоёр дахь (2011 онд Хятадад гүйцэгдэх хүртэл) том эдийн засгийн гүрэн болж чаджээ.

Xарин энэхүү цувралынхаа хоёрдугаар дугаарт эдийн засгийн эрчимтэй хөгжлийн сүүдэр хүрээлэн буй орчны бохирдол, түүнээс үүдэлтэйгээр Япон орон даяар дэгдсэн өвчлөлийн талаар бичиж хүргэх болно оо.

Э. Хонгорзул
2015 он 12 сарын 3

Ашигласан материал:
1. Дайны дараах Япон орон
2. Икэгами Акира “Дайны дараах 70 жил – Дэлхийн эдийн засгийн түүх”
3. Токио Скай Три цамхаг ба Сакура

 

 

 

Хуваалцах

1 Comment

Leave a Reply

Your email address will not be published.


*