“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Зөв хооллолтын дадал 5

Дадал 5. Калорийн хэмжээнд санаа зовж байхаар нүүрс усанд санаа зов.

   Хэт таргалалт, чихрийн шижин (diabetes) гэх мэт ахуйн өвчлөлүүдийн эмчилгээнд хүнсэнд агуулагдах калорийн хэмжээг хязгаарлах заавар зөвлөгөө их байдаг нь анзаарагддаг. Гэвч калорийн хэмжээг хязгаарлалаа гээд таргалалтаас ч, чихрийн шижингээс ч хамгаалж чаддаггүй нь хэдийн тогтоогдож, Америкт л гэхэд калорийн хязгаарлалт биш, нүүрс усны хязгаарлалтад илүү анхаарах болжээ. Хүмүүс бид өдөр тутмын хоол хүнснээсээ нүүрс ус, уураг, өөх тос гэсэн 3 чухал шим тэжээлийг авдаг. Энэ гурвын тус тусын калорийн хэмжээг авч үзэхэд нүүрс ус болон уураг нь ижилхэн 1гр-д 4 килокалори (кКал), өөх тос нь 1гр-д 9 кКал байдаг юм байна. Өөх тосонд нөгөө хоёроосоо 2 дахин илүү калори агуулагддагаас болж амьтны гаралтай өөх тосыг багасгах, шарсан хуурсан хоолноос татгалзах, хоолонд хэрэглэх тосоо аль болох бага байлгах зэрэг аргыг өнөөг хүртэл зөвлөдөг байлаа. Гэвч энэ мэтчилэн калорийн хяналт хийгээд хийгээд таргалалт, чихрийн шижингийн өвчлөл бодитоор багасаагүй бөгөөд үүнээс үүдэн орчин үед анхаарлын төв “нүүрс ус” дээр ирээд байна.

   Нүүрс ус нь будаа, талх гэх мэт голлох хүнсний бүтээгдэхүүн, мөн төмс болон үндэст ногоонд ихээр агуулагддаг. Элсэн чихэр болон глюкоз, фруктоз зэрэг сахарын төрлүүд нь нүүрс усны төлөөлөгчид юм. Нүүрс ус нь хүний биед ороод голдуу хөдөлгөөний энерги болон ашиглагддаг боловч, ашиглагдалгүй үлдсэн хэсэг нь саармаг тос (хүчиллэг ч биш, шүлтлэг ч биш тос ба энгийнээр хүний биед хуримтлагддаг өөх) болон хувирч биед хуримтлагддаг нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл биед авах калорийн хэмжээг хичнээн хассан ч, нүүрс ус, сахарын хэт их хэрэглээтэй бол таргалалт, бодисын солилцооны хам шинж зэрэг өвчнөөс ангид байж чадахгүй гэсэн үг.

   Мөн 3 чухал шим тэжээлийн дотроос нүүрс ус ганцаараа цусан дахь сахарын хэмжээг ихэсгэх үйлчилгээ үзүүлдэг байна. Хүний биед нүүрс ус ороход цусан дахь сахарын хэмжээ ихэсч, улмаар цусан дахь сахарын хэмжээг багасгах, тэнцвэржүүлэх үйлчилгээтэй гормон болох “инсулин” нойр булчирхайнаас ялгардаг. Гэтэл инсулин нь өөрөө “таргалалтын гормон” гэж нэрлэгддэг гормон бөгөөд, цусан дахь инсулины хэмжээ өндөр байдал удаан үргэлжилбэл, таргалалтыг дэврээх, цаашлаад эсийг өдөөж, өөрчлөн хорт хавдар үүсэх эрсдлийг бий болгодог байна.

   Нүүрс ус, хорт хавдрын хоорондын хамаарлыг авч үзэхэд “нүүрс усжсан эцсийн бодис” (AGE: Advanced Glycation End Product) гарч ирнэ. Энэ нь бие дотор илүүдсэн нүүрс ус, уургууд хоорондоо нэгдэн үүссэн бодис юм. Уг нэгдэл бие дотор нэг үүсвэл удаан хугацаанд хадгалагдаж, арьс болон бүх биеийн эсийг хөгширүүлэх үйлчилгээ үзүүлдэг аж. Бүр цаашлаад AGE-с болж цусны судасны эс гэх мэт чухал эсүүд гэмтэх нь хорт хавдар, ахуйн өвчин, сэтгэцийн олдмол өвчин зэргийн шалтгаан болно гэж анхааруулдаг юм байна.

   Тийм учраас нүүрс усны хэт хэрэглээнээс болгоомжилох, ингэхдээ ямар хүнсэнд хэдий хэмжээтэй агуулагддагийг мэддэг байх хэрэгтэй байна. Нүүрс усыг голдуу чихэр, жигнэмэг гэсэн амттанд л агуулагддаг гэж эндүүрэх хандлага их байдаг ба будаа, гоймон, талх зэрэг цардуулт хүнсний бүтээгдэхүүнүүд ч сахартай адилхан нүүрс уснаас бүрддэгийг анхаарч авч үзвэл зохино. Үүнийг ойлгоход амархан нэг жишээгээр тайлбарлавал 1 ш ёотон 4 гр нүүрс ус агуулдаг ба нэг аяга будаанд 55 гр нүүрс ус агуулагдана гэж үзвэл нэг аяга будаа 14 ширхэг ёотонтой тэнцэхүйц нүүрс ус агуулж байна гэсэн үг.

   Мэдээж нүүрс ус огтын хэрэггүй хор бус, тодорхой хэмжээгээр хүний биед зайлшгүй хэрэгтэй шим тэжээл боловч, тэр хэмжээ нь туйлын бага байхад хангалттай юм. Ерөөсөө л саяын аяга будааны жишээг бодоод, тийм их ёотон нэг дор идэж чадах уу үгүй юу гээд ухамсарлачих хэрэгтэй. Ялангуяа оройн хоолондоо гурил, будаа гэсэн нүүрс уст хүнсийг маш бага хэрэглэх хэрэгтэй. Эхэндээ гэдэс хонхолзох ч гэдэг юм уу хэцүү байх боловч, жаахан тэвчээр гаргаад 3 долоо хоногоос багагүй хугацааг давчихвал бие өөрөө нүүрс усыг шаардахаа болих тул та заавал туршаад үзээрэй.

   Эцэст нь зарим хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах нүүрс усны хэмжээг хүснэгтээр оруулъя. Юунд хэр хэмжээгээр агуулагдаж байгааг хараад аваарай. Таны санаанд оромгүй хүнсний бүтээгдэхүүн санаанд оромгүй их нүүрс ус агуулж байх вий.

Хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах нүүрс усны хэмжээ

БүтээгдэхүүнгркКалНүүрс ус (гр)Ёотон (ширхэг)
Цагаан будаа15025255.214
Талх6015826.67
Пульчик4012618.6 5
Шпагетти гоймон8030256.614
Дүүпүү2001123.4 0.9
Крем бяслаг18620.50.1
Өндөг50760.20.05
Зайдас100 3012.80.7
Үхэр, гахай, шувуу мах1000.1-0.70.03-0.2
Үхрийн элэг50661.90.5
Байцаа 50121.70.5
Өргөст хэмх70101.30.3
Цагаан лууван100 182.70.7
Бөөрөнхий сонгино100 377.22
Эрдэнэ шиш8074113
Улаан лооль150295.6 1.4

Хирашима Тэцүро “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” номоос.

Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М1
2015.12.16

Хуваалцах

1 Comment

  1. Bur arrraaaiii… Oyutan minii udor tutmiin heregleend bur bainga heregledeg zuils mash ih nuurs ustai baih ym yaah vee. enenees uur huns hereglii gehed zardal mash undor ldoo. Tegeheer yaawal deer we??? Dasgal hudolgoon sain hiihed zugeer gej oilgoj boloh uu.

Leave a Reply

Your email address will not be published.


*