СОР21: Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа

Энэ сарын 12-ыг хүртэл 2 долоо хоногийн турш Францын Парис хотноо дэлхийн 196 улс орон, бүс нутгийн тэргүүн нар оролцсон НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн талаарх 21-р Бага Хурал /COP21: The 21st session of the Conference of the Parties to the UNFCCC/ болж өнгөрлөө. Энэхүү хурлын хүрээнд 2100 он хүртэл бүх улс орнууд дэлхийн дулаарлыг 1.5 градусаас ихгүй байлгахын төлөө зүтгэхээ дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч 1997 онд батлагдаж, 2012 оноор дуусгавар болox байсан ч 2020 он хүртэл үргэлжлүүлэн сунгагдсан “Киотогийн Протокол”-н дараагийн үе шат болох “Парисын гэрээ”-г баталж гарын үсэг зурцгаалаа. Өмнөх “Киотогийн Протокол”-д Америк, Хятад, Энэтхэгээс авахуулаад нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын хэмжээгээрээ толгой цохидог орнууд нэгдээгүй зэргээрээ сул талтай байсан бол энэ удаагийн хурлаар бүх талууд үүргээ ухамсарлан амьдарч буй эх дэлхийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэж чадсан нь урьд өмнө хэзээ ч байгаагүй том бөгөөд түүхэн үйл явдал боллоо.

Хурлаас гарсан гол шийдвэрүүд

infographie-cop21-en

  • Дэлхийн дулаарлын хэмжээг +2 градусаас бага, аль болох +1.5 градус дотор тогтоон барих.
  • Өнөөг хүртэлх хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй ялгарсан, ялгарч буй нүүрсхүчлийн хийг шат шатаар багасгах, мөн ойжуулалт, ойг нөхөн сэргээх зэргээр хүлэмжийн хийг шингээгч, хадгалагч байгалийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар 2050-2100 он хүртэлх 50 жилийн хугацаанд дэлхийд хуримтлагдаад буй нүүрсхүчлийн хийг байгаль өөрөө шингээн цэвэршүүлж чадах хэмжээнд хүртэл нь багасгах.
  • Улс орон бүр хүлэмжийн хийн ялгаруулалтаа багасгах өөр өөрсдийн төлөвлөгөө зорилтоо тодорхой болгох, түүнийхээ биелэлтийг тав таван жилээр тайлагнаж хянуулж явах.
  • Хөгжингүй орнуудын зүгээс хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл хэрэгт зориулж нийт 100 тэрбүм ам. долларын санхүүгийн туслалцаа үзүүлэх “Ногоон сан” байгуулагдав. (2020 оноос хойш хэрэгжиж эхэлнэ)

Яагаад дэлхийн дулаарлын хэмжээг +2 градус дотор барих шаардлагатай вэ?

Сүүлийн 100 жилд дэлхийн дундаж температур 0.7 градусаар нэмэгдсэн гэсэн тооцоо байна (Аж үйлдвэрийн хувьсгалаас /АҮХ/хойш гэвэл 0.8 градус). Үүнийг дагаад цаг уурын онц ноцтой үзэгдэл, байгалийн гамшиг нүүрлэх давтамж хэд дахин нэмэгджээ. 80-д он хүртэл энэ тоо 400 орчим гэгдэж байсан ч өнөөдөр хэдийн 1000-д хүрч зөвхөн мөнгөн дүнгээр хэмжсэн хохирлын хэмжээг харахад 25-30 тэрбум ам. долларын хохирол учруулсан байна.

  • ЖИЧ: АҮX-с хойшихоор тооцсон үзүүлэлтээр өнөөдөр бид +0.8-р нэмчихээд байгааг дээр дурдсан. Үүнийг цаашид яаж ч байсан 2 градусаас хэтрүүлэхгүй байх, чадвал 1.5 градус дотор барих гэсэн үг юм)

Дэлхийн дундаж температур 2 градус нэмэгдэхэд:major-un-report-the-world-is-completely-unprepared-for-the-effects-of-climate-change

  • Европт 70 мянган хүн халуунаас болж нас барсан 2003 оны зун шиг хэт халуун зун дэлхийн ихэнх бүс нутагт 2 жилд нэг удаагийн давтамжаар болдог болно.
  • Америк тивийн баруун хойд хэсэг, Австралийн нийт газар нутгийн 1/3 хэсэг, Бразил, Африк, Газар Дундын Тэнгисийн орнуудын газар нутгийн талаас илүү хувьд нь ган гачиг нүүрлэж дэлхий даяар хоол хүнсний хомстол нүүрлэхэд хүрнэ.
  • Асуудал зөвхөн ган гачигаар зогсолтгүй, үер, ундны усны хомстол, хумхаа өвчин (Malaria), яс хугалах халуун (Dengu fever) зэрэг шумуулаар дамжин хүнд халдварлах халдварт өвчний тархалт газар авна.
  • Далайн түвшин нэмэгдэж Номхон далайн жижиг арлын орнуудын иргэд сая саяараа орон гэргүй болох аюултай. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн Сири, Пакистан гээд улс төрийн дүрвэгчид дээр нэмэгдээд байгаль орчны асуудлаас үүдэн дүрвэх дүрвэгсдийн тоо эрс нэмэгдэн хөгжингүй орнуудын толгойг гашилгах асуудлыг нэгээр нэмнэ.

Дэлхийн Их гүрнүүд ямар амлалт өгөв?

Англи улс 2025 oн хүртэл дотоодын бүх нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцуудаа бүгдийг нь хаахаа мэдэгдсэн бол, Америк дахин нэмж тийм төрлийн цахилгаан станц шинээр барихгүй бөгөөд аажим аажмаар үйл ажиллагааг нь зогсоох төлөвлөгөөтэй байгаа аж. Түүнчлэн ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилсан “Green Power Plan”-ы хүрээнд нүүрс, нефть, нефтийн хийн түлшнээс татгалзах эхний арга хэмжээ болгон Канадаас Техас муж хүртэлх нефть зөөвөрлөх “Keystone XL Pipeline” төлөвлөгөөг цуцалжээ.

Capture

Дэлхийн дулаарлын эсрэг арга хэмжээнд зөвхөн улс төр, иргэний нийгмийн хүрээгээр дууссангүй, эдийн засаг, санхүүгийн ертөнцийнхөн ч хоцорч үлдсэнгүй. Билл Гэйтс тэргүүтэй технологийн салбарын тэрбумтнууд эрчим хүчний дэвшилтэт, шинэ технологийн төлөө хөрөнгө оруулах сан байгуулснаа зарлаж, дэлхийн хэд хэдэн том санхүүгийн компаниуд эзэмшилдээ байсан нүүрс, нүүрсний уурхайтай холбоотой компаниудын хувьцаанаас татгалзжээ.

Манай орны хувьд хүн амын тал шахуу хувь нь нүүдлийн мал аж ахуй эрхэлж, газар нутгийн ихэнх хэсэг нь экологийн эмзэг бүст харьяалагддаг. Энэ ч утгаараа дэлхийн дулаарлаас үүдэлтэй цөлжилт, газрын доройтол гэсэн асуудлууд үргэлж эдийн засаг, нийгмийн аль ч талаасаа хүндхэн асуудал байсаар ирсэн. Xарин дэлхий даяараа үүний эсрэг арга хэмжээ авч асуудлыг шийдэхээр хамтдаа зүтгэх болсон нь үнэхээр сайхан мэдээ. Гэвч уншигч та анзаарсан байх, улс орнуудын амлалт, бодитоор хийх ажлаас харахад дэлхий нийт нүүрсний хэрэглээнээс татгалзаад эхэлжээ. Өнөөдөр манай орны нийт нүүрсний нөөц 170 орчим тонн гэгдэж дэлхий дээрх бүх нөөцийн 10 хувийг эзэмшиж байна. Үүнээс 100 сая тонныг нь 2025 он хүртэл экспортлох төлөвлөгөөтэй. ДНБ-ийн 70 гаран хувийг уул уурхайн салбарын үйлдвэрлэл бүрдүүлэхийн зэрэгцээ үүний 20 гаран хувийг нь чулуун нүүрсний олборлолт, экспорт бүрдүүлдэг. Гэтэл энэ үзүүлэлт гадаад дотоодын олон шалтгаанаас үүдэн жил сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байгаан дээр ингээд бүгд нүүрсний хэрэглээнээс татгалзаад (хамгийн том хэрэглэгч манай урд хөрш хүртэл шүү) ирэхээр нүүрс үнэгүйдэх өдөр ойртсоор. Одоо л эхэлсэн ажлаа дуусгаж, том төслүүдээ хэрэгжүүлж, зөв бодлого барьж чулуун нүүрсний энэ их нөөцөөсөө арай ахуйг зах зээлд оруулах хөрөнгө босгох, олсон хэдийгээ уул уурхайгаас хараат бус цаашдынхаа хөгжлийн төлөө үр ашигтай ашиглахад анхаарах цаг нь ирсэн бололтой.

Э.Хонгорзул

2015.12.18

Ашигласан материал:

  1. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦИЙН КИОТОГИЙН ПРОТОКОЛ
  2. BBC: “Парисын гэрээ батлагдлаа-Дэлхийн дулаарлын эсрэг дуу хоолойгоо нэгтэв”
  3. Climate Action Network Japan (CAN-Japan)
  4. “News week” сэтгүүл 12 сарын 8-д худалдаанд гарсан Япон хэл дээрх дугаар ”Уур амьсгалын өөрчлөлт: COP21 ирээдүйг өөрчилж чадах уу”

 

 

 

Хуваалцах

2 Comments

  1. Zaa ingeed eheldeg ym baijeee. Hurdhan l solongon zagvaraar ediin zasgaa hogjuulj ter solongoniihoo uul uurhain ungiig buuruulahgui bol ch …

  2. 2100 on hurtel geh gariin useg zursan murtloo 2012 ond duusgahaar bolj baisan yumuu?

Leave a Reply

Your email address will not be published.


*