“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Зөв хооллолтын дадал 6

Дадал 6. “Муу тос”-ноос хол байх.

  Саяхнаас “транс өөх” гэсэн нэр сонсогдох болж, хүний биед хортой, сөрөг нөлөөллүүдийнх нь тухай ихээр ярих болжээ. Эерэг, сайн тал нэг ч тогтоогдоогүй “транс өөх” гэгч энэ тос хүний биед чухам яаж нөлөөлдөг юм бол?

   “Транс” гэдэг нэршлээс нь ямар нэг байдлаар “хувирсан” тос бололтой гэж ойлгож болно. Ерөнхийдөө ердийн нөхцөлд шингэн төлөвт оршдог тосыг химийн урвалаар хатуу төлөвт оруулсныг транс өөх гэж байгаа. Ингэснээр байнга хөргөгчинд хадгалах шаардлагагүй болох, хадгалалтын хугацаа уртсах зэрэг эдийн засгийн ач холбогдолтой байжээ. Транс өөхний гол төлөөлөгч нь “маргарин” юм. Нэг үе цэвэр маргариныг дэлгүүрт их хардаг байсан боловч аажмаар ховордож, бараг олдохгүй болсон. Одоо бодоход хор нөлөө нь тодорхой болоод хэрэглээнээс аажмаар түлхэгдэн гарсан юм болов уу. Маргариныг уул нь ургамлын гаралтай тосоор хийдэг боловч, тэр нь өөртөө амархан исэлддэг ханаагүй тосыг ихээр агуулдаг байна. Ийм ханаагүй тосыг хүн биедээ авснаар тэр нь биеийн эд эсийг ч исэлдүүлж, хорт хавдрын эрсдлийг өндөрсгөдөг. Мөн маргарин гэх мэт транс өөх ихээр агуулсан зүйлсийн химийн бүтэц “хуванцар”-ынхтай төстэй байдаг аж. Хуванцар нь угаасаа байгальд байхгүй нэгдэл бөгөөд газарт булсан ч задартлаа өнө удаан оршдог. Үүнтэй адилаар транс өөх ч хүний биед нэг орвол гадагшилтлаа урт хугацаа шаарддаг байна.

   Транс өөх агуулдаг өөр олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг. Ялангуяа гадуур худалдаалагддаг түргэн хоолнууд, вафли, печень гээд эдийн засгийн үр ашгаас шалтгаалж транс өөх хэрэглэдэг нь цөөнгүй байх магадлалтай. Тэдгээрээс аль болох зайлсхийхээс гадна, дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа транс өөх агуулж уу үгүй юу, хэр хэмжээгээр агуулж вэ гэдгийг шошгон дээрээс шалгаж байх хэрэгтэй. Найдвартай хүнсний бүтээгдэхүүн бол орц дээрээ ил тодоор өөх тос (Total Fat), цаашлаад транс өөх(Trans Fat юмуу Hydrogenated oil)-ний хэмжээг тавьсан байдаг.

   Түүнчлэн сүүлийн үед кофе шопууд ихээр нээгдэх болжээ. Өдрийн эрч хүчээ олж авах, мөн алжаалаа тайлахын тулд аяга халуун кофе аваад тайван тухтай орчинд эргэцүүлж суух хэнд ч сайхан биш гэж үү? Харин кофе авахад дагаж ирдэг “кофе фреш” гэж зүйл тийм ч хэрэгтэй эд биш бололтой. Кофены сүү гэж бодож хэрэглэдэг тэр зүйл өтгөрүүлсэн сүү шиг харагддаг ч, яг үнэндээ найрлаганд нь сүү огт ордоггүй. Харин ч кофе фреш нь транс өөхний гол төлөөлөгчдийн нэг бөгөөд ургамлын гаралтай тос, ус, эмульс, чихэр, үнэр оруулагч зэргээс бүтдэг юм байна. Мөн удаан хадгалахын тулд pH тохируулагч бодисыг нэмж өгдөг аж. Ер нь тэгээд тасалгааны температурт байж л байдаг нь сүү агуулдаггүйнх нь хийгээд олон төрлийн химийн бодис хэрэглэснийх нь баталгаа юм.

   Эцэст нь хэлэхэд, транс өөхнөөс үүдэн хөхний хавдар гэх мэт олон төрлийн хавдраас гадна, зүрх судасны өвчин, үргүйдэл, түрүү булчирхайн үрэвсэл, судасны өнгөршил зэрэг маш олон төрлийн өвчлөл үүсэх магадлалтай нь тогтоогдоод байна. Тийм учраас энэ төрлийн муу тосноос аль болох хол байгаарай.

Хирашима Тэцүро “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” номоос.

Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М1
2015.12.23

Хуваалцах

1 Comment

  1. Bayrlalaa ene uneheer heregtei medeelel baina. Uchigdorhon Coffee avaad yag suug ni harsnaa ene niitleliig sanaad tgd hiilgui har coffee uusandaa 🙂 joohon ch gesen eruul

Leave a Reply

Your email address will not be published.


*