“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Зөв хооллолтын дадал 7

Дадал 7. Хүнсний эслэгийг тогтмол авах буюу гэдэс дотроо хайрлах

   “Хүнсний эслэг” гэж юу вэ? Хүнсний ногоо болон үр тариа, далайн ургамал зэрэгт агуулагддаг “шингэц муутай” утаслагийг хэлж байгаа юм. Хүний биед шингэж, нялзалгүй гадагшилдаг болохоор нь шим тэжээлийн бодис биш гээд авч хэлэлцдэггүй байсан үе саяхан. Гэвч сүүлийн үед хүний бие дэх холестериний нэвчилтийг зогсоодог үйлчилгээ нь батлагдсанаар хүнсний эслэгийн алтан үе ирсэн гэж хэлж болно. Энэ үйлчилгээнээс нь болж ахуйн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хийгээд хоолны дэглэмийг үр дүнтэй байлгах чухал элемент хэмээн хүнсний эслэгийг ихэд анхаарч авч үзэх болжээ. Тэр ч бүү хэл хүнсний эслэг дутагдвал өтгөн хатаж, бүдүүн гэдэсний хорт хавдар үүсэх эрсдэл нэмэгддэг гэж үзэж байна. Энгийнээр хэлбэл, хүнсний эслэг бол таны гэдсийг сайхан гэгч нь цэвэрлээд өгөх ачтан юм. Ер нь тэгээд таны өтгөн байн байн хатаад байвал хүнсний ногооны хэрэглээ чинь багадаад байна уу даа гээд хэлчихэд бараг буруудахгүй дээ. Энэ мэтчилэн хүнсний ногоог тогтмол, ахиу хэрэглэхийн ач холбогдол нэмэгдээд л байна.

   Алдар горилж, шан нэхдэггүй энэхүү ачтанг маань ерөнхийд нь усанд уусдаг ба уусдаггүй гэж 2 ангилдаг. Усанд уусдаггүй эслэг нь буурцаг, мөөг, байцаа, манжин гэх мэт ногоонд ихээр агуулагдах ба гэдэсний үйл ажиллагааг идэвхжүүлж, өтгөн саадгүй гадагшилахад нөлөөлдөг. Харин уусдаг эслэг нь хүрэн замаг гэх мэт далайн ногоо, мөн боловсорч гүйцсэн алим жимсэнд ихээр агуулагдах ба холестерин, өөх тос зэрэг гэдэс доторх хорт бодисыг шингээж, биеэс гадагшилуулах үйлчилгээтэй байна. Мөн гэдэсний бактерийн өгөөш болж, хүний биеийн дархлааг сайжруулах ач тустай ч гэж яригддаг. Ач тус нь ихдээд сүүлдээ толгой тань эргэж байна уу. Багцлаад хэлбэл хүнсний эслэгийн ачаар өтгөн хаталтаас сэргийлж, гэдэс доторх хорт бодисууд биеэс гадагшилан, дархлаа сайжирч, хорт хавдар тусахааргүй эрүүл биеийг цогцлоож чадна гэсэн үг. Хүнсний эслэгийг ихээр агуулдаг зүйлсийг ахин нэг сайхан дурдвал, цайруулаагүй хүрэн будаа, арвайн гурил, төмс, буурцаг, ногоо, жимс зэрэг болно. Мөн зарим далайн замаг ногоо, мөөгөнд ихээр агуулагдах нь бий. Тиймээс эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэж байгаарай.

   Хүнсний эслэг гэснээс, жимс ногоо болон түүний шим тэжээлийн бодистой холбоотойгоор анхаарвал зохих нэг зүйл өнөөгийн нийгэмд байна. Энэ юу вэ гэхээр хүнсний дэлгүүрт зарж байдаг ногооны жүүс төдийхнөөр хүнсний ногооны хэрэгцээгээ хангачихлаа гэж эндүүрч бодох явдал их байх шиг. Нөгөө зарагдаж байгаа ногооны жүүснийх нь шошгон дээр “1 лонхоор 1 өдрийн хүнсний ногооны хэрэгцээг хангана” гэх зэргээр бичсэн байх боловч, яг үнэндээ хүний өдөрт авах хэрэгтэй 350 гр хүнсний ногоотой тэнцэх хэмжээний шим тэжээлийн бодисыг агуулсан байх нь юу л бол. Ер нь ногооны жүүс зэрэгт хэрэглэгддэг ногоо нь дотооддоо ургуулсан, чанартай, үнэтэй нь бус, аль болох хямдаар авах боломжтой, гадаадаас оруулж ирдэг импортын эд байх нь элбэг. Ийм импортын хүнсний ногоо, жимс зэрэг нь импортын бүтээгдэхүүнд тавигдах чанарын стандартыг тоон үзүүлэлтээрээ давсан байх боловч, химийн бордооны үлдэгдэлтэй байх гэх мэтээр огтын аюулгүй, чанартай хүнс гэж хэлж арайхан чадахгүй юм. Мөн жүүсэнд хэрэглэх хүнсний ногоо, жимсийг импортлох үед, өндөр температурт халааж ойролцоогоор 8 хуваасны нэг болтол нь агшаан, тэрийгээ хөлдөөгөөд тээвэрлэлтэд оруулах аргыг хэрэглэх нь байдаг. Ингэснээр ачааны хэмжээ жижгэрч, тээвэрлэлтийн зардал их хэмжээгээр буурах эдийн засгийн ач холбогдолтой юм. Үүнийг “концентраци”-н арга гэх ба анзаарч байсан бол ямар нэг жүүсний найрлагыг уншиж байхад алимны концентраци, тоорын концентраци гэх мэтээр бичсэн байдаг шүү дээ. Ингэж гаднаас орж ирсэн жимс ногооны концентраци дээр ус нэмж, өнгө оруулан боловсруулснаар та бидний уудаг жүүс бүтлээ гэсэн үг. Яахав дэлхийн хаана ч ийм төрлийн жүүсийг хүмүүс ууж байгаа л даа. Гэхдээ үүний ард бас жижигхэн заль байх нь элбэг. Юу вэ гэхээр “Бараа бүтээгдэхүүний тухай хууль”-д тухайн барааны үйлдвэрлэсэн орныг “бүтээгдэхүүний мөн чанарт бодитой өөрчлөлтийг оруулсан газар” гэж заасан байх ба нөгөө гадаадын концентрацийг импортоор оруулж ирээд ус нэмж жүүс болгох нь энэ заалтад хамаарах бодитой өөрчлөлт болон тооцогдож, жишээ нь урд хөршөөс жимс, ногооны концентраци оруулж ирээд ус нэмэн жүүс болголоо гэж бодоход “Монголд үйлдвэрлэв” гээд хадчих боломжтой гэсэн үг юм. Ихэнх нь тийм ч байж магадгүй л дээ.

   Ер нь тэгээд хүнсний эслэг нь утаслаг биет учраас уухад амрыг нь бодон урьдаас ялгасан байх ба, түүхий эдийг нь концентрацижуулж халаах зэргээс үүдэн ундаа жүүсний шим тэжээл их хэмжээгээр алдагддаг байна. Савласан жүүсэнд хадгалалтын зориулалтаар нэмэлт бодис, давс их хийх, мөн амт шимтийг нь сайжруулах гэж фруктоз ихээр нэмэх гэх мэтээр буруу тийшээгээ л яваад байдаг. Шим тэжээлд нь болж уугаад байдаг, бодит байдал ийм байдаг, ямар сайн байхав дээ. Тиймээс та ногооны жүүс, олон жимсний жүүс уучихаад хүнсний ногооныхоо хэрэгцээг хангачихлаа гэж хэзээ ч битгий бодоорой. Уснаас сайхан ундаа үгүй, ураг төрлөөс ойр садан үгүй гэж, элдэв юм хольж хийсэн элсэн чихэртэй ус ууж сууснаас, эх орны газар шороон дээр ургасан ориг хүнсний ногоогоо хөдөлмөрч тариачдынхаа гар дээрээс санаа амар худалдаж аваад, амттай хоолоо хийгээд идэх шиг эрүүл жаргал хаа байхав дээ.

Хирашима Тэцүро “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” номоос.

Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М1
2016.1.15

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*