Нойр

1106270138sdwwds

Зорилтот уншигчдад

Эхлээд нэг асуулт асуухад “Нойр чинь хүрч байна уу?”

Яг одоо метроны буудал уруу явж байна. Энэ нутагт ирээд удаагүй байгаа. Энэ нутгийг би Бетонон Ой гэж нэрлэдэг. Бусад хүмүүс Япон, Токио гэж дууддаг. Бетонон ойн иргэдийг мэдрэхийг хүсвэл өглөө метроны буудал уруу явж үзээрэй гэж хэлмээр байна. Энд хүмүүс гүйлдэх гэдэг бол энгийн үзэгдэл. Өсгийний өндөр, нас, хүйс, үсний засалт хамаарахгүйгээр бүгд л гүйнэ. Нэг бодлын хөгжилтэй. Миний ирсэн газрын маань хүмүүс барагтаа гүйдэггүй. Гүйж яваа хүн нийгэмд их сонин харагддаг. Эрэгтэй хүн гүйж байвал энэ хүн болохгүй юм хийчихээд зугтаж явна гэж хардмаар, эмэгтэй хүн гүйхийг харвал өөрийн эрхгүй сэтгэл түгшчихдэг. Би өөрөө Улаанбаатар хотдоо гүйж яваад цагдаад зогсоолгож үзсэн болохоор энэ талаар бусдаас илүү анзаарсан байх. Хурдтай гүйгээд сэжигтэй харагдсан болохоор цагдаа зогсоосон гэсэн. Бүр хөгжилтэй. Энэ үйл явдлаас би хотын маань иргэд нээх гүйгээд байдаггүйг анзаарч билээ.

Харин энд бол ондоо. Хүмүүс байнга гүйдэг. Гүйж гүйж байгаад л метронд суугаад унтчихдаг. Өнөөдөр даваа гараг, өчигдөр амралтын өдөр байсан атал яагаад өглөө нойрмоглосон юм бол гэж бодмоор. Гэхдээ энэ үзэгдэл хэвийн үзэгдэл. Гүйж яваад унтагч нөхөрт бол энэ энгийн л үзэгдэл мэт. Ийм хүмүүстэй маш олон таарах боломжтой.

Ийнхүү саяхныг хүртэл дэлхийд хоёрт бичигдэж байсан өндөр хөгжилтэй улсыг өөрийн улсаас өөр юм аа гэдгийг мэдэрч эхэлсэн.

Ийм өндөр хөгжилтэй улсын иргэд юу бодож санаж явдаг юм болоо? Юу мөрөөддөг болоо? Баасан гарагийн орой пиво ууж байхдаа юу ярилцдаг болоо?
Агуу гүрний иргэд том мөрөөдөж, дэлхийн сэдвээр ярилцдаг байх?
Монголдоо байхдаа үнэхээр сайхан мөрөөдөлтэй залуустай олон таардаг. Улсдаа дахиж хуримын ордон барьж үлдээмээр байна, хотынхоо нэг гудамжыг Арбатын гудамж шиг болгочихоод өөрийнхөө нэрээр нэрлэмээр байна (Бээжингийн гудамжаас болж тийм мөрөөдөлтэй болсон гэсэн), Монголд дэлхийд алдартай Их Сургуулийг байгуулаад өөрөө сургуулийнхаа захирал нь биш профессор нь болж үлдмээр байна гэх мэт олон сайхан мөрөөдөл сонсож байсан. Мөрөөдлийг нь биелүүлэхийн тулд боолын гэрээ байгуулж тусалмаар тийм сайхан мөрөөдөлтэй.

Гэвч хөдөлмөрлөдөггүй, энэ ойн иргэд шиг завгүй байж чаддаггүй. Найзуудтайгаа уулзах завгүй байвал өөрийгөө азгүй хүнд тооцчих гээд байх хандлагатай. Шөнө интернетэд “Нойр хүрэхгүй байна” гэсэн постууд олонтой. Шөнийн нойронд дунд хуруу өгсөн хүмүүс ихтэй. Ингээд бодоход Япон залуучууд их нойрмог хүмүүс, манайхан маань их сэргэг хүмүүс мэт. Би ч Insomnia өвчинд нэрвэгдэж л байсан. Харин одоо миний нойр хүрч байна.

Цагийн ажил өглөө 6 цагт тарна. Тэгээд л өглөө метро уруу гүйж орон сургуулийнхаа буудал дээр гозойгоол босоод ирнэ. Энэ явдал долоон хоногт 4 давтагдана. Би ганцаараа ингэж ажилладаг юм биш. Гадаадад сурдаг дийлэнх Монгол оюутнууд ингэж амьдардгийг мэдэж авсан. За байж бай даа. Би түрүүн “гүйнэ” гэсэн үү? Хаха. Энэ ойд хэвшсэн бололтой. “Хэн хүчтэй нь биш хэн хурдан дасан зохицсон нь амьд үлддэг” гэх Дарвингийн онолоор Монгол залуучууд маань гадаадад амьдардаг.

Өө ямар их нойр хүрч байна аа. Нойр гэдэг зүйл бэрхшээл хэдий ч нөгөө талаас таашаал мэт. Зөөлөн оронд хэвтээд гүн цэнхэр далайд бүүвэйлүүлэн мэт унтах. Асар их таашаал.

Нэг өглөө найзтайгаа чатлав өө. Өндөр хөгжилтэй орон уруу явж сайхан амьдарч, хөөрхөн Япон охидуудтай шоудаж байгаа гэж бодож байгаа найз уруугаа “мань шөнийн цагаар ажиллаад, өдөр нь хичээлдээ суугаад үнэндээ л мэрзгэр амьдарч байна” гэж хэлэлтэй нь биш. Асуусан асуултанд нь “сайн” гэж хариулаад, сая шоудаад гэртээ харьж явна, мань үнэн додигор амьдарч байгаа гээд л залаад хаялаа. Тэгтэл найз маань “за зорьсноосоо хазайлгүйгээр хурдхан нутагтаа ирээд мөрөөдлөө биелүүлээрэй” гэлээ. Энэ үгийг сонсоод би Япончууд юу мөрөөддөгийг жаахан гадарлах шиг болсон.

Яагаад гэвэл би зорилгоосоо хазайж мөрөөдлөө мартсан байсан. Учир нь ойрд миний нойр байнга хүрдэг болсон. Саяхан ямар зүүд зүүдэлснээ санахыг оролдтол зүүдгүй унтдаг болсноо анзаарсан. Энэ үед яагаад Англи хэл дээр зүүд, мөрөөдөл гэдэг 2 үгийг “Dream” гэдэг ганц үгээр хэлдгийг ойлгох шиг. Тэгээд би Япон хүмүүс нээх мөрөөдөөд байдаггүй юм шиг байна аа гэсэн бодол төрсөн. Яагаад гэвэл хүчирхэг капиталист оронд амьдарч байгаа хүмүүс өөрийн ажлаа сайн хийгээд байвал амьдрал нь тогтвортой байж чаддаг. Тэрийгээ дагаад ажил ч ихтэй байдаг. Өглөө гүйж метронд суугаад ажилдаа амжих нь тэр хүний энэ өдрийн хамгийн чухал зүйлсийн нэг. Бусдаар бол энэ хүн амьдралдаа сэтгэл хангамжтай, хоосон хонохвий гэх айдасгүй. Өөрөөр хэлбэл амьдрал нь илүү баталгаатай байж чаддаг. Гэвч үүний ард маш их ажил. Толгойд нь ажлаас өөр юм орж ирдэггүй болохоор зүүдлэхгүй унтдаг байх. Тиймээс нээх мөрөөдөөд байдаггүй. Иймдээ ч энэ Бетонон Ойг стресс ихтэй гэдэг байх.

Харин Эх оронд маань өөр дүрэм хэрэгждэг. Та ажлаа сайн хийдэг байсан ч танаас хамаарахгүйгээр амьдралд тань нөлөөлөх зүйлс ихтэй. Инфляци, улс төр, нийгмийн харилцаа бидний амьдралыг тогтворгүй болгодог. Үүн дээр нэмээд Монгол улс маань хөгжингүй орнуудтай харьцуулахад дутуу зүйлс маш их байдаг. Тийм болохоор хэрэгцээгээ дагаад бид их мөрөөддөг. Мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөе гэхээр бид залхуу, дээр нь нэмээд өндөр хөгжилтэй капиталист орнууд шиг шударга өрсөлдөөн төдийлөн бага. Бас нэг сайхан дүрэм хэрэгжинэ ээ. Би босс болно гэдэг. Халуун цустай хүмүүс юм хойно Бригада, Загалмайлсан Эцэг, Ким Духан үзүүлчихвэл “ээ бүү үзэгд нүгэл болно хүүш”. Нэг хэсэгтээ л бууж ирэхгүй юм болно. Белов шиг найзуудтай, Дон Кореолон шиг эрх мэдэлтэй, Духан шиг зодолддог болсон мэт харц дээгүүр явна шүү дээ. Эрчүүд бүсгүйчүүдгүй л хөөрнө. Ийм өндөр сэтгэлгээтэй хүн яг ажил хийгээч. Энэ түрүүний “Монгол мөрөөдөл”-с үүсэлтэй оргилуун хүсэл байх л даа. Гэхдээ бидэнд “start from bottom” гэсэн сэтгэлгээ хэрэгтэй юм шиг. Ингэж байж мөрөөдлөө ажил хэрэг болгож чадна. Тоонын завсраар гэрэл орж ирэн гэдэс илтэл жирэмсэн болов гэдэг шиг тийм гайхамшиг бидэнд тохиолдохгүй л байх. Бид хичээх ёстой. Тэгэхгүй хоосон ярьдаг хүмүүс арай л их шиг. Яахав дээ мөрөөдлөө биелүүлэх гэж оролдож байгаа явцуу оролдлого. Эрх чөлөөний ногоон хатагтай хормойгоо сөхөѳд өлмий дээрээ гүйж, далайг гатлан Монголд ирж суурьштал нь Америк шиг эх орноо хөгжүүлнэ гэж цусгүй алдаг залуус их.

Үүнээс нэг юм ойлгож болмоор. Энэ том Бетонон Ширэнгэн Ойд уусчихгүйхэн шиг, ойдоо төөрч бүдэлж өөрийгөө алдчихгүйхэн шиг хаанаас ирснээ, хэн гэдгээ санаж, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн өөрийгөө төгөлдөржүүлэн хөгжүүлж эх орон уруугаа буцаж хэмээн

Монгол хүн шиг мөрөөдөж, Япон хүн шиг ажилласаг , Өөрөө өөртөө үнэнч байж чадвал эх орноо сүбхийтэл дээшээ өргөж болмоор мэт.

Гэхдээ их хэцүү. Яагаад гэвэл нойр их хүрдэг. Зорилгоо биелүүлнэ гээд цагийн ажлаа багасган хичээл хийнэ гэхээр амьдрал хүнд болчихно, цагийн ажлаа хийгээд явна гэхээр ирээдүй маань хүнд болчихно. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гээд тэнцүүхэн авч явья гэхээр унтах цагаа багасгах шаардлагатай. Гэхдээ нойр хүрээд байдаг.

Нэг шөнө ажилтай байлаа. “Өнөөдөр юу хийж байгаагаар чинь бус, ирээдүйд юу хүсч байгаагаар чинь чамайг тодорхойлно” гэж өөртөө дэм өгч нөгөө золигийн ажлыг үнэн додигор, дуу аялан хийж байлаа. Тэгтэл цайны цагаар хайртай хүнтэйгээ чаталж байтал “Чи сурах гэж ирсэн болохоос ажиллах гэж ирээгүй. Зорилгоо урдаа тавиарай. Монголынхоо биш харийн орны компаний төлөө их цаг, хөлс хөдөлмөр гарган байж ажиллаж байж өөрийнхөө төлөө хичээл хийх цаг заавал гарга” гэж хэлэхэд толгой дундуур дагздаад авах шиг боллоо. Гадны байгуулагын төлөө өөрийн мөрөөдлөө биелүүлж байх цаг хугацаагаа зориулан ажиллаж байж яагаад өөрийнхөө төлөө хичээлээ хийх цаг гаргадаггүй юм бэ гэсэн бодол төрж хортой шартайгаар нойртойгоо тэмцлээ. Заримдаа ялж, дийлэнхдээ ялагдаж байсан ч энэ тэмцлийн үр дүнд цагийн хуваарь гэдэг кинон дээрээс л сонсож байсан үгийг өөрийн амьдралдаа нэвтрүүлж чадсан. Одоо бол би өөрөө өөрийгөө алдаагүй явж байна. Зүүдгүй унтаж байгаа ч өдөр нь би мөрөөдөж хичээлээ хийдэг болсон.

Харин одоо 2 гадаадад сурч байгаа оюутны талаар ярья.

Эхний оюутан: Цагийн ажил сайн хийдэг. Тэрийгээ дагаад цалин өндөр авдаг. Жилдээ 2 удаа дэлгүүр хэсч иж бүрэн хувцасладаг. Гэхдээ олон хувцастай болохоор хиртэй хувцас ихтэй. Боломжоо харж байгаад сардаа нэг шоудчихдаг. Энэ тохиолдолд хааяа найзуудаасаа мөнгө зээлчихдэг. Буцааж өгмөөр байсан ч боломж төдийлөн олддоггүй. Тиймээс цагийн ажлаа алдаж болохгүй. Мэдээж хичээл нь салгардсан. Хичээл хийх завгүй хүн хоол юу гэж хийж идэх вэ, гадуур байнга хооллодог. Гаднаас харахад тансаг, цоглог амьдралтай ч үнэндээ мэрзгэр амьдралтай. Эх орон уруу буцах үед тэр ганган хувцастай, хэрэв сайн ажилласан, нарийн тооцоотой хичээсэн бол хүний хэрэглэж байсан хуучин машинтай буцна. Эсвэл хадгалсан мөнгөөрөө валютын ханшны зөрүүгээр нэг хэсэг саагаж тансаглана. Гэхдээ эзэмшсэн чадваргүй, ирээдүй нь бүрхэг болохоор дахиад л шинээр мөрөөдөж эхэлнэ.

Хоёр дох оюутан: Цагийн ажил дундаж л хийдэг. Гайгүй завтай. Тиймээс хичээлээ хийчихдэг. Цалин харьцангуй бага болохоор өөрөө гэртээ хоол хийнэ. Онцын шаардлагагүй бол шоуддаггүй. Нээх хувцас авдаггүй, бараг Монголоосоо ирсэн хувцастайгаа. Гэхдээ бүх хувцас нь цэвэрхэн. Харин ном сайн худалдаж авдаг. Нутаг буцах үед цүнхэндээ хайртай хүмүүстэй өгөх жижиг бэлэг өөр юмгүй буцна. Мөн номнууд. Гэхдээ энэ оюутан “мөнгөөр хэмжишгүй баялгийг бүтээж, мөнгөнд дийлдэшгүй чадвартай” болж ирсэн боловсон хүчин байх болно. Энэ хүн мөрөөдөхөө больсон. Tүүний мөрөөдөл ажил хэрэг нь болсон учир…

Гэхдээ энэ 2 түүх нэг л оюутны тухай түүх.

Энэ оюутан өглөөнөөс өдөр болтол хичээлтэй байж байгаад орой ажил хийж 10 цагт гэртээ ирж байгаа оюутны түүх . Түүний нойр хүрч байгаа. Гэвч хийх хичээл түүнд байгаа. Хичээл хийлгүй унтвал хичээлээсээ аажим аажмаар хоцорч хичээлдээ сонирхолгүй болж, сүүлдээ ажил хийгээд явж байсан нь дээр санагдана. Ингэж “эхний оюутан” болдог.

Үргэлжлүүлэн сууж хичээлээ хийвэл “Хоёрдох оюутан” болно. Эхний оюутны хийсэн зүйлийг тэрбээр эх нутагтаа 1 жилийн дотор бүтээж чадна. Дээр нь нэмээд тэр өөртөө итгэлтэй, ирээдүй нь гэрэлтэй.

Гадаадад сурдаг оюутнууд бид нар чинь их өрөвдмөөр өө. Найз нөхөдтэй холбоо тасрахгүй гэсэндээ юм уу, эх орноосоо холдохгүй гэсэндээ юм уу байнга сошиал медиад. Хаа ч, юу ч хийсэн утсаа маажаастай. Дэлгүүрийн шилэн хоргонд амтат бялуу тавьчихсан шилний цаанаас жижигхээн муур нүдээ бүлтийлгэн шилийг нь самардаж байгаа мэт л … Гэр бүл, найз нөхөд рүүгээ тэмүүлж байгаагийн илрэл юм болов уу даа гэмээр. Утасгүй интернэт орж Монголтойгоо холбогдохгүй бол чээж хоосон оригоод нэг л эвгүй. Гэхдээ энэ зуршил маань биднийг маш сайн дөнгөж чаддаг. Хугацаанаас үнэхээр сайн хумсалж чаддаг муу зуршил. Та анзаарсан байх л даа. Гэхдээ чи үүнийг ухамсарлах хэрэгтэй. Үүнийг орхи. Утсаа маажихаа боль. Хэцүү байлаа ч хүчтэй байх ёстой. Энэ хандлага бараг бүх гадаад оюутанд байдаг. Бид энд ирэхийн тулд их хэмжээний золио хийж, олон хүний итгэл дааж ирцгээсэн. Тэтгэлэгт оюутнууд маань 2 орны дипломат харилцааны итгэлцэл дээр, хувиараа ирсэн оюутнууд маань гэр бүлийнхээ итгэлцэл дээрээс энд ирцгээсэн. Бид үүнээс хариуцлага мэдрэх ёстой. Энэ хүнд сонсогдож байгаа байх. Гэхдээ бид хазайх ёсгүй. Хичээлээ салгардуулан ажил хийж, ирваа болтлоо шоудаж, эсрэг хүйстэнтэйгээ нүдээ ширгэтэл чаталж, тийм богинохон бодолтой байж болохгүй. Урагшилахад чинь айдас хэрэгтэй. Тэр айдас нь энэ хариуцлага байг. Айж байгаа бол сайн байна. Энэ айдас тэмүүлэхэд чинь хүч өгөг. Айдасны талаар өөр бодолтой болоосой гэж хүсэж байна. Тэгж хэмээн зориг, ухаанаа зохицлоож хүүгээр бэрсийг идэг.

За одоо нэг юм асуухад чи аль оюутан нь вэ?

Одоо нойр чинь хүрж байна уу ?

Please be awesome

Г.Батмандах
2016.01.17

Хуваалцах
Мооёо
About Мооёо 20 Articles
Эдийн засгаар сурч буй том мѳрѳѳдѳлтэй энгийн нэгэн оюутан.

18 Comments

  1. Уншиж эхлэхэд нэг л ойр тойрны хүн хэлээд байгаам шиг басхүү хэдэн сар сонсоогүй тэр үгсээр дутагдаж байсан минь ил болж баярлан хөөрлөө.
    Энэ нийтлэлийг бичсэнд чамаар бахархан сууна. Яг донжийг нь тааруулсан гэж би хувьдаа бодож байна.
    Одоо энэ залуу миний мэдэх түвшинээс дээш гаржээ чамд зориулан алга ташъя… Ах минь

  2. Uneheer mundag bichjee shantraad noir hureh ued unshmaar niitlel bn . Uram zorig hairlasand bayrlalaaa!

  3. Ene yag mun baina. Ikhnudengiinhen ingej l bichih uchirtai ulger jishee avah heregtei togloomchgui. Bur yag mun baina. Buh zuil yag taarsan ehnees duustal anhaaraltai unshsan, uidaagui, medleg avsan, setgel hanamj avsan, uram zorig, hicheel zutgel avsan, bur mash sain niitlel baina. Harin odoo neg asuult baina. DARAAGIIN NIITLEL CHIN HEZEE VE gej???? Bayrlalaa

  4. Ta buhendee bayarlalaa. Ene bol negen oyutnii amidraliin egel odriin protsess bsn. Deer bichigdsen zuiliig buhel oyutnuud maani meddeg. Ghde bid meddeg ch uhamsarladaggui.
    Niitleliin hew mayagiig zurchij mgl helnii ugsiin sand bdggui ugs ih ashiglasand uuchlaarai . Zaluu hun zaluu hundee hurgej bga bolohoor dur esgelgui baigaagaaraa baihiig huslee. Sonsdog duuniihaa eshlelees oruulj ntr… Xaxa Eniig bichij bhdaa gants zuild iheer sanaa zowj bsn n mgl zaluuchuudaa muulaad bnaa gj bodohwiidee gdg blaa… Tgj bodoj bga bol sain bnasht. Ta zaluusiinhaa sul taliig sain mddg ym bna. Tiim bolohoor ta zaluuchuuddaa zowloj tusalj bgarai. Minii huwid “mongol”, “bi” gdg ugsiig ashiglahdaa haynuur, ali boloh baga hereglehiig zoridog. Tiim bolohoor ene zuil der tomoos tom uuchlalt husie. Daraagiin iim janariin niitlel maani jaahan huleen bhaa. Ternii umnu amidrald n heregtei, hachir bolgoj sonirholtoi negen niitlel hurgenee. Zaza helchii2 arhidah bolowsrol gdg nertei. Xaxa. Uramiin ugeer bombogdson ta buhendee bayarlalaa. Mon ikh nudend tawtai moril. Jinhene ider zaluusiin tusgal ym shuu. Zaluusaa yu hj, yu bodoj bgag mdhiig huswel ikh nuden bol zaluusiin nuur tsarai yum shuu.

  5. Үнэхээр сайхан бичжээ. Өөртөө болон гэр бүлийнхэндээ бичсэн амлалтыг минь сануулж inspiration хайрласан гоё нийтлэл байна.

  6. Энэ нийтлэлийг бичсэн хүнд: ЧАМД БАЯРЛАЛАА, ҮНЭХЭЭР ИХ БАЯРЛАЛАА. Хичээлээ цалгардуулахгүйн тулд тасралтгүй хичээллэх хэрэгтэй, гол зорилгоо марталгүй мөнгө олохын тулд ажиллаж байгаагаасаа илүү хичээлдээ цаг зарцуулах, хэт их мөрөөдөх, зав гарвал сошиалд байх, шөнө унтахгүй байх, өглөө сэрэхгүй байх гээд л… Ойрын хугацаанд бүр муу зуршилдаа дарлуулж гүйцээд байсан надад ЭНЭ ПОСТ-ноос авсан эрч хүчээрээ эргээд 2-р оюутан болохын төлөө

  7. Япончуудаас сурах юм их санагдсан шүү. Нээг их гоёж гангалж, баярхаад байдаггүй, тусархуу, хамтач, … гээд л. Харин ч нэг ямар ч стрессгүй газар байсан шүү.

  8. Нүдэнд харагдтал сайхан бичжээ. Даанч би аль ч оюутан нь биш юмдөө японы тэтгэлэгт тэнцэж чадаагүй юм, дээрээс нь хувиараа сурах хөрөнгө чинээтэй айлын хүүхэд биш. Тэглээ гээд мөрөөдлөө хаяхгүй ээ заавал японд суралцах болно.

  9. Айдас гэдэг нь яг олоод хэлцэн ч юм шиг нэг л таалагдлаа.

  10. Би бас гадаадад сурдаг, одоогоор 2 цагийн ажилтай хичээлээ ном, нийгмийн амьдралаа давхар авж явах гээд цагийн хуваарьтаа л баригдахгүй л бол, нойргүй хонох болно тэгээд л өглөө хичээл дээрээ унтаад өгнө, тэгээд л өнөөдөр ч үгүй, маргааш ч үгүй 2н хооронд юм болно доо (хахах) Гэхдээ миний энд ирсэн гол зорилго, шалтгааныг минь сануулж өгсөнд маш их баярлалаа

  11. Нэг ангийн залуу час хийсэн янзын нийтлэл бичжээ. Итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг минь гижигдсэн нийтлэл байна залуу минь баярлалаа. Амжилт хөгшөөн Аюур байна шүү хэххэхэ

  12. Яг надад хэлж байгаа юм шиг санагдлаа
    Би сургуулийн төлбөрөө олохын тулд 2 ажил хийдэг байлаа хичээлдээ сууна ажлаа хийнэ орой 5 – с гэрээсээ гараад маргааш өдрийн 1 цагт гэртээ орж ирээд шууд л унтдаг хоол хийх хичээл хийх цаг гарахгүй нойр их хүрдэг учраас хичээл дээрээ унтаж байнга л нэрээ дуудуулна эхэндээ ичдэг байсан ч сүүлдээ дассан /ккк/ 2 сар хиртэй ингэж явсан үнэхээр хэцүү байсан ходоод өвддөг болж бие сульдаж хичээлээ ойлгохоо больсон

  13. Яг надад хэлж байгаа юм шиг санагдлаа
    Би сургуулийн төлбөрөө олохын тулд 2 ажил хийдэг байлаа хичээлдээ сууна ажлаа хийнэ орой 5 – с гэрээсээ гараад маргааш өдрийн 1 цагт гэртээ орж ирээд шууд л унтдаг хоол хийх хичээл хийх цаг гарахгүй нойр их хүрдэг учраас хичээл дээрээ унтаж байнга л нэрээ дуудуулна эхэндээ ичдэг байсан ч сүүлдээ дассан /ккк/ 2 сар хиртэй ингэж явсан үнэхээр хэцүү байсан ходоод өвддөг болж бие сульдаж хичээлээ ойлгохоо больсон …

Leave a Reply

Your email address will not be published.


*