Эрхэм Доллар танаа…

image6
 

  Та дэлгүүр, гадуур хоолонд орохдоо төгрөгөөр биш доллар эсвэл юаниар гүйлгээ хийнэ гэж төсөөлж байсан уу? Муу ёртой ч нэг өдөр үндэсний мөнгөн тэмдэгт болох Тэмүүжин, Сүхээ ахынхаа зурагтай төгрөгөө устгаж, оронд нь дандаа дээрэлхэж байдаг Вашингтоноос Франклин хүртэлх эрхмүүдийн зурагтай доллар, эсвэл Мао Зэдуний зурагтай юаныг үндэснийхээ мөнгөн тэмдэгтээр солино гэж таны толгойд буухгүй биз дээ? Үүнийг “Мөнгөн тэмдэгт орлуулга” /Currency Substitution/ гэж нэрлэдэг бөгөөд 21-р зуунд үндэснийхээ мөнгөн тэмдэгтээ гадны мөнгөн тэмдэгтээр сольсон улс цөөнгүй болоод байна. Хавсралт1-г харна уу.
  Мөнгөн тэмдэгт орлуулгын тод жишээ бол Долларжих болон Еврожих үзэгдэл. Нэг ёсондоо дэлхийн эдийн засаг интеграцилагдаж буйн шинж. Учир нь дэлхий ертөнц хөгжихийн хэрээр улс гүрнүүдийн хүч харилцан адилгүй болж, хүчтэй нь улам өөрсдийн эрх мэдлээ тэлж, харин сул дорой нь аль нэг хүчирхэг орны нөмөрт орж буйн үйл явц болов уу.
Тэгэхээр евро болон долларын аль нь хүчтэй вэ? Яалт ч үгүй доллар. Учир нь олон улсын зах зээлд хамгийн их арилжаалагддаг бөгөөд дэлхийн гадаад валютын нөөцийн хэмжээгээрээ нэгт ордог. Харин евро нь долларын дараа хоёрт ордог (2014 оны байдлаар). Энд яагаад гадаад валютын нөөцөөр аль нь хүчтэйг тодорхойлж байна вэ гэдэг асуулт гарч ирж байна. Тэгэхээр улс орон бүр гадаад валютын нөөцтэй. Тэгэхдээ ямар валютыг өөрсдийнхөө гадаад валютын нөөцөд хадгалж байна вэ гэдэг чухал. Тодорхой хэмжээний валютын нөөц нь гадаад худалдааны алдагдлыг зохицуулах үүрэг гүйцэтгэдэг. Энгийнээр хэлбэл үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сулрах үед төв банк гадаад валютын зах зээлээс өөрсдийн мөнгөн тэмдэгтээ худалдаж авсанаар үнийг тогтворжуулдаг.

Хүснэгт1. Дэлхийн улс гүрнүүдийн валют нөөцөд эзлэх Доллар болон Еврогийн эзлэх хувь

 200620072008200920102011201220132015
Доллар65.7%64.1%
64.1%62.1%61.8%62.3%61.1%61.0%62.3%
Евро24.3%25.2%26.3%26.4%27.6%26.0%24.7%24.3%24.4%

  Долларын дараах хүчтэй валют болох Еврог тус бүсийн гишүүн 28 улсаас 19 нь болох Австри, Бельги, Кипр, Финлянд, Франц, Герман, Грек, Ирланд, Итали, Латви, Литва, Люксембург, Мальт, Голланд, Португал, Словак, Словен, Испани, Эстон улсуудад албан ёсоор хэрэглэдэг. Мөн Европын өөр дөрвөн улсад албан ёсны гэрээтэй ба гэрээгүй хэрэглэгддэг бөгөөд 2015 оны байдлаар 337 сая Европчуудын өдөр тутам хэрэглэдэг мөнгөн тэмдэгт болжээ. Мөн 2013 оны байдлаар Дэлхий даяар 210 сая хүн Евротой уясан мөнгөн тэмдэгт хэрэглэдэг. Уясан мөнгөн тэмдэгт гэдэг нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг нэг валютаас, эсвэл хэд хэдэн валюттай тогтмол байлгах явдал.

countries using Euro currency

Зураг1. Еврог мөнгөн тэмдэгтээ болгон ашиглаж буй дэлхийн улс гүрнүүд. 

  Засгийн газар гадны валютыг хууль ёсны мөнгөн тэмдэгт болгохоос өмнө тухайн валют зах зээлийг нь аль хэдийн эзэлсэн байдаг. Энэ нь гадаад худалдаатай шууд холбогддог. Өөрөөр хэлбэл худалдан авагч гадны орноос бараа худалдаж авахын тулд тэр улсын валютыг л ашиглана. Жишээ нь бид айфонь утсаа авахын тулд төгрөгөө доллараар сольдог. Энэ мэт үндэснийхээ мөнгөн тэмдэгтийг зарж, гадны валют авах үйлдэл валютын зах зээл дээр эрчимжсэнээр үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ буурдаг. Үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ өдрөөс өдөрт буурах тусам ханш суларна.  Монголд нэг хэсэг үл хөдлөх хөрөнгө зэрэг шууд доллараар арилжаалагдаж байсан. Энэ бол албан бус долларжилт. Хүн бүр доллар ашиглаж санхүүгийн эрсдлээс өөрсдийгөө хамгаалах гэж оролддог. Ингэснээр зах зээлд долларын нөлөө улам томроно. Үүний эсрэг валютын зах зээл дээр тодорхой хэмжээний гадны валютыг зарж, үндэсний мөнгөн тэмдэгтээ худалдан авч ханшны суларлаас хамгаалах арга хэмжээ авдаг ч энэ нь хэд хэдэн удаа давтагдаад ирэхээр хүчин мөхөсдөж өөр орны мөнгөн тэмдэгтийг сонгодог.

  Та долларыг хүнээр төсөөлөөд үз дээ. Яг л эрх мэдэл бүхий хүчирхэг ноёнтон шиг. Нөгөөх Вашингтоноос Франклин хүртэлх эрхмүүд нүдэнд харагдана. Тэгэхээр эрхэм Доллар маань хэнийг өөрийн эрхшээлдээ авах гэж оролдох вэ? Хаана ноёрхолоо бий болгох вэ? Иен, Юань, Евро, Фунт зэрэг эрхмүүдийг шууд дээрэлхэж чадахгүй. Тэд бол аль хэдийн байр сууриа олсон ноёд. Харин манайх шиг хөгжиж буй орон бол яг тохиромжтой. Хөгжиж буй оронд тусламж, зээл хэлбэрээр асар их хөрөнгө оруулалт хийдэг. Тиймээс эрхэм Доллар маань ядарсан нэгэндээ тусладаг сайн ноён байх нь. Латин Америкийн жижиг орнуудыг ч нилээдгүй долларжуулсан. Одоогоор Зүүн Тимор, Эквадор, Эль Сальвадор, Маршаллын арлууд, Микронез, Палау, Панама зэрэг орнууд бүрэн долларжсон. АНУ-н бүс нутагт тооцогддог Америкийн Самао, Гуам, Хойд Марианагийн арал, Пуэрто Рико, АНУ-ын Виржиний арал, АНУ-ын Бага Алслагдмал Аралд ашиглагдаж байна. Мөн АНУ-н бүсэд багтахгүй Их Британий Виржиний арал, Туркс ба Кайко арал, Caribbean Netherlands долларыг ашиглаж байна. Доллараас хамааралтай буюу уясан мөнгөн тэмдэгт хэрэглэдэг 27 улс байна. Мөн албан бус Долларжих  үзэгдэл Зүүн Азийн улсууд болох Канбож, Вьетнам, Лаос зэрэг орнуудад  аль хэдийн үзэгдэх болсон.

IMG_4734

                                                            Хүснэгт2. Долларжилт

  Ийнхүү мөнгөн тэмдэгт орлуулга ашигласнаар тухайн улсад инфляци нь намдаж, эдийн засаг нь тогтворждог. Мөн гадны хөрөнгө оруулалтыг татахад таатай болдог. Учир нь тогтвортой валют нь хөрөнгө оруулалт хийхэд хөрөнгө оруулагч нарт эрсдлийг бууруулдаг. Мөн тухайн улсын төв банк нь өндөр өртгөөр мөнгө хэвлэх, байнгын шинэчлэн хэвлэх зэрэгт төсвийн зардал гаргахгүй сайн талтай. Сайн эрхмүүдийн ачаар сайхан товхиноод авна. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр төдий чинээ эрхмүүдийн эрхшээлд орно. Зах зээлд өөрсдийн бодлогоор мөнгө нийлүүлэх болон гадаад худалдааны тэнцлийг тогтворжуулах бодлого явуулж чадахгүй бөгөөд мөнгөн тэмдэгтээ хэвлүүлэх эрхээ алдана. Нэг үгээр хэлэхэд төв банкны үүрэг алдагдаж хэрэгцээгүй болох юм. Дан ганц банк хоорондох гүйлгээ болон засгийн газрын банкны үүргээ л биелүүлнэ.

IMG_4732
IMG_4733

   100 жилийн турш эрхэм Доллартай гэрээ хийсэн Панамад төв банк байдаггүй. Панама нь 1903 оноос Колумбаас тусгаар тогтносон ч өдий хүртэл биеэ даасан мөнгөний бодлого явуулах эрхгүй. Харин Эквадор, Эль Сальвадорт төв банк байдаг ч үндсэн үүрэг нь ондоо болсон. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шүү дээ. Тиймээс тэдний дүрмээр л ажиллана. Харин манай Сүхээ болон Тэмка ахын маань зурагтай төгрөг маань хямралын үед Доллар, Юань зэрэг эрхмүүдэд дээрэлхүүлэхгүйн тулд амьхандаа л зүтгэж байна. Нэн ялангуяа урд хөрш эрхэм Юань болж л өгвөл дээрэлхэх хандлагатай шүү дээ. Арга ч үгүй л дээ. Эрхэм Юаний нөлөө маш их. Тэднийх байхгүй бол манайх  гэдэг айл хэцүүдэнэ.

Саяханаас урд хөрш эрхэм Юань нилээдгүй хүчтэй болж буй 2 үйл явдлаас сонирхуулъя.

НЭГТ. Юан нь SDR-т орохоор болов.


  ОУВС (Олон Улсын Валютын Сан)-гийн зөвлөл 2015 оны 11-р сарын 30-ны өдөр Юанийг SDR (Special Drawing rights-Тусгай эрх бүхий бичиг)-ын валют болгохыг зөвшөөрсөн. SDR гэдэг нь ОУВС-ын 1969 онд тогтоосон олон улсын нөөц хөрөнгө бөгөөд ОУВС-н гишүүн орнуудын валютын нөөц хүрэлцэхгүй болсон тохиолдолд харилцан нөхөлцөх эрх бүхий бичиг. Жишээлбэл аль нэг гишүүн орон Америкт импортын барааны төлбөр төлөх үед тодорхой хэмжээний доллар хэрэгтэй боллоо гэж бодъё. Тэр үед өөрсдийн SDR-г доллараар солилцох улсад өгч шаардлагатай доллараа авч чадах юм. Өдийг хүртэл SDR нь ам.доллар, евро, фунт, иенээр бүрдэж ирсэн бөгөөд 5 жилд нэг удаа SDR-г бүрдүүлэх гол валютыг шинэчилж болдог. Тун удалгүй юань нь ам.доллар, евро, иен, фунттай хамт SDR-ын валютыг бүрдүүлэх болсон байгаа. SDR-ын үнийг тус 5-н валютын харьцуулсан дундаж хэмжээгээр тогтоодог болно. Шинэ SDR 2016 оны 10-р сарын 1-нээс албан ёсоор хүчинтэй болно.

ХОЁРТ. Зимбабве улс эрхэм Юанийг дагасан нь.


  2008 онд Зимбабвегийн инфляцийн түвшин тэнгэрт хадаж 35,5000%-д хүрч байжээ. Энэ бол зүгээр л эхлэл. Тус оны 11 сарын инфляцийн түвшин 79.6 тэрбум хувиар илэрхийлэгдэж тээр холын огторгуйд хадсан. Жилийн инфляцийн түвшинг ярих ч юм биш. Кассан дээр цүнх дүүрэн мөнгө авч очсон ч юу ч худалдаж авч чадахааргүй түвшин шүү дээ. Энэ үед “100 тэрбум зимбабве доллараар 3 өндөг” гэх мэдээллэл интернэтээр тархаж байжээ. Үүний дараа 2009 онд долларжсон. Харин 2015 оны 12-р сарын 24-нд эрхэм Доллартай гэрээгээ цуцлахаар болж, оронд нь эрхэм Юаныг 2016 оноос эхлэн албан ёсныхоо мөнгөн тэмдэгт болгохоо зарласан. Юаныг дагавал мянган лан гэж үг байхгүй ч Юан ноёнтон сүүлийн 5 жилийн хугацаанд Зимбабве улсад зээлүүлж байсан 40 сая долларын өрөө тэгэлжээ. Мэдээж Юань ноёнтон юу гэж зүв зүгээр өрөө тэглэхэв. Ноён битгий хэл жирийн мангар ч өрөө тэглэх учиргүй. Дан ганц мөнгөний асуудал ч биш улс төрийн асар том ашиг сонирхол байгаа биз. Ялангуяа эрхэм Юаньд маань баруун Африкийн улс гүрнүүдэд нөлөөгөө тэлэх алсын бодлогоо Зимбабве улсаар дамжуулан хэрэгжүүлэх гэж буй хэрэг гэнэ. Ийнхүү Хятадын Юань нь улам чангарах биз ээ.

FullSizeRender
20000-тын мөнгөн дэвсгэрт


  Урд хөрш угийн хүчирхэг гээд төгрөгөө ноёдод дээрэлхүүлэх валют биш байгаасай гэж хүснэ. Ноёдоос мөнгө зээлэх болохоороо Чингис болчихдог. Харин  мөнгөн тэмдэгт дээрээ нас биед хүрээгүй Тэмүүжин. Их өрөвдөлтэй юм даа. Дэлхийг эзэгнэж явсан түүх найман зууны тэртээ. Ноёдоос зээлсэн өрийг төлж барагдуулахад хэдий хэр хугацаа шаардлагатайг мэдэхгүй ч ирээдүйн боловсон хүчин залуучууд маань яг л Тэмүүжин ах шигээ улсаа нэг зорилгын төлөө нэгтгэж, хөгжүүлэх дэврүүн мөрөөдлөөр дүүрэн гэдэгт эргэлзэхгүй байна. Цаг цагаараа байдаггүй. Салбар бүртээ хичээж, алхам бүр урагш тэмүүлж буй үе тэнгийнхнээсээ урам авах сайхаан. Тиймээс Алтнаас илүү Оюунаараа баялаг. Хөгжлөөр хоцрох ч, Мэдлэгээр түрүүлэх орчин үеийн залуус бид өөрсдийгөө голж болохгүй. Грек, Эквадор гээд дэлхийн улс гүрнүүдийн туршлагаас сургамж авч, илүү ихийг мэдэхийг зорино. Эзэн хичээвэл Заяа хичээнэ. Маш олон Заяа Монголыг өөрчилнө. Эцэст нь төгрөг маань жанжин Сүхбаатар, агуу Чингис хаан байх учиртай.

  Хавсралт1. Мөнгөн тэмдэгт орлуулга нь албан ба албан бус хэлбэртэй. Албан ёсны хэлбэр нь засгийн газраас хуулийн дагуу үндэснийхээ мөнгөн тэмдэгттэй хамт тогтсон ханшаар хэрэглэх эсвэл 100% орлуулахыг хэлнэ. Энэ мөнгөн тэмдэгт орлуулга гэдэгт заавал валютын ханшны тухай ойлголт гарч ирнэ. Валютын ханш гэдэг нь нэг орны мөнгөн нэгжийг нөгөө орны үндэсний мөнгөн нэгжтэй харьцуулсан харьцаа юм. Өөрөөр хэлбэл гадаад валютын нэгжийг үндэсний валютаар төлөх үнэ юм. Ханшийг тодорхойлоход тогтмол ба хөвөгч гэсэн ангилал байдаг.

1.Тогтмол буюу хатуу тогтоосон ханшийг төрөөс тогтооно. Энэ нь төрөөс валютын арилжааны тэнцвэрт байдлыг хангах тухай сонирхогч орнуудын хэлэлцээрийн үр дүнд бий болдог.
2. Чөлөөтэй хөрвөх ханш нь валютын зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтээр тодорхойлогдоно.

Өсөхбаярын Үүлэн
Шиншү их сургууль, Эдийн засгийн факультет 2-р-курс
2016.01.20

Ашигласан материал:

  1. Мөнгөн тэмдэгт орлуулга
    https://en.wikipedia.org/wiki/Currency_substitution
  2. Америк Доллар
    http://www.oanda.com/currency/iso-currency-codes/USD
  3. Евро
    http://ec.europa.eu/economy_finance/euro/index_en.htm
  4. “Эдийн засгийн алуурчины наминчлал”
    Confessions of an Economic Hit Man by John Perkins
  5. SDR Valuation
    https://www.imf.org/external/np/fin/data/rms_sdrv.aspx
  6. Зимбабве улсын Юанжих болсох тухай
    https://www.washingtonpost.com/news/worldviews/wp/2015/12/23/zimbabwes-curious-plan-to-adopt-chinas-currency/

    https://ja.wikipedia.org/wiki/%E3%82%B8%E3%83%B3%E3%83%90%E3%83%96%E3%82%A8%E3%83%BB%E3%83%89%E3%83%AB#.E3.83.8F.E3.82.A4.E3.83.91.E3.83.BC.E3.82.A4.E3.83.B3.E3.83.95.E3.83.AC.E3.83.BC.E3.82.B7.E3.83.A7.E3.83.B3
  7. Зимбабве улсын хэт инфляци
    https://en.wikipedia.org/wiki/Zimbabwean_dollar

 

Хуваалцах
Үүлэн
About Үүлэн 16 Articles
Санхүү эдийн засгийн мэргэжлээр сурдаг. Хөрөнгийн зах зээл, үл хөдлөх хөрөнгө, финтек судлаач. Шинэ мэдээ мэдээлэлийг боловсруулж чанартай нийтлэл бичихийг зорьдог.

6 Comments

  1. Mash heregtei medeelel bna! ih bayrlalaa. sayhan uzsen bogino hemjeenii kinotoi tustei sanagdlaa hehe.. zavtai bol uzeerei! The Rainbow war (20 min short film)

  2. Мэргэжлийн биш миний ойлгосноор улс орон мөнгөний бие даасан тусгаар бодлоготой байхын гол гогцоо нь экспортын ашиг нь импортын зарлагаа даваад байдаггүймаа гэхэд нөхөөд байх явдал юм шиг байна. Тэгж гэмээнэ валютын тодорхой нөөцтэй болох, цаашлаад мөнгөн дэвсгэртээ доллартай уях ч гэдэг юм уу секюр болдог биз. Гэтэл Монгол маань сүүлийн хэдэн жил валютын ханшны байнгын өсөлттэй, инфляц тогтвортой биш гээд харахаар бид хэрэглэснээсээ илүүг бүтээж чадахгүй байгааг л харуулах шиг. Их юм болж эхлүүлсэн мега төслүүд маань үр ашгаа өгөх нь үү гэхээр, уг үндэс нь өр бонд юм болохоор хэсэгтээ горьдолтгүй биз, яалтай ч билээ. Мэдээж хэн төгрөгөө доош орохын харахыг хүсэхэв. Гэхдээ бидний алдаа оноо яалтчгүй тийм нөхцөл байдалд хүргэж магадгүй л харагдаж байна. Зах зээлийн хуулиараа л нэг өдөр доллар хэрэглээд ирэхийг хэн байг гэхэв, мэдэхгүй шд, чи хийхгүй бол би хийе гэдэг юм чинь. Доллар 2000 гарчихлаа шүү дээ. Харин ч бараг мөлхөж байснаас долларжчихвал “сайн тал” дээр тань гарсан шиг инфляц тогтворжиж, гаднаас хөрөнгө оруулалт ихсээд, төсвийн алдагдал багасч нэг хэсэгтээ амьсгаа авч, бодох боломж гарах ч юм билүү. Ер нь тэгээд даахгүй нохой булуу хураана гэдэг шүү дээ. Төв банк байтугай, банкгүй сайхан амьдраад байгаа орон ч байгаа юм чинь.

  3. Bayarlalaa, setgegdlelee huvaaltssand.

    Tanii helsen shig uneheer Mongol uls ingej bhaar neg moson dollarjson uls bolood tur amshiih ni zov bj ch magadgui. Uneher dollarjih ni saaraasaa sain ur dun avchrah uu gdg l. Tiim ch uchraas togrogiin togtvortoi baidliig hangah uuregtei Mongol bank ajiilaj baigaa. Mash olon sudalgaa, shinjilgeen deer ajillaj baidag ni oilgomjtoi bz e. Mash tom apparat shude, Ternees gadna tanii helsen shig ali neg valutaas togrogoo uyna gdg bas ih boduushtai bh, ylanguya dollaraas uysan “pegged to dollar” uls ornuudas turshlaga sudalval.
    Bi daraagiin niitleleee “Ecuador ulsiin dollarjson tuhai bolon odoogiin nohtsol baidal”-g hondoj oruulnaa. Hamgiin sonitholtoi ni Ecuador uls olon zuileeree Mgltoi tostei um ble. Ted uneheer dollarjsonooroo sain ur dund hursenuu?

  4. Жаргалсайхан гуайн нийтлэлийг ч мөн уншлаа, баярлалаа. Олон юм мэдэж авлаа. Дараагийн нийтлэлийг чинь уншъя. Монгол банк ч улстөржсөн аппарат бололтой, хэнийгээ ч гэлтэй билээ, хаана хаанаа байдал тиймхэн л байгаа юм шиг байна даа.

Leave a Reply

Your email address will not be published.


*