Өнгөт линзний жинхэнэ нууц

Color-Contact-LensesОйрын жилүүдэд техник технологийн хөгжил дэвшлийн ачаар бид нэгэн хэвийн байдлаасаа салж, өдөр тутам зүүдэг нүдний шилнээсээ хагацан, контакт линз гэгдэх нимгэн давхаргатай шидэт зүйлийг ихээр хэрэглэх болсон билээ. Ямар ч нөхцөлд харааг тань сайжруулан, сайхан мэдрэмжийг төрүүлэх энэхүү дэвшилтэт бүтээгдэхүүнийг анх 1887 онд Германы эрдэмтэн Адольф Гастон Евгений (Adolf Gaston Eugen Fick) олон тооны туршилтаар бүтээсэн бөгөөд 1932 онд албан ёсоор хэрэглэгчдийн гарт хүрэн, эдүгээ дэлхий дахинаа тархаж, орчин үеийн залуусын өдөр тутмын хэрэглээ хэдийнээ болжээ.

Мөн түүнчлэн өөрийн төрөлх нүдний өнгөө ногоон, улаан, цэнхэр гэх мэт ер бусын өнгөөр солих боломжийг нээсэн “өнгөт контакт линз” нь харин 1990-ээд оноос дэлгэрэн, өдгөө ихэнх өсвөр насныхны байнгын хэрэглээ болтлоо өргөжин тэлсээр байна.

Харин яагаад бид өнгөт линзэнд донтдог вэ?

Орчин үед охид бүсгүйчүүд нүүрний будалтандаа ихэд анхаарал тавих болсон. Тэр дундаа зарим бүсгүйчүүд өнгөт линзнээс татгалзаж чадахгүй болсон нь цаанаа учиртай. Та бүхний мэдэж байгаачлан өнгөт линз нь хүүхэн харааг томруулан харагдуулдаг ба сэтгэл судлаач нарын тодорхойлсноор энэ нь “хүүхэн хараа том байх тусам бусдыг татах чадвар нь ихэсдэг” гэсэн сэтгэл зүйн онцлогийг ашиглан анх дэлгэрсэн болохыг тогтоосон байна. Мөн хүүхэн хараа том байх нь “хөөрхөн, нялх” гэсэн бодлыг хүний толгойнд автоматаар оруулдаг ба нялх хүүхэд болон гөлөгний хүүхэн хараа илүү өргөн байдаг учир хэн ч байсан тэднийг хараад байгалиасаа “хамгаалах, хайрлах” сэтгэл төрдөг нь үүнтэй холбоотой юм. Эрэгтэй хүмүүсийн хувьд ялангуяа хүүхэн хараа нь том бүсгүйчүүдийг хараад байгалиасаа түүнийг хамгаалахыг хүсэх сэтгэл төрдөг гэнэдээ. Тиймээс өнгөт линз зүүх нь охид бүсгүйчүүдийг эсрэг хүйстнээ татах гол хүчин зүйлийн нэг болгож чаддаг гэж хэлж болох ба Япон хүүхэлдэйн киноны гол дүрийг  энгийн хүнийхээс хэд дахин том хүүхэн хараатай болгож зурдаг нь үүнтэй холбоотойг та анзаарч бодоорой.

sss

Та хүнд хайртай болсон эсэхээ мэдье гэвэл өөрийнхөө нүдний хүүхэн харааг харахад мэдэж болдог гэнэ дээ.

АНУ-ын сэтгэл судлаач Eckhard Hess-ийн нотолсоноор хүмүүс өөртөө таалагддаг хүнийхээ өөдөөс харах болон сонирхол татсан зүйлээ сонсох үедээ зүрх нь хүчтэй цохилж, өөрийн эрхгүй хүүхэн хараа нь энгийн үеэсээ тодорхой хэмжээгээр томордог байна. Энэ нь эсрэг хүйстэндээ өөрт нь таалагдаж байгаагийн нэгэн дохио болдог ба улмаар эерэг сэтгэгдэл төрүүлж, харилцааг улам сайжруулдаг байна. Мөн түүнчлэн хүнд хайртай болсон үеэс гадна амттай бялуу, хорхой хүргэм зайрмаг, эсвэл нарны цацарсан туяа зэрэг сайхан зүйлсийг харахад нүдний хүүхэн хараа мөн адил томордог гэдгийг бас мэдэхэд илүүдэхгүй биз.

Гэвч аливаа зүйлд заавал хоёр тал байдгийн адил зарим тохиолдолд нүдийг хэт томруулсан өнгөт линзийг хэрэглэснээр эрчүүдэд хэт хуурамч сэтгэгдэл төрүүлэн танаас холдох дохиог мөн тархинд илгээдэг гэдгийг бодолцож үзээрэй. Мөн өнгөт линзийг зөв бус хэрэглэснээр хараагүй болсон гэх мэт мэдээлэл ойрын үед ихээр давтагдаж байгаа тул контакт линзнийхээ хэрэглээг тааруулцгаая охидуудаа.

   

    Обирин их сургуулийн 4-р курс, Сэтгэл судлалын мэргэжил, Х.Сайнсанаа
2016.1.30

Ашигласан материал:

  1. Eckhard H. Hess(1965).The role of pupil size in communication.Scientific American
  2. 心理學證實「大眼女孩比較受歡迎」http://biranger.tw/archives/2042
  3. 别让眼神出卖了你:10种眼神暴露了机密http://www.360doc.com/content/15/0718/06/1063372_485621342.shtml

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*