Эхлээд амжилт, дараа нь нойр

“Газар дэлхийг хөлөөрөө үнсэж буй мэт алх.”
Тич Нат Хан

“…Дэлхийн сагсан бөмбөгийн тод гэрэлтэх од Коби Брайнт, сүүлд гарсан “Thrive” ном нь №1 бэстселлэр болсон Huffington Post мэдээллийн группын үндэслэгч хатагтай Ариана Хаффингтоныг зөөлөн бөхийж үнслээ. Дараагийн 2 цагийн турш манай 2 өөрсдийн ололт амжилт, тулгарсан саад бэрхшээл, өөрсдийгөө цэнэглэхэд тусалдаг бясалгалын тухай, мөн бидний хийж байгаа зүйл болон бид яг хэн юм бэ хоёрын хоорондох ноцтой ялгааны талаар ярилцсан юм…”

Филип Галайнс (сурвалжлагч): Та 2-г бие биенээ таньдаг байсныг мэдсэнгүй?

Коби Брайнт: Би “хүйтэн захиа” илгээдгээрээ олонд танигдсан хүн. Би том адгуус барьж аваад түүнийгээ яргалдаг хүмүүсээс суралцах дуртай. Би Ариана энэ бүхнийг яаж хийснийг, яагаад хийснийг мэдэхийг хүссэн юм.

Ариана Хаффингтон: 6 сарын өмнө Коби манай гэрт цай уухаар ирсэн юм. Хамгийн гайхалтай нь, өч төчнөөн алдартай хүмүүсийг харж дадсан гэрийн үйлчилэгч маань нулимс дуслуулж байв. Миний хэзээ ч харж байгаагүй зүйл шүү.

ФГ: Солиотой сонсогдож магадгүй, гэхдээ та хоёрын тухай ухах тусам адил төстэй зүйлс ундрах юм?

КБ: Гайхах зүйл биш байна. Ямар салбарт байгаагаасаа үл хамааран, гайхалтай зүйлсийг хийдэг хүмүүст дандаа л төстэй чанарууд байдаг. Илүү сайн сагсан бөмбөгч болох гээд зүтгэж явахдаа, энэ талаар их боддог байлаа.

ФГ: Арианаг Грек хүн гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ таныг бага насаа Италид өнгөрөөснийг ёстой мэдсэнгүй.

КБ: Аав маань 8 жил НБА (Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо)-д тоглоод, карьераа хилийн чанадад үргэлжилүүлсэн юм. Намайг 6 настай, эгч нар маань 7, 8-тай байхад, бид Итали уруу нүүж, тэндээ 8 жил болсон доо.

ФГ: Газар дундын тэнгис дэх хүүхэд насны дурсамжаас хамгийн хүчтэй нь?

АХ: Гал тогооны ширээ. Манайх Афины нэг өрөө орон сууцанд амьдардаг байлаа. Цаг наргүй хоол иднэ, ингэх бүртээ бүх зүйлийн талаар ярилцана: бидний амьдрал, бидний айдас, сургууль гээд л. Ээж маань, бид 20 минут тутам юм идэж л байхгүй бол, ямар нэг аймшигтай зүйл болчих юм шиг байдаг байж билээ.

КБ: Миний хувьд, спорт гэдэг зүйл дэлхийг яаж жижигрүүлэхийг харсан явдал байлаа. Италид ирэхдээ Италиар нэг ч үг мэддэггүй байсан. Над шиг Африк-Америк хүүхдүүд ч тийм олон байсангүй. Би яг л аварга том давс цацагч доторх нэг ширхэг хар перц шиг байсан даа. Гэхдээ талбай дээр ойлголцоход Итали хэлний хэрэг гардаггүй.

ФГ: Эцэг эх тань таны авъяасыг хөхүүлэн дэмждэг байв уу?

АХ: 14-тэйдээ Кэмбрижид орно гэх хүртэл үгүй шүү.

ФГ: Ээж тань гэр бүлээ Англи уруу нүүлгэхээр шийдсэн үе байх аа?

АХ: Ээж маань миний мөрөөдлийг дэмжсэн. Хүн бүр л, “Тэнэглэхээ больж үз. Чи хэзээ ч Кэмбрижид орж чадахгүй. Чи Англиар ч олигтой ярьж чадахгүй. Дээр нь мөнгө ч үгүй.” гэнэ. Харин ээж маань л: “Юу болохыг харж л байя.” гэсэн дээ. Мөн тэр надад бүтэлгүйтсэн ч зүгээр гэж хэлж ойлгуулж байсан.

КБ: Итали их ондоо шүү. Хүүхдүүд өдөржин гадуур алга болоод, оройн хоолны үеэр л гэртээ ирнэ. Би парк явж сагсан бөмбөг тоглодог байсан. Намайг гайгүй тоглочихдог гэж аав ээж маань мэдэж байсан юм болов уу бүү мэд.

АХ: Тэгээд хэзээ чамайг анх мэдсэн юм?

КБ: Америкт буцаж ирээд, нэг сагсан бөмбөгийн зуслан дээр. Би 15-тай, 55 кг жинтэй хүү байлаа. Шалба хөлөрсөн би аавтай хамт зогсож байв. Скаутууд мэдээж аавыг маань танина. Тэдний нэг хүрч ирээд аавд маань, “Энд үнэхээр сайн тоглогч болох нэг хүү байна гэнэ, дэлхийн шилдэг болно. Нэр нь Коби.” гэж хэллээ. Аав маань, “Тэр чинь миний хүү, энэ зогсож байна.” гэсэн юм. Тэгсэн нөгөө скаут гарыг маань бариад, “Чи №1 тоглогч шиг харагдахгүй л байна даа.” гэж билээ.

ФГ: Шийр хатаах дарамт шахалт байгаагүй гэж үү?

КБ: Гэр бүлийн маань зүгээс бол огтхон ч байгаагүй. Би өөртөө дарамтыг бүтээсэн. Би их эрт хүсэл, зорилгоо олсон л доо.

АХ: Хэдэн настай байв?

КБ: Зургаа. Тэр үед л би өөрийгөө мэдсэн дээ. Тамд очсон ч, үер буусан ч, энийг л хийнэ гэж шийдсэн. Ариана, бичих, өөрийгөө илэрхийлэх чиний амьдрал байсныг хэзээ мэдэж байв?

АХ: Кэмбриж юнион гэж мэтгэлцээний бүлгэмд байхдаа. Гэхдээ хүний сэтгэл оюуныг хөдөлгөнө гэдэг эхэндээ ярих тухай асуудал байлаа.

ФГ: Тэгвэл таны анхны ном “The Female Woman” мэтгэлцээнээс урган гарсан гэсэн үг үү?

АХ: Би эмэгтэйчүүд ямар ч сонголт хийсэн түүнийхээ төлөө ижил тэгш хүндлэл авах ёстой гэж итгэдэг байлаа. Улс орон удирдсан ч, үр хүүхдээ өсгөсөн ч. Одоо бол хүн болгон санал нийлдэг. Гэхдээ намайг 1973 онд тэр номыг бичих үед, эмэгтэй хүн ажилдаа явж, шатаар авирч байхгүй л бол бүтэлгүй амьтан болдог байлаа. Хүүхэд хүснэ гэдэг нийгмийн тархи угаалт гэж үзэгддэг үе байлаа шүү дээ.

ФГ: Арианагийн анхны ном бэстселлэр болж байсан. Тэр 23-тай байсан. Харин Коби 18-тайдаа НБА-д орж, 5 жилийн дотор 3 удаа аварга болж байв. Та хоёр өөрсдийгөө чимхэж үздэг байв уу?

КБ: Миний хийх ёстой л зүйл байсан гэж боддог. Хүүхэд насны минь баатрууд, Жордан, Билл Рассэлл, Мэжик Жонсон, бүгд олон удаа аварга болсон улс. Би бүр ихийг хүссэн. Гэхдээ энэ зөвхөн үр дүнгийн тухайд байгаагүй. Тэнд хүрэх урт аялалын тухайд байсан.

ФГ: Та процесст нь дуртай гэсэн үг үү?

КБ: Би процесст хайртай. Үр дүн бол яахав дараа нь дагаад ирнэ.

АХ: Коби гэмтсэний дараах эргэн ирэлтийн тухайд ч адил зүйл ярьдаг: илүү ихийг судлах, багийнхныгаа цуглуулах гээд л. Коби эдгэрэлтийн процессийг тааламжтайгаар өнгөрүүлдэг. Энэ чинь л гайхамшиг юм шүү дээ, учир нь ихэнх хүмүүс процессийг биш зорилгоо л боддог.

ФГ: Яг таны анхны номын аялал шиг үү?

АХ: Анхны олон улсын номын аялалынхаа үеэр би 23-тай байлаа. Зочид буудлын өрөөнд оргилуун дарс, шоколад, цэцэгтэй. Тэр үед би амьдралынхаа хямралыг мэдэрсэн. Яагаад гэвэл тэр үеийн амжилтыг би амьдралынхаа турш ажиллаж байж л олж болно гээд итгэчихсэн байсан хэрэг. Би бодсон, ингээд бүх юм дуусаа гэж үү? Тэгэхэд л миний оюун санааны аялал эхэлсэн дээ.

КБ: Ихэнх хүмүүсийг, ялангуяа алдартай хүмүүсийг ихээхэн гэмтээдэг зүйл нь тэд өөрсдийгөө, яг юу вэ, дэлхий нийт тэднийг юу гэж харж байна вэ гэдэг хүрээнд л үнэлж эхлэх явдал: зохиолч, илтгэгч, сагсчин. Улмаар чи өөрийгөө хэн бэ гэдгийг юу хийж байгаагаараа л төсөөлж эхэлнэ. Гэхдээ чи хэн бэ, чи юу вэ хоёрын хооронд том ялгаа байгаа шүү дээ.

ФГ: Зөв шүү, гэхдээ 20 настай залуу өөрөөсөө 10 ах хүмүүстэй тоглоход ингэж бодох хэцүү биш үү?

КБ: Бурхан минь, би тэдэн рүү баруун зүүнгүй хашгичдаг байлаа. Тэгэхэд аль хэдийн байр сууриа олсон хүмүүс чинь намайг “Чи хэн гээч нь вэ?” гэдэг юм байгаа биз дээ. Гэхдээ би сагсан бөмбөгийг маш их судалсан. Нас явах тусам, энэ зөвхөн сагсан бөмбөгийн төлөө биш гэдгийг улам ойлгох болсон. Хүмүүс үргэлж сэтгэлийн хөдлөлөө тээж явдаг. Тэд талбайн гадна амьдралтай шүү дээ. Энэ ойлгоц намайг бусадтай илүү харилцахад тус дэм болсон доо.

АХ: Би гэж хүн гайхалтай өөрийгөө шүүмжлэгч байлаа. Бүр тэр зангаа бусдыг харахдаа нөлөөлөхүйцээр хөхүүлсэн гээч. Би өөрөө өөртөө энэрэнгүй байхыг, цаашлаад толгой доторх “ой гутмаар” гэж тодотгосон бодлуудаа сонсохгүй байхад суралцах хэрэгтэй болсон. Харин Коби энэ тал дээр гайхамшигтай шүү.

ФГ: Кобигийн талаар хамгийн гайхалтай статистик нь НБА-н ерөнхий менежерүүдээс авдаг санал асуулгын үр дүн: “Эгзэгтэй тоглолтын сүүлчийн мөчид, бөмбөгийг хэний гарт бариулах вэ?” Эргэлзээнгүй Коби.Бүр 10 жил дарааллаад шүү.

КБ: Алив би нэг түүх ярья. Манай охины хичээл дөнгөж эхлээд байгаа юм. Охин маань 11 настай. Тэр нэг удаа: “Аав аа намайг математик гэхээр айдаг байсан үеийг санаж байна уу?” Нээрээ л гар нь хөлрөөд ирдэг байж билээ. Тэгээд би яаж айхаа больсныг нь асуув. Охин маань: “Би ингэж боддог болсон. Математикийн тестийг би нэгэнт өгчихвөл тэгээд л дуусна. Маргааш өглөө нь би сэрдгээрээ л сэрнэ.” Өнөөдөр сайн ч өдөр байж болно, муу ч өдөр байж болно. Гагцхүү тестэндээ ямар ч дүн авлаа гэсэн, тэр цикл үргэлжилдгээрээ л үргэлжилнэ.

ФГ: Тэгэхээр эгзэгтэй үед аймшиггүй (clutch) байна гэдэг түүний дараа ч цаг хугацаа үргэлжилэхийг ухамсарласны үр дүн гэсэн үг үү?

КБ: Өө бүр хязгааргүй цаг хугацаа байгаа шүү дээ. Сүүлийн шидэлтийг хийсэн ч хийгээгүй ч төгсгөл биш гэсэн үг. Юм нэгээр дуусахгүй.

АХ: Тийм шүү, юу ч болдог байлаа чи өөрийнхөө аялалаас ихийг сурч, тэр хэмжээгээрээ өсөн дэвжих болно.

ФГ: Та 2 хоёулаа маш амжилттай урагшилж байлаа. Гэтэл 2003 онд хурдны зам дээрх хар нүхнүүд гарч ирсэн. Ариана Калифорнийн захирагчийн сонгуульд бүтэлгүйтсэн. Коби хүчингийн хэрэгт сэжиглэгдсэн. Хоёул хоёулаа шарсан талх болж. Гэхдээ хоёулаа харанхуй ангалаас урьдынхаасаа ч илүү хүчирхэг болон гарч ирсэн. Хаффингтон Пост бөмбөрцгийн хүчирхэг энтэрпрайс боллоо. Коби онооны рекордууд тогтоож, нэмж 2 аварга авлаа, багийн лидер боллоо. Энэ бүхэн их үнээр ирсэн биз?

АХ: Хэрвээ чи бүтэлгүйтлээсээ болж хөдлөшгүй нэгэн болтлоо гутарчихгүй л бол, алдаа гэдэг их хүчийг өгдөг эд юм шүү. Ингэж нэг хэлээд үзээрэй л дээ: “Хөөе би бүтэлгүйтсэн. Гэхдээ би энд байж л байна. Би эрүүл, хүүхдүүд маань надад хайртай, надад олон сайхан найзууд байна. Урдах амьдрал минь зурайж байна.” Гэнэтхэн чи бүр ч илүү том эрсдлийг хүлээмээр зоригтой болоод ирнэ.

КБ: 2003 онд тэр Колорадогийн хэрэг явдал болсон. Миний хувьд тун хэцүү үе байлаа. Би өөрөөсөө юу хүсч, юунд хүрмээр байгаагаа асуух хэрэгтэй болсон. Би гэр бүлээ сарниулахгүй байхыг хүссэн. Би их сайн сагсан бөмбөгч, улам олон аваргын бөгж хүсч байлаа. Эдгээртээ л төвлөрөх хэрэгтэй байв. Бүх зар сурталчилгааны гэрээ маань цуцлагдсан. Бүх маркетерууд надад: “Чи засрахаасаа өнгөрсөн.” гэж хэлсэн. Тэр үед би тулгарсан асуудлыг жижиг жижиг хэсгүүд болгон салгаж, нэг нэгээр нь төвлөрч эхэлсэн. Чи өөр юу хийж чадна гэж?

ФГ: Асуудлыг хэсэгчилнэ гэснээс, “Thrive”-г уншиж байхдаа, үргэлж оргил амжилтын төлөө байдаг тамирчдын хувьд, бие махбод хийгээд сэтгэл санааны хувьд эрүүл сайхан байна гэдэг зайлшгүй бүрдүүлэх ёстой зүйл гэдгийг анзаарсан. Та хоёр бясалгал хийдэг үү?

АХ: Өдөр болгон.

КБ: Дасгалжуулагч Фил Жэксон намайг бясалгалтай танилцуулсан. Бас намайг 18-тай байхад Майкл Жэксон бясалгал хийлгүүлэх гэж оролдож байсан удаатай. Тэр бүтэн 7 цаг бясалгал хийн сууж чаддаг байсан. Харин би 20 минут ч сууж чаддаггүй байлаа.

ФГ: Майкл Жэксон уу?

КБ: Тиймээ. “Thriller” Майкл Жэксон.

ФГ: Фил Жэксон хэзээ ирсэн юм бэ?

КБ: Филийн ирсэн анхны улирал би 21 настай байсан. Би тэр дороо л бясалгал уруу шумбан орсон. Сагсан бөмбөг ердөө нэг икс-окс, стратегийн тоглоом бус, илүү гүн утга агуулж байсныг би мэддэг байсан л даа.

АХ: Фил Жэксон бол бясалгалыг спортод оруулсан анхдагч. Тэр орчин үеийн, үнэн худал нь үл мэдэгдэх эл хуль зүйлсээр үнэлэмжээ хийсэн том залуус, бизнесмэнүүдэд өөрсдийгөө таних аргыг, бясалгал хийх талаар сургасан. Нэг л мэдэхэд, бясалгал гэдэг зүйл хийж байгаа зүйлдээ өөрийгөө улам сайжруулах арга, өөрийн танин мэдэхүйн аялалын нэгээхэн салшгүй хэсэг болсон.

КБ: Хүмүүс бясалгалыг төдийлөн ойшоодоггүй нь үнэхээр гайхалтай. Зүгээр л гайхамшигтай зүйлсийг хийж бүтээсэн хүмүүсийг хар л даа. Тэд бясалгал хийдэг үү? Эргэлзээгүй.

ФГ: Бясалгал хийхгүй үед, таны хэлсэн нөгөө “ой гутмаар” муу бодлууд юу болдог вэ?

АХ: Миний бясалгал тийм ч сайн болоогүй байгаа л даа. Гэхдээ “ой гутмаар” бодлуудын хувьд тэд хаа ганц ирдэг зочин шиг л болсон. Энэ чинь л миний хувьд их амжилт шүү дээ. Би бясалгалаа алгассан ч өөрийгөө шүүмжилэхгүй байхыг хичээдэг. Шүүмж гэдэг зүйл уур уцаарын тойргийг үүсгэдэг юм.

КБ: Миний “ой гутмаар” муу бодлууд тархины хаалгыг тогшиход, би зүгээр л тэднийг оруулахыг илүүд үзэх болсон. Хэрвээ чи түүнийг хөөж явуулахыг хүсвэл, тэр улам хүчтэй балбах болно. Хэрвээ чи түүнийг зүгээр л оруулчихвал, тэр суугаад, зурагт үзээд амаа хамхих болно. Юу гэж байгааг минь та ойлгож байна уу?

ФГ: Дараагийн асуулт: Нойр. Хэр ихийг авдаг вэ?

КБ: Би урьд нь 3 юмуу 4 цаг л унтдаг байлаа. Тархиа бүрэн унтраах их хэцүү байдаг байсан. Энэ байдал маань бага багаар сайжирсан. Одоо бол би зургаагаас найман цаг унтдаг.

ФГ: Юу өөрчлөгдсөн юм бэ?

КБ: Би хүн талаараа өсч хөгжсөн. Тархин доторхоо ийш тийш үсчүүлэх бус, бүрэн унтраахын ач холбогдлыг ойлгосон явдал юм болов уу даа.

АХ: Энэ их чухал шүү. Ялангуяа хүмүүс хэрхэн бага нойр авдгаараа онгирох болсон өнөөгийн нийгэмд. “Өө, надад ердөө 4 цаг байхад л хангалттай.” гээд л. Шинжлэх ухаанаар нойр болон эрүүл мэндийн хамаарлыг тодорхой харуулж байна, нойроор өдөржин цуглуулсан хороо гадагшилуулдаг тухай, нойрны дутагдал Алзхаймерийн өвчлөлийн хамаарал гээд л.

ФГ: Нойр гэж ид шидтэй эм байх нь ээ.

АХ: Яахав би ч гэсэн унтдаггүй нэгэн л байлаа. Харин 2007 онд хэт ядралтаас болж бие маань муудахад сэрүүлэг чангаар дуугарсан хэрэг. Түүнээс хойш би нойрыг их чухалчилах болсон.

ФГ: Ямар нэг тайван нойрсох зан үйл байна уу?

АХ: Миний өөрчилсөн зүйл бол халуун устай ванн, дээр нь ямар ч утас компьютер мэтийн төхөөрөмжгүй орчин. Орондоо орохоос цагийн өмнө бүхий л утас, компьютерүүд унтлагын өрөөнөөс минь гарсан байдаг. Яахав ажилтай маань ямар ч холбогдолгүй жинхэнэ ном бол байж болно.

КБ: Би ч гэсэн адилхан даа. Халуун шүршүүр.

ФГ: Та бусад Америкчууд шиг ухаалаг утсандаа донтсон нэгэн үү?

КБ: Тийм. Гэхдээ шүршүүрийн дараа утсаа хаана. Миний хувьд унтахын нэг чухал ач холбогдол нь надад гэр бүлийнхэнтэйгээ, хүүхдүүдтэйгээ цагийг сайхан өнгөрөөх эрч хүчийг өгдөгт байгаа юм. Сайн амарч чадсанаар ажлаа дууссан ч гэртээ ирээд гэр бүл гэдэг ертөнцөө бүрэн мэдэрч чадна шүү дээ.

ФГ: Та хоёр хоёулаа хүүхдүүдээсээ их баяр хөөр эрч хүчийг авдаг бололтой?

АХ: Би хүүхдүүдээрээ маш их бахархдаг. Мэдээж ямар ч асуудалгүй дардан юм хаана байхав. Миний бага охин Анорексиа (хоолны дуршил алдагдах өвчлөл) тусч байсан. Миний том охин мансууруулах бодисонд орж байлаа. Гэхдээ тэр сүүлийн хоёр жил хагас гаран мансуураагүй эрүүл байгаа. Мөн тэр хоёр маань хоёулаа өөрсдөдөө тулгарсан асуудлын талаар бичиж, бусад гэр бүл, хүүхдүүдэд туслахыг хүсдэг. Энэ бүх зүйлсийн дараа бид улам ойртож дотноссон доо.

КБ: Тиймээ, тийм холбоо үнэхээр гайхалтай шүү.

ФГ: Ирээдүйн талаар ярьцгаая. Ямар нэг хиймээр байгаа зүйл?

АХ: Хаффингтон постын хамгийн сайхан нь, би хиймээр байгаа бүх зүйлээ хийж чаддагт байгаа юм. Би “Thrive”-г бичиж, энэ маань манай редакцын агуулга мөн чанарын салшгүй нэг хэсэг болсон.

ФГ: Коби, таныг ахиад 2 жил тоглоод, 20 дахь улирлынхаа дараа зодог тайлахыг хүсч байгаа гэж би уншсан. Зодог тайлсны дараах төлөвлөгөө тань юу вэ?

КБ: Энэ талаар би аль 21 настайгаасаа л бодож эхэлсэн. Тэр үед би Жиоржио Арманитай их сайхан ярилцаж байж билээ. Тэр надад өөрийн компаниа 40 насандаа байгуулсан талаараа ярьсан юм. Энэ түүх миний хувьд үнэхээр нүдийг минь нээж өгсөн. “Чи юу хийх вэ?” гэж өөрөөсөө асуусан.

ФГ: Таны Шоутаймын шинэ баримтат кино “Kobe’s Muse” 11 сард гарах гэж байна, энэ талаар?

КБ: Та нар миний талбай дээр болон талбайн гадна хийдэг бүх зүйлийн талаар мэдэх болно. Бүх жижиг деталь, бүх үртэс, бүх дэвшил. Тэндээс эхлэн намайг яг хэн болох талаар алхам алхамаар мэдэж болно. Та намайг ойлгохгүйгээр юу хийдгийг минь ойлгохгүй шүү дээ.

ФГ: Цуврал кино болох юм шиг санагдлаа?

КБ: Зорилго бол тийм. Эхний удаа миний тухай. Дараа нь гадагшаагаа гарах бодолтой байгаа. Би Арианаг яаж өнөөдрийн Ариана болсныг мэдэхийг хүсч байна. Нэг удаа би Хилари Сванктай тун нээлттэй ярилцаж байсан. Би жүжиглэлтийн талаар асуусан. Тэр улам гүнзгийрч телевизийн урлагийн талаар, ямар хөгжим сонсддог талаараа, хэтэвчинд нь хэр их мөнгө байгаа талаар, задгай мөнгө хэд байгаа талаар ярьсан. Тэр бүх зүйл миний хувьд их сонирхолтой байсан юм.

АХ: Хүмүүс тийм зүйл мэдэхийг хүсдэг шүү дээ.

ФГ: Бие биенээ улам ойлгохын тулд уу?

КБ: Яг тийм. Жишээ хэлье. Чи намайг үсрэлттэй шидэхийг харвал, хөл маань үргэлж эгц тэнийсэн байдгийг анзаарна. Дээр үед үсрэлттэй шидэлт маань нэг л болж өгдөггүй үе байлаа. Хэцүү шүү. Нэг өдөр би Discovery сувгийг үзэж байгаад үчинбэрийн (cheetah) яаж ан хийдэг талаар харсан юм. Үчинбэр давхих үедээ, сүүлээрээ тэнцвэрээ хадгалдаг ба энэ нь түүнд огцом эргэлт хийх боломжийг өгдөг. Тэр үед би өөртөө: “Миний хөл энэ сүүл шиг байж болохгүй гэж үү.” гэж хэлж билээ.

АХ: Гайхалтай юмаа.

КБ: Урам зориг бидний эргэн тойронд л байдаг шүү дээ.

 

“Би чамд хайртай гэж хэлэхийн тулд, эхлээд “би” гэж хэлж сурах хэрэгтэй.”

Айн Рэнд

 

Э. Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М1
2016.02.03

 

Ашигласан материал:

  1. “Филип Галайнс, Нью-Йорк таймс, Гурвалсан ярилцлага 2014.9.14”

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*