2008 дахин ирэх үү?

S&P 500, Nikkei 225 уналаа. Газрын тосны үнэ $30-с доошоо орлоо. Хятадын эдийн засгийн өсөлт удааширлаа. Deutsche  банк хэцүүдэж байна. Евро бүсийн инфляци сайжрахгүй байна. Бразилд Зика вирус газар авч, хүндхэн эдийн засагт нь дахин аюулын харанга дэгдэв. Террорист халдлага…”

Энэхүү сөрөг мэдээллүүдийг өдөр тутам авч байгаа нөхцөлд яахын аргагүй ойрын эдийн засгийн төлөв их л бүрхэг харагдана. Нөгөө айхтар 2008 оны их хямрал дахин ирэх үү? Энэ бүгд түүний дохио мөн үү? Дэлхийн хамгийн том эдийн засаг 2016 онд энэхүү хямралд орох уу гэх том асуулт эдийн засагчид, шинжээчдийн дунд халуухан сэдэв болж байна.

Юуны өмнө эдийн засгийн хямрал гэгчтэй танилцъя. 2 улирал дараалан эдийн засаг буурах буюу ДНБ буурах үзэгдлийг resession буюу эдийн засгийн хямрал гэдэг. Урт хугацааны турш (жишээлбэл 2 жил орчим) ДНБ унаж, дагаад ажилгүйдлийн түвшин ихсэхийг depression буюу эдийн засгийн их хямрал гэж нэрлэнэ. Энэ хоёрыг хооронд нь ялгах нарийн тодорхойлолт байхгүй ч энгийн нэгэн тодорхойлолт байдаг. “Хөрш чинь ажилгүй болбол ресешн, чи өөрөө ажлаа алдвал депрешн” гэж.

Хамгийн сүүлд амссан их хямрал бол 2007-2009 онд үргэлжилсэн АНУ дахь орон сууцны чанаргүй зээлээс үүдэлтэй санхүүгийн их хямрал. Энэхүү хямралаас АНУ бусад хөгжингүй улстай харьцуулахад хурдан гарч амжсан боловч Европын холбоо, Япон зэрэг бусад улсууд өдийг хүртэл хараахан бүрэн гарч амжаагүй л байна. Гэвч сүүлийн үеийн хувьцааны зах зээлийн уналтууд, олон улсын эдийн засгийн өсөлт удааширч байгаа байдал, газрын тосны үнийн уналт зэргээс болж дахин АНУ ресешнд орох магадлалтай гэж эдийн засагчид үзэж байна.

Яагаад хямрал болно гэж?

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи эдийн засгийн тоо баримтыг харахад, АНУ-д болсон хямралуудыг хувьцааны зах зээлийн уналт (Dow Industrials. Цэнхэр графикийг харна уу), компанийн ашгийн бууралт (Corporate Profit. Ногоон графикийг харна уу), аж үйлдвэрийн бүтээгдэхүүний уналт (Industrial Production. Улаан графикийг харна уу) гэсэн 3 үзүүлэлтүүдээр урьдчилан мэдэж болж байгаа. Өөрөөр хэлбэл, энэхүү 3 үзүүлэлт нь эдийн засгийн хямралын урьдчилсан дохио гэж хэлж болно.

Хувьцааны зах зээлийн хувьд, ялангуяа өнгөрсөн нэгдүгээр сард гамшиг байлаа. 2016 оны нэгдүгээр сарын эцсийн байдлаар гэхэд АНУ-ын гол индексүүд болох S&P 500 5.07 хувиар, DOW 5.50 хувиар, Nasdaq 7.86 хувиар тус тус унасан. Өнгөрсөн нэгдүгээр сар нь 2009 оноос хойшхи хамгийн их уналттай сар байлаа. Өнгөрсөн долоо хоног ч мөн дараалласан уналтүүд үргэлжиллээ.

Компанийн ашгийн хувьд, АНУ-ын аж ахуйн нэгжүүдийн ашиг 2014 оны зун дээд цэгтээ хүрч, өнгөрсөн жилийн 3-р улирлын байдлаар 5 хувь унасан байна.

Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хувьд, АНУ нь сүүлчийн 12 сарын 10-д нь унасан байна. Энэ дундаа, уул уурхай, үйлдвэр, цахилгаан эрчим хүчний бүтээгдэхүүний уналт нь үргэлж эдийн засгийн хямралыг дагуулдгаараа эдийн засагчдын анхаарлын төвд байна.

Өөр зарим үзүүлэлтүүдээс энд дурдъя.

CBOE Volatility Index

Хөрөнгийн зах зээл дэх эрсдлийг тодорхойлогч CBOE Volatility Index өнгөрсөн 8 сард 2011 оноос хойшхи дээд түвшиндээ хүрсэн. Энэ тоо өсөх тусам зах зээл улам паникт орж тогтворгүй байгааг илэрхийлнэ.

АНУ-ын Засгийн Газрын Бонд

АНУ-ын 10 жилийн Засгийн газрын бонд болон 2 жилийн засгийн газрын бонд хоёрын зөрүү 1.2 хувь болов. Энэ зөрүү багасах тусам эсвэл сөрөг утгатай болох нь хямралын дохио гэж санхүүчид хардаг. Ерөнхийдөө эдийн засаг хүндрэх дохионы нэг илрэл бол АНУ-ын 10 жилийн засгийн газрын бондын хүү 2 хувиас доош унах үзэгдэл. Учир нь хүмүүс эрсдлээс сэргийлж хамгийн найдвартай хөрөнгө гэгддэг АНУ-ын засгийн газрын бондыг ихээр авснаар үнэ нь өсч, улмаар хүү нь унаж байгаа юм. (Бондын үнэ, хүү хоёр нь урвуу хамааралтай). 2 сарын 11 өдөр 10 жилийн засгийн газрын бонд 1.642% хүртлээ унасан.

Picture2

Алтны үнэ

Мөн зах зээл хүндэрч, хямрал нүүрлэхэд үргэлж үнэ нь өсдөг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн үнэт бараа болох алт маань жам ёсоорооо үнэ нь өсч, 2 сарын 11 өдөр 1,247.90 ам.доллар хүрлээ. 2016 он гараад алтны үнэ 18% өсөөд байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд алтны үнэ 40% буураад байсан ч аюулын дохио гарах сургаар ийнхүү өсч эхлэв.

Иены ханш

Эрсдэл багатай мөнгөн тэмдэгт гэж үнэлэгддэг иен 2 сарын 11 өдөр нэг доллартай харьцах ханш нь 112.43 болтлоо чангарав. Зах зээлд ямар нэгэн тааруу зүйл болбол хөрөнгө оруулагч нар эрсдлээс сэргийлж иенийг ихээр авдаг тогтсон уламжлал бий. Японы төв банкнаас иенийг улам сулруулахын тулд хасах хүүгийн бодлого хэрэгжүүлсэн ч, зах зээлийн таагүй байдлаас болж өнгөрсөн долоо хоногт ялангуяа иен бараг л 7 өдрийн дотор л 10 иен чангарлаа. Японы засгийн газрын бондны хүү ч анх удаагаа хасах уруугаа ороод амжлаа. Засгийн газрын бондын хүү хасах уруу орно гэдэг бол зээлдүүлсэн хүн нь мөнгөө авахдаа дутуу авна гэсэн үг. Жишээлбэл, бондын хүү -10% гэж үзвэл, 100 иен зээлдүүлсэн бол буцааж авахдаа 90 иен авна гэсэн үг. Тэгтлээ хөрөнгө оруулагч нар эрсдлээс айж аюулгүй хэрэгсэл болох АНУ, Японы засгийн газрын бонд, иен, алтанд ийнхүү анхаарлаа хандууллаа.

Эндээс харахад яалт ч үгүй цаашдын ирээдүй бүрхэг харагдана. Яагаад ийм муу дүн гарч ирж байна гэвэл, газрын тосны үнийн уналттай их холбоотой. Ер нь түүхэнд бол газрын тосны үнэ өссөнөөс болж, эдийн засгийн хямрал бий болж байсан. Газрын тос өсөх нь эдийн засагт муу үр нөлөөтэй гэсэн тогтсон үзэл байсан. Харин өнөөдөр түүний эсрэг үзэгдэл явагдаж байна. Газрын тосны үнэ унах нь эдийн засагт сайн нөлөөтэй гэж төсөөлөгдөж байсан ч, бодит амьдрал дээр олон сөрөг үр дагавар авчирдагийг яг одоо бид харж байна. Газрын тосны үнэ унаснаар түүнийг олборлогч компаниудын ашиг ихээр буурч, ажлын байрны цомхотгол явагдаж, олборлолт хийхээр босгосон өрөө эргүүлэн төлөх чадваргүй болно. Түүнийгээ дагаад хувьцаа нь унаж, тэдэнд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагч нарын үзүүлэлтүүд хүртэл буурч, бусад зах зээлд сөргөөр нөлөөлнө. Компаниас авахуулаад олборлогч орнуудын эдийн засагт ч нөлөөлнө. Ийнхүү газрын тосны үнийн уналт дээрх 3 үзүүлэлтүүдэд шууд сөргөөр нөлөөлж байгаа юм.

Нэгэн сонирхолтой мэдээлэл дуулгахад, брент маркийн газрын тос (Олон улсын газрын тосны үндсэн илэрхийлэгч) болон S&P 500 индексийн хамаарал (корреляци) 1 сарын 25-ны байдлаар 0.97 болж сүүлийн 26 жилийн туршид байгаагүйгээрээ өндөр гарч ирээд байна. Корреляци +1-тэй ойрхон байх тусмаа тос болон хувьцааны үнэ нь нэг чиглэлд хөдөлнө. -1 рүү ойрхон байх тусмаа эсрэг чиглэл рүү хөдөлнө гэсэн үг. Түүхээр нь авч үзвэл газрын тос, хувьцааны индекс хоёрын хамаарал өндөр байх нь эдийн засгийн хямралын үеэр дийлэнх байдаг аж. 2008 оны байдлаар корреляци 0.8 болж байж. Өнөөдөр газрын тосны үнэ нь ганц хувьцааны индекс ч төдийгүй зэсийн үнэ, компанийн бондын үнэтэй сүүлийн хэдэн сар нилээд ижил чиглэлд хөдөлж байна. Ямар сайндаа л диллерүүд, хөрөнгө оруулагч нар өглөө босоод хамгийн түрүүнд газрын тосны үнийг харж зах зээл дээрх нөхцөл байдлын анхны дүр зургийг авдаг болж байхав.

Хямрал ирж буйн дохионд дан ганц газрын тосны үнэ ч буруугүй. Хятад, Орос, Бразил зэрэг шинээр хөгжиж буй орнуудын эдийн засаг тааруу байгаа үзэгдэл байдлыг хурцатгаж байна.

Picture3Ялангуяа Хятад. Хятадын хувьд эдийн засгийн шилжилтийн явцад байгаа гэдэг утгаараа эдийн засгийн өсөлт нь удааширч байгаа. Нэгдүгээр сарын байдлаар гэхэд Хятадын гадаад валютын нөөц 3.33 триллион доллар хүртлээ буурч, өнгөрсөн зуныхаас 770 тэрбум доллараар багасаад байна.

Энэ нь юуг илэрхийлээд байна гэвэл гадагшаагаа их хэмжээний валют гарч байгаагийн шинж. Гадагшаа чиглэсэн валютын урсгалын гол шалтгаан бол ихэвчлэн эдийн засгийн болон улс төрийн тогтворгүй байдал, эсвэл гадны ямар нэгэн хямралын нөлөө байдаг. Хятадын хувьд эдийн засаг нь суларч байгаатай холбогдон мөнгөний сул бодлого явуулан бодлогын хүүгээ хэд хэдэн удаа буулгаж, экспортоо дэмжихийн тулд юаныг сулруулсан. Юан суларснаар юанаар үнэлэгдсэн хөрөнгийн үнэ цэнэ улам унаж эхлэх тул хүмүүс аль болох гадаад валютыг эзэмшихийг эрмэлзэн юаныг ихээр зарж эхэлсэн. Улмаар юанаар хөрөнгө оруулах нь тааламжтай бус болно гэсэн үг. Хөрөнгө оруулагч нар 2008 оноос Хятадын гайхалтай өсөлт энэ чигээрээ үргэлжилж, юан улам чангарах гэсэн таамаглал дээр өдийг хүртэл их хэмжээний хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Үүний үр дунд дэд бүтцийн тэлэлт хурдацтай явагдаж, дотоодын компаниуд доллараар нэрлэгдсэн өрийг удаа дараалан босгож ирэв. Даанч өнөөх эдийн засгийн гайхамшигт өсөлт нь удааширч, юан ч суларч хөрөнгө оруулагч нарыг Хятадаас хөрөнгөө татахад хүргэв. Ямар сайндаа л Хятадад, хувь хүн жилдээ $50,000-с дээш хэмжээний валют гадагшаагаа гаргахыг хориглосон. Хэт их хэмжээний дэд бүтцийн хөрөнгө оруулалт явагдсанаас болж Хятадад олон тооны зомби үйлдвэрүүд, компаниуд, эзнээ хүлээсэн хоосон орон сууцууд сүндэрлэсээр. Юан сулрахын хирээр, өнөөх доллараар өрөө босгосон аж ахуйн нэгжүүдийн өрөө төлөх нь улам л хүндэрсээр. Хэрвээ энэ чигээрээ Хятадын өр ихэсвэл, 90-ээд оны дараах Япон шиг урт хугацааны эдийн засгийн хямрал хүлээж байгаа нь эдийн засагчдийн санааг ихээр зовоож байна. Юан суларсан нь Хятадад нөлөөлөөд зогсохгүй, хажуу ойр орчмын Азийн орнуудад хүртэл хүндээр нөлөөлж байгаа нь дамжиггүй. Наад зах нь Монголыг хар. Азийн Хөгжлийн Банкны судалгаагаар бол, Хятадын ДНБ 0.2 хувь унах тутамд Монголын ДНБ өсөлт 2.7 хувь унана гэдэг. Хятадтай эдийн засаг 90 хувь хамааралтай байдаг Монголын хувьд хэцүүхэн л жилүүд болох нь. Цаашлаад Малайз, Солонгос, Индонез зэрэг улсуудын мөнгөн тэмдэгтүүд юанд байр сууриа алдахгүйн тулд улам суларсаар.

Орос ч мөн адил. 2014 оны байдлаар 330 тэрбум ам.долларын валютыг гадагшаагаа алдаад байна. 2015 онд бүр өндөр тоо гарах нь ойлгомжтой. Газрын тосны үнийн уналт, АНУ-ын удирдлаган доорх эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас рублийн ханш 50 хувь хүртлээ унаж, эдийн засгийн өсөлт удааширч, өрөө төлөх чадвар нь суларсаар.

Нөгөө талд Бразил ч гэсэн. Риал 40 хувиар үнэгүйдэж, Ерөнхийлөгчийн авилгалын асуудал, өрийн зэрэглэл нь улам муудаж эдийн засаг нь хүндрэхийн дээр, сүүлийн үед хурдацтай тархаж буй Зика вирус нөхцөл байдлыг улам хурцатгасаар. Удахгүй болох зуны Олимпийн их наадам Бразилийн унаж буй эдийн засгийг сэргээх боломж нь байж болох ч, Зика вирус энэ хэмжээгээрээ тархвал Олимпыг цуцлах ч том эрсдэл бий. За тэгээд газрын тос олборлогч орнуудын хувьд бол тайлбарлаад ч хэрэггүй байх. Хүнд хүнд. Хамгийн ойрын жишээг л дурдахад Венесуэла улс. Инфляци нь 700% хүрч, энэ жилийн ДНБ нь 8 хувиар буурах төлөвтэй байгаа. Венесуэлагийн хувьд газрын тосны орлого нь нийт төсвийн 50 хувийг дангаараа бүрдүүлдэг ба экспортынх нь 96 хувийг эзэлдэг.

Гол хэрэглэгч орон болох Хятадын эдийн засаг нь муудахаар зэс, нүүрс, төмрийн хүдэр, цайр зэрэг бусад бараа бүтээгдэхүүнийг авах эрэлт нь ч буурч, үнэ нь унасаар. Үүнийгээ дагаад голлох уул уурхайн компаниудын ашиг нь унаж, хөрөнгө оруулагчиддаа ногдол ашигаа тарааж өгч чадахгүй байдалд ороод байна. Хэрхэн дэлхийн топ 5 уул уурхайн компаниудын хувьцаа унаж байгааг уг графикнаас тод харж болно.

Picture4
Эх сурвалж: THE WALL STREET JOURNAL

Рио Тинто гэхэд л 2015 онд 866 сая ам.долларын алдагдалтай ажиллаж. 2014 ондоо ашиг нь 6.53 тэрбум ам.доллар байсан гээд бодохоор хүнд байгаа нь харагдаж байгаа. Энэ нь манай Монголын Оюу толгойн үйл ажиллагаа, түүнийгээ дагаад Монголын эдийн засагт хүндээр нөлөөлөх нь ч тодорхой. Anglo American-г 2 сарын 15 өдөр Moody’s зээлжих зэрэглэлийг нь бууруулж JUNK гэх статуст шилжүүлснээр уг топ 5 компанийн байр суурь ганхаж эхлээд байна. Зээлжих зэрэглэл нь JUNK болно гэдэг нь хөрөнгө оруулахад тун эрсдэлтэй гэсэн дүн авч байна гэсэн үг.

Бас хажуугаар Европын банкны санхүүгийн тогтворгүй байдал. Европын төв банк хасах хүүгийн бодлого хэрэгжүүлж эхэлснээр банкны хүүгээс олдог ашиг буурч эхэлж хүндхэн цохилт болж байна. Германы банкууд л гэхэд орлогынхоо 75 хувийг зээл болон хадгаламжийн хүүгийнхээ зөрүүнээс олдог гэсэн тооцоо байна. Гэвч зээлийн хүүг бууруулж эхэлснээр 2014 оны байдлаар нийтдээ 204 тэрбум еврог алдаж. Энэ үзүүлэлт нь 2007 онд 419 тэрбум евро байсан гэхээр яалт ч үгүй хүндээр тусч байгаа нь харагдаж байна. Төв банкнууд хүүгээ хасах уруу оруулж, мөнгөн тэмдэгтээ сулруулж, экспортоо нэмэгдүүлж, инфляцийг өсгөж, эдийн засгийг эргэлтэнд оруулах зорилготойгоор л арга  хэмжээ аваад байгаа юм. Даанч энэ санхүүгийн системд сөргөөр нөлөөлж байгаа нь өнгөрсөн долоо хоногт унасан банк санхүүгийн байгууллагуудын хувьцаа тодоос тод харуулна.

Энэ бүх байдлыг тооцоод үзвэл эдийн засгийн төлөв байдал хүндхэн л харагдаж байна. Энэ бүх гадны хүчин зүйлс АНУ-ын эдийн засагт нөлөөлөх нь тодорхой. Холбооны Нөөцийн Сан 1-р сард бодлогын хүүгээ хэвээр нь байлгаж, гадны зах зээлийг ажиглахаа мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт ч Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн Иелэн конгресст мэдэгдэл хийхдээ, шаардлагатай бол хүүг цаашид өсгөхгүй байх боломжтой гэдгээ анхааруулсан.

Яагаад хямралд орохгүй гэж

Эсрэг байр суурь бас байна. 1960 болон 1980-аад онд аж үйлдвэрийн бүтээгдэхүүн өнөөдрийнх шигээ түвшинд унасан ч хямрал болоогүй тохиолдол бий. Энэ удаад ч тэгэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ АНУ-д хямрал болохыг үгүйсгэж чадах хамгийн гол үзүүлэлт бол ажил эрхлэлтийн түвшин. Өнөөдөр АНУ сардаа дундажаар 220,000 ажлын байр шинээр бий болгож, ажилгүйдлийн түвшин 4.9 хувь хүртлээ буураад байгаа юм.

Picture6
Эх сурвалж: THE BUREAU OF LABOR STATISTICS

Өнгөрсөн 50 жилийг харвал, ажил эрхлэлтийн тоо багадаа л нэг хувиар буурахад л хямрал болж байсан аж. Хямралаас бусад үед ажил эрхлэлт хэзээ ч унаж байгаагүй нь эдийн засагчдын АНУ-ын эдийн засгийг гэгээлгээр харах нэг өнцөг болж байгаа юм. Мөн орон сууцны зах зээл сайжирч, газрын тосны үнийн бууралтаас үүдэж автомашины худалдаа сүүлийн 17 жилд байгаагүйгээрээ сайжирсан зэрэг нь АНУ-ын эдийн засгийн бат бөх байгааг харуулсан үзүүлэлтүүд болж чадаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар дундаж цалин ч өсч, өрхийн орлого нэмэгдсэн сайн үзүүлэлт гарсан. Ажилгүйчүүдийн тоо ч буурч, өнгөрсөн 40 жилийн хугацаанд байгаагүйгээр доод түвшиндээ хүрсэн. ДНБ-ын гуравны хоёрыг нь хувь хүний хэрэглээ дангаараа эзэлдэг АНУ-ын хувьд ажил эрхлэлт нэмэгдэж, цалин өсч байна гэдэг маш сайн мэдээ юм. Мөн хөрвөх чадвар дээр 2008 онтой харьцуулахад одоогийн нөхцөл байдал шал өөр байгаа. Ялангуяа айл өрхийн өрийн асуудал дээр. 2008 онд орон сууцны зээл авах гэж чанаргүй зээл ихээр бий болж байсан. Одоо бол тийм нөхцөл байдал байхгүй. Дээрээс нь санхүүгийн чухал институтууд гэгдэх том банкнуудад тавигдах шаардлага өндөр болж, хатуу хяналтын дор санхүүгийн зах зээлийг хянаж байгаа нь 2008 оны өнөөх замбараагүй санхүүгийн системтэй харьцуулахад хяналтанд байгаа. Тиймээс эдийн засагчид АНУ-д хямрал болохгүй гэдэг дээрээ дийлэнх нь санал нэгтэй байна. Газрын тосны үнийн хувьд эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр энэ ондоо багтаж тогтож, үнэ оны эцсээр 50 ам.доллар орчим уруу өсөх болов уу гэж найдаж байна. Хэрвээ тэгвэл аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлт, компанийн ашигт эерэг нөлөө үзүүлэх хүлээлттэй. Түүнийгээ дагаад хувьцааны зах зээл ч өсөх хандлагатай.

Эцэст нь дүгнэхэд,

Нийтлэлийн эхэнд асуусан “2008 оны хямрал дахин ирэх үү?” гэдэг асуултанд хариулт өгвөл ҮГҮЙ гэдэг хариулт өгнө. Яагаад гэвэл энэ удаагийнх 2008 оных шиг АНУ-с үүдэлтэй хямрал биш тул. Харин хямрал ирэх дээрээ тулбал АНУ гэх хөгжингүй орнуудаас бус шинээр хөгжин буй гарч ирж буй орнуудаас үүдэх магадлал бий. Ямартай ч хувьцааны үнэ, бондын\ хүү зэрэг санхүүгийн үзүүлэлтүүдээр авч үзвэл шинжээчид ойрын 12 сарын хугацаанд АНУ хямралд орох магадлал 50 хувь. Харин ажил эрхлэлтын түвшин, хувь хүний хэрэглээ зэрэг макро эдийн засгийн үзүүлэлтээр харвал уг магадлал нь 28 хувь гэж эдийн засагчид тооцож гаргаж ирж. Гадаад хүчин зүйл тогтворгүй байгаа ч, дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ хүчтэй байна гэдэг бол маш сайн мэдээ.  Гэхдээ энэхүү шинжээчдийн гаргаж буй магадлал нь ойрын 12 сард гэдгийг анхаараарай.

Гол нь хувь хүн, бизнес эрхлэгчдийн бизнесээ өргөжүүлэх тэр өөртөө итгэх итгэл л суларчихгүй бол хямрал болохгүй нь тодорхой. Хямралын хамгийн гол шалтгаан нь хувь хүний сэтгэлзүйд байдаг. Ямар сайндаа л төв банкууд эдийн засгаа сайжруулах гээд хүүгээ бууруулаад л байдаг. Үр дүн нь хүрдан гарахгүй байгаа нь хувь хүний сэтгэлзүйд хангалттай нөлөөлж чадахгүй байгаад оршино. Түүний тулд дан ганц хүүг бууруулаад байх биш хажуугаар нь бизнес эрхлэх орчинг улам таатай болгох бодлого цуг явуулах хэрэгтэй болж байна. Хүүг бууруулах амархан ч, хүний сэтгэлзүйг өөрчлөх хэцүү юм даа.

О.Баярсайхан
2016 оны 2-р сарын 15 өдөр

Ашигласан материал:

  1. The Wall Street Journal, MONDAY, January 25, 2016: “Warnings Mount, but Recession May Not Come to Pass”
  2. The Wall Street Journal, WEDNESDAY, January 27, 2016: “Oil, Stocks Marching in Lockstep”
  3. The Wall Street Journal, FRIDAY, February 12, 2016: “Banks Drop as Global Rout Deepens”
  4. The Wall Street Journal, FRIDAY, February 12, 2016: “Risk Grows of Selloff Sparking Recession”
  5. The Wall Street Journal, FRIDAY, February 12, 2016:  “Yen Surges in Rush to Safety”
  6. The Wall Street Journal, FRIDAY, February 12, 2016:  “Commodities Slump Batters Rio Tinto”

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*