Эквадорт юу болсон бэ?

Өмнөх нийтлэлийн үргэлжлэл буюу “Долларжсон” орны жишээ болгон Эквадор улсын талаар нийтлэе.

 Эквадор нь Өмнөд Америкийн баруун хэсэгт байрлах бүгд найрамдах улс бөгөөд хойд талаараа Колумб, зүүн болон өмнө талаараа Перу, баруун талаараа Номхон далайгаар хүрээлэгддэг. Эх газраас баруун тийш 1,000км зайтай газарт ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Галапагосын арлууд байдаг зэргээс байгалийн үзэсгэлэнт орон гэдгийг мэдэж болно. Экваодор улсын нэр экватор гэсэн дэлхийн төв бүслүүрийн /өргөрөг/ нэр.

Ecuador map

Зураг1. Эквадор улсын газрын зураг

 Номхон далай, үзэсгэлэнт газар, дэлхийн өргөрөг зэрэг олон сонирхолтой зүйлсээр дүүрэн энэ оронд жуулчид олноор цугладаг юм гэсэн. Иргэдийн дийлэнхи буюу 71 хувь нь Мистизо үндэстэн бөгөөд испани хэлээр ярьдаг. 16-17 дугаар зууны Европын хамгийн хүчирхэг гүрэн байсан Испаний эрхшээлээс 1822 онд чөлөөлөгджээ. Өдгөө тус улсын хүн ам 16 сая 144000 (2015 оны тооллого) бөгөөд нэгж хүн амд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 6286 ам.доллар.
ecuador+people

Зураг2. Эквадор эмэгтэй

cuenca-ecuador-12

Зураг3. Күенсэ хот (Архитектур, үзвэр үйчилгээ гээд жуулчид олноор цугладаг хот)

Гол сэдэв рүүгээ эргэн ороход… Яагаад Эквадор улс долларжих болсон бэ?

 Учир нь Эквадор улсын гадаад худалдааны дийлэнхийг Америк эзэлдэг бөгөөд Өмнөд Америкийн ядуу орнуудын нэг.

График1-т Өмнөд Америкийн орнуудтай харьцуулсан 1 хүнд ногдох Дотоодын Нийт Бүтээгдэхүүнийг харуулав.

Нэг хүнд ногдох ДНБ ( 2000 он)
ам.доллар
АргентинБоливиБразилЧилиКолумбЭквадорПарагвайПеруУругвайВенесуэл
10601 2600733214155680029004750505993008490

 Гол экспортын бүтээгдэхүүнүүд нь гадил жимс, сам хорхой, загас, кофе, цэцэг зэрэг. Үүн дотроо газрын тос голлоно. Харин импортын бүтээгдэхүүнүүдэд нь түлш, техник тоног төхөөрөмж, машин, өдөр тутмын хэрэглээнүүд багтана. Иймд үйлдвэрлэгч улс биш гэдэг нь тодорхой. Түүхий эдээ гадны зах зээл, нэн ялангуяа Америкт нийлүүлдэг. Гадаад худалдааны байдлаас нь харахад бараг л Монгол байгаа биз. Хүн амын хувьд ч гэсэн маш цөөхөн гэж дурдсан. Тэдэнд үзэсгэлэнт нутаг, байгалийн баялаг гээд хөгжих боломж бүрэн бий. Гэвч тэдэнд юу тохиолдсон бэ?

 1970 онд Эквадор нь газрын тосны асар их нөөцтэй болох нь тогтоогдсон. Ингэснээр маш их хөрөнгө оруулалт татахын сацуу гадны улсууд болон Олон Улсын Валютын Сан  (ОУВС) болон Дэлхийн Банкнаас (ДБ) маш их хэмжээний зээл авч газрын тосны олборлолтондоо зарцуулах болжээ. Их хэмжээний зээлийн нөхцөлд Америкийн инженерийн болон тоног төхөөрөмжийн компаниудтай гэрээ хийж, олон төсөл санхүүжүүлж эхэлсэн юм. Үүний үр дүнд гадаад өрийн хэмжээ маш их нэмэгдсэн.
1980-аад оны эхээр газрын тосны үнэ буурахтай зэрэгцэн “Төсвийн алдагдал” болон нөгөө их хэмжээний зээл нь “Өрийн хямрал” болж эдийн засаг нь хямарчээ. Учир нь газрын тосны олборолтоосоо их хэмжээний ашиг олно гэж тооцоолж байсан хэрэг.

oriin husnegt

График2-т Нийт гадаад өрийн хэмжээг ДНБ-тэй харьцуулсан хувиар илэрхийлэв.   

Зээлийг дахин хэн санхүүжүүлэв?

 Мэдээж хэрэг ОУВС, ДБ шүү дээ. Өрөө төлж чадахгүй бол өрөөс өртэй золгоод л зээлийн хүү нь өсөөд л явдаг. Дуусдаггүй жаран чавганцын үлгэр шиг. Тийм ч учраас 1990 оны эхээр дахин зээл авахын тулд онцгой нөхцөлд суурилсан “Төсвийн алдагдлыг нөхөх” хүндхэн даалгаврыг ОУВС-аас Эквадорын засгийн газарт үүрэг болгон өгсөн. Үүргээ биелүүлэхийн тулд ард иргэддээ хуучин хямдруулж өгдөг байсан газ, бензин, цахилгааныхаа үнийг буцаан зах зээлийн үнэд шилжүүлжээ. Газ, тог цахилгааны үнэ өсөх нь бүхий л үйлчилгээ, хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх шалтгаан болно. Инфляци 52.1%-д (1999 он), 96.1% (2000 он)-д хүрч, ажилгүйдэл 14.4%-д (1999 он), ядуурал 52.2%-д хүрчээ. Доорхи графикаас 1980-2001 оны “Инфляцийн түвшин”-г харж болно.

husnegt6

График3-т Consumer Price Index буюу Хэрэглээний үнийн индексийн өөрчлөлтийг харуулав.

 Хэрэглээний үнийн индекс нь хэрэглээний сагсны бүтээгдэхүүн, үйлчилгээний дундаж үнийн түвшний өөрчлөлт буюу үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийг харуулдаг.

 Үүнийгээ дагаад ард иргэдийн үүрэх ачаа улам нэмэгдэж, үндэсний мөнгөн тэмдэгт болох Сукрын үнэ буурч эхэлжээ. Төв банкнаас нь Үндэсний мөнгөн тэмдэгтээ тогтворжуулахын тулд зах зээлээс чадах хэмжээгээрээ үндэсний мөнгөн тэмдэгтээ татаж (Үндэсний мөнгөн тэмдэгт худалдаж авах дуудлага худалдаа) авах гэсэн оролдлого дээд цэгтээ хүрэв. Мөн “Үндэсний мөнгөн дэвсгэртийн Хадгаламж” хамгаалах хуулийн дагуу Эквадорын Төв банк (ЭТБ) нь их хэмжээний Сукраг зах зээлд нийлүүлснээс үүдэж Сукрын үнэ бүр огцом буурч. Дарин дээр давс гэгчээр 1998 оны газрын тосны үнэ дахин буурсан нь Эквадор улсын эдийн засгийг бүрэн хямрааж орхив. Уул нь 1970 онд асар их газрын тосны баялагаараа дэлхийн хөгжилтэй орнуудтай хөл зэрэгцэн хөгжих байсан.

Ерөнхийлөгч Маху цөлөгдөж, улс төрд эргэлт гарсан нь

 Ийнхүү 2000 оны 1-р сарын 9-ний өдөр хууль ёсоор 25,000 Сукраг 1 Доллараар солилцох хуулийн төслийг Жамил Махуадын засгийн газар их хуралдаа өргөн барьжээ. Гэвч уг хуулийг эсэргүүцсэн ард иргэдийн төлөөлөл болон цэргийн хүч хамтран маш хүчтэй тэмцэл өрнүүлж засгийн газрын байр, дээд шүүхээ эзлэн авсан даруйдаа  “Үндэсний аврах Консул”-ыг байгуулав. Тэмцлийн үр дүнд тус сарын 21-нд Эквадор улсын ерөнхийлөгч Маху Америк уруу цөллөгдөн, харин оронд нь “Үндэсний авралын консул” дэд ерөнхийлөгч Густаво Нобоа ерөнхийлөгчийн албанд түр томилогджээ. Нобоа ерөнхийлөгчийн суудалд шилжсэнийхээ дараа “Улсынхаа эдийн засгийг сэргээхийн тулд Долларыг үндэснийхээ албан ёсны мөнгөн тэмдэгт бологохоос өөр арга бидэнд байхгүй” гэдгийг зарлаж, 3-р сарын 13-нд “Эдийн засгийн өөрчлөлт“-ийн Долларжих тухай хуулийн төслийг уг сарын 31-нд их хурлаараа батлуулж 6 сарын дотор бүрэн Долларжсан нарийн шат дараалалтай төлөвлөгөөг танилцуулжээ.

Зургаахан сарын дотор хэрхэн долларжсон бэ?

 Төлөвлөгөөний дагуу хамгийн эхэнд банкинд байрших хадгаламж, кредит картнуудыг долларжуулж дараа нь иргэдийнхээ цалинг доллараар олгохоос эхэлжээ. Удалгүй том супермаркет, дэлгүүрүүдийн үнийн самбарт өнөөх олон оронтой сукрын тоонууд хэдхэн оронтой доллараар илэрхийлэгдэх болжээ. 5-р сард улс даяарх АТМ-үүдийг долларжуулж, засгийн газраас 6-р сарын 13-ны өдрийг “Сукраг Доллараар” солих сүүлийн өдөр болгон зарласанаар 9-р сарын 13 гэхэд Эквадор улсад “Сукра” хэмээх үндэсний мөнгөн тэмдэгт газрын хөрснөөс арчигдан “Доллар” гэсэн сүрдмээр бөгөөд хүчтэй мөнгөн тэмдэгт аль хэдийнээ Эквадор улсын албан ёсны мөнгөн тэмдэг болон хувирчээ.

 Нөгөөтэйгүүр засгийн газар нь “Долларжих” тухай хуулийн төслийг батлахаас өмнө аль хэдийнээ Эквадорт нийт хадгаламж дахь долларын хэмжээ 53.7%-д хүрсэн байжээ. Энэ нь Дэ Факто Долларжих төрөл бөгөөд иргэдийг санхүүгийн эрсдлээс өөрсдийгөө хамгаалах нэг хэлбэрийн арга. Үүнийг албан бус долларжих гэж ч нэрлэдэг. Хуулийн төсөл батлахаас өмнө аль хэдийн долларжсан байсан ч энэ нь хууль ёсоор долларжих үйл явц уруу шилжих ёстой гэсэн үг биш. Гэвч Ерөнхийлөгч Нобоагийн хэлсэний дагуу эдийн засгаа аврахын тулд албан ёсоор долларыг сонгохоос өөр арга байгаагүй юу?

 Жонн Перкинсийн “Эдийн засгийн алуурчины наминчлал” номонд Эквадор улсын  долларжихаас өөр аргагүй болсон нөхцөл байдал олон жилийн турш үргэлжилсэн дэлхийн олон үндэстэн дамжсан байгууллага, компаниуд, цөөн эрх бүхий хүмүүсийн ашиг сонирхлоос үүдсэн цогц явцын үр дүн гэж тайлбарласан байдаг. Мөн дотоодын улс төрчдийн авилгал хээл хахуульд хэрхэн идэгдэж байсан, мөн улсынхаа тусгаар тогтнол эдийн засгаа аврахын тулд тэмцэж байсан ерөнхийлөгч Ролдосын (Jaime Roldos) тухай нилээдгүй дурдагдсан. Ролдос нь 1979 онд Эквадорын анхны ардчилсан сонгуулиас гарч ирсэн ерөнхийлөгч байсан бөгөөд “Газрын тосны олборолттой” холбоотой шинэ хуулийн төслүүдийг их хурлаараа батлуулахаас гадна ирээдүйн Эквадор улсад үүсч болох асуудлуудаас сэргийлэх олон арга хэмжээг авах гэж оролдсон ч 1981 онд нисдэг тэрэгний ослоор амиа алдсан. 1979 оноос хойш Эквадорт нийтдээ 13 ерөнхийлөгч (түр ерөнхийлөгч багтсан) солигдсон бөгөөд түүний дотор 4 ерөнхийлөгч л үүрэгт хугацаандаа ажиллажээ. Үүн дээр нэг зүйлийг дурдахад Эквадор улсын долларжилт нь үндсэн хуулийнхаа эсрэг байсан юм. Үндсэн хуулийнх нь 264-р заалтанд “Мөнгө хэвлэн нийлүүлэх эрх зөвхөн ЭТБ-ны цор ганц эрх бөгөөд үндэсний мөнгөн тэмдэгт болох Сукра нь төв банкны хяналтан дор бусад валютын ханшинд хэлбэлзэнэ” гэж заасан байдаг. Тиймээс 2000 онд УИХ нь тэр чигээрээ үндсэн хуулийнхаа эсрэг хуулийг баталсан бөгөөд 2008 оны 10-р сарын “Үндсэн хуулийн шинэчлэл”-д ч долларын тухай хуулийн заалт ороогүй хэвээр байжээ.

 Ийнхүү долларжсоноор тухайн улсын засгийн газар болон төв банк нь зах зээлд өөрсдийн бодлогоор мөнгө нийлүүлэх болон гадаад худалдааны тэнцлийг тогтворжуулах мөнгөний бодлого явуулж чадахгүй бөгөөд мөнгөн тэмдэгтээ хэвлүүлэх эрхээ алдана. Нэг үгээр хэлэхэд төв банкны үүрэг алдагдаж хэрэгцээгүй болох юм. Дан ганц банк хоорондох гүйлгээ болон засгийн газрын банкны үүргээ л биелүүлнэ. Гэхдээ долларжсон орон бүрт төв банкны үүрэг янз бүр байдаг. Энэ нь тухайн орны эдийн  засгийн байдал болон 2 улсын гэрээнээс шалтгаалан янз бүр байдаг. 100 жилийн турш долларыг ашиглаж байгаа Панамад төв банк байдаггүй бөгөөд одоо хүртэл биеэ даасан мөнгөний бодлого явуулах эрхгүй. Харин Эквадор, Эль Сальвадорт төв банк байдаг ч үндсэн үүрэг ондоо. Тиймээс “Долларжсан” улсын бие даасан мөнгөний бодлого гэж байдаггүй бөгөөд АНУ-н мөнгөний бодлогоос шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл гадаад худалдааны тэнцлийг өөрсдийн бодлогоор зохицуулах боломжгүй. Ийнхүү долларыг дагасан улсын түүх сайнтай муутай ч хэн нэгнээс хараат байна гэдэг нь тийм ч тааламжтай зүйл биш гэдгийг уншигч та ойлгож буй биз ээ. 

 Одоогийн Эквадор улсын эдийн засгийн байдлыг товчхон дүгнээд хэлэхэд Эквадор 2000 онд долларыг дагаж, хэт халалттай эдийн засгаа намдаасан. Гэвч мөнгөний бодлого явуулах эрхгүй Эквадорын газрын тосны орлого төсвийн бодлоготой шууд уялдана. Тийм ч учраас 2000 оны дараа газрын тосны орлого нь өсөхөд дагаад төсвөө хэт тэлсэнээр үр дүнд нь төсвийн алдагдал. Үүнтэй зэрэгцээд гадаад худалдааны алдагдал. Хэрвээ мөнгөний бодлого явуулах эрхтэй байсан бол мөнгө хэвлэж үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшыг бууруулж, гадаад зах зээлд өрсөлдөөн бий болж, экспортын орлогоо өсгөх боломжтой. Гэвч нэгэнт мөнгөний бодого явуулж чадахгүй учраас төсвийн орлогоо нэмэх, эсвэл танах. Өөрөөр хэлбэл татвараа өсгөх үү нийгмийн халамж зэрэг тэтгэвэр тэтгэмжийг багасгах уу гэсэн 2 арга л байгаа юм. Тиймээс сукра уу доллар уу гэдэг тэдний сонголт. Буцаад сукраа сонгосон ч байдал тийм ч дээрдэхгүй. Харин эдийн засгынхаа бааз суурийг дорвитойхон өөрчлөхгүй л бол тэд хэзээ ч хөгжиж чадахгүй. За энэ хүрээд миний мэдлэг хомсдсон тул энэ хүрээд өндөрлөе. Яадаг ч байсан бид ч мөн адил дэлхийн улс орнуудын сургамжаас суралцах хэрэгтэй. Оройтсон болов уу, яасан бол?

Өсөхбаярын Үүлэн
Шиншү их сургууль
2016.02.22

Ашигласан материал

  1. “Мөнгөн тэмдэгт орлуулга”
     https://en.wikipedia.org/wiki/Currency_substitution
  2. Долларжсон улс гүрний мөнгөний бодлого”
    http://repository.ris.ac.jp/dspace/bitstream/11266/5433/1/%5b35-65%5d.pdf
  3. “Эквадор улсын долларжилт” Яасүши Хаяаши, Наотоши Киношита
    http://www.musashi.ac.jp/sougou/albums/abm.php?f=abm00001294.pdf&n=%E3%82%A8%E3%82%AF%E3%82%A2%E3%83%89%E3%83%AB%E3%81%AE%E3%83%89%E3%83%AB%E5%8C%96%E6%94%BF%E7%AD%96%E3%81%AE%E7%8F%BE%E7%8A%B6%E3%81%A8%E5%B1%95%E6%9C%9B.pdf
  4. “Америк Доллар”
    http://www.oanda.com/currency/iso-currency-codes/USD
  5. “Эдийн засгийн алуурчины наминчлал”
     
    Confessions of an Economic Hit Man by John Perkins
  6. Зимбабве улсын хэт инцфляцийн түвшин
    https://ja.wikipedia.org/wiki/%E3%82%B8%E3%83%B3%E3%83%90%E3%83%96%E3%82%A8%E3%83%BB%E3%83%89%E3%83%AB#.E3.83.8F.E3.82.A4.E3.83.91.E3.83.BC.E3.82.A4.E3.83.B3.E3.83.95.E3.83.AC.E3.83.BC.E3.82.B7.E3.83.A7.E3.83.B3      
  7.  About Ecuador
    http://www.submerge.tv/about-ecuador/

Хуваалцах
Үүлэн
About Үүлэн 17 Articles

Санхүү эдийн засгийн мэргэжлээр сурдаг. Хөрөнгийн зах зээл, үл хөдлөх хөрөнгө, финтек судлаач. Шинэ мэдээ мэдээлэлийг боловсруулж чанартай нийтлэл бичихийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*