“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Зөв хооллолтын дадал 8

Дадал 8. Сардин, гэлэм зэрэг хөх нуруут загаснаас n-3 хэлбэрийн сайн тосыг авах.

Өмнөх дадлуудаараа мал амьтны мах, өөх, сүү цагаан идээ зэргийн хэрэглээндээ сайтар анхаарч, тэднээс авах амьтны гаралтай өөх тосыг болж өгвөл бага хэмжээнд байлгаарай гэж зөвлөсөн билээ. Гэхдээ өөх тосны дотор идэвхтэй авахыг зөвлөмөөр нэгэн үр өгөөжтэй тос бас байна. Энэ нь n-3 хэлбэрийн буюу Омега-3 гэгддэг ханаагүй өөх тос юм. Омега-3 нь хүний бие дотор үүсч бий болдоггүй тул заавал гаднаас авах хэрэгтэй болдог тос. Яагаад Омега-3 гэж нэрлэсэн бэ гэдэг нь уг тосыг ханаагүй тос болгож буй нүүрстөрөгчийн хоёрчин холбоо хаана байгаатай холбоотой юм байна. Учир нь энэ төрлийн тосны ханаагүй холбоо нь нүүрстөрөгчийн гинжин хэлхээний сүүл буюу метил (CH3) бүлгээс урагшаа тоолоод 3 дахь нүүрстөрөгч дээр оршдог аж. Тийм учраас сүүл буюу латин цагаан толгойн сүүлийн үсэг Омега дээр 3 гэсэн дугаарыг тавин нэрлэжээ.

Омега-3 ханаагүй тосны нэгдлүүд.
Омега-3 ханаагүй тосны нэгдлүүд.

Омега-3 хэлбэрийн тосонд загасанд ихээр агуулагддаг DHA (Docosahexaenoic acid) болон EPA (Eicosapentaenoic acid) гэсэн 2 гол төлөөлөгч байна. Уруул хэлбэрт ургамлын перилла тос, маалингын үрээс гаргаж авдаг маалингын тос зэрэгт ихээр агуулагддаг альфа-линолейн хүчил нь мөн бие дотор DHA, EPA болон хувирдаг гэнэ.

Судалгааны үр дүнгээс харахад, загасны махнаас n-3 хэлбэрийн ханаагүй тосыг ихээр авдаг бүлэг хүмүүсийн хувьд тийм биш хүмүүстэй харьцуулахад элэгний хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдрын өвчлөл харьцангуй бага байдаг гэсэн мэдээ байна.

Үүнээс харахад n-3 хэлбэрийн ханаагүй тос нь хүний биед ихээхэн ач тустай биз ээ. Дурдвал нэгдүгээрт, цусыг шингэлж цусны бүлэгнэлээс сэргийлнэ. Ингэснээр зүрхний судас бөглөрснөөс үүдэх цус харвалтаас хамгаалах юм. Хоёрдугаарт цусны судсан доторх холестерин, саармаг тос зэргийг багасгаж, цусны хэт өндөр даралтыг бууруулах сайн талтай. Мөн алерги гэх мэт үрэвсэлт өвчнийг намдаах үйлчилгээ нь батлагдаад байна. Энэ мэтчилэн цусны урсгалыг сайжруулах, элдэв үрэвсэлт өвчлөлийг намдаах зэрэг ашигт үйлчилгээнүүд нь нийлээд хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд эерэгээр нөлөөлнө хэмээн сайшаагдаж байна.

n-3 хэлбэрийн ханаагүй тосны хүчлийн DHA, EPA-г ихээр агуулдаг нь туна(tuna,マグロ), шар сүүлт(yellowtail,ブリ), гэлэм(mackerel,サバ), сардин(sardine,イワシ), саури(pacific saury,サンマ), морин гэлэм(horse mackerel,アジ) зэрэг хөх нуруут загаснууд юм. Дээр нь яргай загас(salmon,さけ), улаан зоодой загас(red sea bream,真鯛) зэргийг ч нэрлэж болно. Японы эрүүл мэндийн яамнаас DHA, EPA-н авах хэрэгтэй хэмжээг өдөрт 1,000 мг гэж зөвлөж байна. Энэ тоо тийм ч их тоо биш бөгөөд дээрх загаснуудаас 100 гр мах идэхэд л нөхөгдчих юм. Дээр нь тодотгож хэлмээр байгаа нэг зүйл нь загасыг хэтрүүлэн идсний хор уршиг гэж ер нь өдийг хүртэл байхгүй шүү. Тиймээс дан мах идэлгүй, загасыг аль болох хүнсэндээ оруулж, хүнсний тэнцвэрт байдлаа дэмжихийн сацуу, хэрэгцээт ханаагүй тосоо авч байгаарай. Далайгүй Монгол оронд аж төрж байж, далайн загасны нэр хэд хэдийг хэлчихлээ. Гэхдээ Монголын маань голын загас ч, цагаан махт загасанд орох тул ижил төрлийн n-3 хэлбэрийн ханаагүй тосыг агуулж байх ёстой. Дээр нь цаг өөр болж, олон төрлийн далайн бүтээгдэхүүн ч манай хүнсний дэлгүүрүүдээр ихээр харагддаг болж. Тэгэхээр махыг бодвол багахан хэмжээний загаснаас хэрэгцээт амин дэмээ та авч чадах учир, хүнсний махныхаа нэгээхэн хэсгийг загасаар орлуулаарай гэж аминчлан захих байна.

Хирашима Тэцүро “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” номоос.

Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М1
2016.2.27

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*