“Гэмт Хэрэгтнүүдийн Төлөө Бид Мөнгө Хэвлэхгүй”

2-р сарын эхээр Европын Төв Банкны тэргүүн Марио Драгги зах зээл дээр эргэлдэж буй 500 еврог ашиглалтнаас гаргах тухай судалгаа хийж байгаагаа зарлаж, 5 сарын 1 гэхэд холбогдох евро бүсийн орнуудын сангийн сайдуудад тайланг хүргэхээ мэдэгдэв. Яагаад 500 еврог зах зээлээс гаргана гэж, их оронтой мөнгө тэмдэгт байх чинь амар биш үү гэж бодогдож байгаа байх. Гэвч мөнгөн тэмдэгтийн нэрлэсэн үнэ их байх тусмаа нүднээс гадуурх далд үйл ажиллагаа улам ихэсдэгийг энд онцолмоор байна.

Бэлэн мөнгийг хар тамхи, хүний наймаа, мөнгө угаах, татвараас зайлсхийх зэрэг хууль бус үйл ажиллагаанд хамгийн ихээр ашигладаг. Та бид сонин хэвлэлээс дотуур өмдөндөө их хэмжээний бэлэн мөнгө хийгээд хилээр гарах гэж байгаад баригдсан, хар тамхинаас олсон орлогоо тээр нэг эзгүй хээр талын хурдны замын хажуугийн шороонд булах зэргийг кинон дээрээс өчнөөн харсан. Энэ бүхэнд цорын ганц хэрэглэгддэг зүйл бол бэлэн мөнгө. Тэд бидэн шиг картаар гүйлгээ хийхгүй. Банкаар дамжиж, ул мөрөө үлдээхгүй. Хэнээр дамжсан хаанаас ирсэн нь тодорхойгүй бэлэн мөнгийг ашигладаг. АНУ тэргүүтэй барууны орнууд Исламын шашны террористуудын санхүүжилтийг зогсоохын тулд тэднийг олон улсын банкны системнээс блоколж, санхүүгийн эх үүсвэр болох чухал объектуудыг нь удаа дарааллан бөмбөгдөж байгаа ч нэмэр болохгүй л байна. Тэдний ард маш том бэлэн мөнгөний далд сүлжээ ажиллаж, тэднийг бүхэлд нь санхүүжүүлж байдаг. Тийм учраас бэлэн мөнгө гэмт хэрэгтнүүдийн хамгийн чухал хэрэгсэл нь юм.

Өндөр дүнтэй мөнгөн тэмдэгтийг зах зээлээс гаргах хөдөлгөөн сүүлийн үед Европын орнуудад эрчимжиж байна.

Еврогийн хамгийн том мөнгөн дэвсгэрт болох 500 еврогийн хувь заяа хүндхэн болж байна. Зах зээл дээр эргэлдэж буй нийт еврогийн 30 хувийг 500 еврогийн дэвсгэрт эзэлдэг ч, бодит амьдрал дээр 500 еврог харсан үзсэн хүн тун ховор байдаг аж. 500 евро нь өдөр тутмын гүйлгээнд бараг хэрэглэгддэггүй бөгөөд хэрэглэе гэсэн ч ихэнх хүмүүс хуурамч гэж сэжиглэн хүлээж авдаггүй. Тийм атлаа яагаад 30 хувийг эзэлж байна вэ? Хариулт нь бол мөнгө угаалт, хар тамхи, хүний наймаа, татвараас зайлсхийх, мөнгөө нуух, террорист үйл ажиллагааг санхүүжүүлэх зэрэг гэмт хэрэгтнүүдийн үйл ажиллагаа. Ямар сайндаа 500 евро тийм амархан олддоггүй тул Испанид 500 еврог муу нэрээр нь “Бин Ладен” гэж хочилдог аж. Одоогийн байдлаар, Европт өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнийг бэлэн мөнгөөр авахыг хориглох зэргээр бэлэн мөнгөөр гүйлгээ хийхэд хязгаар тавиад эхэлсэн.

Их Британи аль хэдийнээ банк болон валютын арилжаа хийдэг газруудад 500 еврог ашиглахыг хориглосон. Мөн өөрсдийн 50 фунт стерлингийг ч хүртэл болиулах гэж үзсэн. 2000 онд Канад 1,000 Канад долларыг хэвлэхээ больсон. Сингапур 10,000 Сингапур долларыг жагсаалтнаас хассан. Энэ бүхэн бүгд дээрх шалтгаануудын улмаас авч буй арга хэмжээ.

500 еврогоос гадна ярианы сэдэв болж буй нь Швецарийн 1,000 франкийн дэвсгэрт. 1907 оноос хойш ашиглагдаж байгаа ч үүнийг харсан үзсэн хүн тун цөөхөн байдаг аж. Швецарийн Үндэсний Банкны тайлангаас үзвэл, 2014 онд нийтдээ 40.5 тэрбумтай тэнцэхүйц хэмжээний 1,000 франкын мөнгө тэмдэгт эргэлдсэн бөгөөд энэ тоо нь 2015 оны эцсээр 17 хувиар өсч, 45.2 тэрбум франктай тэнцэхүйц болж[1]. Ингэж их өссөний нэгэн том шалтгаан бол, Швейцарийн хасах хүүгийн бодлоготой нилээд холбоотой. Швейцарь нь хасах хүүгийн бодлогыг 2014 оны сүүлээр хэрэгжүүлж эхэлсэн ба удаа дарааллан хүүгээ бууруулсаар өнөөдрийн байдлаар арилжааны банкнуудын төв банкинд байршуулах хадгаламжийн хүү -0.75% байна. Төв банк хадгаламжийн хүүг хасах уруу оруулах тусам л арилжааны банкнууд аргагүйн эрхэнд мөнгөө хадгалуулж буй иргэд, албан байгууллагуудад хүртэл хасах хүү ноогдуулж, мөнгө хадгалуулсных нь төлөө тэднээс хураамж авдаг болно. Үүнээс сэргийлж, банкинд мөнгөө хадгуулснаас бэлэн мөнгөөр авч, хаа нэгтээ хадгалах нь оновчтой гэж үзэн, улмаар 1,000 франкын эрэлт өссөн хандлага бий. Эдийн засгийг эрчимжүүлэх зорилготойгоор хэрэгжүүлж буй Европын банкнуудын хасах хүүгийн бодлогын уг үр дүн нь гэмт хэрэгтнүүдэд таатай орчинг бүрдүүлэх нь лавтай. Тиймээс Европын төв банк хасах хүүгийн бодлого хэрэгжүүлэхтэй зэрэгцээд давхар уг гэмт хэрэгтнүүдийн бэлэн мөнгөтэй орооцолдохыг нь хязгаарлахын тулд том мөнгөн тэмдэгтийг хэвлэхээ болиход хүргэж байгаа юм. Ялангуяа Швейцарт 1,000 франкийн эрэлт ихсэж буй нь бүр ч таагүй. Швейцарийн банк гэнгүүт л өнөөх алдартай нууцлал, түүний ард байх угаагдсан мөнгө, татвараас зугтсан, хээл хахуулийн мөнгө замхрах аюултай тул үүнийг нэн даруй шийдэх асуудал гарч ирээд байна.

Томоохон шийдвэр гаргагчид Холбооны Нөөцийн Санд (АНУ-ын төв банк) хүртэл 100 долларын дэвсгэртийг зах зээлээс гаргахыг хүртэл мэдэгдээд амжсан. Хэрвээ 100 доллар зах зээлээс гарвал Мексикийн хил дээрх хар тамхины наймааг бууруулахад дорвитой нөлөө болно гэж Харвардын их сургуулийн судалгаа ч байгаа.

Өндөр дүнтэй мөнгөн дэвсгэртийг байхгүй болгосноор, гэмт хэрэгтнүүдэд тээвэрлэлтийн хувьд асуудалтай болгож байгаа юм. 10 сая ам.долларын хууль бусаар олсон бэлэн мөнгийг зөөе гэвэл 100 ам.долларын дэвсгэртээр бол 100кг болох аж.[2] (Доорх зургийг харна уу) Үүнийг байнга хүний нүднээс далдуур зөөж тээвэрлэнэ гэдэг бол маш том шүдний өвчин болох нь тодорхой.

FullSizeRender

Дээрх мөнгөн тэмдэгтүүдээс татгалзах хөдөлгөөнд бас ч бүх улс орон дуу нэгтэй оролцохгүй байгаа.  Ялангуяа Герман болон Австри. Учир нь валютын тогтворгүй ханш, орлогын татвар, хөрөнгийн мэдүүлэг, банк дампуурах зэрэг хүчин зүйлүүдээс болж хүмүүс ямагт бэлэн мөнгийг гар дээрээ байлгахыг эрхэмлэдэг. Тиймээс том мөнгөн тэмдэгтүүдийг байлгах нь зөв гэж үзэж байгаа. Хэрвээ том мөнгөн тэмдэгт байхгүй болбол, хувь хүмүүсийн бэлэн мөнгөөр юу хийж байгааг нь шалгах процесс улам төвөгтэй болж, хэтэрхий хувь хүний нууцад халдах ч асуудал гарч болзошгүй хэмээн хувь хүний нууцыг маш их анхаарч үздэг Герман сэрэмжилж байна.

Аливаа улсын хамгийн том мөнгөн тэмдэгт нь тухайн улсынхаа түүх, урлаг соёлын бэлгэдэл үнэт зүйлсийг агуулж байдгаараа онцлогтой. Тэрхүү түүх, урлаг соёлын үнэт зүйлс, бахархалыг шингээсэн, амжилт баялагийн дээд хэмээн шүтэж бишрэгдэж явдаг мөнгөн тэмдэгтүүдийг байхгүй болгоно гэдэг тийм ч амаргүй нь тодорхой.  Гэхдээ улс орны эдийн засаг, аюулгүй байдлын үндсэн дээрээс гэмт хэрэгтнүүдийн үйл ажиллагааг далдалж буй дээрх мөнгөн дэвсгэртүүдийг байхгүй болгох нь нэн тэргүүний асуудал. Ямартай ч 5 сар гэхэд 500 еврогийн хувь заяа хэрхэн шийдэгдэхийг чих тавин харцгаая.

Ер нь бэлэн мөнгөний хэрэглээ дан ганц дээр өгүүлсэн шалтгаануудаас зогсохгүй технологийн дэвшил хэмээх том нөлөөнөөс улбаалаад аажмаар хумигдсаар л байх болно. Эхнээсээ том мөнгөн дэвсгэртүүд байхгүй болж аажмаар өдөр тутмын амьдралд хэрэглэгдэх жижиг мөнгөн дэвсгэртүүд ч биет хэлбэрээс дижитал хэлбэрт шилжиж, бэлэн мөнгөгүй ирээдүй биднийг тун ойрхон хүлээж байна.

О.Баярсайхан
2016.03.07

Ашигласан материал:

[1] “Negative Is Positive for Swiss Bill”, The Wall Street Journal, February 23, 2016

[2] “Cash Talk”, The Economist, March 5th 2016

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

1 Comment

  1. Сонирхолтой мэдээлэл байна. Дараа нь бит койны тухай бичвэл тун сонин байна.

Leave a Reply

Your email address will not be published.


*