Үнэн хэрэгтээ “Лусын Дагина” байдаг гэж үү?

Дэлхий дээр одоог хүртэл хүн төрөлхтөн учрыг нь тайлаагүй олон тайлагдашгүй нууцууд байдаг билээ. Түүний нэг бол яахын аргагүй үлгэрт гардаг биеийнх нь хагас нь эмэгтэй хүнээс, хагас нь загаснаас бүрдсэн Лусын дагина юм. Та бидний өдөр тутам өргөнөөр хэрэглэж буй цахим ертөнцөд “Лусын дагина дэлхий дээр оршдог юм” гэх маш олон худал үнэнг хэлж мэдэхгүй мэдээ мэдээлэл одоог хүртэл цацагдаж ирсэн билээ. Харин энэхүү нийтлэлээрээ нийтлэгч миний бие уншигч танд жинхэнэ Лусын дагина одоог хүртэл оршиж буйг хэлэхдээ таатай байна.

Тэдний түүх.

Лусын дагина гэхээр бид бүхний толгойд загасан сүүлтэй, эмэгтэй хүний биетэй амьтан төсөөлөгддөг билээ. Харин энэ дэлхий дээр бодит орших лусын дагина бол Солонгос болон Япон улсын түүхийн тодорхой нэгэн хэсгийг эзэлж чадсан Ама буюу далайн шумбагч бүсгүйчүүд юм. Япон хэлээр Ама 海女, Солонгосоор Haenyo гэж уншигддаг ба Монгол хэлнээ хөрвүүлбэл далайн эмэгтэй гэсэн утгатай бөгөөд ойролцоогоор 2000 гаруй жилийн түүхтэй гайхалтай нэгэн соёл юм. Мөн 17-р зууны Солонгосын түүхэн номонд 潜女 (Jam-Nyeo) гэж тэмдэглэсэн байдаг ажээ. Анх Чёсонбандо буюу одоогийн БНСУ болон Хойд Солонгосын газар нутагт оршиж байсан иргэдээс үүсэлтэй соёл юм. 1879 онд Чёсонбандогоос Япон арал уруу энэхүү ажил мэргэжил нь нэвтэрсэн бөгөөд цаашлаад 1895 оноос хойш Хятад, Оросын Приморье хүртэл өргөжин тархсан байна. 1970 оны тооллогоор 14,000 давсан Ама бүсгүйчүүд  амьдарч буйг тогтоосон бөгөөд одоог хүртэл тэд оршин тогтносоор байгаа ч, 2012 оны хувьд ойролцоогоор 4,500 гаруйхан Ама бүсгүйчүүд үлдсэн гэсэн харамсалтай мэдээ байна. 2013 оны хувьд Япон улсын 18 аймагт 2,174 Ама бүсгүйчүүд үлдэж. Дэлхийн 2-р дайны дараах 1956 оны судалгаагаар Япон даяар нийт 17,611 Ама бүсгүйчүүд далайд шумбаж байгааг тогтоосон ба 7,000 гаруй  Миэ (三重県) аймагт амьдарч байсан аж.

..-..-IICManager-Upload-IMG--Tokyo-201505250842maraini

海女-800x581

56-3935436-1440680462c74d8c0e4ddc41f195be6fe16d616525
Тэд юу хийдэг вэ?

Ама бүсгүйчүүд жирийн нэг өнөөгийн шумбагч нар шиг сонирхлоороо болон далайн амьтад судлах гэж далайн гүнд шумбадаггүй байсан юм. Тэд бол жинхэнэ бор ажилчид байсан ба далайн эргийн хэсэг болон усны гүехэн газар шумбаж, тэр ч байтугай 25 метр гүнд наалдсан далайн сувд, далайн хясаа, далайн замаг гэх мэт олон төрөл зүйлийн далайн амьтад агнадаг байжээ. Хүйтэн далайн гүнд яагаад ЭМЭГТЭЙ хүнийг шумбуулж ажил хийлгэдэг байсан юм бол?

Тухай үеийн Япон эмэгтэйчүүд эрэгтэй хүнийг бодвол махлаг эрүүл чийрэг байсан ба тэдний уушгины багтаамж эрэгтэй хүнийхийг бодвол их байсан учир голчлон эмэгтэй шумбагч нар ажилладаг байжээ. Хэр баргийн далайчид олоод байхгүй далайн эрдэнэс, сувд олдог байсан нь тэднийг улам алдаршуулж чадсан гэдэг.

Breath_Hold_AMA7 Breath_Hold_AMA8

Ама бүсгүйчүүдийн ангийн олз (далайн ургамал болон далайн хясаа)

Та гайхаж магадгүй юм яагаад Ама бүсгүйчүүд нүцгэн шумбадаг байсан бэ? гэж. 1950 онд хараахан далайн гүнд ороход зориулагдсан шумбагчийн хувцас болон хүчилтөрөгчийн баллон байгаагүй юм. Тэд мэдээж далайд шумбахад зориулж өөрсдийн бололцоогоор хувцас хийн өмсөн шумбаж үзсэн боловч тэдний хөдөлгөөнийг удаашруулж далайн гүнд дарж байсан юм. Мөн шумбаад гарч ирсний дараа норсон хувцас биеийн дулааныг бууруулж байсан нь огтхон ч Ама бүсгүйчүүдэд таалагдаагүй байна. Тийм учраас тэд xөхөвч болон чээжин хэсгээрээ цамц өмсөхгүй шумбадаг байсан ажээ. Мэдээж хэрэг Ама бүсгүйчүүд дөрвөн улирлын турш нүцгэн шумбаж чадахгүй билээ. Тийм ч учраас зуны улирал Ама бүсгүйчүүдэд хамгийн тааламжтай улирал байсан ажээ.
underwater_divers_large

maraini4-800x634

7f94f93e1ce0b2af325fe4be68953a93

Ама бүсгүйчүүдийн зэрэг болон далайд шумбах хэв маяг

Тэдний шумбах арга барил болон чадварын хувьд үндсэн 3 xэсэгт хуваадаг ажээ. Ихэвчлэн Ама бүсгүйчүүдийн шумбах үед тохиолдох эрсдэл болох цаг агаар болон биеийн чадавхиас шалтгаалан Ооисодо, Накаисодо, Коисодо гэж 3 хуваадаг байсан байна.

Breath_Hold_AMA

Бага хэсэг

Коисодо буюу анхан суралцагч өсвөр насны охид болон хэдэн арван жил шумбаад тэтгэвэртэй гарах гэж буй Ама шумбагч нарын баг хэсэг. Энэ багийн усанд шумбах үйл явцын хувьд, тэд эргээс далайн өөрсдийн ан хийх газар хүртлээ усны хөвүүр тэмдгийн тусламжтайгаар сэлж алхан очин ангаа хийдэг. Тэд ядарсан үедээ ангаа зогсоон далайн эрэг рүү буцаж гардаг ажээ.

Breath_Hold_AMA22

Breath_Hold_AMA6

Ама бүсгүйчүүдийг татаж гаргах олс болон тэднийг цэв хүйтэн далайн гүнээс завин дээр гарч ирэхэд дулаацуулах гал

Дунд хэсэг

Накаисодо буюу 20-с доош насны бага хэсгийн бүх бэлтгэл, дасгалжуулалтыг хийж сурсан охид  энэхүү баг хэсэгт хамаарагдана. Накаисодо нар 7 метр гүнд шумбаж чаддаг ба өөрсдийн ан хийх газар хүртлээ нэг завинд 6 Накаисодо болон нэг завьчин сууж яван ажлаа хийдэг ажээ.

Накаисодо тус бүрд ан хийхэд хэрэгтэй хэрэгсэл болох торон сагсыг ташаандаа бүс хэлбэрээр бэхэлнэ. Мөн тэднийг агаар мандал уруу буцаж гарахад туслах олсны нэг үзүүрийг усны хөвүүр тэмдэгтэй холбож нөгөө үзүүрийг тэдний бэлхүүсээр ороон уядаг ажээ. Накаисодо нар ойролцоогоор 20-30 удаа усанд шумбасны дараа амралтаа авч завин дээр гаран завьчины асаасан галын ойролцоо суун дулаацдаг байна.

Breath_Hold_AMA3

Breath_Hold_AMA2

Ама бүсгүйчүүдийн ан хийх гол хэрэгсэл буюу Каиганэ болон бүс
Breath_Hold_AMA10

  1. Хоёр нүдэт усны шил
  2. Хоёр нүдэт усны шил болон залгай резинэн булцуу
  3. Нэг нүдэт усны шил (Толгойн хэсгийн шил)

Ахлах хэсэг

Ооисодо буюу 20-50 насны хамгийн мэргэжлийн шумбагч Ама бүсгүйчүүд хамаарагдана. Ооисодо нар 8-20 метр гүн хүртэл шумбаж чаддаг ба хэд хэдэн завинд хуваагдан сууж ан хийн далайн хэсэг хүртэл явдаг ажээ. Тэд 1 удаа шумбахдаа 40-50 секунд хооронд шумбаж ангаа хийдэг ба зарим нэг чадвартай нь 1 минут хүртэл амьсгаагаа түгжиж чаддаг байжээ. 8-20 метр гүнд шумбаад дээш гарах гэсээр байтал тэдний чээжиндээ хуримтлуулсан агаар нь дуусаж, зүгээр л далайн гүнд шумбаад гарч ирж буйтай адил учир тэд илүү дэвшилтэт хэрэгсэл хэрэглэдэг байна. Хүндрүүлэгчтэй бүс (2-3кг), чиглүүлэн хүндрүүлэгч (1.5-2кг), 10-15кг хүнд чулуун алх эсвэл төмрөөр хийсэн бас нэгэн хүндрүүлэгчийг ашигладаг байжээ. Ооисодо-г доош шумбаад дээш гарах үед завьчин Ооисодогийн дохиогоор 10-15кг хүндрүүлэгчийг далай доош шидэн агаар мандалд гарахад нь дэм болдог байна.

Breath_Hold_AMA4

Breath_Hold_AMA12хүндрүүлэгч төмөр болон чулуу

Эрт дээр үед Монгол улсад маань шилийн сайн эр гэж өргөмжлүүлсэн баатар эрчүүд байдаг шиг Ама бүсгүйчүүд бол шилийн сайн эм гэж хэлэхүйц зоригтой эмэгтэй шумбагч нар гэж хэлмээр байна. Амь насаа дэнжин тавин цэв хүйтэн далайн гүнд шумбан далайн хясаа, ургамлыг түүн өөрсдийн гэр бүлээ тэжээдэг байсныг бишрэхгүй байхийн арга үгүй биз ээ. Ама бүсгүйчүүдэд байгалиас заяасан махлаг сайхан бие хаа, хүчилтөрөгчийн баллон үл ашиглан далайн цэв хүйтэн харанхуй гүнд шумбах тэр зориг тэвчээр болон гайхалтай шумбах техник тэднийг далайн гүнд яг л үлгэрт гардаг лусын дагина шиг үзэсгэлэнтэй харагдуулна.Тэд бол жинхэнэ лусын дагинууд юм.

 

Г.Цэлмэн
Токай ИС, Барилгын инженерийн факультет, 3-р курс
2016.3.19

Ашигласан материал:

  1. Википедиа нэвтэрхий толь:

https://ja.wikipedia.org/wiki/%E6%B5%B7%E5%A5%B3_%28%E9%9F%93%E5%9B%BD%29

  1. www.messynessychic.com

http://www.messynessychic.com/2013/11/01/the-last-japanese-mermaids/

  1. “Physiology of BREATH-HOLD DIVING and THE AMA OF JAPAN”,  Tokyo, Japan 1965

 

Хуваалцах
Мооёо
About Мооёо 21 Articles

Эдийн засгаар сурч буй том мѳрѳѳдѳлтэй энгийн нэгэн оюутан.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*