“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Зөв хооллолтын дадал 9

Дадал 9. Өдөрт хагас шоо дүфү буюу “тариан талбайн мах” шар буурцгийг хэрэглэж занших.

Буурцгийн төрлүүд дотроос уургийг хамгийн ихээр агуулдаг нь шар буурцаг буюу “soybean” юм. Тийм ч учраас шар буурцгийг “тариан талбайн мах” гэж нэрлэх нь бий. Японд гэхэд, шар буурцаг, түүгээр хийдэг дүүфүү, мисо, буурцгийн цуу зэрэг нь эрт дээр үеэс ард олны эрүүл мэндийг тэтгэх амин чухал эрдэс тэжээлийн эх үүсвэр болсоор өдийг хүрчээ.

Хорт хавдрын эсрэг үйлчилгээ гэвэл, шар буурцганд агуулагдах полифенолын нэг төрөл изофлавон (isoflavone:C15H10O2) нь хөхний болон түрүү булчирхайн хавдрын эрсдлийг багасгадаг гэсэн судалгааны үр дүн байдаг аж. Изофлавон нь эмэгтэй гормон болох эстрогентэй төстэй химийн бүтэцтэй бөгөөд, тиймдээ ч эмэгтэй гормонтой адилхан үйлчилгээ үзүүлдэг нэгдэл юм. Хөхний болон түрүүн булчирхайн хорт хавдар нь нэг ёсондоо гормоноос хамааралтай хавдрын төрлүүд. Жишээ нь, хөхний хорт хавдрын хувьд эстрогений шүүрэл ихэсч, бие дэх эстрогений ноёрхол урт байх тусам үүсэх эрсдэл нь өндөрсдөг байна. Тиймээс шар буурцгийг тогтмол хэрэглэж изофлавоныг биедээ ихээр авснаар, эстрогений шүүрэл зохицуулагдаж, хавдар үүсэх эрсдлийг бууруулдаг ажээ.

Америкын Хүнс Тэжээл, Эм Бэлдмэлийн Холбоо (FDA) – оос гаргасан хүнс тэжээлийн пирамидад шар буурцаг хорт хавдраас урьдчилан сэргийлэх үйлчилгээгээр хамгийн өндөр группэд багтжээ. Мөн шар буурцгийг түүхий эдээ болгосон бүтээгдэхүүнүүд төрөл зүйлийн хувьд ч олон, хоол хүнсэнд хэрэглэх аргын хувьд ч олон байдаг юм. Чанаж болгож хэрэглэхээс гадна, бидний сайн мэдэх дүүфүү хэлбэрээр, натто хэлбэрээр, мөн тосонд шарж хэрэглэсэн ч их хэмжээний изофлавоныг биедээ авч болно. Бас сүүний оронд шар буурцгийн сүүг хэрэглэх нь ч үр дүнтэй юм. Ингэхдээ аль болох найрлагыг нь зохицуулаагүй, цэвэр байгалиар нь савласан бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй. Найрлагыг нь зохицуулсан шар буурцгийн сүүг уухад аятайхан сайхан байдаг боловч, нүүрсустөрөгчийн агууламж нь их болсон байдаг учир анхаарах хэрэгтэй болдог.

Slide1
Хорт хавдрын нас баралтыг бууруулсан хүнсний пирамид

Эцэст нь, хүний нэг өдрийн авах ёстой изофлавоны хэмжээ 40-50 мг. Энэ хэмжээг тал шоо дүүфүү, нэг сав натто (50 гр), 80 гр чанасан буурцаг зэргээс нөхөж авч болно.

 

Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М2
2016.4.1

Ашигласан материал:
1. Хирашима Тэцүро “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” ГЭНТОША

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*