“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Зөв хооллолтын дадал 10

Дадал 10. Амны хөндий, улаан хоолойн ханыг гэмтээх хэт халуун хоол унднаас болгоомжлох.

Өдийг хүртэлх дадлууд дээр гарсан шиг хоол хүнсний төрөл зүйл бус, төлөв байдал, ялангуяа температурт мөн анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэт халуун хоол хийгээд ундааг хэрэглэхгүй байх явдал юм.

Хэн хүнгүй дөнгөж буцалсан халуун ус ч юмуу, шөлийг мэдэж байгаа мөртлөө аль эсвэл мэдэлгүй санамсаргүй уучих тохиолдол гардаг шүү дээ. Тэгэх үед хэл, тагнай, хоолой зэрэг түлэгдсэнээс болж их бага хорсолт мэдрэгдэх нь бий. Ийм түлэгдэлт олон давтагдснаар амны хөндий, багалзуур хоолой болон улаан хоолойн салст бүрхүүл гэмтэн үрэвсэж, улаан хоолойн хорт хавдар, багалзуур хоолойн хорт хавдар зэрэг үүсэх таатай нөхцлийг бүрдүүлдэг байна. Японы хавдар судлалын төвөөс хийсэн өргөн хэмжээний судалгааны үр дүнд, “хэт халуун хоол, унд” нь улаан хоолойн хорт хавдрын эрсдлийг өндөрсгөдөг болох нь “бараг тодорхой” гэж гарчээ. Мөн багалзуур хоолой, төвөнх, залгиур хоолойн хорт хавдрын эрсдэл ч өндөрсөнө хэмээн үзэж байна.

Манай оронд, ялангуяа хүйтэн өвлийн улиралд, халуун шөл, цай зэргийн хэрэглээ мэдэгдэхүйц ихэсдэг билээ. Иймэрхүү нөхцөлд ч аль болох халуун цай, шөлөө амандаа хийхэд ярвайхааргүй болтол хөргөсний дараа хэрэглэж зуршицгаая. Гэхдээ хүн хүний амандаа орсон зүйлийн халууныг мэдрэх мэдрэмж өөр байх буюу хэт халуун юм ууж идэж дадсанаасаа болж халууныг мэдрэх нь муудсан хүн ч байдаг. Тэр дундаа ахимаг насныхны амнаас “цай халуун биш байх чинь” гэсэн үг унах нь бий. Тийм хүмүүс энэ байдлыг ухамсарлаж, аль болох халуун гэхээсээ дулаан гэж мэдрэгдэхүйц температурыг илүүд үзсэн нь дээр байж магадгүй юм шүү.

Хирашима Тэцүро “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” номоос.

 

Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М2
2016.04.08

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*