“Зүрх тэмтрэх ЗЭН” Хүч бадраах үгс-3.

Тав. Амьдралын зовлон зүдгүүрийн үндэс нь шунал тачаал. Эхлээд шунал тачаалаа хаяцгаая. 

“Мэлмий нээгдэхүй дор Сугар гариг.”
Зэн үг.

Бурхан Будда одоогоос 2500 жилийн өмнө Энэтхэгт мэндэлжээ. Хааны хөвүүн болон мэндэлсэн тэрбээр хүүхэд наснаасаа ямарваа нэгэн зовлон зүдгүүрийг үл амсан амьдарч асан авч, хангалуун амьдралын урсгалд нэг л өдөр “амьдарна гэдэг хүнд хүчир” болохыг гүнээ ухаардаг. Ингээд төрж өссөн тансаг орд харшаа, түүнд суух аваал хатан, хүү хоёроо орхин 29 насандаа ганцаар бадарчлан одсон гэдэг. Үүний дараа 6 жилийн турш хүнд хүчир сахилыг дадуулж, ангижралыг горилох авч, зовлон зүдгүүрээс чөлөөлөгдөж чадсан нь үгүй. Бууж өгөхөд ойртсон тэрээр нэгэн өдрөөс эхлэн Бо модны доор очиж зүгээр л бясалган суух болж гэнэ. Өдөр хоног урсан одовч, үргэлжлүүлэн бясалгах Будда тэр нэгэн өдрийн өглөө, үүр цайхтай зэрэгцэн Сугар гаригийг олж үзэх тэр агшинд, гэнэтхэн маш чухал зүйлийг мэдэж ухаарчээ. Бурхан Буддагийн ухаарсан тэр зүйл нь амархнаар хэлбэл дараах өгүүлбэр болно.

“Зовлонгийн үндэс нь шунал тачаал ажгуу. Зовлонгоос чөлөөлөгдөхийн тулд, тэрхүү шунал тачаалыг хаявал зохино.”

Гэвч, энэ бол хэлэх мэт амархан зүйл биш ажээ. Хүн гэдэг шунал тачаалд нөжирсөн урхаг биет агаад, үргэлж ямарваа нэгэн зүйлийг шүлэнгэтэн хөөх авай.

21-р зуунд амьдарч буй бид ч мөн адил үй олон зүйлнээ шунан тачааж буй. Мөнгө төгрөг, хайр дурлал, хувцас зүүлт, машин унаа, аялал жуулчлал гээд л. Аз жаргалтай болмоор байна гэж боддоггүй хүн байхгүй биз ээ. Гэвч, тэрхүү барих барьцгүй аз жаргалд нүдээ алдаад, өөрийгөө мартчихаад байгаа юм биш биз. Мөн эсрэгээрээ, өөрөө өөртөө шигдэн аз жаргалыг нүднийхээ өмнүүр алдан буй хүн ч байгаа.

Өчигдөртөө шүлэнгэтэн хүлэгдэхгүй. Маргаашийг шунан хүлээхгүй. Өөрийгөө суллан тавь. Ингэж чадах хүн л жинхэнэ аз жаргалтай.

 

Зургаа. Хэрэгжүүлэх тусам, замын уртыг мэднэ.

“Нарсан сүүдэр доорх харанхуй нь сарны туяа ч юм болов уу даа.”
Хэлц үг.

Буддын сургаал номыг хараахан хангалттай өөрийн болгоогүй байх тусмаа мэдчихсэн юм шиг сэтгэл ханах хүн бишгүй бий. Бурхан Буддаг үнэхээр л өөрийн болгосон байх аваас, эсрэгээрээ өөрийн алдаа дутагдлыг улам сайн олж харах буюу. Энэ хорвоод төгс хүмүүн гэж үгүй. Бүгдээрээ өөр өөрийн гэсэн сул талтай.

Бурхан Буддагийн сургаал номыг үзэж, ойлгосноо хэрэгжүүлэх аваас, өөрийн сул талыг аажмаар засан явах биз ээ. Гэвч түүний сургаал номыг багахан мэдлээ гээд, өөрийн сул талууд замхран арилах учир үгүй буюу. Харин ч мэдчихлээ гэж сэтгэл ханах нь өөрөө нэгэн том сул тал билээ. Тэгэхээр хамгийн хэцүү нь өөрийнхөө мэдэхгүйг ягштал мэдэж ухамсарлаж байх явдал ажээ. Сул талаа засч залруулахын тулд, эхлээд түүнийгээ мэдэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

“Нарсан сүүдэр доорх харанхуй нь сарны туяа ч юм болов уу даа” гэдэг хэлц үг бий. Энд “Нарсан сүүдэр” гэдэг нь өөрийн сул тал. “Сарны туяа” нь Буддын сургаал аж.

Буддын сургаал над дээр тусч намайг гэрэлтүүлэх тусам, өөрийн сул талууд тод томруун харагдаж эхэлнэ. Улмаар цааш суралцах тусам, эгэл даруу болохоос аргагүй. Хэрэгжүүлэх тусам, замын уртыг сэхээрч мэднэ. Буддагийн замаар амьдрах хүн бол, хаа хүрсэн байлаа ч “ахин нэг алхам” гэж өөрийгөө шамдуулах авай.

 

Нэлке Мүхо “Герман Зэн Хуваргын Зүрхэнд Цуурайтах Буддын Сургаал 100” номоос.

 

Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М2
2016.04.14

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*