“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Зөв хооллолтын дадал 11

Дадал 11. Хэт их идсэн үедээ 3 хоногийн нийлбэр балансаар тэнцвэржүүлээрэй.

Ажил төрөл, найз нөхдийн хүрээний уулзалт цуглаанаас болж хэтрүүлэн идсэн, хааяа хааяа өөрийгөө барьж дийлэлгүй амттан ихээр идээд сүүлд нь харамссан улсуудтай олонтаа таардаг билээ. Гэхдээ нэг удаагийн, нэг өдрийн их идэлтээс болж сэтгэлээр унаж гонсойх хэрэггүй ээ. Ганцхан удаа хэтрүүлэн идээд сэтгэлээр унаж, би өнгөрсөн хүн хэмээн ташаа бодон нүүрсустөрөгчийн дэглэмээ гаргуунд гарган хаях зэрэг болчимгүй үйлдлийг хийх хүмүүс цөөнгүй байдаг. Тэгэлгүйгээр 3 хоногийн нийлбэр балансаар хоолны хэмжээгээ бодох дадал зуршлыг биедээ шингээгээрэй.

Хоол идсний дараа ялангуяа нүүрсустөрөгч өөх тос болон хувирахад, үндсэн бодисын солилцоо, хоолны шингэц зэргээс хамаарч янз янз байх боловч, ойролцоогоор 40-48 цаг шаардагддаг байна. Тийм учраас, угтаа 2 хоногийн турших хоол унд, хөдөлгөөнөө сүүл толгой холбон тэнцвэржүүлэн авч явах нь хамгийн сайн боловч, яахав 1 хоногийг нэмээд 3 хоногоор бодож зохицуулахад ч буруудахгүй биз ээ.

Мэдээж дасгал хөдөлгөөн хийх нь үр дүн сайтай боловч, угийн дэглэм форм сайтай нэгэн л биш бол бага зэрэг хүндрэлтэй байж магадгүй ээ. “Өнөөдөр хамт олноороо гадуур гарч, шар айраг лонх лонхоор нь ууж, хоол идэхийг ч үзүүлж өглөө баларсаан” гэсэн үедээ, тэрний маргааш болоод нөгөөдөр нь нүүрсустөрөгчийг голчлон хэрэглээгээ хумиж, гарах үр дүнг тэнцвэржүүлж болно гэсэн үг.

Энд чухалчлан хэлмээр байгаа зүйл нь хоолны дэглэм тань жаахан цалгардлаа ч гэсэн, амьдралын хэв маягаа тэр дор нь засаж залруулж чадахуйц байх дадал зуршлыг биедээ шингээх хэрэгтэй шүү гэсэн санаа юм. Нэг удаа хамаа намаагүй ууж идээд л амьдралын хэв маягаа цалгардуулан алдахгүйн тулд, 3 хоногоор тооцох нийлбэр балансыг хэрэглэх нь маш чухал үр дүнтэй арга юм шүү. Сүүл толгой холбон тэнцвэржүүлэхэд, нүүрсустөрөгчийн дэглэм барих нь үр дүнтэй тул онцгойлон зөвлөх байна.

Хирашима Тэцүро “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” номоос.

 

Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М2
2016.04.15

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*