“Зүрх тэмтрэх ЗЭН” Хүч бадраах үгс-4.

Долоо. Өнөөдөр сайн, маргааш бүр илүү сайн, хэтдээ хамгийн сайн уруу. 

“Оролдох тусам болоогүй ажгуу”.
Шюүмонкаттошюү

“Би ч мөн болоогүй байна даа” гэж хэлэх нь бий. Гэхдээ энэ өгүүлбэрийн “болоогүй байна даа” гэсэн үг хоёр утгыг агуулна. Эхнийх нь хаа байсын би ч дээ гэсэн гэмшсэн утга. Хоёрдох нь дуусах болоогүй ээ явах зам урд минь зөндөө байна гэсэн өөдрөг утга. “Оролдох тусам болоогүй ажгуу” гэсэн хэлц үг энэ хоёр утгыг хоёуланг нь агуулжээ.

Барууныхан “Do your best” гэж их хэлдэг. Энэ нь “өөрийнхөө хамгийн сайныг гарга” гэсэн урмын үг. Тоо сайн боддог хүн байхад, өгүүлбэр сайхан холбочихдог хүн байна. Нэг нь хөгжмийн сонсгол сайтай байхад, нөгөө нь гайхалтай зургийн авьяастай байдаг. Хэдий марафон гүйлтийн аварга, хэн хүнээс илүү сайхан сэтгэлтэй хүн гээд л, хүн бүрт өөр өөрийн сайн чаддаг зүйл, чаддагүй зүйл гэж байх боловч, юу юунаас илүүтэйгээр хамгийн чухал нь өөрийн чаддаг тэр зүйлийг эцэст нь тултал хийж чадах явдал юм. “Do your best” гэдэг чинь уул шугамандаа энийг л хэлээд байгаа хэрэг. Бусадтай өөрийгөө харьцуулах бус, өөрийн чаддаг зүйлээрээ өөрийгөө төгөлдөржүүлэх явдал.

Гэхдээ энд учир дутагдалтай тал нэг бий. Юу вэ гэхээр өөрийн чадал боломжийн хэмжээ хязгаарыг хэн ч мэдэхгүйд байгаа юм. Өнөөдрийн тоглолт миний хамгийн сайн тоглолт байлаа гэж дүгнэх хэрэггүй. Учир нь “I did my best”-би хамгийн сайнаа гаргасан гээд хэлчих л юм бол, түүнээс цааш хөгжихөө больчих нигууртай. Харин “өнөөдөр би үүнээс илүү байж чадаагүй ч, маргааш бүр илүү сайн байхаар хичээнэ ээ” гэсэн сэтгэл зүйтэй байвал зохино. Хэн нэгнийг дийлсэн, дийлдсэндээ баярлаж гуниглахдаа биш юм. Өөрөө өөртөө л ялагдахааргүй байцгаая. Өнөөдөр сайн бол, маргааш бүр илүү сайн, хэтдээ хамгийн сайн руу.

Найм. Шатаж буй мэт сэтгэлээр хийх ёстой зүйлээ хий.

“Галын дөл өөдөө, голын ус уруудаа.”
Хоонэн
(Японы Жоодо (ариун газар) урсгалыг үндэсдэгч)

Баруунд “сууж болох үед бүү зогс, хэвтэж болох үед бүү суу” гэсэн үг байдаг. Ашиггүй хичээл зүтгэл гаргаад хэрэггүй ээ гэсэн санаа. Дурандаа илүү хичээл зүтгэл гаргаад явах хүн гэж байхгүй. Харин эсрэгээрээ “ахиад жоохон л” дутуу үед, гараа хумхин одох нэгэн нь олон бус уу. Нийтийн тээврийн хөгшид, хөл хүнд эхчүүдийн суудал дээр лаглайчихаад унтаж байгаа дүр эсгэх би гэдэг хүн… Хүний өмнө саймшрах хэрэггүй хэдий ч, хийхгүй байж болохгүй зүйлийн төлөө хичээл зүтгэл хэрэгтэй болох үе бишгүй гарах бус уу.

Хүн гэдэг жоохон ч болов амар хялбарыг нь сонгодог зуршилтай амьтан. Зогсож байснаас суусан нь, сууж байснаас хэвтсэн нь мэдээж таатай. Гэвч, тэрхэн амар хялбарт дурлах хүмүүнд хэвтэх төдийд, “шалан дээр биш гудсан дээр хэвтсэн бол ч”, “гудсан дээр биш, ор байсан бол ч” гэсэн хэзээ ч дуусашгүй захиалга гарч ирсээр байна. Амар хялбар, тав тухыг зогсолтгүй хөөх хирнээ, “энэ байхад л болно доо” гэсэн хандлагыг гарганаа гэж үгүй.

Тийм атал,

Залхуу хойргоор нэг амьдралыг өнгөрөөх үү?

Шатаж буй мэт сэтгэлээр, өөрөө өөрийгөө гаргуунд хаях уу?

Хариулт нь өөрийн л сонголт.

Христийн шашны сурталд сайн хүн диваажинд очиж, муу хүн тамд унадаг ёстой. Хоонэн гуай (Хэй-ан үеийн хуварга) “галын дөл өөдөө, голын ус уруудаа” гэж хэлсэн нь лав хойд төрлийн тухай биш байх. Тэр үеийн зүрх сэтгэлийнх нь дүр төрх биз ээ. Галын дөл хийгээд голын ус, энэ хоёрын ялгаа нь хийх ёстой зүйлээ хийсэн үеийн сэтгэл хийгээд хийгээгүй үеийн сэтгэлийн ялгаа буй за.

 

Нэлке Мүхо “Герман Зэн Хуваргын Зүрхэнд Цуурайтах Буддын Сургаал 100” номоос.

Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М2
2016.04.18

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*