“Зүрх тэмтрэх ЗЭН” Хүч бадраах үгс-5.

Eс. Жинхэнэ эд үнэрээ эс үнэртүүлнэ. 

“Анхилам үнэрийг шингээсэн хүмүүн.”
Шинран (Камакура эрин)

Сарнай цэцэг хэн нэгэнд үзэсгэлэнтэй харагдахын тулд цэцэглэдэггүй. Байгаагаараа л цэцэглэж байгаа нь тэр. Тийм ч учраас гайхамшигтай үзэсгэлэн төгс. Лаванда цэцэг өөрийгөө сайхан үнэртэй гэж боддоггүй. Тэгж боддоггүй учраас л хүмүүс түүнийг “анхилам үнэрийн хатан хаан” хэмээн нэрийддэг. Цэцэгс гэдэг, хөөрхийдөө энэ хүнийг нэг баярлуулчихъя даа гэж боддоггүй хирнээ л бидэнд аз жаргалыг бэлэглэсээр байдаг.

Цэцэг яагаад өөрийн анхилуун тансаг үнэр, өнгө яруу үзэсгэлэнг анзаарч мэддэггүй юм бол оо. Яагаад гэвэл тэр өөрөө өөртөө бүрэн уусан орсон учраас тэр биш гэж үү? Өөрөө өөртөө бүрэн уусчихсан учраас анзаарахгүй байх нь ч аргагүй юм даа. Яг л “би усанд сайн сэлж чаддаг шүү” гэх загас байдаггүй шиг. Тийм атал хүн л гагцхүү үргэлж өрөөлийн нүднээс санаа зовон өөрөө өөрөөсөө зугтах ажээ.

“Намайг юу гэж бодож байгаа бол?” “Хүмүүст би таалагдаж байгаа болов уу?” гэх мэтээр нүүрээ будаж, үнэртэй ус цацдаг нь ганцхан хүн.

Гэнэн цайлганаараа цуутай Рёокан гуайд (Эдогийн үеийн зэн хуварга) гурван дургүй зүйл байсан гэдэг. “ Тогооч хүний хоол, бичээч хүний бичиг, шүлэгч хүний шүлэг.” Хэрвээ үнэхээрийн тэр салбарынхаа про бол бүтээл туурвилаас нь “аргагүй л про хүний гараас гарчээ” гэсэн үнэр ханхалдаггүй. Тийм ч учраас хөгжилтэй наргианч сэтгэлээр бялхсан Рёокан гуайн бүтээл хүн ардын сэтгэлийг булгилуулж чаддаг байжээ.

Тэгэхээр “хуврага хүний талархам сайхан ярианд” ч асуудал байгаа юм. Амьдрал ахуй дотроосоо санаж сэрснээ, өдөр тутмын хичээл дадлаар өөртөө сайтар шингээн цогцлоодог хүн л биш бол тэр сайхан үгтэй санал нийлэхэд үнэндээ хэцүү юм. Ээ дээ би гэдэг хүн. Бусдад номлохоо больмоор юм даа.

Арав. Зүүд мөрөөдлөөсөө сэрж, нүдний өмнөх бодит байдлыг харцгаая.

“Зүүд мөрөөдөл.”
Зэн үг

“Миний мөрөөдөл”. Хонхны баяр, элсэлтийн баяр дээр гээд мөн ч их сонсогдох болжээ энэ үг. Гэвч эрт дээр үеэс “мөрөөдөл” гэдэг зүйлийг тэгтлээ их ярьж хөөрч ирсэн юм болов уу.

“Өнгийн цэцэгс цоморлигоо дэлгэвч
Өтлөн хагдрах нь жам буюу
Өчүүхэн миний амь байтугай
Өрөөл хэн хүнгүй мөнх бус байхад
Өлзийт хүний амьдралын энүүхэн дов толгодыг
Өнөөдөртөө л гэтэлгэн даваад
Өнгөцхөн мөрөөдөлд мунхаглан умбалгүй
Өгөр толгойгоо хөлчүүрлээс аварюу.”

Энэхүү алдарт “Өнгийн цэцэгсийн дуу”-нд Буддын сургаалыг тун оновчтой товчлон илтгэсэн байх ажээ. Хорвоо дэлхий дээр цэцэг мэт үзэсгэлэнтэй зүйлс үй олноороо бий. Гэвч тэр бүхэн замхран арилах жамтай. Царайлаг сайхан бүсгүй цаг нь ирэхэд хорчийсон эмгэн болон хувирсан байна. Гэхдээ зөвхөн энийг хэлэх гэсэнгүй ээ.

Би ч, чи ч үүрд амьдарч чадахгүй. “Өлзийт хүмүүний амьдралын энүүхэн дов толгод” гэдэг нь чухамдаа “мөнгөний төлөө”, “нэр хүндийн төлөө”, “ирээдүйн төлөө” гэх мэт ухвар мөчид зорилгыг илтгэж байна. Хорвоо дэлхий энэ мэт хиймэл зорилгоор халгиж цалгиж байна. Түүнийг яг одоо даван туулъя, тиймхэн өнгөц зүйлст мөрөөдөн согтохоо больё гэсэн нь уг дууны хэлэх гэсэн ерөнхий санаа биз ээ.

Орчин үед мөрөөдлөө ярих явдал бага зэрэг моодонд ороод байгаа юм шиг санагддаг. Чухам өөрийнхөө мөрөөдлийг л ярьж байвал бас яаая гэхэв. Бусдын мөрөөдлийг яриулъя гэх нь асуудалтай мэт. Буддын сурталд мөрөөдлөө ярих гэсэн ойлголт үгүй. Харин зүүд мөрөөдлөөс сэрж, бодит байдлыг харах нь хамгийн чухал гэж үздэг. Өөрийн хөл доорхоо сайтар харж байж анх урагшилах чигээ олох учраас тэр юм.

Нэлке Мүхо “Герман Зэн Хуваргын Зүрхэнд Цуурайтах Буддын Сургаал 100” номоос.

 

Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М2
2016.04.21

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*