“Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” Зөв хооллолтын дадал 12

Дадал 12. Түлэгдсэн мах, загас болон хүнсний нэмэлт амт оруулагчаас зайлсхийх.

 Түлэгдсэн мах, загасны харласан хэсэгт олон тооны хавдар үүсгэгч бодис агуулагддаг байна. Жишээ нь, махыг өндөр температурт шарснаар үүсэх “гетероциклик амин” (heterocyclic amine: HCA) гэх химийн нэгдэл нь амьтан дээр хийсэн туршилтаар хавдар үүсгэх шинж чанар нь тогтоогджээ.

Үүний адилаар түлэгдсэн хэсэгт үүсэх “полициклик үнэрт нүүрсустөрөгч” (polycyclic aromatic hydrocarbon:PAH) хэмээх бодисыг нэрлэж бас болж байна. Энэ бодис л гэхэд ДЭМБ (Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага)-аас гаргасан “Хорт хавдар үүсгэх хамаарлын талаарх ШУ-ны үндэслэл дээр тулгуурласан үнэлгээ (2003)” гэх тайланд биедээ авснаар хорт хавдар үүсэх нь “нотолгоо хангалтгүй боловч боломжтой” гэсэн ангилалд багтжээ.

Үүнээс үзэхэд мах, загас зэрэг уургийн харлатлаа түлэгдсэн хэсгийг ерөнхийдөө идэхгүй байх нь аюулгүй аж. Гэхдээ хавдар үүсгэх боломжтой гэгдсэн ойлголт нь тэр чигтээ түлэгдсэн махтай таваг хоолыг удаа дараа идэх зэрэг “их хэмжээтэй” холбогдсон асуудал юм шүү. Мэдээж түлэгдсэн хоолыг тэгж идэх хүн байхгүй биз. Тиймээс өдөр тутмын хоолны ширээн дээрээ тэгтэл нь ач холбогдол өгч, айж цэрвэх хэрэггүй ээ.

Пад хар болтлоо түлэгдсэн махыг ум хумгүй идэх хүн бараг байхгүй гэж бодож байгаа ч, ер нь бүр нэг ухаа хүрэн болтол нь шарж орхихгүй байх явдал нь бас хорт хавдар үүсэх эрсдлийг багасгахад нөлөөтэйгөөс гадна, бусад талаар ч биед сайн шүү. Баруунд шарсан мах буюу стэйкийг ягаавтар улаанаар нь бүр бага зэрэг шүүрхийгээр нь галаас гаргаж хүртдэг нь бас учиртай юм шиг байгаа юм.

Мөн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлтэд хэрэглэгддэг зарим нэмэлт бодис, амтлагчид хорт хавдар үүсгэх магадлал хийгээд өөр бусад сөрөг үр дагаврууд байдаг болох нь тогтоогджээ. Жишээлбэл, хоолны дэглэмийн зориулалттай ундаа болон хүнсэнд хэрэглэгддэг хиймэл чихэр орлуулагч болох аспартэйм (aspartame: APM) нь тэдний нэг. Аспартэйм нь элсэн чихрээс даруй 200 дахин их чихэрлэг амтыг агуулдаг учраас, элсэн чихэр ашигласнаас даруу 200 дахин бага хэмжээ эзлэх тул “калори 0” гэж рекламдсан ундаа, хүнсний бүтээгдэхүүн, мөн чихрийн шижингийн эмчилгээний бүтээгдэхүүн зэргийн найрлагад орох нь элбэг боловч, бөөрний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, эрэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгаан болох эр бэлгийн эсийн бууралтын шалтгаан болох зэрэг сөрөг муу талууд нь илрээд байгаа юм.

Түүнээс гадна “замын хар” суурьтай өнгө оруулагч бодисын хувьд түүхий эд нь нефть бөгөөд, бага хэмжээгээр хэрэглэхэд л жигд сайн өнгө оруулж чаддаг байна. Үүн дээр нэмээд бусад өнгө оруулагч бодис, мөөгөнцөр устгах бодис, үл исэлдүүлэгч бодис, цайруулагч бодис зэрэг ч хавдар үүсгэх магадлалтай болох нь тогтоогдоод байгаа тул сайтар анхаарах хэрэгтэй байна.

Иймд энэ мэт бодисуудаас болгоомжлохын тулд хүнсний бүтээгдэхүүний шошгон дээрх найрлага, агууламжийг сайтар шалгаж аюултай бодис орсон байвал худалдаж авахгүй байх хэрэгтэй. Эцэст нь дээр дурдсан шиг хүнсний нэмэлт бодис, амтлагчийг хэрэглэхгүй байх нь өөрөө өөрийгөө хамгаалах хувийн арга хэмжээ болох тул сайтар анхааралдаа авч үзээрэй гэж зөвлөе.

Хирашима Тэцүро “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” номоос.

 

Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М2
2016.04.22

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*