“Зүрх тэмтрэх ЗЭН” Хүч бадраах үгс-6.

Арван нэг. Нэг алхам урагшилбал, нэг алхам зорилгодоо ойртоно.

“Бага багаар урагшилан байхад
Барж хүршгүй зай гэж үгүй
Үнэнээр зүтгэн тэмүүлэхэд
Үр дүн нь хэмээвээс
Өчүүхэн жижиг ч горхины ус
Үхэр чулууг ч бутлан урагшилдагтай адил.”
Кумаражива

“Зорилгынхоо төлөө зогсолтгүй хичээн зүтгэх аваас боломжгүй зүйл гэж үгүй. Яадаг ч байсан зүтгээд л байгаарай. Горхины ус ч зогсолтгүй урссаар том чулууг ч буталдаг юм шүү.”

“Сахил” гэдэг үгийг сонсоод, “Би лав яасан ч чадахгүй” гэж бодох хүн байгаа биз ээ. Буддагийн замыг зорих хүн гэдэг бусдад өвөрмөц нэгэн болон харагдах нь амархан юм. Гэхдээ үнэндээ ердөөсөө ч тийм биш билээ.

Бурхан Буддагийн хүрсэн тэр уулын оргил бид бүхэнд хэзээ ч хүршгүй хол мэт санагдах нь бий. Аль эсвэл үүлээр хүрээлэгдэн нуугдаад, одоохондоо бүдэгхэн бүртэлзэж байж ч магадгүй. Эсрэгээрээ тэнгэр газрын зурвасын тэрүүхэн цаана байхад л олж харахгүй нэгэн нь бий. Гагцхүү, зорьсон газар хүртэлх зай хэдий хол байлаа ч, Буддагийн зам гэдэг “одоо, энд” нэг алхмаас эхэлдэг юм.

Яадаг ч байсан энэ нэг алхмыг л зориглон алхацгаая. Нэгэн зэрэг арван алхам, хорин алхам алхах хэрэггүй. Эхлээд нэг л алхам. Нэг алхсан бол, дараа нь ахиад нэг алхам. Түүний дараа мөн нэг алхам. Энэ мэтчилэн хоёр, гурван алхам нь нэг л мэдэхэд хорин алхам, гучин алхам болчихсон байна.

Нэг л мэдэхэд зорьж байсан алс холын уул маань энүүхэн ойрхон ирчихсэн байна. Төд удалгүй тэр “энүүхэн ойрхон” чинь, нөгөө “одоо, энд” болон хувирдаг. Гол нь улайрч муйнхарлахгүй байх. Богино хугацаанд олон үр дүнг хүсэмжилэхгүй байх. Багахаан хичээл зүтгэлийг тогтмол үргэлжилүүлэх л туйлын чухал ажээ.

 

Арван хоёр. Сая сая дайснаас илүүтэйгээр өөрөө өөрийгөө ялан дийл.

“Дайны талбар дээр сая хүнийг ялахаас илүү, ганцхан өөрийгөө ялсан хүн л жинхэнэ бадрангуй ялагч юм.”
   Даммапада

Намайг зовоогоод байгаа нь ер нь яг хэн юм бэ?

Антайжи сүмд бадарчилан байх үедээ багш хийгээд номын ах нартаа нилээд нухуулсан даа. Буддын суртал гэдэг үгийн Будда гэсэн ханз үсгийг ч мэдэхгүй хирнээ хямсгар Герман хар хүү байсан болохоор арга ч үгүй биз дээ.

Гэхдээ надад маш олон зүйлийг зааж сургасан даа тэд. Тэр талархлаа багшийгаа амьд сэрүүн байхад нь хэлж чадаагүйсэн. Оройтсон хэдий ч, зөрүүдлэхээс өөр ид шидгүй байсан өөрөөсөө гэмшиж байна.

Антайжи сүмийн хойтхыг залгамжилсан одоо бол миний төлөө надад уурлаж зандрах багш ч номын ах ч алга. Харин хэлсэн үгэнд минь орохгүй шавь нартаа уурлах талд нь би өөрөө ирчихсэн зогсож байх юм. Шавь нар маань үглээ надад үртсийн төдий ч талархаж явдаггүй бололтой. Яая гэхэв дээ, арга байж уу.

Яг одоо намайг хамгийн ихээр зовоож байгаа хүн бол эхнэр маань. Үгүй ээ гэхдээ тэгж бодож байгаа нь ч ганцхан би. Эхнэрийн бодлоор бол би л тэрний амьдралыг үрэн таран хийж буй гэмтэн юм байх. Осакад танилцаад, тэр дор нь л уулын сүмд чирээд авчирчихсан заяагүй мансууруулах бодис гэж бодож байх шиг.

Ай хөөрхий,
Эр нөхрөө тэвчих эхнэр, эхнэртээ сэтгэл ханахгүй нөхөр.
Доодох ажилтандаа урамгүй дарга, даргадаа хорсох ажилтан.
Бүгдэнд нь нийтлэг нэг зүйл байгаа нь “тэрний л буруу” гэсэн бодол.
Тэгэхээр миний хамгийн том дайсан хэн юм бэ? Хэлүүлэлтгүй шүү дээ, би өөрөө. Урагшилах зам миний өөрийн хөл доороос л эхэлнэ бус уу. За хө, урагшаа алхацгаая хө.

Нэлке Мүхо “Герман Зэн Хуваргын Зүрхэнд Цуурайтах Буддын Сургаал 100” номоос.

 

Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М2
2016.04.28

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*