“Зүрх тэмтрэх ЗЭН” Хүч бадраах үгс-7.

Арван гурав. Өстний минь нүд хорсом дүр төрх, тэр л өөрөө би.

“Толь үгүй бол нүүрээ харж эс чадна
Дайсан үгүй бол муугаа мэдэж эс чадна.”
Ничирэн

“Толь миний нүүрийг үнэн мөнөөр нь харуулдаг шиг, өстөн дайсан миний сул талыг зааж өгнө.”

Чамд ч бас өршөөж боломгүй нэгэн байгаа биз дээ?Тэрний яг юу нь өршөөж боломгүй вэ?

Хэн хүнгүй сул талтай ч, өөртэй нь төстэй сул талтай байх тусам улам ихээр үзэн ядах нь бий.Өөрөөр хэлбэл, өөрийгөө өршөөж чадахгүй учраас тэр нэгнийг ч өршөөмгүй байгаа хэрэг.

“Өстнөө хайрлая” гэж Есүс Христийн алдартай үг. Өстөн дайснаа хайрлах шиг хэцүү зүйл гэж үгүй. Уул нь тэр хүнийг хайрлаж чадахгүй учраас л дайсан хэмээж байгаа бус уу. Хайрлаж болдог бол юуных нь дайсан байхав.

Хүн ер нь яагаад өөртөө дайсныг бий болгодог юм бол? Явж явж өөрийгөө хайрлаж чаддаггүй учраас гэж би боддог. Өөрийгөө хайрлаж, сул талуудаа олж харж, хүлээн зөвшөөрч чаддагсан бол бусдыг байгаагаар нь хүлээн авах зориг тэвчээр аяндаа гараад ирнэ. Тэгэхээр өөрийн сул талыг олж харахын тулд яалтчгүй толь хэрэгтэй болдог. Тэрхүү толь нь угтаа өөрийнх нь хувьд өршөөж боломгүй тэр өстөн нь гэдгийг мэдвэл, өстөн нь өстөн байхаа болино.

Харахаас нүд хорсом өстөн дайсан л гагцхүү үнэн бодит дүр төрхийг минь таниулж өгөх ачит багш юм.

Арван дөрөв. Амьдрал гэдэг амьдрах л зүйл болохоос олж мэдэх зүйл бус. 

“Мэдэхгүй тусам сайхан ажгуу.”
Кишти Гарба

Хятадын Зэн хуврага Хогэн(885-958) гуайг бадарчлан одох үед болсон явдал юм гэнэ. Нэгэн өдөр тэртээх сүмийг зорин явтал замын дунд азарган хур асгажээ. Гол эргээсээ хальсан тул төлөвлөгөөгөө өөрчилж, Жизоин гэдэг замд таарсан хийдэд хэсэг зуур орогнохоор болсон байна. Тэндхийн хамба лам Хогэн гуайгаас ийн асуув. “Чи хаашаа явах гэж байгаа юм бэ?” Энэ нь зүгээр нэг очих газрыг нь асуусан хэрэг биш байв. Сахил мөргөлийнх нь зорилгыг асуусан юмсанж.

Зорилготой байна гэдэг маш чухал хэмээн яригддаг. Жишээлбэл, хичээл номоо сайн хийж онц дүн авах, сайн их сургуульд элсэн орох, сайн компанид ажилд орох, сайн хүнтэй учирч хурим хийх гэх мэтчилэн. Бодоод үзэхээр энэ мэтийн зорилго нь зорилго биш юм. Яг хаашаа? гэж асуувал чи юу гэж хариулах вэ?

“Би зүгээр л хөлийнхөө чиглэх зүг рүү бадарчилж явна даа” гэж Хогэн гуай хариулж гэнэ. “Тэгвэл мөргөл бадарчлалын чинь утга нь яг юундаа байна?” гэж хамба лам ахин асуужээ. “Мэдэхгүй.”

Хогэн гуайн хариултыг хамба лам “Мэдэхгүй тусам сайхан ажгуу” гэсэн үгээр хүлээн зөвшөөрсөн гэдэг. Энэ үгэн доторх “сайхан” гэдэг нь, хүний сайхан сэтгэл, сайн сайхан гэсэн утгыг бус, нэгэн зүйлдээ бүрэн уусан орохын сайхныг илэрхийлжээ.

Амьдралыг мэдчихлээ гэх тусмаа, үнэндээ юу ч мэдээгүй байдаг. Амьдрал гэдэг “амьдрах” л зүйл болохоос “олж мэдэх” зүйл бус учраас юм. Амьдарна гэдэг зүгээр л нэг нэг алхмаар урагшлахын нэр. Түүнд зорилго ч үгүй, зорих газар ч үгүй.

Нэлке Мүхо “Герман Зэн Хуваргын Зүрхэнд Цуурайтах Буддын Сургаал 100” номоос.

Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М2
2016.05.05

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*