“Зүрх тэмтрэх ЗЭН” Хүч бадраах үгс-8

Арван тав. Хүн юм бол загас ч биш, шувуу ч биш, хүн л бай.

Загас усандаа умбахад усны хязгаар гэж үгүй.
Шувуу тэнгэртээ дүүлэхэд тэнгэрийн хязгаар гэж үгүй.
Загас усаар амиа хийж, шувуу тэнгэрээр амиа хийдэг юм.
Доогэн

Далайдаа умбах загас, тэнгэртээ дүүлэх жигүүртэн. Хаашаа ч сэлсэн, хаашаа ч ниссэн хязгаар гэж үгүй. Гэмгүй мөрөөрөө амьдрах загас, шувууны хувьд тэр хязгаар үгүй тэнгис, хязгаар үгүй далай нь л амь нас нь юм. Тэдэнд эргэлзээ гэж байхгүй шиг зовлон ч гэж үгүй. Тийм атал, хүн гэдэг өөрийн мэдэлгүй ийн эргэлзэн бодлогоширохыг яана. “Амьдрал гэж юу юм бэ?” “Амьдрах утга учир юунд байна вэ?” “Аяа, амьсгалах ч арга алга.”

Уул нь хүн ч гэсэн шувуу шиг, загас шиг эрх чөлөөтэй, дураараа амьдарвал зохино. Даанч хүн юм болохоор санаан зоргоор болохгүй. Яагаад гээч, толгойноосоо болоод. Хүн толгой дотроо “би ч гэсэн эрх чөлөөтэй амьдармаар…”, “би ч гэсэн байгаагаараа амьдармаар…” хэмээн бодох боловч, ийн бодох толгой нь өөрөө хамгийн том саадыг хийж буй. Бодоод үзэхээр, жигүүртэн шувуу “загас шиг эрх дураараа сэлэх юмсан” гэж бодохгүй. Сэлүүрт загас “би ч гэсэн тэр шувуу шиг хөх тэнгэрээр дүүлэн нисч үзэх юмсан” гэж бодохгүй. Бурханд хандан “гоё юм шиг байна, надад ч гэсэн далавч хайрлаач” гэж гуйхгүй.

“Тэр хүн шиг л…, тэгчих л юмсан…” гэж бодох нь зөвхөн хүн. Тэр ч байтугай “шувуу шиг, загас шиг болохсон” ч гэж бодох нь бий. Гэвч хүнд далавч үгүй шиг сэлүүр ч үгүй. Харин тэдний оронд толгой нь бий. Тэр толгой нь саад болох нь олон хэдий ч, зөвөөр ашиглавал амьдрах хэрэгсэл болох нь ч бий.

Шувуу шувуугаараа сайхан. Жигүүрээ дэлгэн тэнгэр өөд дүүлэн нис. Загас загасаараа л сайхан. Хөлгүй хөх тэнгист хүслээрээ умбан наад. Харин хүн хүнээрээ, өөрөө өөрөөрөө л бай. Толгойгоо ч биеэ ч бүхлээр нь ашигла. Нүдээрээ харж, чихээрээ сонсч, толгойгоороо бодож, гар хөлөөрөө хүссэнээ хийж болох энэ орчлон гайхалтай биш гэж үү?

 

Арван зургаа. Бодит байдлыг үгээр илэрхийлэх аргагүй.

“Хашгираа.”
Зэн үг.

“Үнэн мөнийг үгээр өчиж хайрлаач” гэж гуйхад зэн лам хариуд нь цочмоор чангаар “КААААааа…” хэмээн хашгирч гэнэ. Юу болж байна аа энэ чинь одоо.

Хүний амьдралд байхгүй байж болохгүй зүйлсийн нэг нь яахын аргагүй “үг” юм. “Ээжээ”, “ааваа” ч гэж хэлж чадахгүй нялзрай байсан би сургуульд явж Герман, Англи хэлийг сураад, дараа нь их сургуульд Япон хэлийг сурсан. Мэдээ үзэхэд ч, утсаар ярихад ч, компьютер дээр ажиллахад ч үгийг хэрэглэнэ. Үгээр дамжуулан олон зүйлийг сурч, олон хүнтэй харьцана. Ингэж ном бичиж байгаа нь ч, ном унших нь ч бүгд үгийн ач тус. Үг гэж байгаагүй бол, хүсэл зоригоо ч илэрхийлж чадахгүй. Тиймээс үгэнд талархахгүй байхын аргагүй.

Үг гэдэг мэдээлэл дамжуулах хэрэгсэл болохоос гадна, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх гайхалтай багаж болж өгнө. Гэхдээ бүхий л багажны адилаар, буруу ашиглавал том гэмтэл авах нь ч бий. Үг алдаа эндэгдлийг дуудаж, алдаа нь хэрүүлийг авчирч, хэрүүл нь дайныг өдөөнө гэдэг хүн төрөлхтний агуу түүхэнд ганц хоёрхон тохиолдсон зүйл биш шүү дээ. Ялангуяа “ариун үг” хэмээн ёжлогддог орлуулгын хоосон үг нь туйлын аюултай.

Хоолой хатахад, “Май, ус” гэж хэлүүлсэн төдийгөөр амны цангаа тайлагдахгүй. “Ус” гэсэн үг бус, бодитоор ус хэрэгтэй байгаа юм чинь. “Зүрх сэтгэл”, “Хайр халамж”, “Холбоо хамаарал” гэх мэт сайхан үгс чихэнд чимэгтэй ч, доторх нь хоосон бол утгагүй.

Зэнд, үг амьдралаас салан одож, үнэн утгаа алдахаас сэргийлэн “түүхий” үгийг хэрэглэх нь бий. “КААаа” хэмээн хашгирсан нь энэ түүхий үг юм. Энэ хашгирааг сонсоод, түүхий буюу байгаагаараа бодит байдалд эргэн очихыг эрмэлзэх мэт.

Нэлке Мүхо “Герман Зэн Хуваргын Зүрхэнд Цуурайтах Буддын Сургаал 100” номоос.

 

Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М2
2016.05.12

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*