“Зүрх тэмтрэх ЗЭН” Хүч бадраах үгс-9

Арван долоо. Хүний амьдрал гэдэг хавар, зун, намар, өвлийг туучин байж эцэслэх буюу.

 

“Хавар нь цэцэг, зун нь хөхөө шувуу, намар нь сар, өвөл нь цас гэхчилэн дөрвөн улирал ээлжлэн хөврөх буй за.”
Доогэн

Нэг харахад Буддын сурталтай огтхон ч хамаагүй мэт энэ шад үг, Буддын сургаалыг гайхалтайгаар илэрхийлсэн байх ажээ. Урин хавар айлчлан ирснийг зарлах мэт яргуй цэцэг. Ганцхан дэлгэр зун л сонстох хөхөө шувуун донгодоон. Урь буцаж намар ирснийг мэдрүүлэх мэт бүүдгэр саран. Эцэст нь бие цавчих мэт тэсгэм хүйтэн өвөл будран унах цав цагаан цасан. Өвөл өнгөрөхөд ахин хаврын яргуй дэлгэрнэ…

Хавар, зун, намар, өвөл аль алинд нь юугаар ч сольшгүй өөрийн үзэсгэлэн гоо оршино. Тэр нэгэн үеийн сайхныг гараараа бариад хажуудаа байлгаж үл чадна. Яг л хаврын цэцэг цаг нь ирэхээр хагдран унах мэт. Тийм л учраас яг одоо энд дэлгэрэн буй цэцгийн амь оршихуй гайхалтай биширмээр санагддаг юм болов уу.

Дөрвөн улирлын урсгал тэр чигээрээ хүний амьдарлын үнэн мөнийг өгүүлнэ. Энэ хорвоод төрж, өсч том болж, агуу зүйлсийг бүтээх хүн төрөлхтөн. Хайрлаж дурлах нь ч байхад, хөлчүүрч согтох нь ч байх хүн төрөлхтөн. Эцэстээ сулран доройтох хүн төрөлхтөн. Зугтаж эс чадах үхэл рүү чиглэн алхах хүн төрөлхтөн.

Одоо энд амьдарч буй би ч, та ч эцэстээ үхэх тавилантай хэдий боловч, үхсний дараа өөр нэгэн шинэ амь дэлгэрдгээрээ л дэлгэрнэ. Бурхан Буддагийн айлдсан “төрөх, өтлөх, өвдөх, үхэх”-ийн ёсыг ч хүний амьдарлын хавар, зун, намар, өвөл хэмээн байгаагаар нь хүлээн авбал ямарсан билээ.

“Үзэсгэлэн төгс газар орныг бүү хай. Газар орон доторх үзэсгэлэн төгсийг хайж ол.”

Винсент Ван Гог

 

Арван найм. Ус агаар гэх мэт мэдээжийн оршихуй байх тусмаа л тэдэнд таларх.

 

“Угтаа бусдын ач тусыг мэдэх явдал нь бусдыг хэмээх агуу хайр нигүүлслийн уг үндэс болох буюу.”
Нагаржуна

Миний толгой дотор үргэлж “тэрийг авах юмсан, энийг авах юмсан” гэх бодол оршдог. Хүүхэд байхаасаа л тийм юм. Тэр үед ид моодонд орж байсан тогломыг хүсэх гэхчилэн. Аав ээждээ хэлээд авч өгөхийг зөвшөөрүүлж чадахгүй үе ч зөндөө л гардаг байсан сан. Авахыг хүссэн зүйлийг найз маань хэдийн авчихсан байвал баярлах байтал атаархал хорсол төрсөн нь ч бий.

Өсч томорхын хирээр хүсэл сонирхол маань тоглоом наадгайгаас мотоцикл болон хувирч, мотоциклоос найз охин, найз охиноос зэрэг дэв гэхчилэн хувиран одсон. Эрх биш том хүн боллоо гэж бодох одоо ч гэсэн худалч хүнд хамрынхаа үзүүрт өлгөгдсөн лууванг хөөн явна. Аяа, миний хувьд юу хамгийн чухал юм бол оо? Миний хувьд байхгүй л бол байж суухын аргагүй чухал тэр зүйл чухам юу юм бол?

Магадгүй тэр нь агаар байж болох юм. Би гэдэг хүн үргэлж хамгийн чухал агаартаа хүрээлэгдэн байгаа юм биш үү? Гэвч үүнийгээ анзаарч мэдэхгүй. Би гэдэг хүн амьсгал, амьсгалаар нь агаарыг үнэгүй сорох атлаа, агаарт талархдаггүй. Агаарын дараагаар чухал нь ус биш гэж үү? Карантаа эргүүлэхэд л ус гараад ирнэ. Энийг ч гэсэн тэгтлээ сайн ухамсарлаж мэдэхгүй. Ойлгож мэдвэл чин үнэнгээсээ талархмаар болно. Баярлаж талархах сэтгэл байвал бусдад ч гэсэн эелдэг зөөлөн хандана.

Одоо эхлэхэд оройтохгүй ээ. Өдөр бүхэн хэрхэн агаар, усны ач тусыг эдэлж буй билээ, дахин дахин анзаарч баймаар. Бусдын ач тусыг мэдэж чадвал, уужим нинжин сэтгэл өөрөө оргилоод ирэхсэн.

Нэлке Мүхо “Герман Зэн Хуваргын Зүрхэнд Цуурайтах Буддын Сургаал 100” номоос.

 

Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М2
2016.5.16

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*