“Зүрх тэмтрэх ЗЭН” Хүч бадраах үгс-10.

Арван ес. Хүний амьдралд баяр гуниг, зовлон жаргал цөм байж гэмээнэ аз жаргалтай.

“Анандаа, энэ хорвоо юутай үзэсгэлэнтэй, хүний амьдрал юутай амттай.”
Махапаринирвана судар

Буддагийн хайрт шавь Ананддаа хэлсэн дээрх үгийг сонсоход Луис Армстронгийн “Вондэрфул Ворлд” санаанд орно.

Цэнхэр тэнгэрийг харан, цагаан үүлнээ тольдохнээ
Гэгээн үзэсгэлэнт өдөр ч, харанхуй үдшийн бүрийд ч
Би ийн боддог юм “Ай гайхалтай хорвоо”
Тэнгэрийг чимэх солонгын өнгө нь зөрөн өнгөрөх хүмүүний нүүрнээ ил
Гараа барин “Сайн уу” гэж хэлэх нь угтаа “Би чамд хайртай” гэх шиг.

Цэлмэг өдөр байхад, бүрхэг өдөр ч бий. Аадар бороо хувингаар асгарах өдөр ч бий. Гэрэлтэй өдөр, харанхуй шөнө. Аль аль нь л амьдрал. Үргэлж баяр хөөртэй байна гэж үгүй. Гунигтай үедээ гуниглах л хэрэгтэй. Баяр гуниг, зовлон жаргал гэдэг яг л солонгын өнгө шиг бидний амьдралыг чимнэ. Тэрхүү баяр гуниг, зовлон жаргалыг үгүйсгэхгүй, мөн түүнд шунахгүй амьдрах амьдрал л хамгаас аз жаргалтай амьдрал биш гэж үү. Ийм л аз жаргалыг мэдэрсэн хүн эргэн тойрноо хайрлахгүй байж чаддаггүй. Нэг хүний аз жаргал яг л усан дээрх долгион өргөжих адил бүгдэд нөлөөлдөг юм.

Хорь. Өөрийгөө хаяж гэмээнэ анх жинхэнэ аз жаргалтай учирна.

“Хамаг амьтан амар амгалан, энх тайван, аз жаргалтай байх болтугай.”
Мэтта Сутта (Энэрэл хайрын номон)

Бурхан багш сахилд шамдан байж эцэстээ ангижралыг олж чадсан. Бид ч мөн адил Бурхан багшаас суралцаж, өдөр тутмын амьдралаа сахил хэмээн бодож шамдахгүй бол болохгүй.

Юуны тулд тэр вэ? Хэнбугай ч гэсэн юун түрүүн өөрийн аз жаргалыг эрэлхийлэх нь мэдээжийн хэрэг юм. Аз жаргалыг эрэлхийлэн Бурхны сургаалыг хэрэгжүүлж буй хүн бишгүй л байгаа байх. Гэхдээ, ганцхан өөрийн аз жаргалыг хөөж яваа цагт, жинхэнэ аз жаргалыг олж авна гэдэг хэцүү.

Библи дотор Есүсийн шавь нартаа хэлсэн ийм үг бий.
“Хэн ч гэсэн намайг даган явмаар байвал, өөрийгөө хаян, загалмайгаа үүрээд намайг дагаад ирээрэй.”

Есүс шавь нарынхаа оронд загалмайг үүрсэн юм биш. Дор дороо өөрийгөө хаян, өөрийн загалмайг өөрөө нуруундаа үүрэхгүй бол болохгүй. Өөрийгөө хаяж байж л гэмээнэ, үүрдийн амийг олох учраас тэр. “Өөрийн утсан улаан амийг хоохойлох нэг нь түүнийгээ алдаж, миний төлөө өөрийн алтан амийг өгөх нэг нь түүнийгээ олж авах биз ээ.”

Өөрийгөө хаяснаар, ямар их хүчний буянд амьдарч байснаа анзаарах болно. Тэр үед “Жинхэнэ аз жаргал аль хэдийн энд байжээ” хэмээн ойлгоно. Бусдын хүч буянаар амьдарч буйгаа мэдрэх тусам, эргэн тойрны бүхий л хүмүүст аз жаргалыг ерөөх сэтгэл цаанаасаа ундран гарч ирдэг юм.

Үгүй ээ, ганцхан хүн төрөлхтний аз жаргал ч биш. Энэ гариг, энэ сансар огторгуйд оршин буй есөн зүйлийн хамаг амьтны тусын тулд тэдэнд талархаж, тэдэнд аз жаргалыг хүсэн ерөөмөөр.

Нэлке Мүхо “Герман Зэн Хуваргын Зүрхэнд Цуурайтах Буддын Сургаал 100” номоос.

Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М2
2016.05.19

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*