“Зүрх тэмтрэх ЗЭН” Итгэл бадраах үгс-11

Хорин нэг. Жинхэнэ үнэнийг мэдэх хүн энэ хорвоод нэгээхэн ч үгүй.

“Харанхуй-Авидъя”
Зэн үг

Христийн номлолд энэ хорвоо бурхны гараар бүтсэн гэж үздэг. Түүний “гэрэлтүүл” гэсэн зарлигаас бүх юм анх үүссэн гэдэг. Тун ч их гэгээлэг хорвоогийн үзэл биш гэж үү? Нөгөөтэйгүүр Бурхны номонд “харанхуй”-г номлодог. Бүх зүйл харанхуйд хучигдан байх тэр үеэс Бурхны номлол эхэлдэг. Хорвоогийн эхлэл гэдэг тодорхой бус зүйл юм. Би ч гэсэн энэ хорвоод яагаад төрснөө мэдэхгүй шиг. Хэдий харанхуй бурангуй гэж бодвол падан харанхуй байж болох ч, тэр хэвээрээ илүү үнэн бодитой гэж хэлж болно.

Аав ээжээрээ тэжээлгэн, сургуульд хичээл ном сурч, компанид ажиллаж байна. Амар амгалан нийгэмд өөрийн орон гэрт амьдарч байна. Амттай хоол хүнс хэрэглэж байна. Найз нөхөд ч байна. Хүссэн зүйлээ гартаа оруулж, хаашаа ч хамаагүй явж, дуртай зүйлээ хийж болж байна. Ингэж амьдарч ирсэн би өдийг хүртэл нэг ч удаа хүндээр гэмтэж, өвчин тусч үзээгүй. Энэ л жинхэнэ “ямар ч саад бэрхшээлгүй амьдрал” биз ээ.

Тийм боловч, зүрхнийхээ хаа нэгтээ өдөр бүр ямар нэг зовлонг мэдрэн буй. Сэтгэлийн амар амгалан ч үгүй. Улам илүү сонирхолтой юм байхгүй юу? Зүрх догдлуулах юм байхгүй юу гээд л. Ийм нөхцөлд, байдаг л юм гэж бодож байсан ганц юм нь үгүй болоход юу ч үгүй болсон мэт болдог.

Би ер нь яг хаашаа чиглэн алхаж байгаа юм бэ, мэдэх юм алга. Хав харанхуйн дунд ганцаархнаа зогсож байна бус уу. Яагаад заавал надад ийм явдал тохиолдох ёстой гэж. Гэх мэтчилэн хариулт хайсаар л. Мэдэхгүй үедээ “мэдэхгүй” л гээд хэлчихэд болно. Юу ч үгүй үедээ “юу ч байхгүй ээ” гэж хашгирч болно. “Харанхуй”-г хүлээн зөвшөөрч, урт хонгилыг алхаж гэтэлцгээе та минь…

 

Хорин хоёр. Хүн гэдэг өдөр өдрөөр үхэл рүүгээ ойртон буй. Яагаад үүнийг анзааралгүйгээр үрэн таран өнгөрөөдөг юм бол.

“Юу нь инээдтэй байна? Юу нь баяр хөөртэй байна? Амьдрал буцалж байхад чинь. Та нар харанхуйд төөрчээ. Юунд гэрлийг үл эрэлхийлнэ вэ.”
Даммапада

“Хүсэл чинь заавал биелнэ”, “хүссэн болгоноо олох болно”, “эмчийн ч эдгээж чадахгүй хүнд өвчнөөс сүсэг бишрэлээр аврагдах болно” гээд л.

Буддын сурталд ч янз янз бий. Ашиг хонжоог амлах, үхлийн дараах диваажинг амлах гэх мэт урсгалууд байх боловч, Бурхан багш угтаа тиймэрхүү Пи Ар хийж байсан удаагүй билээ. Бурхан багш “Амьдрах гэдэг хүнд хүчир” гэсэн ганцхан санаандаа тууштай үлдсэн. Энэ хорвоо гэдэг “шатаж буй гэр шиг” гэж.

Хэрвээ өөрийн гэр шатаж эхэлвэл, хэн ч байлаа гэсэн галыг унтраахаар зүтгэх үү, аль эсвэл гадагш зугтан гарах биз ээ. Хамгийн гол нь ингэхийн тулд гэрээ шатаж байгаа гэдгийг анзаарч харах хэрэгтэй юм.

Бурхан багшийнхаар бол бид “амьдрал шатаж байгаа” гэдгийг ч анзаарч мэдээгүй байгаа болохоор, ерөөс зугтах боломжгүй хэрэг. Тиймээс л “харанхуй” хэмээгдсэн хэрэг. Ийн харанхуйд хучигдсан биднийг аврахын тулд Бурхан багш өөрийн “залийг” хэрэглэжээ. Тэр нь бид бүхэнд зүрх зоригийг өгөх арга. Алдартай нь гэвэл Садхарма Пундарика сударт гардаг “Шатсан гэрийн үлгэр”. Амархнаар хэлвэл ийм нэгэн явдал аж.

“Аав нь гэртээ ирэхэд гэр нь шатаж байжээ. Түймрийг анзаараагүй хүүхдүүд нь гэртээ тоглосоор байв. Аав нь ийн хашгирчээ. “Хүүхдүүдээ аав нь бэлэг авчирсан шүү. Хурдан гараад ирээрэй.””

Энэ үлгэрт гарч байгаа хүүхдүүд нь бид юм. Будда “Түймэр гарлаа, зугтаарай” гэж хэлсэн ч, бид итгэж хөдлөхгүй. Тэгэхээр нь “Энд амттай хоол байна шүү” гэж, хийсвэр лууванг өлгөөтөхвөл, бид хөдөлж эхэлнэ. Хааяа иймэрхүү зөв заль ч гэсэн хэрэгтэй шүү дээ.

Нэлке Мүхо “Герман Зэн Хуваргын Зүрхэнд Цуурайтах Буддын Сургаал 100” номоос.

Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М2
2016.5.23

Хуваалцах

1 Comment

  1. WOW!! буддын шашны үнэн утга санааг ойлгуулж байгаа гое цуврал шүү.

Leave a Reply

Your email address will not be published.


*