“Зүрх тэмтрэх ЗЭН” Итгэл бадраах үгс-12

Хорин гурав. Юун түрүүнд биедээ шигдсэн шунал гэгч хорт сумыг сугалцгаая.

“Хорвоо дээрх хүмүүн гэдэг үхэлд хөөгдөн, хөгшрөлийн сумаар хүрээлэгдэж, хуял тачаалын суманд оногдон, шуналд түлэгдэн оршимуй.”
Самютта Никаяа 

Хүний амьдралд баттай юм нэг л бий. Тэр бол үхэл. Үхлийн өөдөөс эгц харалгүйгээр бид, яасан ч яахав гэмээр жижиг зүйлсээр шалтаглан бодит байдлаас зугтан буй. Амттай хоол идэх юмсан, сайхан хүнтэй ханилахсан, хурдан машин хөлөглөх юмсан, тав тухтай гэр оронд амьдрахсан… Үхэхдээ нөгөө ертөнц рүү юу ч авч явж чадахгүй хирнээ, үхлийн тухай бодохгүйг хичээн, нүдэн балай чихэн дүлий зугтана. Хөгшрөхөөрөө залуу болох хэмээн тийчилнэ. Ядрахаараа баккус энээ тэрээ уун халтуурдана. Гэсэн ч сэтгэлийн бүүдгэрийг яахин халтуурдаж чадах билээ.

Бурхан багшийн сургамжит үлгэрүүд дунд, хорт сумны тухай алдартай хэсэг бий. Нэгэн өдөр тэрээр гэв гэнэт суганд нь сум зоогдсоныг анзаарч гэнэ. Хэн, хаанаас, яагаад намайг харвав, бүү мэд. Ийм үед яах ёстой юм бэ? Юун түрүүнд харвасан хэрэгтнийг хайх хүн байх биз. Хэрэгтний зорилгыг бодох хүн ч байх болов уу. Гэмт хэргийг үйлдэх хүртэлх төлөвлөгөө, хэрэглэсэн сум гэх мэтээр шалгаж мэдмээр зүйлс зөндөө гарч ирнэ. Гэвч тиймэрхүү зүйлсийг Бурхан багш “ямар ч байсан яахав дээ” хэмээн үзсэн. “Тэр хорт сум зоогдсон бие нь чи өөрөө бус уу. Юунд тэр сумыг эхлээд сугалж авахгүй байна вэ?”

Хорт сумыг сугалах гэдэг нь хязгаартай амьдралынхаа амьдрах аргыг засч залруулах явдал юм.

Хорин дөрөв. Цаг нь ирэхэд арилан одох энэ амь насыг хязгаарт нь тултал амьдарцгаая.

“Төрөөд л төрөөд л төрөөд л байдаг төрөхийн урьтлыг мэдэхсэн билүү
Үхээд л үхээд л үхээд л байдаг үхлийн эцсийг гадарлахсан билүү.”
Күүкай

Би яагаад одоо, энд байгаа юм бол? Юуны төлөө төрсөн юм бол? Нэгэнт үхэхээс хойш яах гэж амьдардаг юм бол? Амьдралын утга учир ер нь юу юм бол?

Амьдрал гэдэг мэдэхгүйн хорвоо. Гэлээ гэсэн ч яаж ийгээд амьдраад л байна. Тэгтлээ амьдрахыг хүсэхгүй ч, үхэхийг ч мөн хүсэхгүй. Амьдарч амьдарч чадахгүй, үхэж үхэж чадахгүй, хоёрын хооронд гурвын дундуур би гэдэг хүн одоо, энд байна. Яагаад ийм байдалд хүрчихэв, тэрийг ч бас мэдэхгүй.

Бурхан багшийн бодлоор бол төрөх, үхэх гэдэг өөр хоорондоо ялгаатай бус. Бид хором хормоор өөрчлөгдөн байдаг. Өчигдрийн би өнөөдрийн би хоорондоо адилгүй шиг, хормын өмнөх би яг одоогийн би хоорондоо ижилгүй. Би амьдрангаа үхэж, дараа нь “одоо энд” шинээр төрж байдаг. Нэг өдрийн дотор л гэхэд хэд хэдэн удаа үхэж төрдөг. Гагцхүү тэрийг анзаарч хараагүй төдий. Тийм болохоор “яагаад амьдарч байгаа юм бол”, “үхэхээр яах бол” гэж боддог хэрэг.

“Төрөхийн урьтлыг мэдэхгүй, үхлийн эцсийг гадарлахгүй” гэж ийм л учиртай. Хүний амьдрал гэдэг хязгаартай, тэгэх тусмаа түүнийг хий дэмий үрэн таран хиймээргүй. Үхлээс айх хүн мэдээж бий. Сэлнэ гэдэг аймар болохоор сэлж суралгүйгээр нэгэн насыг өнгөрөөх хүн байх боловч, үхэл гэдэг аймар гээд үхдэггүй хүн гэж үгүй. Аймшигтай байсан ч, аймшиггүй байсан ч үхэх үедээ үхнэ. Тийм юм чинь одоо, энд тултал нь амьдарвал дээрсэнгүй юу…

Нэлке Мүхо “Герман Зэн Хуваргын Зүрхэнд Цуурайтах Буддын Сургаал 100” номоос.

 

Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М2
2016.5.31

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*